“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж: Сонголтоо Христтэй холбох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж: Сонголтоо Христтэй холбох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
171-р хичээл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх нь
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамж
Сонголтоо Христтэй холбох нь
Бид амьдралынхаа туршид сонголт хийдэг. Биднийг зөв шийдвэр гаргахдаа сэтгэл санаа дэндүү зовсон үед Есүс Христ ба Түүний сургаал бидэнд хүч чадал, мөн удирдамж өгч чадна. Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж нь Есүс Христ ба Түүний сургаалын тухай үнэнийг олж болох нэг арга юм. Энэ хичээл суралцагчдад Есүс Христэд болон Түүний сургаал дээр тулгуурлан сүнслэгээр өдөөгдсөн сонголт хийхдээ Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагыг ашиглан дадлага хийхэд тусална.
Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос сонгосон нэг хэсгийг давтахад суралцагчдыг урь. Суралцагчид тухайн хэсэг дэх Есүс Христийн сургаалууд сүнслэгээр өдөөгдсөн шийдвэр гаргахад хэрхэн тусалж чадах талаар бодож үзэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христ бол миний хад.
Хичээл эхлэхийн өмнө суралцагчдад Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж товхимлын хувийг тарааж өг эсвэл Gospel Library дээрээс цахим хувилбарыг олоход нь тусал.
Хичээлийн эхэнд шуурга шуурсан үеийн гэрэлт цамхгийн зургийг үзүүлж болно.
-
Та энэ зургийг ашиглан хэн нэгэнд сайн мэдээний ямар ямар зарчим зааж болох вэ?
Суралцагчдад тусламж хэрэгтэй бол хэрэв гэрэлт цамхаг нь бидний амьдралыг төлөөлж байгаа бол шуурга, хад хоёр юуг илэрхийлж болохыг тэднээс асууж болно. Суралцагчид янз бүрийн зарчмыг хуваалцаж болно. Ярилцлагад хувь нэмрээ оруулсанд нь тэдэнд таларх.
Дуулал 62:5–7-г уншаад, энэ дуулал гэрэлт цамхгийн зурагтай ямар холбоотойг бодож ол.
-
Яагаад хад нь Есүс Христийг илэрхийлэхэд тохиромжтой дүрслэл вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншиж, бид хэрхэн Есүс Христийг өөрсдийнхөө хад болгох талаар олж мэд.
Чи Аврагчийн мөнхийн үнэнүүдэд тулгуурлан зөв сонголтуудыг хийх бүрдээ Түүнийг өөрийн амьдралдаа оруулахыг хүсэж буйгаа харуулдаг. Эдгээр сонголт тэнгэрийн үүдний цоожийг тайлж, Түүний хүч чадал чиний амьдралд цутган орж ирдэг. …
… Бид амьдралаа төвхнүүлэх үедээ зөв сонголтууд хийх нь чухал. Мөн Аврагчийн мөнхийн үнэнүүдийн талаар ойлгох нь чухал. Бид өөрсдийн сонголтуудыг Есүс Христ ба Түүний сургаалтай холбох үед амьдралын шуургыг сөрөн зогсоход шаардлагатай хүч чадал ирдэг. Үүнд Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол бидэнд тусалдаг. (“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Чамд зориулсан Аврагчийн захиас,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар, 38)
-
Бид ахлагч Угдорфоос юу сурч болох вэ?
Суралцагчдыг хуваалцаж байх хооронд Бид сонголтуудаа Есүс Хрис ба Түүний сургаалтай холбосноор Түүнээс хүч чадал хүлээн авдаг гэсэнтэй төстэй үнэнийг олж тогтооход тэдэнд тусал. Та энэ үнэнийг самбарт бичиж болох юм.
-
Сонголтоо Есүс Христ ба Түүний сургаалтай холбох гэдэг нь юу гэсэн утгатай гэж та нар бодож байна вэ?
Суралцагчид Есүс Христийн үлгэр жишээг дагах, Түүний заасан зүйлс дээр үндэслэн сонголт хийх эсвэл шийдвэр гаргахдаа Тэнгэрлэг Эцэгээс удирдамж хүсэн залбирах зэрэг зүйлсийг хуваалцаж болно.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж нь өөрсдийн сонголтыг Есүс Христтэй холбоход бидэнд туслах хэрэгсэл гэдгийг суралцагчдад ойлгуул.
Та мөн ахлагч Угдорфын дараах жишээг хуваалцаж болно.
Сонголтоо Есүс Христ ба Түүний сургаалтай хэрхэн холбохыг ахлагч Угдорф ийн тайлбарласан.
Найз нөхөд чинь чамайг боловсролыг чухалчилж үзэн, хуулж эсвэл худал ярьдаггүйг мэддэг байх. Гэхдээ тэд “Үнэн чамайг чөлөөлнө” хэмээн Есүс Христ заасан учраас ийм зарчмыг мөрддөгийг чинь мэддэг үү? [Иохан 8:32; “Үнэн таныг чөлөөлнө,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар, 30]. (“Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Чамд зориулсан Аврагчийн захиас,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 3-р сар, 38)
-
Сонголтоо Есүс Христтэй холбосноор бид амьдралын шуургыг хэрхэн даван туулах хүчтэй болох вэ?
