Семинар
Бусдыг Христэд авчрахад дуулгавартай байхын ач холбогдол: Номлолын ажилд дуулгавартай байх нь


“Бусдыг Христэд авчрахад дуулгавартай байхын ач холбогдол: Номлолын ажилд дуулгавартай байх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Бусдыг Христэд авчрахад дуулгавартай байхын ач холбогдол: Номлолын ажилд дуулгавартай байх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Номлолд бэлтгэх: 200-р хичээл

Бусдыг Христэд авчрахад дуулгавартай байхын ач холбогдол

Номлолын ажилд дуулгавартай байх нь

Sister missionaries teaching family outside in Bolivia

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрладаг учраас дуулгавартай байхыг сонгох нь мөнх бус амьдралын аяллын маань амин чухал хэсэг юм (Иохан 14:15-ыг үзнэ үү). Бид Аврагч Есүс Христийг Түүний Сүмийн гишүүдийн хувьд болон бүрэн цагийн номлогчдын хувьд төлөөлж байгаа үед бидний хувийн дуулгавартай байдал нэн чухал. Энэ хичээл нь номлогчдын хувиар Аврагчийн ажлыг хийхэд дуулгавартай байхын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Gospel Library дээрх “Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишиг”-ийн 3-р хэсэг дээрх номлолын үйлчлэлийн зарим жишгийг давтахыг суралцагчдад санал болго. Эсвэл суралцагчид номлолд үйлчилсэн хэн нэгэнтэй уулзаж, ямар номлолын жишгүүдийг санаж буйг нь асууж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Номлолын жишгүүд

Номлогчийн зураг болон ChurchofJesusChrist.org дахь Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд эх сурвалжийг үзүүлж хичээлээ эхлүүлээрэй. Номлогчид Аврагчийг төлөөлөх үедээ тодорхой жишгүүдийг дагах ёстой гэдгийг та суралцагчдад тайлбарлаж болно.

  • Номлогчдын дагавал зохих ямар жишгүүд байдаг вэ?

Хэрэв шаардлагатай бол доорх номлогчийн жишгүүдийг хуваалцахдаа өөрийн туршлагаас хуваалцаж болно. Эсвэл ChurchofJesusChrist.org дахь Есүс Христийн шавь нарт зориулсан номлогчийн жишгүүд номын 3 эсвэл 7-р хэсэг дээрх бусад жишгээс хуваалцаж болно. Та номлогчид Их Эзэний ажлыг зөв шударгаар чиглүүлэхдээ номлолын удирдагчдынхаа зөвлөгөөг дагах ёстой гэдгийг мөн онцолж болох юм.

Номлогчийн зарим жишиг:

  • Сайхан сэтгэлтэй, эерэг, өөдрөг бай.

  • Хамтрагчтайгаа үргэлж хамт бай.

  • Бие махбод эсвэл сүнслэг байдалд аюултай байж болзошгүй нөхцөл байдлаас зайлсхий. Цахилгаан багаж ашиглаж, хүнд машин механизм ажиллуулж эсвэл трактор, чиргүүл, ачааны машины тэвш ашиглаж болохгүй.

  • Телевиз, кино, видео тоглоом, зөвшөөрөгдөөгүй видеонуудаас зайлсхий.

  • Эсрэг хүйсийн хүнтэй гар барихаас бусдаар биеэр бүү хүрэлц.

  • Эдгээр жишгийн заримыг дагах нь номлогчийн хувьд яагаад хэцүү байж болох вэ? Яагаад эдгээрийг дагах нь номлогчдод чухал вэ?

Та цөөн суралцагчийг өөрсдийн таньдаг номлогчийн жишээ, баримтлахыг хүсдэг байсан жишгүүд болон хичээл зүтгэлийнх нь төлөө Аврагч тэднийг хэрхэн адисалсан тухай хуваалцахад урьж болно.

Хувийн зөв шударга байдал ба дуулгавартай байдал

Та дуулгавартай байдал, номлолын ажил хоёрын хоорондын харилцаа холбооны талаарх үнэнийг олж тогтооход нь суралцагчдад туслахын тулд ахлагч Соарэсын дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэс номлогчдын талаар ийн заажээ.

