“Суралцахуйгаа үнэлэх нь 5: Рут–1 Хаад 11,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Суралцахуйгаа үнэлэх нь 5: Рут–1 Хаад 11,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
2 Самуел 11–12; 1 Хаад 3; 6–9; 11: 80-р хичээл
Суралцахуйгаа үнэлэх нь 5
Рут–1 Хаад 11
Сүнслэг суралцахуйгаа эргэцүүлэн бодож, үнэлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход бидэнд тусална. Энэ хичээл нь Хуучин Гэрээг энэ жил судлах явцад тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд суралцагчдад туслах зорилготой.
Суралцагчийн бэлтгэл: Энэ жилийн семинарын үеэр гаргах сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Судлах тэмдэглэлдээ бичсэн зүйл, судрын тодруулсан хэсэг болон тэмдэглэлээ эргэн харж, гаргасан хичээл зүтгэлээ үнэлж дүгнэхэд тэднийг урамшуулан дэмж.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Суралцагчдын тань Хуучин Гэрээг судлах үйл явц энэ хичээлээр үнэлэгдсэн үр дүнгээс өөр үр дүнд төвлөрсөн байж болох юм. Хэрэв тийм бол ангийнхандаа зориулан сонгосон үр дүнгээр суралцагчдын өсөлт хөгжлийг үнэлэхээр үйл ажиллагаануудыг тохируулан өөрчил.
Энэ хичээлээр суралцагчдад дараах сургалтын үр дүнгээр ахиц дэвшлээ үнэлэх боломж олдоно. Үүнд:
-
Суралцагчдын энэ жил судалсан Есүс Христийн нэр цол, үүргийг тайлбарла. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь Амийн Талх, Сионы Хаан, Бүтээгч, Аврагч, Гэтэлгэгч зэрэг Есүс Христийн нэр цол, үүргийн талаар сурч мэдсэн зүйлээ ашиглах боломжийг суралцагчдад олгоно).
-
Ариун сүмд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх хүслийг улам ихээр мэдэр. (Тайлбар: 52-р хичээл: “Египетээс гарсан нь 25, 35–40” болон 79-р хичээл: “1 Хаад 6–9” дээрх суралцах үйл ажиллагаанууд нь суралцагчдыг энэ үнэлгээний үйл ажиллагаанд бэлтгэнэ.)
-
Хувийн илчлэл хүлээн авах, ялган таних чадварыг нь нэмэгдүүл. (Тайлбар: Энэ үйл ажиллагаа нь 70-р хичээл: “1 Самуел 3” дээр тавьсан зорилгоо эргэцүүлэн бодоход туслах ба суралцагчдыг суралцах үйл явцдаа Ариун Сүнсийг урин авчрах боломжийг эргэн санахад урамшуулан дэмжинэ.)
Сүнслэг өсөлт хөгжил, үйл явцаа үнэлэх
Үр нь ургамал, мод болон ургаж байгааг харуулсан дээрх эсвэл үүнтэй төстэй зургийг хичээлийн туршид үзүүлэх талаар бодож үз. Үйл ажиллагаа бүрд суралцагчид эргэцүүлэн бодох юм уу дараагийнхтай адил асуултуудад хариулахдаа энэ зургийг харж болно.
-
Ургамлын ургалтыг цаг тухай бүр шалгах нь яагаад тустай вэ?
-
Ургамлыг арчлах үе шат бүр яагаад өөр өөр байж болох вэ? Адил зүйл нь юу байж болох вэ?
Суралцагчид услах, зэрлэгийг нь түүх, бордох эсвэл ургах үе шатнаас нь шалтгаалан наранд болон сүүдэрт байлгах эсэхийг тохируулахад анхаарах зэргийг дурдаж болно. Та өчүүхэн жижиг үрд бүрэн ургасан модноос өөр арчилгаа, нар, ус хэрэгтэй байж болохыг онцолж болох юм.
-
Ургамлын өсөлт нь бидний сүнслэг өсөлттэй ямар арга замуудаар адил байж болох вэ?
Суралцахуйгаа үнэлэх хичээлүүдийн зорилго бол Аврагчтай илүү адилхан болохын тулд гаргаж буй хүчин чармайлт, өсөлт хөгжлөө олж харахад нь туслахын тулд түр зогсон, Ариун Сүнсийг урин авчрах явдал гэдгийг суралцагчидтай хуваалц. Суралцагчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу очих гэрээний замаар өсөж хөгжихдөө гаргах хэрэгтэй өөрчлөлтүүдээ эргэцүүлэн бодож болно. Бидний сүнслэг өсөлт хөгжил Тэдэнтэй харилцах бидний харилцааг бэхжүүлж, Тэдэнтэй илүү адил болоход тусалдаг гэсэн гэрчлэлээ хуваалцаж болно.
