“Шүүгчид 2–4: Чөлөөлөлтийн төлөө Их Эзэнд хандах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Шүүгчид 2–4: Чөлөөлөлтийн төлөө Их Эзэнд хандах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Шүүгч 2–4; 6–8; 13–16: 65-р хичээл
Шүүгчид 2–4
Чөлөөлөлтийн төлөө Их Эзэнд хандах нь
Израилын хүүхдүүд амлагдсан нутаг руу орсныхоо дараа ёс бус оршин суугчдыг бүгдийг нь хөөн зайлуулах Их Эзэний зарлигийг дагахгүй байхаар шийджээ. Үүний улмаас олон израил хүн эдгээр хүний ёс бус үйлийг үйлдэж, Эзэний хамгаалалтыг алдсан юм. Гэсэн хэдий ч, израилчууд Их Эзэнээс чөлөөлөлт гуйн хашхирах бүрд Тэрээр тэдний төлөө “нэгэн чөлөөлөгчийг босгон гаргасан” (Шүүгчид 3:9). Энэ хичээл нь суралцагчдад бидний Чөлөөлөгчийн хувьд гүйцэтгэх Аврагчийн үүргийг ойлгоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Аврагч судруудад цэдэглэгдсэн хэн нэгнийг, таньдаг нэгнийг нь эсвэл өөрсдийг нь чөлөөлсөн (аварсан эсвэл чөлөөлсөн) тэр л цаг үеийн талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Суралцагчид Аврагчаас аврал эрэхийн тулд хувь хүн эсвэл хувь хүмүүс юу хийснийг олж тогтоож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Загварууд
Шүүгчид номд цэдэглэгдсэн сүнслэг загварын талаар суралцахад суралцагчдыг бэлтгэх үүднээс дараах тоон загварыг үзүүлэх талаар бодож үз. Дутуу байгаа тоог гүйцээж бөглөхөд цөөн хэдэн суралцагчийг урь.
Дараах дараалал тус бүр дэх дараагийн хоёр тоог ол:
А. 2, 4, 6, 8, 10, 12,
Б. 1, 3, 7, 13, 21, 31,
В. 1, 4, 3, 6, 5, 8, 7,
Г. 10, 11, 6, 8, 4, 7, 4,
Суралцагчдад уг асуултад хариулахад тусламж хэрэгтэй бол дараах загварыг хуваалцаж болно.
A: +2
Б: +2, +4, +6 гэх мэтчилэн
В: +3, −1, +3, −1
Г: +1, −5, +2, −4, +3, −3 гэх мэтчилэн
-
Загваруудыг олж танихад тустай ямар ямар нөхцөл байдал бидний амьдралд байдаг вэ?
-
Сүнслэг загварыг амьдралдаа таньж мэдэх нь яагаад чухал вэ?
Шүүгчид номд израилчуудад ямар сүнслэг загвар үзүүлснийг судалж байхдаа таны амьдралд энэ загвар ямар ач тустай байсныг эргэцүүлэн бод. Энэ загвараас суралцаж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай илүү ихийг зааж өгөхөд Ариун Сүнсийг урь.
Гэм нүгэл, авралын тойрог
Израилчуудыг амлагдсан нутаг руу ороход Их Эзэн ёс бус оршин суугчдыг хөөн зайлуулахыг тэдэнд зарлигдсан юм (Дэд хууль 7:1–4 шүлгийг үзнэ үү). Олон израил хүн энэ зарлигийг бүрэн дагахгүй байхыг сонгожээ. Тэд ёс бус оршин суугчдын заримд үлдэхийг зөвшөөрсөн (Шүүгчид 1:21, 27–28-ыг үзнэ үү). Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг удаа дараа дагахаа больсны улмаас израилчуудын мэдэрсэн сүнслэг байдлын загвар буюу тойргийн талаар бид Шүүгчид 2–4 шүлгээс мэдэж авдаг.
Дараах тойргийг дэлгэцэд үзүүлэх талаар бодож үз. Үүнийг судлах тэмдэглэлдээ хуулж бичихэд суралцагчдыг урь.
Хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ дараах шүлгүүдийг судалж, израилчуудын дунд гаргаж байсан зан төлөвийн загварыг олж мэдэхэд суралцагчдыг урь. Суралцагчид шүлэг тус бүрийг нэг үг эсвэл хэллэгээр нэгтгэн дүгнэж болно. Дараа нь тэд тохирох үг, хэллэгийг тохирох бүдүүвч дээр бичих боломжтой.
1. Шүүгчид 3:5–7 (Тайлбар: Баалим гэдэг нь Баалын олон тоон хэлбэр бөгөөд Канаанд шүтдэг хуурамч бурхан юм. Мод гэдэг нэр томьёо нь “шүтэн бишрэх зүйл болгон байрлуулсан амьд мод эсвэл модтой адил шон”-г хэлдэг [Bible Dictionary, “Grove”].)
2. Шүүгчид 3:8
3. Шүүгчид 3:9 (шүлгийн эхний өгүүлбэр)
4. Шүүгчид 3:9–11
Шүлгүүдийг судалсны дараа бүдүүвч зураг дээр оруулсан үг, хэллэгээ хуваалцахад суралцагчдыг урь. Шаардлагатай гэж үзвэл бүдүүвч тус бүрд дараах зөвлөгөөг өгч болно: 1. Гэм нүгэл; 2. Үр дагаврууд; 3. Их Эзэнд тусламж гуйн хашхирах; 4. Их Эзэнээр дамжин чөлөөлөгдөх Та энэ тойргийг судартаа тэмдэглэхэд нь суралцагчдад туслах үүднээс шүлэг тус бүрээр бүдүүвч бүрээс үг, хэллэгийг бичихэд тэднийг урьж болно.
Дараа нь дараах зааврыг дэлгэцэд харуул. Эшлэлүүдийн заримыг эсвэл бүгдийг нь судлах цөөн минут суралцагчдад өг.
Шүүгчид 2–4 дээрх энэ тойргийн бусад жишээг үзэхийн тулд дараах эшлэлийн заримыг нь судал. Тойргийн өөр өөр хэсгийг хайж олмогц тэдгээрийг судар дээрээ тэмдэглэн авч болно. (Тайлбар: Тойргийн бүх хэсэг эдгээр шүлэгт гарч ирэхгүй.)
Шүүгчид 2:10–18
Шүүгчид 3:12–15, 26–30
Шүүгчид 4:1–4, 14–16
-
Бид Шүүгчид 2–4 дээрх тойргоос Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авч чадах вэ?
Суралцагчдыг өмнөх асуултын хариултыг хуваалцаж байх үед Бурханы хайр ба зан чанарыг харуулдаг ойлголтыг онцлон дурдах талаар бодож үз. Суралцагчдыг бодол санаагаа хуваалцсаны дараа энгийн үгээр ярих нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм. Та “Есүс Христийн нигүүлсэнгүй мөн чанарын талаарх санаа бодолд тань талархаж байна”, “Аврагчийн бидэнд өгөх ёстой чөлөөлөлтийг сануулсанд тань би талархаж байна” гэж хэлж эсвэл “Аврагчаас анзаарсан тэрхүү зан чанар Тэнгэрлэг Эцэгт байдгийг мэдэх нь яагаад чухал вэ?” гэж асууж болно. (Есүс Христэд ирэхэд нь суралцагчдад туслах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар [2022], 9 дэх “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхэд нь суралцагчдад тусал” хэсгээс үзнэ үү.)
Эдгээр судрын хэсгээс Их Эзэний тухай суралцагчдын олж мэдэх зарим үнэн:
Хэрэв бид Их Эзэнийг эсэргүүцвээс Түүний удирдамж мөн хамгаалалтыг амьдралдаа алдах болно.
Бид Их Эзэнд хандаж, Түүний нэрийг дуудах аваас Тэр биднийг чөлөөлөх болно.
-
Эдгээр үнэнийг ойлгох нь та нарын амьдралд хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?
Чөлөөлөгч
Аврагч бол Чөлөөлөгч гэдгийг тайлбарла (2 Самуел 22:2-р шүлгийг үзнэ үү). Суралцагчид Мозая 7:33 болон Шүүгчид 3:9-ийг уншаад, хооронд нь харьцуулж болно. Шүүгчид номд израилчуудыг чөлөөлөхөд тусалсан хүмүүс нь Есүс Христийг хэрхэн бэлгэддэг талаар хуваалцахыг тэднээс хүс.