Elder Ulisses Soares, Quorum of the Twelve Apostles official portrait.

Хувийн зөв шударга байдал бол дэлхий ертөнцийн өмнө Аврагчийг төлөөлөх хамгийн чухал чанаруудын нэг юм. Мөн энэ нь биднийг Их Эзэний Сүнстэй нөхөрлөх чадвартай болгодог. …

Хэрэв бид дуулгаваргүй байхыг сонговол Аврагчийг зохистойгоор төлөөлж чадахгүй төдийгүй Их Эзэний Сүнс бидэнтэй хамт байж чадахгүй. … Та зааж байгаа хүмүүсийнхээ амьдралд эерэг нөлөө үзүүлэхийн тулд Их Эзэний Сүнстэй хамт байх ёстой. …

Хэрэв та нар чин сэтгэлээсээ дуулгавартай байвал Түүнийг дагах хүсэл, Түүнийг болон Тэнгэрлэг Эцэгээ хайрлах хайраа Их Эзэнд харуулах болно. Таны сүнслэг өсөлт хөгжил өргөжин тэлнэ. Та нар Аврагчийг мэддэг болж, ингэснээр номлол болон амьдралд тань өөрчлөлт гарах болно. (Скотт Тэйлэр, “Obedience Is Critical for Missionaries to Fulfill Their Responsibilities, Elder Soares Teaches,”newsroom.ChurchofJesusChrist.org, 2021 оны 3-р сарын 29)

  • Бид дуулгавартай байдлын ач холбогдлын талаар ахлагч Соарэсоос юу мэдэж авч болох вэ?

    Суралцагчид хувийн зөв шударга байдал болон дуулгавартай байдал нь биднийг Аврагчийг төлөөлж, Сүнстэй нөхөрлөдөг байхад тэнцэхүйц болгодог гэх мэт үнэнийг өөрсдийн үгээр тодорхойлж болно.

    Дуулгавартай байдалд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой байгуулсан гэрээгээ сахих явдал ордог гэдгийг тайлбарлах нь тустай байж мэднэ. Дуулгавартай байдал нь хувийн зөв шударга байдлын чухал хэсэг бөгөөд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлаж буйн илэрхийлэл юм (Иохан 14:15-ыг үзнэ үү).

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Өөрсдийг нь дуулгавартай дагахыг хичээж байгаа хүнд ямар адислал өгөхийг та харсан бэ?

  • Та хэзээ эдгээр адислалыг өөрийнхөө эсвэл таньдаг хэн нэгнийхээ амьдралаас олж харсан бэ?

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дуулгавартай дагахын тулд гаргаж буй хичээл зүтгэлийнхээ талаар залбирч байгаад бодож үзэхэд хэсэг хугацааг зарцуул. Та Тэднийг хайрладаг гэдгээ илүү сайн харуулах, Тэдэн рүү бусдыг авчрахын тулд өөрийн сайн хийж буй эсвэл сайн хийх ёстой зүйлсийг олж мэдэхийн тулд Ариун Сүнснээс тусламж хүсээрэй.

Номлолын ажилд итгэлтэйгээр дуулгавартай байх

Бусдыг Христэд авчрахад дуулгавартай байдал бидэнд хэрхэн тусалдгийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Даниел 6 дээрх Дариус хаанд Даниел хэрхэн нөлөөлсөн түүхийн талаар ярилцаарай. Суралцагчид 145-р хичээл: “Даниел 6” дээрх энэ түүхийг судалсан байж болох юм. Та дараах догол мөрийг ашиглан түүхийг товч танилцуулж болно.

