“Зорилго тавих: Үр дүнтэй зорилго тавих, үүндээ хүрэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Зорилго тавих: Үр дүнтэй зорилго тавих, үүндээ хүрэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
172-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Зорилго тавих
Үр дүнтэй зорилго тавих, үүндээ хүрэх
Олон хүн зорилго тавьж, үүндээ хүрэхээр адислагдсан байдаг ч зарим нь зорилгоо хойш тавьж эсвэл бүтэлгүйтвэл сэтгэлээр унадаг. Их Эзэн биднийг Өөртэй нь болон Тэнгэрлэг Эцэгтэй адил болоосой хэмээн хүсдэг (3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Тэрээр биднийг сурч, өсөж хөгжих үед бидэнд туслах болно. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний тусламжтайгаар хувийн зорилгоо тавьж, үүндээ хүрэхээр суралцах үедээ Түүнд илүү ойртоход тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Биелүүлэхийг хүсэж буй урт, богино хугацааны зорилгуудаа тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд мөн таньдаг хүмүүсээсээ зорилго тавьж, түүндээ хүрэх талаар юу сурсан талаар нь асууж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Зорилго ба сонголт
Дараах бүдүүвч зургийг самбар дээр зурж хичээлийг эхлүүл. Судлах тэмдэглэлдээ ижил зургийг зурахад суралцагчдыг урь.
Суралцагчид хариултаа баруун гар талд байх зураасан хүний дүрс бүрийн хажууд бичиж болно.
-
Та гурван сарын дараа юунд хүрэхийг хүсэж байна вэ? Нэг жилийн дараа? 5 жилийн дараа?
Дараах асуултуудын талаар суралцагчдыг тунгаан бодоход урь. Суралцагчид хүсвэл дараа нь хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.
-
Эдгээр зорилгын талаар бодох үед та нарт ямар бодол, мэдрэмж төрж байна вэ? Яагаад?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр та нарыг өөрийнхөө хамгийн сайн хувилбар болоосой, эцэст нь бүр Тэдэн шиг болоосой хэмээн хүсдэг (3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Хувийн зорилгоо тавьж, үүндээ хүрэхэд тань Тэд хэрхэн тусалж чадахыг харахын тулд Сүнсний удирдамжийг өнөөдрийн хичээлээр эрэлхийл.
Их Эзэний тусламж
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Үлиссэс Соарэсын хэлсэн дараах мэдэгдлийг уншиж, зорилго тавьж, түүндээ хүрэх талаар юу сурснаа олж мэд.
Бидний зорилго, зөв шударга зорилтууддаа Их Эзэнээс хүлээн авах тусламж хязгааргүй бөгөөд Тэрээр биднийг ямар ч сайн бөгөөд зөв шударга хичээл зүтгэлд дэмждэг. … Би та бүхнийг нөхцөл байдлаасаа үл хамааран амьдралдаа зөв шударга зорилгыг хэрэгжүүлэх арга замуудын талаар бодож үзээрэй гэж урьж байна. Их Эзэн бидний хүн нэг бүрийг хайрладаг бөгөөд бидэнд тулгарч байгаа нөхцөл байдлаас үл хамааран Тэр үргэлж бидэнд туслахад бэлэн байдаг гэдгийг би та нарт батлан хэлж байна. (Gospel Library, Liahona, Jan. 2023, “Goals, Growth, and Progress—Recent Messages from Prophets and Apostles,” [зөвхөн дижитал нийтлэл])
-
Ахлагч Соарэсын захиас зорилго тавих, үүндээ хүрэхтэй хэрхэн холбогдож болох вэ?
Суралцагчид өөр өөрөөр хэлж болох ч Их Эзэн бидэнд зөв шударга зорилго тавьж, үүндээ хүрэхэд тусална гэдгийг олж харахад тэдэнд тусал. Энэ үнэнийг самбар дээр бичиж болно.
Дараа нь самбарт хичээлийн эхэн дэх бүдүүвч зургийн дээр Их Эзэн гэж бичээд, дараах асуултыг тавь.
-
Таныг зорилго тавьж, зорилгодоо хүрэхээр эрэлхийлэх үед Их Эзэн танд туслах болно гэдгийг мэдэх нь таны хувьд хэр чухал вэ?
Бид боловсрол, харилцаа, эрүүл мэнд зэрэг амьдралынхаа олон талбарт зорилго тавьж чадна гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм. Христийнхтэй адил арга замаар өсөж хөгжих, сайжрах эсвэл ахиц дэвшил гаргах аливаа хүчин чармайлт нь зөв шударга зорилго байж болно.
Зарим суралцагч зорилго тавихдаа амжилт олохоосоо илүүтэй бүтэлгүйтдэг гэж боддог учраас сэтгэлээр унадаг. Эдгээр суралцагчид туслахын тулд дараах асуултыг тавь.
-
Бид зорилгодоо хүрч чадаагүй үедээ ахлагч Соарэсын заасан шиг, Их Эзэн бидэнд хайртайг мөн бидэнд туслахад бэлэн байдгийг санах нь яагаад чухал вэ?
Та 2 Нифай 4:17–21, 26–28-ыг уншаад, Нифай алдаа дутагдлаа мэдэрч байх үедээ Их Эзэнд хэрхэн хандсаныг олж мэдэхэд суралцагчдыг урьж болно.
Бидний зорилго боломжгүй мэт санагдсан үед ч гэсэн Их Эзэн бидэнд хэрхэн тусалж чадах тухай жишээ болгохын тулд Абрахамын жишээг ашигла. Суралцагчид 22-р хичээл: “Абрахам 1”-ээс энэ түүхийг аль хэдийн давтан уншсан байж болох юм. Хэрэв тийм бол та доорх үйл ажиллагааг суралцагчдын хэрэгцээнд тохируулан өөрчилж болно.
