“Технологийг хариуцлагатай ашиглах: “Технологийг ашиглахдаа болгоомжтой байж, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Технологийг хариуцлагатай ашиглах: “Технологийг ашиглахдаа болгоомжтой байж, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
174-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх
Технологийг хариуцлагатай ашиглах
“Технологийг ашиглахдаа болгоомжтой байж, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая”
Заримдаа техник технологийг ашиглахдаа бодож төлөвлөж, зорилготой байхын оронд хөнгөн хуумгай хандах нь амархан байдаг. Хэрэв бид технологийг ашиглахдаа болгоомжтой, зорилготой байвал Их Эзэн үүнийг бидэнд болон бусдад адислал болгож чадна. Энэ хичээл суралцагчдад техник технологийг хэрхэн ашиглаж болохоо үнэлэхийн тулд Есүс Христийн сургаалыг ашиглахад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Технологийг хэрхэн ашиглаж байгаа, энэ нь өөрсдөд нь болон бусдад хэрхэн нөлөөлж болох талаар бодоход суралцагчдыг урь. Үүнд туслахын тулд зарим суралцагч уг төхөөрөмжийг эсвэл аппыг хэр их ашиглаж байгааг нь харуулсан тохиргоо эсвэл апп байгаа эсэхийг шалгаж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Технологи ашиглахтай холбоотой шийдвэр гаргах
Хэдэн тийш салсан замын уулзвар дээр зогсож буй хүний зургийг зур.
-
Өнөө үед өсвөр үеийнхэн технологийг ямар ямар замаар ашиглаж байна вэ?
Суралцагчид бусадтай ярилцах, судар судлах, үзвэрийн программ үзэх, олон нийтийн сүлжээ ашиглах, гэрийн даалгавраа хийх зэргээр технологийг ашиглах аргуудаасаа хуваалцаж болно. Суралцагчдыг асуултад хариулж байх үед та жагсаалт гаргаж эсвэл самбар дээрх замуудыг суралцагчдын хариултаар хаяглаж болно. Энэ жагсаалт хичээлийн дараа суралцагчдад хэрэг болно.
-
Юу технологийн зохистой хэрэглээ болохыг бид хэрхэн мэдэх вэ?
Сонгох боломжтой олон арга зам тулгарсан энэ хүний адил бидэнд ч мөн технологийг хэрхэн ашиглах талаар зөв шийдвэр гаргахад бэрхшээлтэй байдаг.
Дараах шүлгийг уншаад, Их Эзэн биднийг шийдвэр гаргахад хэрхэн чиглүүлж болохыг олж мэд.
-
Гэтлэл 13:21–22
-
Дуулал 119:105
-
Исаиа 2:3, 5
Та зураг дээр юу нэмж болох, яагаад тийм зүйл нэмэхийг хүссэнээ хуваалцахад суралцагчдыг урьж болно. Тэд замын эхэнд дэнлүү, үүлэн эсвэл галан багана, судар гэх мэтийг зурж болох юм.
-
Та эдгээр сургаалыг нэг өгүүлбэрт ямар байдлаар нэгтгэн дүгнэх вэ?
Их Эзэн бидний амьдралыг чиглүүлэхэд тусалдаг гэх мэт үнэнийг олж тогтооход суралцагчдад тусал.
-
Их Эзэн ба Түүний сургаал технологийг хэрхэн ашиглах талаар шийдвэр гаргахад биднийг ямар арга замаар чиглүүлж чадах вэ?
Та технологийг хэрхэн ашигладгаа мөн үүнийг ашиглахдаа юуг чиг баримжаа болгож байгаагаа хэдэн хором бодоод үз. Та өнөөдөр судлах явцдаа Сүнсний өдөөлтөд анхаарлаа хандуул.
Цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах
Сүмээс өсвөр үеийнхэнд зориулан Цахим хэрэгслийг хариуцлагатай ашиглах нэртэй гарын авлагыг гаргасан. Үүний гурван үндсэн зарчим нь цахим хэрэгслийн хэрэглээний талаар илүү сайн шийдвэр гаргахад бидэнд тусалдаг.
-
Зорилго. Би цахим хэрэгслийг зорилготой ашиглаж болно. Би үүнд автахгүй.
-
Төлөвлөгөө гарга. Би урьдаас төлөвлөснөөр надад сайхан мэдрэмж төрж, илүү сайн сонголт хийдэг.
-
Завсарлах. Түр зогсоод, завсарлага авах нь миний хувьд ЗҮГЭЭР.
Хэрэв хэрэгтэй гэж үзвэл суралцагчдыг самбар дээрх зураг руу анхаарлыг нь хандуулж, зураг дээр байгаа хүн технологийг илүү зөв ашиглах талаар шийдвэр гаргахад эдгээр гурван зарчим хэрхэн тусалж болохыг асуу.
Эдгээр гурван зарчим бүгд чухал боловч хичээлийн үлдсэн хэсэгт зорилготой байх талаар илүү төвлөрнө. Суралцагчдад техник технологийг зорилготой ашиглах талаар бодоход нь туслахын тулд дараахтай адил асуултыг тавь.
-
Их Эзэн та бүхнийг технологийг хэрхэн ашиглаасай гэж хүсэж байна гэж та бодож байна вэ?
Технологийг зорилготойгоор ашиглах
Техник технологийг зорилготой ашиглахын тулд бид Их Эзэнд хандаж, судрууд, бошиглогчдын үгсээс Түүний зөвлөгөөг олж авч болно. Их Эзэний сургаалуудыг үндэслэн бид технологийн хэрэглээгээ үнэлэх асуултууд гаргаж, илүү зорилготой ашиглахдаа туслах боломжтой.