Хуучин Гэрээг судалж эхлэхдээ сүнслэг байдлын хувьд хаахна байснаа, өнөөдөр хаана байгаагаа тунгаан бод. Өөрийн сүнслэг өсөлт хөгжлийг ургаж буй үртэй холбож бод. Судлах тэмдэглэлдээ дараах дасгалыг хийж гүйцэтгэ.
-
Судлах тэмдэглэлийнхээ зүүн хуудсан дээр жилийн эхэнд сүнслэг байдлын хувьд хаана байсныг тань хамгийн сайн төлөөлж буй ургамлыг (A, B, C, D эсвэл E) зур.
-
Судлах тэмдэглэлийнхээ баруун хуудсан дээр өнөөдөр сүнслэг байдлын хувьд хаана байгааг тань хамгийн сайн төлөөлж буй ургамлыг (A, B, C, D эсвэл E) зур.
Энэ жилийн семинарын туршид сүнслэг байдлын хувьд Есүс Христ рүү өсөж хөгжихийн тулд гаргасан хүчин чармайлтаа дүрслэн богино догол мөр бич. Дараа нь Аврагчид илүү ойртохын тулд гаргаж болох нэг юм уу хоёр өөрчлөлтийг олж мэдэхэд туслах Ариун Сүнсийг урь. Тэдгээр өөрчлөлтөө судлах тэмдэглэлдээ бич.
Хэт хувийн шинжтэй биш бол та суралцагчдыг бичсэн зүйлээ хуваалцахад урьж болно. Сүнслэг байдлын хувьд өсөж хөгжөөгүй юм байна гэж бодож байгаа суралцагчдад хандан, үр ургуулахтай адил, сүнслэг байдлаар өсөж хөгжихөд цаг хугацаа, хүч чармайлт шаардлагатай байдгийг хэлж урам өгөхийг бод. Их Эзэн тэднийг хайрладаг бөгөөд тэвчээртэй байж, үргэлжлүүлэн хичээхэд урьдаг гэдгийг суралцагчдад батлан хэлж өг.
Есүс Христийн нэр цол, үүргийг тайлбарлах
Хуучин Гэрээнээс мэдэж авсан Есүс Христийн зарим нэр цолыг тодорхойлохын тулд судруудыг болон судлах тэмдэглэлээ эргэн харахад суралцагчдыг урь.
Суралцагчдад ойлгосон зүйлээ харуулахад нь туслахын тулд та энэ жил судалсан Есүс Христийн зарим нэр цол, үүргийг самбарт бичиж болно. Суралцагчдад Хуучин Гэрээний холбогдох эшлэлийг өгөх нь тустай байж болох юм. Та дараах нэр цол, үүргийг хуваалцаж болно.
-
Гэтэлгэгч (Рут)
-
Чөлөөлөгч (Шүүгчид 2–4)
-
Бүтээгч (Эхлэл 1:1–23)
-
Хууль Өгөгч (Египетээс гарсан нь 20)
-
Сионы хаан (Мосе 7)
Ням гарагт танаас Аврагч энэ цол буюу үүргийг хэрхэн гүйцэтгэдэг талаар санаа бодлоо товч хуваалцахыг хүссэн гэж бод. Дараах асуултуудад хариулах товч тойм бич.
-
Нэр цол, үүрэг нь Есүс Христийн талаар бидэнд юу заадаг вэ?
-
Есүс Христ Хуучин Гэрээнд тэрхүү нэр цол, үүргийг хэрхэн харуулдаг вэ (Түүний үүргийг харуулсан шүлэг эсвэл түүхийг оруул)?
-
Аврагч тухайн үүргээ биелүүлснээр өсвөр насны хүүхдүүдийн амьдралыг хэрхэн адисалж болох вэ?
Та суралцагчдад өөрсдийн тоймыг хуваалцах боломж олгож болно. Хүсвэл ангийнхантайгаа санал бодлоо хуваалцахад хэдэн суралцагчийг урих нь зөв байж болох юм.
Ариун сүмд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг шүтэн бишрэх хүслээ нэмэгдэхийг мэдрэх
Энэ үнэлэх үйл ажиллагаанд бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд ариун сүмийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Энэ нь Соломоны, Көртландын эсвэл ойр байх ариун сүмийн зураг байж болно.