Одоогоор тулгарч буй эсвэл ирээдүйд тулгарах магадлалтай, хэцүү сонголт хийх шаардлагатай нөхцөл байдлын талаар бод. Есүс Христ ба Түүний сургаал хэрхэн танд тусалж болохыг бод.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагын тусламжтайгаар өөрсдийн сонголтыг Есүс Христтэй холбох дадлага хийхдээ Сүнсний өдөөлтийг анхааран сонс.
Удирдамжийн бүтэц
Энэ хэсгийн зорилго бол суралцагчдыг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагын бүтэцтэй танилцахад туслах юм. Хэрэв суралцагчид тань энэ удирдамжтай аль хэдийн танилцсан бол та энэ хэсгийг алгасаад, загвар луу орж болно.
Удирдамжийн “Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийх” хэсгийн доод талд байх графикт суралцагчдыг хандуул эсвэл дараах мэдээллийг үзүүл.
“Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимлоос Есүс Христ ба Түүний бошиглогчдын сургаалыг олж унших болно. Та эдгээр үнэнийг удирдамж болгон ашигласнаар таныг одоо болон үүрд мөнхөд адислах сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийж чадна” (“Сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хий,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж [2022], 4). Энэхүү гарын авлага нь сэдвүүдэд хуваагдсан бөгөөд сэдэв бүр гурван хэсгээс бүрдэнэ.
-
Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сургаал болох мөнхийн үнэнүүд
-
Тэдгээр үнэний дагуу үйлдэх урилгууд
-
Сургаалаар нь амьдардаг хүмүүст Их Эзэний санал болгосон амлагдсан адислалууд
Процессыг загварчлах
Энэ хэсэгт Египетэд Потифарын эхнэрээс зугтсан Иосефын жишээг мөн сүнслэгээр өдөөгдсөн сонголтуудыг хийхдээ удирдамжийг хэрхэн ашиглах загвар болгон Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө гарын авлагын “Таны бие махбод бол ариун нандин юм” хэсгийг ашигласан.
Та Потифарын эхнэрээс зугтаж буй Иосефын зургийг үзүүлж, суралцагчдаас энэ түүхийн талаар юу санаж байгааг нь асууж болно. Хэрэв шаардлагатай бол Иосеф Потифарын гэрт үйлчилж байхдаа Потифарын эхнэрийн бэлгийн харьцаанд орох саналыг итгэлтэйгээр эсэргүүцсэн гэдгийг тайлбарла (Эхлэл 39:1–8-ыг үзнэ үү). Эсвэл суралцагчид “Joseph in Egypt” (2:51) видеог цагийн код 0:00-ээс 0:41 хүртэл үзэж болно.
Эхлэл 39:9–12-ыг уншаад Иосеф сонголтуудаа Есүс Христ ба Түүний сургаалтай хэрхэн холбосныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Гурван суралцагчтай бүлгүүд байгуул. Дараах асуултуудын аль нэгэнд нь хамаатай нэгээс гурав хүртэлх өөр өөр дугаар сонгоход бүлгийн гишүүн бүрийг урь.
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дахь “Таны бие махбод бол ариун нандин юм” хэсгийг дараах зүйлсийн аль нэгэнд нь төвлөрөн судал.
-
Иосефт сонголтоо хийхэд нь ямар “Мөнхийн үнэнүүд” тусалсан гэж та бодож байна вэ?
-
Иосеф ямар “Урилгууд”-ыг дагасан бэ?
-
Иосеф “Амлагдсан адислалууд”-ын алийг нь хүртсэн гэж та бодож байна вэ?
Бичсэн зүйлээ бүлэгтэйгээ хуваалцаж, ярилцахад суралцагчдыг урь. Иосеф Потифарын эхнэрээс зугтах шийдвэрээсээ болж шоронд орсон ч Их Эзэн түүнтэй хамт байсаар байсан гэдгийг та онцолж болно (Эхлэл 39:20–21; 41:38–43-ыг үзнэ үү).
Дадлага
Суралцагчдад Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийх удирдамж дээрх загварыг ашиглан өөрсдөд нь тулгарсан нөхцөл байдлуудаар дадлага хийх боломж олго. Үүнийг хийхийн тулд “Сонголтоо Есүс Христ ба Түүний сургаалтай холбох нь” тараах материалыг ашиглаж болно.
Суралцагчдыг тараах материалыг бөглөсний дараа та Есүс Христ ба Түүний сургаалтай холбосноор хэрхэн Есүс Христ өөрсдийг нь хүчирхэгжүүлсэн талаар хуваалцахад тэднийг урьж болно.
Та Дуулал 62:5–7-г дахин уншиж болно. Дараа нь дараах асуултыг суралцагчдад тавь.
-
Шийдвэр гаргахдаа Есүс Христ ба Түүний сургаалтай холбогдож байх талаар өнөөдөр та юу сурч мэдсэн бэ?
Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалц. Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө товхимол дээрх “Есүс Христ танд туслах болно” хэсэг дэх мэдэгдлээр хичээлээ дуусгаж болно. Сонголтоо Түүнтэй, мөн Түүний сургаалтай холбоход суралцагчдыг урамшуулан дэмж.