“Суралцахуйгаа үнэлэх нь 4: Тооллого–Шүүгчид,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Суралцахуйгаа үнэлэх нь 4: Тооллого–Шүүгчид,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Шүүгчид 2–4; 6–8; 13–16: 67-р хичээл
Суралцахуйгаа үнэлэх нь 4
Тооллого–Шүүгчид
Сүнслэг суралцахуйдаа төвлөрч, үнэлэх нь бидэнд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход тусалдаг. Энэ хичээл нь Хуучин Гэрээг саяхан судлах үедээ тавьсан зорилгоо, гаргасан хувийн өсөлт хөгжлөө эргэцүүлэн, тунгаан бодоход суралцагчдад туслах зорилготой.
Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Хуучин Гэрээг судалж эхэлснээс хойш сурч мэдсэн зүйлээ эсвэл сүнслэг байдлын хувьд хэрхэн өсөж хөгжсөнөө хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь. Суралцахуйгаа мөн өсөлт хөгжлөө анзаарч мэдэхэд нь туслах зорилгоор та тэдэнд судлах тэмдэглэлдээ бичиж авсан эсвэл судрууд дээрээ тэмдэглэсэн зүйлсээ эргэн харахыг зөвлөж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Танай ангийнхан Хуучин Гэрээг судлах явцдаа энэ хичээл дээр үнэлснээс өөр үр дүнд төвлөрсөн байж болно. Хэрэв тийм бол төвлөрсөн үр дүнгээс суралцагчдын олж авсан өсөлт хөгжлийг үнэлж болохуйцаар үйл ажиллагаануудыг өөрчил.
Энэ хичээлийн үеэр дараах зүйлс дээр гаргасан ахиц дэвшлээ үнэлэх боломж суралцагчдад олдоно. Үүнд:
-
Хуучин Гэрээнд цэдэглэсэн Есүс Христийн жишээ, бэлгэдлүүдийг тайлбарлах. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь Хуучин Гэрээний хэд хэдэн хичээл, түүний дотор 57-р хичээл: “Тооллого 21”-тэй холбоотой.)
-
Их Эзэнийг бүх зүрх сэтгэлээсээ хайрлахыг илүү ихээр хүсэх. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 58-р хичээл: “Дэд хууль 6:1–6” дээр суралцагчдын хийсэн зүйлтэй холбоотой.)
-
Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 49-р хичээл: “Гэтлэл 20:1–11,” 58-р хичээл: “Дэд хууль 6:1–6,” 59-р хичээл: “Дэд хууль 6:6–25; 7:1–26; 8:1–20,” 60-р хичээл: “Дэд хууль 15” дээр суралцагчдын хийсэн зүйлтэй холбоотой.)
Зүг чиглэл бидний хурднаас чухал
Сүнслэг өсөлтийн ач холбогдлыг ярилцахад суралцагчдыг бэлтгэх үүднээс ангиараа эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан дараах асуултыг ярилцахад тэднийг урь.
-
Зорьж буй зүг чиглэл явж буй хурднаас илүү чухал ямар ямар спортын төрөл эсвэл амьдралын жишээ та нарт байна вэ?
Дараах хэлсэн үгийг дэлгэцэд үзүүлээд, сүнслэгээр өсөхөд зүг чиглэл ямар ач холбогдолтой гэдгийг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Далын ахлагч Ларри Р.Лорэнс бидний сүнслэг өсөлтийн талаар ийн заасан.
Тэнгэрлэг Эцэг бидний бурханлаг чадавхыг мэддэг. Биднийг Түүн рүү алхам урагшлах бүрд Тэрээр баясдаг. Түүнд бидний явж буй зүг чиглэл бидний хурднаас илүү чухал байдаг юм.
Ах эгч нар аа, тууштай бай, хэзээ ч бүү урам хугар. (“Надад юу дутагдаж байна вэ?” Ерөнхий чуулган, 2015 оны 10-р сар, 17–19)
-
Та нарын бодлоор Тэнгэрлэг Эцэгт яагаад бидний сүнслэг өсөлтийн зүг чиглэл бидний хурднаас илүү чухал вэ?
