“1 Самуел 1: ‘Түүнээс гуйсан миний гуйлтыг ЭЗЭН надад биелүүлж өгсөн билээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“1 Самуел 1: ‘Түүнээс гуйсан миний гуйлтыг ЭЗЭН надад биелүүлж өгсөн билээ,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Рут; 1 Самуел 1–7: 69-р хичээл
1 Самуел 1
“Түүнээс гуйсан миний гуйлтыг ЭЗЭН надад биелүүлж өгсөн билээ”
Та тэвчээр, итгэлийг тань шаардах адислалыг Тэнгэрлэг Эцэгээс гуйж байсан уу? Зөв шударга израил бүсгүй Ханна хүүхэдтэй болохыг хүсдэг байжээ. Ханна “жил ирэх бүр” (1 Самуел 1:7) эрхэм хүсэл нь биелэгдээгүй ч итгэлээрээ үйлдэж, Тэнгэрлэг Эцэгээс энэ адислалыг гуйсаар байв. Ханна даруухнаар залбирсныхаа хариуд амар тайван, баяр баясгалантай болж, Самуел гэдэг хүүхэдтэй болсон байна. Энэ хичээл нь Тэнгэрлэг Эцэг тэдний даруухан залбирлыг сонсож, адислах болно гэдгийг ойлгоход суралцагчдад тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Өөрсдийн залбиралдаа эсвэл таньдаг хэн нэгэн тань залбиралдаа хариу хүлээн авсан тохиолдлыг бодоход суралцагчдыг урь. Суралцагчид судлах үйл ажиллагааны нэг хэсэг болгон тэрхүү тохиолдсон явдлыг хуваалцахад бэлтгэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Залбиралд хариулаагүй мэт санагдах үед
Хүндэтгэл бишрэлийн дуу хөгжим нь Ариун Сүнсийг ангидаа урьж, суралцагчдын зүрх сэтгэл, оюун ухааныг суралцах үйл ажиллагаанд бэлтгэж чадна. Тэнгэрлэг Эцэгт хандан залбирахын хүчийг заадаг дуртай дууллаа сонгоход суралцагчдыг урин, хичээлээ эхлэх талаар бодож үз. Нээлтийн залбирлаас өмнө ангийнхан “Хүүхдийн залбирал,” (Хүүхдийн дууны ном, 6–7) эсвэл “Та гуйж залбирав уу?,” (Сүмийн дуулал, дугаар. 72) зэрэг дууны эхний бадгийг дуулж эсвэл сонсож болно. Суралцагчид бас “Та үнэхээр тэнд байна уу?” (3:46) эсвэл “Надтай хамт байгтун,” (3:08) зэрэг тохиромжтой видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэж болно.
Хичээлийг эхлүүлэхдээ танай ангийнхны хэрэгцээнд хамгийн сайн тохирох дараах жишээг эсвэл ямар нэг төстэй зүйлийг харуул. Тэдгээрийг самбар дээр бичих талаар бодож үз.
Залбирлын тухай семинарын хичээлийн дараа нэг найз тань тан руу хүрч ирээд, “Би залбирлаа хэлдэг, гэхдээ хариу авсан эсэхдээ итгэлгүй байна” гэж хэлжээ. Таныг ярих үед тэр гурван асуулт асуув.
-
Тэнгэрлэг Эцэг залбирлыг минь сонсож, хариулж байгаа эсэхийг би хэрхэн мэдэх вэ?
-
Тэнгэрлэг Эцэг залбиралд ямар арга замуудаар хариулдаг вэ?
-
Би Тэнгэрлэг Эцэгт хандсан залбирлаа илүү утга учиртай болгохын тулд юу хийж болох вэ?
Дараах үйл ажиллагаа нь өөрийгөө үнэлэх үнэлгээ юм. Эдгээр боломж нь ангидаа судлах үнэнүүдийнхээ талаарх одоогийн ойлголтоо үнэлж дүгнэх боломжийг суралцагчдад олгодог. Энэ нь мөн юу хэрэгтэй эсвэл юу сурахыг хүсэж байгаагаа ойлгоход суралцагчдад тусалж чадна.