Сурч мэдсэн зүйлээ өөрсөд дээрээ тунгаан бодож үзэхэд суралцагчдад туслах үүднээс та самбарт “би” гэж бич. Өөрсдийгөө энэ тойргийн хаана нь байж болох талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Аврагчийн чөлөөлөлт хэрэгтэй, амьдралд нь тохиолдож буй нөхцөл байдлынхаа талаар бодохыг суралцагчдаас хүс.
Есүс Христ ямар Агуу Чөлөөлөгч гэдгийг Далын ахлагч Кайл С.Маккэй ийн гэрчилсэн.
Есүс Христ бол Агуу Чөлөөлөгч бөгөөд хэрвээ та нар Түүнд үнэн хүсэлтэйгээр, бүх зүрх сэтгэлээсээ хандвал Тэрээр амьдрал, баяр баяслыг тань багасгах юм уу устгахаар заналхийлдэг бүх зүйлээс та нарыг чөлөөлөх болно гэдгийг би Түүний нэрээр амлан, гэрчилж байна. (“Бурханы эн тэргүүний сайн сайхан,” Ерөнхий чуулган, 2019 оны 4-р сар, 128–130)
-
Энэ үгийг эргэцүүлэн бодох үед та нарт ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?
“[Тэдний] амьдралыг доройтуулж, баяр баяслыг бууруулж, устгах” аюул заналыг тэмдэглэлдээ эсвэл самбарт жагсаан бичих цагийг суралцагчдад өгөх талаар бодож үз. Тустай гэж үзвэл суралцагчид “Аврагч биднийг чөлөөлж чадна” (Жэссика З.Стронг, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 12-р сар, 2–4) нийтлэлийг судалж болно.
Суралцагчид өөрсдийн гаргасан жагсаалтын хажуу талд дараах асуултад хариулж бичиж болно.
-
Бид Аврагчид хандах үед Тэр биднийг ямар арга замаар чөлөөлж чадах вэ?
Аврагчид хандах үед Тэр биднийг чөлөөлөх өөр арга замуудыг олж мэдэхэд суралцагчдад тусал. Тэд судруудаас, мөн өөрсдийн эсвэл таньдаг хүмүүсийнхээ амьдралаас Аврагчийн чөлөөлөлтийн жишээнүүдийг эргэцүүлэн бодож болно. Та Их Эзэний чөлөөлөх хүч чадлыг цэдэглэсэн Алма 36:27–29; 38:5 гэх мэт судруудыг олоход суралцагчдыг урьж болно. Тэд мөн “Их Эзэн та нарыг чөлөөлж чадах 7 арга зам” (Дэвид A.Эдвардс, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 4-р сар, 18–20) нийтлэлийг уншиж болно.
Суралцагчдаас ойлголтоо сайн дураараа хуваалцахыг хүс. Та мөн эдгээр жишээг санаж байх нь Аврагчид итгэх итгэл, найдвараа хүчирхэгжүүлэхэд хэр тустайг тайлбарлахад тэднийг урьж болно.
Ойлголтоо харуулах
Аврагчийн Чөлөөлөгч хэмээх үүргийн талаарх ойлголтоо харуулахад нь суралцагчдад туслах зорилгоор дараах зааврыг үзүүл. Тэд энэ үйл ажиллагааг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэх боломжтой.
-
Тодорхой нөхцөл байдлаас гарахад Аврагчийн чөлөөлөлт хэрэгтэй байгаа залуу хүний талаар жишээ гарга.
-
Аврагч уг хүнийг хэрхэн чөлөөлөх талаар олж мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэсэн догол мөр бич.
Суралцагчид 1-р алхмыг хийж дуусаад, өөрсдийн бичсэн жишээг өөр хамтрагч эсвэл бүлэгтэй хуваалцах талаар бодож үз. Дараа нь тэд бусад бүлгийн бичсэн жишээнд хариу өгөх байдлаар 2-р алхмыг гүйцэтгэж болно.
Та Аврагчийн чөлөөлөх хүч чадлын талаарх туршлага, гэрчлэлээ хуваалцаж энэ хичээлийг дуусгаж болно.