Зарим суралцагчид сүнслэг өсөлтөө анзаарч мэдэх нь амаргүй байх талтай. Хэдийгээр бид өчүүхэн ахиц дэвшил гаргасан байлаа ч өмнөхтэйгөө одоо байгаагаа харьцуулах замаар сүнслэг өсөлтөө олж мэдэх боломжтой гэдгийг тайлбарла. Суралцагчид Аврагчийн тухай юу сурч мэдсэнээ, хөгжүүлж буй зөв шударга зуршлуудаа эсвэл Есүс Христтэй адил амьдрахыг хичээж байгаа арга замуудынхаа талаар эргэн санаж болно.
Судлах тэмдэглэлээ эсвэл судрууд дээрээ тэмдэглэсэн зүйлсээ цөөн хэдэн минутад эргэн харахад суралцагчдыг урих талаар бодож үз. Ингэснээр тэд Аврагчийн талаар бичсэн зүйлсээ, сүнслэг мэдрэмж, бодол санаагаа, ийн үйлдэхээр гаргасан төлөвлөгөөгөө олж харах боломжтой.
Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Үүний дараа тэднийг судлах тэмдэглэлдээ дараахтай адил асуултуудад хариулахад урь.
-
Та нар хичээлийн жил эхэлснээс хойш Есүс Христийг дагах хичээл зүтгэлд гарсан өсөлт, ахиц дэвшлээ хэрхэн анзаарч ажигласан бэ?
-
Та нар Хуучин Гэрээг судалснаар юу сурч, юу хэрэгжүүлсэн бэ?
Хариултаа ангийнхантайгаа сайн дураараа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь.
Өнөөдрийн сурч мэдсэн зүйлээ үнэлж дүгнэхдээ Есүс Христийг дагаснаар таны сүнслэг өсөлт ганц алхам урагшилсан ч гэсэн түүнийгээ олж харахад тань туслах Ариун Сүнсний өдөөлтүүдийг хүлээн авахад нээлттэй бай.
Хуучин Гэрээнд цэдэглэсэн Есүс Христийн жишээ, бэлгэдлүүдийг тайлбарлах
Хуучин Гэрээнээс саяхан судалсан жишээ, бэлгэдлүүдийн зарим нь Есүс Христ рүү биднийг хэрхэн хандуулдгийг тайлбарлах дадлага хийх боломжийг суралцагчдад гаргаж өг (Moсе 6:63-ыг үзнэ үү).
Суралцагчдад дараах зургийг үзүүлээд, сударт цэдэглэсэн энэ түүхийн талаар юу санаж байгааг нь асуух нь үүнийг хийх нэг арга юм. Суралцагчдад тусламж хэрэгтэй бол тэдэнд Тооллого 21:4–9-р шүлгээс лавлаж харахыг сануулж болно. Дараа нь суралцагчид дараах хоёр асуултын хариултыг ярилцаад, эдгээр бэлгэдэл нь Есүс Христийн үүрэг, зорилгыг хэрхэн бэлгэддэгийг тайлбарлах дадлага хийж болно.
-
Шураг дээр байрлуулсан хүрэл могойн бэлгэдэл Есүс Христийн талаар юу заадаг вэ?
-
Бидний амьдралд Есүс Христ энэ үүргийг хэрхэн гүйцэтгэдэг вэ?
Аврагч биднийг зөвхөн бие махбодын өвчин эмгэгээс бус, мөн итгэлгүй байдал, зүрх сэтгэлээ хатууруулах гэх зэрэг сүнслэг сорилтуудаас ангижруулах хүчтэй гэдгийг суралцагчид анзаарч ойлгож болно. Тустай гэж үзвэл хүрэл могой нь Аврагч руу итгэлтэйгээр харах үед Тэр биднийг эдгээнэ хэмээн бэлгэддэг гэдгийг 57-р хичээл: Тооллого 21 дээр заасныг суралцагчдад сануул.