1-ээс (бага) 5 хүртэлх (их) хэмжүүрээр тухайн жишээн дэх асуулт бүрд хариулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байгаагаа үнэл.
Өнөөдрийн тухай илүү ихийг мэдмээр байгаа нэг асуултыг сонго. Тэрхүү асуултаа судлах тэмдэглэлдээ бич. Судалж байхдаа сонгосон асуултдаа хариулахад туслах Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Ханна хүүхэдтэй болохыг хүсэн мөрөөддөг байв
Ефраимын нутагт Елкана гэгч зөв шударга израил хүн Пенинна, Ханна хэмээх хоёр эхнэрийнхээ хамт амьдардаг байв (олон эхнэр авах ёс энэ үед хэвийн үзэгдэл байсан бөгөөд Их Эзэн хүлээн зөвшөөрсөн байв).
1 Самуел 1:1–8-ыг уншаад, Ханнад тулгарч байсан сорилт бэрхшээлүүдийг олж мэд. ( 6-р шүлэг дэх “өрсөлдөгч” нь магадгүй Пенинна байсан байж болох юм.)
-
Та нар юу олж мэдсэн бэ?
-
Та хувийн амьдралдаа Ханна шиг хэцүү асуудалтай тулгарвал юу бодож, юу мэдрэх вэ?
Тэдний нөхцөл байдал тэс өөр ч гэсэн та суралцагчдаас тэд хэрхэн Ханнатай юугаараа адил байж болох талаар асууж болно.
Суралцагчид дараагийн хэсгийг судалж байхдаа дээд прист Ели анхандаа Ханнагийн даруухан залбирлыг буруу ойлгосныг анзаарч болох юм. Ханна Елид ямар хариулт өгч байгаа дээр болон түүний Их Эзэнээс хүлээн авсан адислал дээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдад тусал ( 20-р шүлгийг харна уу). Хэрэгтэй гэж үзвэл тэд бие биетэйгээ чин сэтгэлээсээ ярихад Ели алдаагаа зассан гэдгийг онцолж хэл.
Суралцагчид ChurchofJesusChrist.org дээрх “Ханнагийн итгэл” (3:08) видеог үзэж, судраа харьцуулан харж болно. Та цагийн код 1:03 дээр түр зогсоогоод, 9–13-р шүлгийн талаар санал бодлоо хуваалцаад, цагийн код 1:30 дээр дахин түр зогсоогоод 14–20-р шүлгийн талаарх ойлголтоо хуваалцахад суралцагчдыг урьж болно.
1 Самуел 1:9–20 болон 2:1–2-ыг уншаад Ханна тулгарсан сорилт бэрхшээлдээ хариу болгож юу хийснийг олж мэд.
-
Та нар юу олж илрүүлсэн бэ?
-
Бид Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн залбирлын талаар энэ түүхээс юу мэдэж авч чадах вэ?
Суралцагчид төрөл бүрийн бодол санаагаа хуваалцаж болох юм. Тэдэнд талархаад, яагаад олж илрүүлсэн зүйлээ мэдэх нь чухал болохыг асуу. Хэрэв суралцагчид дараах үнэний талаар дурдаагүй бол самбар дээр бичээд, Ханнагийн түүх хэрхэн үүний нотолгоо болохыг асуу: Бид Тэнгэрлэг Эцэгээс даруухнаар гуйж залбирах үед Тэр биднийг сонсож, адисалдаг.
-
1 Самуел 1:9–20-д Ханнагийн залбирал даруу бөгөөд утга учиртай байсныг харуулсан ямар үг, хэллэг байдаг вэ?
-
17–18-р шүлэгт цэдэглэснээр, Ханнаг хүүхэдтэй болж адислагдахыг хүлээж байхад нь Их Эзэн хэрхэн тайвшруулсан бэ?
Бид Ханнагийн адил Их Эзэнд итгэж найдан, Түүний адислалыг тэвчээртэйгээр хүлээх хэрэгтэй гэдгийг онцлон хэлэх нь тустай байж болно. Тэр үргэлж бидний хүсэн хүлээж байсан арга замаар хариулдаггүй байж болох ч Тэрээр Өөрийн таалал, бидэнд хамгийн сайн тохирох зүйлийн дагуу залбиралд хариулдаг гэдэгт бид итгэж болно.
