Relief Society Devotionals
Давхцан үүсэх нэн тэргүүний олон хэрэгцээг зохицуулах нь: Гарна Мэхиа


3:12

Давхцан үүсэх нэн тэргүүний олон хэрэгцээг зохицуулах нь: Гарна Мэхиа

Халамжийн нийгэмлэгийн 2026 оны онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Миний хувьд "Хүнд хэцүү цаг үеийг даван гарахад эсвэл давхцан үүсэх нэн тэргүүний олон хэрэгцээг зохицуулахад надад тусалсан ганц зүйл юу вэ?” гэж надаас асуувал би "санагтун, санагтун" гэсэн ойлголтыг хэлэх байсан. Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд байнга ингэж хэлдэг вэ? Бид мартах гээд байдаг болохоор тэр үү? Эсвэл үнэн гайхамшгийг мэдэрсний дараа амьдралаа үргэлжүүлэн явж байтал дараа нь дахиад нэг сорилт тулгарах үед бүх зүйл сайн сайхан болно, ямар нэгэн байдлаар бүгд шийдэгдэнэ гэж итгэхэд үнэхээр хэцүү байдаг болохоор уу? Тэнгэрлэг Эцэг биднийг Өөрт нь итгэж сурна гэж найддаг тул биднээс мартахгүй байхыг хүсдэг гэж би боддог. Хэрэв бид Түүнд итгэж чадвал бидний замд юу ч тохиолдсон бай бид даван туулж чадах бөгөөд даван туулахдаа баяр баясгалантай, тэсвэр тэвчээртэй байж чадна. Тэр биднийг зовж шаналаасай гэж дэлхий рүү явуулаагүйг та мэднэ шүү дээ. Бидэнд зовлон шаналал тохиолдсон ч тэдгээр нь бидний хэн болохыг тодорхойлохгүй.

Нэн тэргүүнд тавигдах зүйлсийн талаар бодохдоо би үнэндээ бүтээлтийн үйл явцын хүрээнд боддог. Цаг хугацаагаа хэрхэн ашиглах, юунд цагаа зарцуулахыг хүсэж байгаагаа тодорхойлох нь үнэндээ юу бүтээхийг хүсэж байгааг тань шийдэж байгаа хэрэг. Та өөртөө ямар амьдралыг бүтээхийг хүсэж байна вэ? Бурханыг нэн тэргүүнд тавьж, Тэр надад сайн сайхан амьдралыг бүтээхэд тусална гэдэгт итгэж найдвал бусад нь зохих байрандаа орно гэдгийг би ойлгосон. Учир нь тэдгээр нь бүгд Бурханд үйлчлэх, Түүнийг хайрлах, Түүнд хайртай гэдгээ харуулах хүслийг минь дагалддаг гэдгийг би мэднэ.

Би амьдралаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа бодохдоо өөрийгөө ажил мэргэжлийн хувьд ямар хүн бэ гэдэг талаас нь боддоггүй. Би хэн болох хэрэгтэй вэ гэж бодохыг хичээдэг бөгөөд энэ нь миний замыг заагч Алтан гадас од болдог. Христийг болон Тэнгэрлэг Эцэгээ гэсэн миний хайр хэрхэн цаг хугацаагаа ашиглах мөн юуг нэн тэргүүнд тавихыг маань чиглүүлдэг. Мөн өөр нэгэн чухал хэсэг байдаг гэж би бодож байна. Хэрэв бид Сүнсэнд ойр байвал Тэр биднийг амьдрал гэгч аян замд маань газарчилна. Тэр танд зөв цагт зөв шийдвэр гаргахад туслах болно. Тэр танд гэрлэлт, гэр бүл, хайртай хүмүүсээ дэмжих, тэдэнд үйлчлэх гэх мэт мөнхийн үр дагавартай шийдвэрүүдийг гаргахад тусална. Ингэснээр таны анхаарал өөртөө эсвэл таны хийж байгаа зүйл дээр биш, харин хэн болж байгаа дээр тань төвлөрөх юм.