Та Хуучин Гэрээнд Есүс Христийн үүрэг, зорилгыг заадаг бусад бэлгэдлийг тайлбарлах дадлага хийх өөр боломжийг суралцагчдад өгч болно. Энэ хэсгийн үлдсэн хэсэгт үүнийг хэрхэн гүйцэтгэх талаар ярилцана.
-
Та нар Хуучин Гэрээг судлах явцдаа олж мэдсэн Есүс Христийн өөр ямар ямар жишээ, бэлгэдлүүдийг санаж байна вэ?
Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич. Суралцагчид амьтнаар тахил өргөх (Мосе 5:5–7; Леви 1-ийг үзнэ үү), Абрахам, Исаак хоёр (Эхлэл 22:1–19-ийг үзнэ үү), Дээгүүр өнгөрөх баярын бэлгэдэл (Гэтлэл 12-ыг үзнэ үү), ус (Гэтлэл 15:23–26; 17:1–6-г үзнэ үү), талх (Гэтлэл 16-г үзнэ үү), шүүгчид буюу чөлөөлөгчид (Шүүгчид 3:9-ийг үзнэ үү), эсвэл бусад бэлгэдлийг дурдаж болно.
Аврагчийн эдгээр жишээ, бэлгэдлүүдийг ойлгох нь өнөөдөр бидэнд хэрхэн туслах талаар тайлбарлахад суралцагчдыг урь. Үүнийг гүйцэтгэхийн тулд дараах заавруудыг тэдэнд үзүүлж, хамтрагчтайгаа ажиллахад урь.
Хуучин Гэрээнээс Есүс Христийн жишээ, бэлгэдлүүдээс нэгийг сонгож, дараах зүйлсийг тайлбарла.
-
Есүс Христийн талаар энэ жишээ, бэлгэдлээр та нарт заасан зүйл.
-
Есүс Христ бидний амьдралд мөн адил үүрэг гүйцэтгэх арга замууд.
Хангалттай хугацаа өнгөрмөгц, хариултаа өөр хамтрагчтай эсвэл ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь.
Их Эзэнийг бүх зүрх сэтгэлээсээ хайрлах илүү их хүслийг мэдрэх
Их Эзэнийг бүх зүрх сэтгэлээсээ хайрлах одоо байгаа хүслээ тунгаан бодоход нь суралцагчдад туслах үүднээс дараахтай адил зүрхийг самбарт зур. Зүрхний аль нэг хэсгийг будахгүй хоосон үлдээ. Амьдралдаа аливаа зүйлд эсвэл хүмүүст хэчнээн их хайртайгаа эргэцүүлэн бодоход нь суралцагчдад тусалж энэ хэсгийг эхэл. Дараах нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм:
-
Та нар юунд дуртай вэ, мөн хэнд хайртай вэ? Та тэдэнд хэр их хайртайгаа ямар ямар арга замаар харуулж болох вэ?
Та өөрсдийн дуртай зүйлийнхээ талаар хуваалцсан нэг суралцагчийг сонгож болно. Та тэднээс самбарт гарч ирээд, тэр зүйлдээ хэчнээн дуртайг нь харуулах шугам зүрхэн дээр зурахыг хүсэж болно. Тэдэнд хувь хүнд зориулсан хайраа хуваалцахгүй байхыг сануул.
Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрыг бид хэрхэн хайрлах ёстойг олж мэдэхийн тулд Дэд хууль 6:4–6-г унш.
-
Энэ хайрыг зүрхэн дээр хэрхэн тэмдэглэх вэ?
Суралцагчдын юу хэлэхээс шалтгаалан та зүрхний үлдсэн зайг будаж болно.
58-р хичээл: “Дэд хууль 6:1–6” дээр өөр өөр орчинд буй хүмүүс Бурханд зориулсан хайраа хэрхэн илэрхийлдэг талаар ярилцахад суралцагчдыг урьсан билээ. Боломжтой гэж үзвэл суралцагчдад өмнөх энэ ярилцлагыг сануул.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайранд тань дараах зүйлсийн аль нь нөлөөлж байна вэ?