Абрахам Их Эзэний бошиглогчоор дуудагдахаасаа хэдэн жилийн өмнө ёс бус, хиймэл шүтээний нутаг дээр өссөн. Бүр төрсөн эцэг нь хүртэл “[түүний] амийг авах” (Aбрахам 1:30) гэж шийдсэн байв.
Абрахам 1:1–2, 4-ийг уншаад, Абрахамын өөртөө тавьсан зорилгыг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Абрахамын нөхцөл байдлыг бодож үзвэл зорилгодоо хүрэх нь хэр хэцүү байсан бэ?
Их Эзэн гайхамшигтай байдлаар Абрахамын амийг аварч, зөв шударга зорилгуудаа гүйцэлдүүлэхэд нь түүнд тусална хэмээн амласан (Aбрахам 1:15–20-ийг үзнэ үү).
Абрахам 1:18–19-ийг уншаад, Их Эзэн хэрхэн Абрахамд тусалж байсныг олж мэд.
-
Танд Абрахамд тохиолдсон явдал зорилгынхоо талаар бодоход тань хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр танд эсвэл таны таньдаг хэн нэгэнд зөв шударга зорилго тавьж биелүүлэхэд нь хэрхэн тусалсан бэ?
Зорилго тавих үйл явц
Суралцагч бүрд “Зорилго тавих, зорилгодоо хүрэх зарчим” нэртэй тараах материалыг өг. Суралцагчид энэ мэдээллийг Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023) гарын авлагын 151-р хуудаснаас мөн олж авч болно.
Суралцагчид тараах материалыг бие даан судлаад, дараа нь хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан доорх асуултуудын хариултыг ярилцаж болно.
Тараах материал дээрх зарчмуудыг дахин харж, дараах асуултуудад хариулахад бэлд.
-
Энэ үйл явцын аль хэсгийг та сайн хийдэг вэ? Таны хувьд аль хэсэг хамгийн хэцүү вэ? Яагаад?
-
Энэ үйл явцын туршид Их Эзэнийг оролцуулж, Түүний тусламжийг эрэлхийлэх нь ямархуу харагдаж болох вэ?
Хангалттай хугацаа өгсний дараа цөөн суралцагч хариултаа ангийнхантайгаа хуваалцаж болно.
Зорилго тавих дадлага хий
Хэрэв цаг гарвал энэ үйл явцыг ашиглан, зорилго тавьж, биелүүлэх дадлага хийхэд нь суралцагчдадаа тусал. Тэд дараах үйл ажиллагааг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр хийж болно. Эсвэл шууд “Таны зорилго” гэсэн хэсэг рүү орж болно.
Өсвөр насны хүүхдүүдийн амьдралдаа тавьж болох зөв шударга, үр дүнтэй зорилгуудын жишээг судлах тэмдэглэлдээ жагсаан бич.
Дараа нь дээрх зорилгуудаас нэгийг сонгоод, тараах материал дээрх зарчмуудыг ашиглан, хувь хүнд алхам бүрийг бодитойгоор хийж болох жишээг зохио. Энэ үйл явцад Их Эзэнийг хэрхэн оролцуулж болох талаар бод.
Та бүхэн дараах жишээг загвар болгон ашиглаж болно.
-
Жэйдэн зорилго тавихад туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйв. Тэрээр Мормоны Номоос өдөр бүр 10 минут судлахаар шийджээ.
-
Тэр хичээлдээ явахаасаа өмнө судлахын тулд эрт босохоор шийдэв.
-
Нэг долоо хоногийн дараа Жэйдэн эрт босохгүй унтсаар байгаагаа анзаарчээ. Тэр тусламж гуйн залбирав.
-
Хоёр долоо хоногийн дараа Жэйдэнд зорилгодоо хүрч чадаагүй юм шиг санагдаж байв. Тэрээр Өөрийнх нь болон Есүс Христийн хайрыг мэдрэхэд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс гуйв. Тэр урам авч, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдан, дахин оролдохоор шийджээ. Тэр илүү амархан сэрэхийн тулд орой болгон эрт унтахаар шийдэв.
Хангалттай хугацаа өнгөрсний дараа зарим суралцагчийг өөрсдийн жишээг хуваалцахад урь.
Таны зорилго
Дараах үйл ажиллагаа нь суралцагчид зорилгодоо Их Эзэнийг оролцуулах төлөвлөгөө гаргах нэг арга юм. Тэд зорилго, төлөвлөгөөгөө судлах тэмдэглэл эсвэл тараах материал дээрээ бичиж болно.
Тараах материал дээрх эхний алхмыг ашиглан, хувийн зорилгоо тунгаан бод. Үүнийг хийхийн тулд хичээлийн эхэнд зурсан зургаа тунгаан бодож болно.
Биелүүлэхийг хүсэж байгаа нэг юм уу хоёр зорилго бич. Тэдгээрийг биелүүлэхийн тулд хийх алхмуудынхаа нарийвчилсан төлөвлөгөөг гарга. Төлөвлөгөөндөө Их Эзэнийг зорилгууддаа хэрхэн оролцуулж болохыг багтаа.
Суралцагчдыг зорилгодоо хүрэх хичээл зүтгэлд нь урамшуулан дэмжиж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тусламжийг сануул. Ахлагч Соарэсын мэдэгдлийг дахин уншиж, заасан зүйлсийнх нь талаар гэрчлэлээ хуваалцаж болно.