Дараах зааварчилгааг үзүүлж, хоёр алхмыг ганцаараа эсвэл жижиг бүлгээрээ гүйцэтгэхэд суралцагчдыг урь. Хэрэв суралцагчдад үүнийг хэрхэн хийх жишээ хэрэгтэй бол ангиараа эхний алхамд дурдсан судруудын нэгийг уншиж болно. Мөн та дараахтай адил асуултын өдөөлтийг харуулж, эдгээр асуулт хэрхэн харагдахыг суралцагчдад ойлгуулах боломжтой.
-
Технологийг … маягаар ашиглах уу?
-
Технологи ашиглах нь миний анхаарлыг …-аас сатааруулж байна уу?
Тэдний зохиож болох асуултуудыг үйл ажиллагааны зааварчилгааны дараа олж болно.
Их Эзэний сургаал дээр тулгуурлан асуулт тавьж дадлага хий.
-
Дараах судруудын аль нэгийг унш. Сурч мэдсэн зүйлээ ашиглан, технологийг ашиглахдаа зорилготой байж, эргэцүүлж бодоход туслах асуулт тавь.
Исаиа 55:2; 2 Нифай 9:51
Maтай 22:36–39
-
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийн “Бурханы гэрэлд алх” хэсгийн “Урилга” гарчиг доорх дөрвөн догол мөрийн нэгийг унш. Сурч мэдсэн зүйлээ ашиглан, технологийг ашиглахдаа зорилготой байж, эргэцүүлж бодоход туслах асуулт тавь.
Өөрсдийн зохиосон асуултуудыг самбарт бичихэд эсвэл тэдгээрийг цаасан дээр бичээд, ангийн эргэн тойрон дахь хананд байрлуулахад суралцагчдыг урь. Суралцагчдын зохиож болох асуултуудын хэдэн жишээ дурдъя.
-
Технологийг ийм байдлаар ашиглах нь надад сэтгэл ханамж авчрах уу эсвэл хоосон мэдрэмж төрүүлэх үү? (Исаиа 55:2; 2 Нифай 9:51)
-
Технологийн хэрэглээ маань Бурханыг болон бусдыг хайрладаг хайрыг харуулахгүй байна уу? (Maтай 22:36–39)
-
Технологийг ийм байдлаар ашиглах нь намайг бусдад атаархаж, өөрийгөө бусадтай харьцуулахад хүргэх болов уу? (Моронай 7:45)
-
Би амьдралдаа илүү их гэрэл авчрах арга замаар технологийг хэрхэн ашиглаж болох вэ? (Сургаал ба Гэрээнүүд 50:23–25)
-
Технологийг ашиглах нь шунал хүсэл төрүүлдэг үү? (Сургаал ба Гэрээнүүд 63:16)
-
Технологи ашиглах нь бусадтай харилцах харилцаанд минь тусалж байна уу эсвэл хор хүргэж байна уу? (“Бурханы гэрэлд алх,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 19)
Зохиосон асуулт руу нь хөтөлсөн уншсан зүйлээ хуваалцахад цөөн хэдэн суралцагчийг эсвэл бүлгийг урь.
-
Их Эзэний сургаалуудыг ийм арга замаар ашиглах нь технологийг зорилготойгоор ашиглахад бидэнд хэрхэн тусалж болох вэ?
Дадлага
Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад өөрсдийн зохиосон асуултуудыг технологийн хэрэглээнд үнэлэлт өгөхдөө ашиглахад тусална.
Хэрэв суралцагчид асуултуудаа ангийн эргэн тойронд байрлуулсан бол босож, асуултуудыг ээлжлэн тойрон уншиж, үйл ажиллагааг гүйцээхэд тэднийг урамшуулан дэмж.
Судлах тэмдэглэлдээ технологи ашиглаж байгаа аргуудаа жагсаан бич. Өөрийн болон ангийнхныхаа зохиосон асуултуудыг ашиглан технологийг хэрхэн ашиглаж байгаа талаараа дүгнэлт хий. Өөрийнхөө сайн хийж байгаа эсвэл сайжруулах хэрэгтэй зүйлсийнхээ талаар бод. Ариун Сүнснээс хүлээж авсан мэдрэмжээ бичиж тэмдэглэ.
Хүссэн суралцагчид сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжтой. Хэрэв тустай гэж үзвэл та дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
Далын ахлагч Питр М.Жонсон техник технологийг ашиглах нь биднийг Их Эзэн ба Түүний хүчтэй хэрхэн холбож болох талаар дараахыг заасан.
Технологийн дэвшил гайхамшигтай ч хянамгай байхгүй бол биднийг тэнгэрлэг чадавхдаа хүрэх явцад анхаарлыг маань сарниулж магад. Тэдгээрийг зохих ёсоор ашиглах юм бол энэ нь бидэнд тэнгэрийн хүчийг авч[рах] … боломж олгоно.
Технологийг ашиглахдаа болгоомжтой байж, хөнгөн хуумгай хандахгүй байцгаая. Биднийг Аврагчид илүү ойртуулж, Түүний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх ажлыг гүйцэтгэх боломж олгодог технологийн арга замуудыг үргэлжлүүлэн эрэлхийл. (“Дайснаа дийлэх хүч,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 126)
Суралцагчдад өнөөдөр хүлээн авсан аливаа сэтгэгдлийнхээ дагуу үйлдэх үед Тэрээр тэднийг адисалж, хүчирхэгжүүлэх болно гэдгийг сануул. (Дуулал 29:11-ийг үзнэ үү).