Вавилоны болон Персийн боолчлолд байсан хэдий ч Даниел Их Эзэнд үнэнч үйлчилж байсан. “[Даниел] ер бусын сүнстэй тул” (Даниел 6:3) Дариус хаан Даниелыг хаант улсынхаа “бүх жонон, түшмэлээс” илүүд үзсэн. Бусад удирдагч Дариус хааны нүдэн дээр Даниелын нэр хүндийг гутаахын тулд, түүний Дариус хаанд үнэнч байсныг Бурханд үнэнч байсантай нь харьцуулах төлөвлөгөө зохиожээ. Тэд Бурханд хандан гуйх юм уу Дариусаас өөр хэн нэгэнд хандан гуйвал арслангийн нүхэнд хаяж үхлийн шийтгэл хүлээлгэ гэж Дариусаас шаардаж байв (Даниел 6:4–9-ийг үзнэ үү). Даниел аюул заналыг үл хайхран Бурханд хандан залбирч, дуулгавартай байх хүслээ батлан харуулсан. Даниелын залбирлыг сонсмогц Дариус дургүй байсан ч түүнийг нүхэнд хаяхаар шийджээ.

Даниел 6:18–28-ыг уншаад, Даниел Их Эзэнд дуулгавартай байсан нь Дариус хаанд хэрхэн нөлөөлснийг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Их Эзэнийг дуулгавартай дагахыг хичээж байгаа маань бусад хүний Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хандах байдалд хэрхэн эергээр нөлөөлж болох вэ?

Сурч мэдсэн зүйлээ хуваалцах

семинарын дүрс Гурваас таван минутын үг хэлэхэд ашиглаж болох тойм бичихийг суралцагчдад санал болго. Суралцагчдад тойм зохиоход нь туслахын тулд “Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад дуулгавартай байхын ач холбогдол” тараах материалыг өгч болно.

Суралцагчдад тойм бичихэд нь туслахын тулд дараах зааварчилгааг үзүүлж болно.

Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцахдаа дуулгавартай байхын ач холбогдлын талаар гурваас таван минутын үг хэлэхэд ашиглаж болох тойм зохио.

Тоймдоо дараах зүйлүүдээс ядаж гурвыг оруулаарай. Үүнд:

  1. Дуулгавартай байдлын тухай судар, энэ нь Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад хэрхэн хэрэгжиж болох талаар;

  2. Дуулгавартай байхыг хичээж байгаа хэн нэгэнд тус болох Есүс Христийн амьдрал эсвэл сургаалын жишээ;

  3. Дуулгавартай байдлын ач холбогдлын талаарх өнөө үеийн үлгэр жишээ ба Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний хичээл зүтгэлийг хэрхэн адисалдаг талаар;

  4. Дуулгавартай байхыг хичээх, ингэснээр адислал хүлээн авахыг онцолсон Сүмийн нэг удирдагчийн хэлсэн богинохон эшлэл;

  5. Аврагчийг Түүний Сүмийн гишүүд, номлогчдын хувиар төлөөлөх үед дуулгавартай байдал яагаад чухал талаарх таны хувийн бодол зэрэг юм.

Та хэлэх үгийнхээ тоймыг цэгцлэхэд нь суралцагчдад туслахын тулд энэ хичээлийн хоёр дахь тараах материалыг өгч болно. Тэд эхний нүдэнд хэлэх үгийнхээ гарчгийг, хоёр дахь нүдэнд энгийн оршил хэсгийг, дараагийн гурван нүдэнд дээрх жагсаалтаас оруулахаар шийдсэн гурван зүйлийг, харин төгсгөлийн нүдэнд гэрчлэлээ бичиж болно.

Суралцагчид тоймоо бичсэнийхээ дараа хамтрагчтайгаа хамт дадлага хийж эсвэл хэлэх үгээ сайжруулж болно. Та хэлэх үгээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урьж болно. Зарим суралцагчид чанга ярьж, хуваалцах эвгүй санагддаг байж магадгүй. Та тэднийг тоймоо гэр лүүгээ авч яваад, гэр бүлийн гишүүн эсвэл найздаа заахад урамшуулан дэмжиж болно.

Биднийг Аврагчийг болон Түүний сайн мэдээг бусдад төлөөлөхөд хувийн зөв шударга байдал чухал талаар та гэрчлэлээ хуваалцаарай.