-
Та нарын эсвэл бусдын амьдралд тохиолдсон үйл явдлууд уу?
-
Саяхан та нарын хувиараа, гэр бүлээрээ, сүм дээр эсвэл семинараар судалсан судрууд уу?
Та цөөн суралцагчийг хуваалцахад урьж болно. Их Эзэнийг бүх зүрх сэтгэлээсээ хайрлахаар одоо төрж буй хүслээ үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслах үүднээс судлах тэмдэглэлдээ зүрх зураад, Бурханыг зүрх сэтгэлээсээ хэр их хайрлаж байгаагаа харуулахыг тэднээс хүсэж болно. Туслалцаа авахын тулд тэд доорх асуултуудыг тунгаан бодож болно.
Эдгээр асуултыг эргэцүүлэн бодохын зэрэгцээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар одоо төрж буй мэдрэмжээ тунгаан бод. Тухайлбал:
-
Сүүлийн хэдэн долоо хоногт та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайр тань хэр өсөн нэмэгдэж юм уу буурсныг эсвэл хэвээр байгаа эсэхийг мэдэрч байна уу?
-
Тэдний талаар төрж буй бодолд тань юу нөлөөлсөн бэ?
-
Та нар Тэднийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх чадлаараа хайрлахын тулд хэр их хичээж байна вэ?
Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагах
Суралцагчид саяхан Хуучин Гэрээг судалж байхдаа Бурханы хэд хэдэн зарлигийн талаар мэдэж авсан байж магад. Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагах хичээл зүтгэлээ үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслах үүднээс самбарт 1 гэсэн тоог томоор зурах талаар бодож үз. Энэ 1 гэсэн тоо нь Бурханы зарлигуудыг дуулгавартай дагаснаар амьдралдаа Бурханыг нэгдүгээрт тавих тэдний хүслийг илэрхийлнэ.
49-р хичээл: “Гэтлэл 20:1–11” дээр суралцагчид 1 гэсэн тоог судлах тэмдэглэлдээ зураад, энэ 1 гэсэн тооны хажууд Бурханы зарлигуудын нэгийг дуулгавартай дагах төлөвлөгөөг бичсэн байж болно. Хэрэв тийм бол суралцагчдыг төлөвлөгөөгөө эргэн харахад урь.
Хэрэв өмнөх хичээлээр ийм зураг зурж, төлөвлөгөө гаргаагүй бол суралцагчдыг одоо зурахад урих талаар бодож үз.
Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулахдаа ахиц дэвшлийнхээ талаар тунгаан бод.
-
Та нар зарлигийг дуулгавартай дагахын тулд хэр хичээл зүтгэл гаргаж байна вэ? Та нар ямар ямар адислал, өсөлт хөгжил, саад бэрхшээлийг анзаарсан бэ?
-
Та нар энэ зарлигийг дуулгавартай дагахыг хичээх үедээ Бурханд илүү ойртож байгаагаа хэрхэн мэдэрсэн бэ? Эсвэл та нар зарлигийг дуулгавартай дагахыг хичээхдээ Түүнд илүү ойртож байгаагаа хэрхэн мэдэрч болох вэ?
Бурханыг амьдралдаа нэгдүгээрт тавихыг тасралтгүй байнга хичээхэд суралцагчдыг урь. Суралцагчид 1 гэсэн тоог шинээр зураад, дотор нь эсвэл хажууд нь дагахыг хүсэж байгаа шинэ зарлигаа бичиж болно.
Тэнгэрлэг Эцэгт тэдний зорьж буй сүнслэг зүг чиглэл нь тэдний хурднаас илүү чухал гэдгийг суралцагчдад сануул. Түүний тусламжийн талаар гэрчилж, өсөлт хөгжил нь удаан мэт санагдсан ч гэсэн гэрээний замаар байнга урагш тэмүүлэхэд тэднийг урамшуулан дэмж.