“1 Самуел 3: ‘ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“1 Самуел 3: ‘ЭЗЭН минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Рут; 1 Самуел 1–7: 70-р хичээл
1 Самуел 3
“Эзэн минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна”
Та өөрийн амьдрал дахь Их Эзэний дуу хоолойг хэр сайн таньж чадна гэж бодож байна вэ? Нэгэн орой Их Эзэн балчир хөвгүүн Самуелтай ярьсан. Самуел Елигийн тусламжтайгаар Их Эзэний дуу хоолойг эцэст нь таньжээ. Тэрээр “Эзэн минь, айлдаж хайрла. Боол тань сонсож байна” (1 Самуел 3:9) хэмээн хариулсан. Их Эзэн бидэнтэй бас ярьдаг бөгөөд бид Самуелын адил Түүний дуу хоолойг таньж сурах хэрэгтэй. Энэ хичээл нь суралцагчдад хувийн илчлэлтийг эрэлхийлж, таньж мэдэхэд туслах болно.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас “Та нар амьдралдаа Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсдог вэ?” гэж асуу. Юу гэж хариулахаа тунгаан бодоход тэднийг урь. Тэд бас найзуудаасаа эсвэл гэр бүлийнхнээсээ энэ асуултыг асууж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Их Эзэний дуу хоолойг сонсох
Ангийнхны өмнө сайн дураараа нүдээ боолгох хүсэлтэй байгаа нэг суралцагчийг урих талаар бодож үз. Суралцагчийн нүдийг боо. Уг суралцагчийг нэрээр нь дуудахад ангийн цөөн хэдэн гишүүнийг урь. Хэн түүнийг нэрээр нь дуудсаныг олж тогтоохыг нүдээ боосон суралцагчаас хүс.
-
Зарим дуу хоолойг танихад яагаад хялбар байсан бэ?
-
Энэ үйл ажиллагаатай холбоотой ямар сүнслэг сургамж авч болох вэ?
Суралцагчид энэ хичээл дээр жагсаасан үнэнүүдтэй төстэй зарчмуудыг хуваалцаж эсвэл хуваалцахгүй ч байж болно. Ингэж хуваалцсан тохиолдолд 1 Самуел 3-ыг судалж байхдаа эдгээр үнэний талаарх нотолгоо эсвэл ойлголтыг хайж олоход тэднийг урь. Хуваалцахгүй байсан ч зүгээр. Суралцагчдад хуваалцсаных нь төлөө таларх.
Дараах үнэнийг самбар дээр бич: Бурхан бидэнтэй ярьдаг бөгөөд биднийг Түүний дуу хоолойг таньж мэдээсэй хэмээн хүсдэг. Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьдаг гэдгийг тайлбарла ( Сургаал ба Гэрээ 8:2-ыг үзнэ үү). Үүнийг хувийн илчлэлт гэж нэрлэдэг. Суралцагчид хичээлийн туршид хувийн илчлэлтийн нэмэлт зарчмуудыг олж тогтооно.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Сүнс миний оюунд удаа дараа ойлгуулж байгаа зүйлсийн нэг бол Их Эзэн Өөрийн бодол, тааллыг илчлэхдээ хэчнээн их дуртай байдаг явдал юм. Илчлэлт хүлээн авах эрх нь Бурханы хүүхдүүддээ өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг билээ. …
Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” Ерөнхий чуулган, 2018 оны 4-р сар, 115–120)
Дараах асуултыг дотроо эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.
-
Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг гэдэгт та итгэдэг үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
-
Та хувийн илчлэлтийг таньж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-
Танд амьдралдаа Бурханы дуу хоолойг (эсвэл хувийн илчлэлтийг) таньж мэдэхэд юу амар хялбар эсвэл хэцүү байдаг вэ?
Бурхан танай суралцагчидтай ярихыг хүсдэг гэдэгт итгэдэг болохоо илэрхийл.
Хичээлийн туршид Их Эзэний захиасыг эрэлхийлж, таньж мэдэхийг хичээ. Тэр тантай хэрхэн ярьж байгааг таньж мэдэхийг хичээ.
Илчлэлтийн зарчмууд
Самуел Ханнагийн залбирлын хариу болж төржээ. Самуелыг бага байхад Ханна түүнийг Елигээр асруулахаар асарт авчирчээ. Нэгэн шөнө Самуел хөвгүүнд Их Эзэний дуу хоолойг сонсох тохиол таарсан аж.
Доорх заавруудыг өгөхөөсөө өмнө судар дээрх зарим зарчмыг далд утгаар илэрхийлсэн байдаг гэдгийг тайлбарлаж болно. Энэ нь тэдгээрийг шүлгүүдэд шууд тодорхой илэрхийлээгүй гэсэн үг юм. “Зохиогч надаас эдгээр шүлгээс юу сураасай гэж хүссэн байж болох вэ?” эсвэл “Эдгээр шүлэгт ямар чухал сургамжийг зааж байна вэ?” гэх зэрэг асуултыг өөрсдөөсөө асуух үед Ариун Сүнс бидэнд илэрхийлж буй зарчмуудыг олж тогтооход тусална.
1 Самуел 3:1–10, 19-ийг судалж, Бурханаас илчлэлт хүлээн авах тухай ойлголт, үнэнийг олж мэд.