Ариун сүмийг Их Эзэний өргөө гэж юм уу Түүнийг тэнд шүтэн бишрэх хүсэлтэй байгаагаа илүү их ойлгоход тусалсан тэмдэглэлээ эсвэл тэмдэглэсэн судруудаа судлах тэмдэглэлээсээ хар.
Ариун сүмийн тухай суралцагчдын саяхан судалсан байж болох зарим судар:
-
Гэтлэл 25; 35–40
-
2 Самуел 7; Сургаал ба Гэрээнүүд 88:119–120
-
1 Хаад 5–9; Сургаал ба Гэрээнүүд 109:10–18
-
1 Шастир 22; Сургаал ба Гэрээнүүд 97:10–16
-
2 Шастир 7; Сургаал ба Гэрээнүүд 110:2–10
Суралцагчдыг тэмдэглэл болон судруудаа эргэн харсны дараа та гүн сэтгэгдэл төрүүлсэн ямар нэг зүйлээ хуваалцахад тэдний заримыг урь. Та дараах асуултуудыг үзүүлж болно.
-
Та энэ жил Их Эзэний өргөөний талаарх бодол санаа тань хэрхэн өөрчлөгдсөнийг ажигласан бэ?
-
Хэрэв ямар нэгэн өөрчлөлт гарсныг ажигласан бол юу тэгж өөрчлөгдөхөд хүргэсэн гэж та бодож байна вэ?
Их Эзэний өргөөний тухай гэрчлэлээ хуваалцах хүсэлтэй суралцагчдад ийм боломж олгох талаар бодож үз
Хувийн илчлэл хүлээн авч, ялган таних
Их Эзэний дуу хоолойг сонссон залуу бошиглогч Самуелын зургийг үзүүлэх талаар бодож үз. 1 Самуел 3-ыг судлах явцад амьдралдаа Их Эзэний дуу хоолойг өдөр бүр сонсох дадлага хийхэд суралцагчдыг урьсан. Та уг түүхээс санаж байгаа зүйлээ хуваалцахад эсвэл 1 Самуел 3:1–16-г эргэж харахад суралцагчдыг урьж болно.
Өмнө тавьсан зорилгоо эргэж харах боломжийг суралцагчдад олгох нь Ариун Сүнсийг урин авчирч, тэднийг үргэлжлүүлэн хичээл зүтгэл гаргахад урамшуулан дэмжих эсвэл уг зорилгодоо шаардлагатай өөрчлөлт гаргахад тусална. Ийн үйлдэх нэг арга зам бол 70-р хичээл: “1 Самуел 3” дээр тавьсан зорилгоо эргэж харах боломжийг суралцагчдад олгох явдал юм. (Ангид өгсөн урилгыг хэрхэн дагаж байгааг шалгах нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар: “Суралцагчдыг суралцаж байгаа зүйлийнхээ дагуу амьдрахад урь” хичээлээс үзнэ үү).
Та 1 Самуел 3-ыг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос хувийн илчлэл хүлээн авч, ялган таних чадвараа сайжруулах зорилго тавьсан байж магад. Зорилгоо эргэн харж, судлах тэмдэглэлдээ дор хаяж хоёр асуултад хариулж бич.
-
Хувийн илчлэлтэй холбоотой ямар үйл явдал танд саяхан тохиолдсон бэ?
-
Илчлэл Тэнгэрлэг Эцэгээс ирсэн гэдгийг ойлгоход танд юу тусалсан бэ?
-
Илчлэлийг ялган таньж, хүлээн авах чадварт тань юу нөлөөлсөн бэ?
-
Хэрэв хэн нэгэнд хувийн илчлэл хүлээн авч байгаагүй мэт санагдаж байвал та тэдэнд туслах ямар зүйлийг сурч эсвэл мэдэрсэн бэ?
Та зорилгоо үргэлжлүүлэхэд суралцагчдыг урьж болно. Суралцагчдад зорилгоо санахад нь туслахын тулд гэртээ авч очиж болох ямар нэг зүйл дээр, тухайлбал наалддаг эсвэл жижиг цаасан дээр зорилгыг нь бичүүлэх нь тустай байж болох юм. Суралцагчид зорилгоо мессеж маягаар өөртөө илгээж бас болно. Тэнгэрлэг Эцэгээс ирсэн хувийн илчлэлийг ялган танихад цаг хугацаа, дадал хэвшил шаардлагатай гэдгийг суралцагчдад батлан хэл. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртохын тулд хичээл зүтгэл гаргаж, бэлэн байсных нь төлөө тэднийг магтан сайшаа.