Та хүсэн хүлээсэн арга замаараа хариулт авч чадаагүй даруухан, утга учиртай залбирлын жишээг хуваалцаж болно. Жишээлбэл: ChurchofJesusChrist.org дээрээс “Би хэрхэн #Түүнийг сонсдог вэ: Ахлагч Д.Тодд Кристоффэрсон” (2:25) эсвэл “Биечлэн (Хайраар тохинуулах нь)” (цагийн код 7:24–9:00) гэх мэт. Эсвэл та өөрийн амьдралын жишээг хуваалцаж болно.
Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож, биднийг адисалдаг
Та дээр тодорхойлсон үнэний талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлж, хичээлийн эхэнд байгаа гурван асуултад хариулахын тулд дараах үйл ажиллагааг ашиглаж болно. Үүнийг гүйцэтгэх нэг арга зам бол асуулт бүрийн доорх (A, Б, В) зааварчилгааг өгөх буюу үзүүлэх явдал юм. Та бие даан судлах эсвэл ижил асуултыг сонгосон бусад суралцагчтай жижиг бүлгээр ажиллах боломжийг суралцагчдад олгож болно. Та мөн суралцагч бүрд судлуулахаар өөр өөр асуулт сонгуулж, гурван бүлэг болгон хувааж болно. Тэд олж мэдсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ хуваалцаж болно.
Асуулт А: Ханнагийн түүх Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонсож, адисалдаг гэдэгт итгэхэд нь хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?
Сэдвийн удирдамж, Судруудын удирдамж, Gospel Library гэх зэрэг судар судлах хэрэгслүүдийг ашиглан, Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг гэдгийг ойлгоход нь хэн нэгэнд тусалж болох судрын хэсгүүдийг эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийг олж унш (жишээ нь, Иаков 1:5–6; Инос 1:2–10; 3 Нифай 18:20; Сургаал ба Гэрээ 90:24).
Асуулт Б: Ханнагийн түүх Тэнгэрлэг Эцэг залбиралд нь ямар ямар арга замаар хариулдаг болохыг ойлгоход нь хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?
Сэдвийн удирдамж, Судруудын удирдамж, Gospel Library зэрэг судар судлах хэрэгслүүдийг ашиглан, Тэнгэрлэг Эцэг залбиралд ямар ямар арга замаар хариулдаг болохыг ойлгоход нь хэн нэгэнд тусалж болох цөөн хэдэн судрын түүх эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийг ол (жишээ нь, Лук 22:39–44; 2 Коринт 12:7–9; Мозая 24:10–16; Сургаал ба Гэрээ 6:22–23; 8:2–3).
Асуулт В:Ханнагийн түүх хэн нэгэнд залбирлаа илүү даруу, утга учиртай болгоход хэрхэн тусалж болох вэ?
Сэдвийн удирдамж, Судруудын удирдамж, Gospel Library зэрэг судар судлах хэрэгслүүдийг ашиглан, залбирлаа илүү даруу, утга учиртай болгохыг хүсэж буй хэн нэгэнд туслах цөөн хэдэн судрын хэсэг эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдлийг ол (жишээ нь, Инос 1:2–10; Алма 5:45–46; Ифер 3:1–5; Сургаал ба Гэрээ 46:30).
Ойлголтоо харуулах
Өнөөдөр сурч, мэдэрсэн зүйлээ хуваалцахад нь суралцагчдад туслахын тулд тэд өөр нэг асуултыг судалж буй өөр хэн нэгэнтэй хамтран ажиллаж, нэг нэгэндээ зааж болно. Та бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урин, бусад асуултыг судалсан суралцагчдыг нэмэлт санаа нэмэхэд урамшуулан дэмжих замаар хэлэлцүүлгийг гүнзгийрүүлж болно.
Хичээлээ өндөрлөх үедээ бид заримдаа Тэнгэрлэг Эцэгийг залбиралд маань хариулахыг Ханнатай адил хүлээх хэрэгтэй байдгийг суралцагчдад батлан хэл. Тэнгэрлэг Эцэг Өөрийн арга зам, цаг хугацаандаа тэдний залбирлыг сонсож, адислах болно.