“Дэд хууль 6:1–6: Бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Дэд хууль 6:1–6: Бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34: 58-р хичээл
Дэд хууль 6:1–6
Бүх зүрх сэтгэлээрээ Бурханыг хайрлах
Мосе израилчуудыг цөлд 40 жил удирдсаныхаа дараа, Их Эзэнийг Иошуад тэднийг амлагдсан нутаг руу авч явахыг тушаахаас өмнө сүүлчийн зөвлөгөөгөө тэдэнтэй хуваалцжээ. Мосегийн бошиглолын захиасны нэг чухал хэсэг бол “өөрийн Бурхан Эзэнээ бүх зүрх сэтгэлээрээ хайрла” (Дэд хууль 6:5) гэсэн захиас байв. Энэ хичээл нь Бурханд хайраа хэрхэн харуулахыг суралцагчдад ойлгуулна.
Суралцагчийн бэлтгэл: Хэн нэгэнд хайраа үгээр бус үйлдлээрээ харуулах арга замаасаа хуваалцахыг эцэг эх, асран хамгаалагч эсвэл Сүмийн удирдагчаасаа хүсэхэд суралцагчдыг урь. Энэ хичээл нь Бурханд хайраа харуулах арга зам дээр төвлөрнө гэдгийг суралцагчдад хэлэх нь тус болж болох юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хайраа үзүүлэх
Хайраа үзүүлэх янз бүрийн арга замын талаар оюунаа уралдуулан хэлэлцэхэд суралцагчдад туслахын тулд дараах үйл ажиллагааг ашиглах талаар бодож үз.
-
Гэр бүлийнхээ хайртай гишүүний нэрийг судлах тэмдэглэлдээ бич.
-
Бичсэн нэрийнхээ доор тэдэнд хайраа харуулах хэд хэдэн онцгой санааг 60 секундэд багтаан бич.
Бичсэн нэр болон хайраа харуулах санаануудаа сайн дураараа хуваалцахыг хэдэн суралцагчаас хүс.
Суралцагчдыг хуваалцаж дуусмагц Дэд хууль 6:5-ыг уншаад, сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. (Суралцагчид өөрсдийн үгээр Бурхан бидэнд Өөрийг нь бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлахыг тушаасан гэх мэт үнэнийг хуваалцаж болно.) Та Есүс Христийн онцолсон төгс эзэмших сургаалын судрын хэсэг болох Матай 22:36–39-тэй холбох эсвэл холбогдох эшлэл болгохыг суралцагчдад санал болгож болно.
Самбарын голд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр гэж бичих талаар бодож үз. Суралцагчдад хоёр минут гаргаж өгөөд, Тэдэнд хайраа илэрхийлэх янз бүрийн санааг самбарт жагсаан бичихэд тэднийг урь.
Дараа нь ангийнхны аль санаа анхаарлыг нь татсан, яагаад гэдгийг хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмж.
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Та нар Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар чин сэтгэлээсээ юу гэж боддог вэ? Ямар учраас ингэж боддог вэ?
-
Та нар Тэдэнд өөрсдийн бодол санааг ямар ямар арга замаар үзүүлдэг вэ?
Энэ долоо хоногт Дэд хууль номыг судлахдаа Ариун Сүнсний өдөөлтөд анхаарлаа төвлөрүүл. Ариун Сүнсний нөлөө Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг хайрлах хайрыг тань гүнзгийрүүлж, хайраа Тэдэнд илэрхийлэх арга замуудыг та нарт заана.
Есүс биднийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг
Бурханы үлгэр жишээнээс суралцахад нь суралцагчдад туслахын тулд тэднийг Дэд хууль 6:5-ыг 1 Иохан 4:19-тэй холбох эсвэл холбогдох эшлэл болгоход урьж болно. 19-р шүлгийг уншиж дуусмагц та Бурхан хүн нэг бүрд эсвэл тэдэнд хайраа үзүүлж байсан арга замуудыг хуваалцахыг суралцагчдаас хүсэж болно.
Дараах мэдэгдэл нь биднийг бүх зүрх сэтгэлээрээ хайрласан Бурханы төгс үлгэр жишээг эргэцүүлэн бодоход суралцагчдад тусалж болох юм. Мэдэгдлийг үзүүлээд, чанга уншихад нэг суралцагчийг урих талаар бодож үз. Дараа нь суралцагчдыг доорх асуултуудад өгөх хариултаа ярилцаж байх хооронд үүнийг үргэлжлүүлэн үзүүл.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Жэффри Р.Холланд Бурханы жинхэнэ зан чанарыг илүү сайн ойлгоход бидэнд тусалсан.
Үүрд мөнх оршихуйн хамгийн эхний агуу зарлиг бол Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун ухаан хийгээд чадлаараа хайрлах ёстой гэсэн тушаал байдаг. Гэхдээ мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, өөрийн бүх хүчин чадал, оюун ухаан хийгээд чадлаар хайрладаг явдал юм. Энэ хайр бол мөнх оршихуйн суурь бөгөөд бидний өдөр тутмын амьдралын ч суурь болох ёстой. Бидний бодгальд энэхүү баталгаа гал мэт асаж байх үед л бид үргэлж итгэж, сайжрахыг хичээн, нүглийнхээ өршөөлийг эрэлхийлж мөн тэрхүү ач ивээлийг хөршдөө түгээх итгэл үнэмшилтэй байна. (“Маргааш Эзэн та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 114)
-
Ерөнхийлөгч Холландын хэлсэн мэдэгдлээс Бурханыг хайрлах хайраа харуулах сэдлийг бидэнд төрүүлэх ямар зүйлийг та нар мэдэж авсан бэ?