Судалж дууссаныхаа дараа олж мэдсэн зарчмуудаа самбар дээр бичихэд суралцагчдыг урь. Суралцагчид өөрсдийн үгсийг ашиглан, доор жагсаасан зарчмуудыг олж тогтоосон байж болно. Хэрэв зарчмуудыг олж тогтоох нь тэдэнд хэцүү байвал та дараах зүйлсийг жагсаан бичээд, заасан үг хэллэг, шүлгүүдийг олж тогтооход тэднийг урьж болно.
-
Их Эзэн биднийг эхлээд дуу хоолойг нь танихгүй байсан ч тэвчээртэйгээр дууддаг (4, 6, 8, 10-р шүлгийг үзнэ үү).
-
Их Эзэн өсвөр үеийнхэнд хандан ярьдаг (4, 6, 8, 10-р шүлгийг үзнэ үү).
-
Их Эзэний дуу хоолойг таньж мэддэг болоход цаг хугацаа ба дадлага ихэвчлэн шаардагддаг (7, 10, 19-р шүлгийг үзнэ үү).
-
Зарим хүн бидэнд Их Эзэний дуу хоолойг таньж мэдэхэд тусалж чадна (8–9-р шүлгийг үзнэ үү).
-
Биднийг сонсож, үйлдэхэд бэлэн байгаагаа харуулбал Их Эзэн илүү ихийг илчлэх болно. (10, 19-р шүлгийг үзнэ үү)
-
Биднийг амьдралдаа Их Эзэний дуу хоолойг таньж мэдэхээр хичээхэд эдгээр зарчим яагаад тустай байж болох вэ?
-
Эдгээр нь биднийг хайрлах Түүний хайрын нотолгоо хэрхэн болдог вэ?
Их Эзэний дуу хоолойг таньж мэдэх
Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй олон арга замаар ярьдаг. Тэр тантай хэрхэн ярьж болохыг мэдэж авах нь Түүний дуу хоолойг амьдралдаа илүү сайн таньж мэдэхэд тань туслах болно.
Суралцагчдад “Би Их Эзэний дуу хоолойг хэрхэн таних вэ?” гэсэн тараах материалыг өг. Үлдсэн мөрүүдийг гүйцээхэд суралцагчдыг урихын өмнө хүснэгтийн эхний мөрийг ангиараа гүйцэтгэх талаар бодож үз. Өөрсдийнхөө талаар эргэцүүлэн бодох боломжийг олгож энэ ажлыг бие даан хийж дуусгахад суралцагчдыг урих нь зүйтэй. Хэрэв та энэ үйл ажиллагаанд хангалттай цаг байхгүй гэж бодож байвал цөөн эгнээгээр эсвэл өөр өдөр хичээлээ үргэлжлүүлэхэд суралцагчдыг урих талаар бодож үз.
Суралцагчдыг судалж дуусахад олж мэдсэн зүйлээ ярилцаж, асуулт тавих цаг гаргаж өг. Амьдралдаа Их Эзэний дуу хоолойг хэрхэн сонсдог тухай хуваалцах боломжийг суралцагчдад олгоход энэ цагийг ашигла. Та бас хувийн туршлагаа хуваалцаж, Түүнийг хэрхэн сонсож байгаагаа тайлбарлаж болно.
Хуваалцаж буй зүйлсэд нь тэдэнд талархаж буйгаа илэрхийл. Тэдний оруулсан хувь нэмэр ангид маш их өөрчлөлт авчирдгийг тэдэнд хэл.
Их Эзэний дуу хоолойг таньж мэддэг болох
Их Эзэний дуу хоолойг Самуелын адил таньж мэддэг болоход, мөн хувийн илчлэлтийг таньж мэдэхэд цаг хугацаа, дадлага шаардлагатай байж болох юм (1 Самуел 3:7, 10, 19-ийг үзнэ үү).
-
Бид Их Эзэний дуу хоолойг Самуелын адил ямар ямар арга замаар таньж мэдэхээр хичээж болох вэ?
Зарим санаа нь Самуел Елид хандан ярьсан шиг илчлэлтийг хэрхэн хүлээн авах тухай эцэг эх эсвэл итгэл хүлээсэн зөвлөхтэй ярилцах явдал байж болно. Самуел “Айлдаж хайрла. Боол тань сонсож байна” (1 Самуел 3:10) гэв. Түүнчлэн бид залбирлын дараа эсвэл өдрийн турш эргэцүүлэн бодож, сонсох цаг гаргаснаар захиасыг нь сонсоход бэлэн байгаагаа Их Эзэнд тодорхой харуулж чадна. Эсвэл бид тараах материал дээрх хүмүүсийн адил Тэнгэрлэг Эцэгээс захиас хүлээн авч болох арга замуудын заримыг тэмдэглэлдээ бичиж болно.
Амьдралдаа Бурханаас ирэх илчлэлтийг эрэлхийлж, таньж мэдэхийн тулд хийхийг хүсэж байгаа зүйлийнхээ төлөвлөгөөг судлах тэмдэглэлдээ гарга.
Цаг хугацаа өнгөрөх тусам, мөн анхаарлаа төвлөрүүлснээр хувийн илчлэлтийг таньж мэдэх чадвар нь өсөх болно гэдгийг суралцагчдад гэрчил. 80-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 5” дээр хувийн илчлэлтийг таньж мэдэхэд гаргаж буй өөрсдийн хичээл зүтгэлийг эргэцүүлэн бодох боломж олдох болно гэдгийг суралцагчдад хэл.