-
Хэрэв Бурханыг “бүхий л чадлаараа” хайрлах хангалттай хайрыг мэдрэхгүй байвал үүний тулд тухайн хүн ямар ямар алхам хийж болох вэ?
Дуулгавартай байх нь хайрын илрэл юм
Дэд хууль номын товч агуулгыг суралцагчдад өгөх үүднээс хичээлийн эхэнд Мосегийн зургийг үзүүлээд, дараах догол мөрийг өөрөө товч хураангуйл эсвэл нэг суралцагчийг чанга уншихад урих талаар бодож үз.
Мосе Бурханы бошиглогчоор 40 жил үйлчилснийхээ дараа израилчуудад амлагдсан нутгийн хил дээр буудаллахыг зааварлажээ. Иошуа удалгүй тэднийг хилийн цаана удирдаж авчрах байв (Дэд хууль 31:23-ыг үзнэ үү). Мосег Их Эзэн дээш авч одохоос эсвэл үхүүлэлгүйгээр Өөртөө авахынх нь өмнө тэр уулын орой дээрээс амлагдсан нутгийг харсан (Дэд хууль 34:1–6; Алма 45:18–19-ийг үзнэ үү). Дэд хуульд Мосегийн хүмүүстээ өгсөн сүүлчийн, түүний дотор Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг дуулгавартай дагах тухай сүнслэгээр өдөөгдсөн зөвлөгөө багтсан байдаг.
Дараах судрын хэсгүүдийг уншаад, Бурханд хэрхэн хайраа үзүүлэх талаар Мосегийн хүмүүстээ заасан зүйлс болон Есүсийн шавь нартаа заасан зүйлсийн хоорондох ижил төстэй талуудыг олж хар.
Дэд хууль 6:1–6; 30:16
Иохан 14:15, 21–24
-
Бурханд хайраа үзүүлэх талаар та нар юу олж мэдсэн бэ?
Хэрэв суралцагч аль хэдийн самбарт “зарлигуудыг сахих” гэдгийг Бурханд хайраа үзүүлэх нэг арга зам гэж бичсэн бол үүнийг нь онцлохыг бод. Бичээгүй байвал самбарт нэмж бичих талаар бодож үз.
-
Та нар яагаад зарлигуудыг сахих нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа үзүүлэх утга учиртай арга зам гэж бодож байна вэ?
Өдөр тутмын амьдралдаа Бурханыг хайрлах
Амьдралдаа Бурханд хайраа хэрхэн илэрхийлэх бодит арга замуудыг ярилцах нь суралцагчдад тустай байж болно.
“Түүнийг хайрлаваас” (3:57) видеог үзүүлэх нь ийн ярилцах нэг арга зам юм (ChurchofJesusChrist.org). Дууны үгэнд мөн видеон дахь өсвөр үеийнхэн Бурханд хайраа үзүүлэхийн тулд юу хийж байгаад анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урь. Дараа нь Бурханд хайраа үзүүлэх арга замын талаар юу сурч мэдсэнээ хуваалцахад суралцагчдыг урь.
Өөр нэг арга бол суралцагчдын жижиг бүлгүүдэд доор дурдсан нийтлэг орчин нөхцөлүүдийн нэгийг бичсэн цаас өгч болно.
Бүлгүүдийг гүйцээн бичиж, ярилцахад нь зориулж дараах заавар, асуултуудыг үзүүл. (Хэр их хугацаа байгаагаас хамаарч бүлгүүд бусад бүлэгтэйгээ цаасаа солилцож, үйл ажиллагааг хэд хэдэн удаа давтаж болно.)
Ажил, сургууль, семинар, сүм, гэр орон болон давтлага дээр мөн найз нөхөдтэйгөө, сошиал медиа дээр гэх зэрэг нийтлэг орчин нөхцөлийн аль нэгийг сонго. Та нар тухайн орчин нөхцөлийг бодож үзээд дараах асуултад юу гэж хариулах вэ?
-
Тухайн орчинд хэн нэгэн Бурханд хайраа үзүүлж байхыг та нар хэзээ харсан бэ?
-
Тэнд Бурханд хайраа үзүүлэх ямар ямар тохиромжтой арга зам байдаг вэ?
-
Тухайн орчинд Бурханд хайраа илэрхийлэхэд юу саад болдог вэ? Хэрэв тийм бол бид үүнийг хэрхэн даван туулж болох вэ?
Дүгнэлт
Төгсгөлд нь та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа илэрхийлснээр хичээлээ дуусгаж болно.
Гэрчлэлээсээ гадна та дараах мэдэгдлийг хуваалцаж, судлах тэмдэглэлдээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар бодол санаагаа илэрхийлэхэд суралцагчдыг урьж болно. Хичээлийн үеэр Сүнснээс хүлээн авсан аливаа мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд тэднийг урамшуулан дэмж.
Далын ахлагч К.Брэтт Натрэсс бидэнд дотроо тунгаан бодох чухал асуултуудыг тавьсан.
Тэнгэрлэг Эцэг биднийг үргэлж санадаг, Тэр биднийг төгс хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Би нэг зүйл асууя. Бид Түүнийг санадаг уу? Бид Түүнд хайртай юу? (“Би үнэхээр өршөөгдсөн үү?,” Лиахона, 2023 оны 5-р сар, 67–70)