Relief Society Devotionals
Бид бүгдээрээ эмэгтэйчүүдийн нөлөө хийгээд итгэлээр адислагдсан.


11:39

Бид бүгдээрээ эмэгтэйчүүдийн нөлөө хийгээд итгэлээр адислагдсан.

Халамжийн нийгэмлэгийн 2026 оны онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8, ням гараг

Хүндэт эгч нар аа, энэхүү гайхалтай Халамжийн нийгэмлэгийн арга хэмжээнд оролцох боломжтой байгаадаа би баяртай байна. Энэ хүртэл болсон бүх зүйлд би талархаж байна. Ерөнхийлөгч Камилл Н.Жонсон, Ж.Анэтт Дэннис болон Кристин М.Еий эгч нарын захиас надад үнэхээр таалагдлаа.

Амьдрал минь онцгой эмэгтэйчүүдээр адислагдсан. Надад үзүүлсэн тэдний нөлөөнд би үүрд талархдаг. Хэр их талархаж байгаагаа би үгээр илэрхийлж чадашгүй. Тэд амьдралынхаа бүх талбарт төгс байхыг эрмэлздэг боловч амьдралдаа Бурханы хайрыг мэдэрч, ач холбогдлыг ойлгохыг чухалчилсан.

Миний эхнэр Мэри үүнийг үлгэрлэн үзүүлдэг. Бас тэр “гудамжны нарлаг талд” амьдрахыг хичээдэг.

Би гайхалтай эмэгтэйчүүд та бүхэнд хандан ярьж байгаа маань миний хувьд өндөр хариуцлага юм. Энэ хүнд хэцүү дэлхий ертөнцөд та нар болон Их Эзэн, Түүний Сүмд үзүүлж буй үнэмшил тань миний хайр, хүндлэлийг төрүүлдэг.

Эрхэм эгч нар аа, та нар эргэн тойрныхоо хүмүүст өөрсдийн чадавх, хайр энэрэл, хурц мэдрэмжээр үзүүлж буй нөлөөллийнхөө хүч, үр нөлөөг битгий дутуу үнэлээрэй. Та нар Христийн адил амьдрахыг хичээхдээ олон хүнийг адисалдаг.

Заримдаа Есүс Христийг дагаж, сайн үйл хийхийг чин сэтгэлээсээ хүсэн хичээнгүйлэн чармайж, юу ч хийсэн хангалтгүй мэт санагдах үе бий. Заримдаа бусад бүх хүн та нарыг “өв тэгш” гэж харж байгаа ч та өөрийгөө хангалтгүй, үр нөлөө үзүүлж чадахгүй байна гэж дүгнэж болох юм. Гэвч хийдэг төгс сайн ажил, харуулдаг энэрэнгүй сайхан сэтгэл, үзүүлдэг хайр нь та нартай нөхөрлөх хувьтай хүмүүсийг хэмжээлшгүй ихээр адисалдаг. Энэ нь ч хангалттай!

Бид амаргүй цаг үед амьдарч байна. Дэлхий үнэхээр үймээн дунд байна. Олон сорилт сүнслэг чанартай байна. Эдгээр нь хувь хүмүүнийхээ хувьд шийдвэрлэж боломжгүй ч биднийг эмзэглүүлдэг нийгмийн асуудлууд юм. Хүмүүсийг зөв шударгыг сонго хэмээн ятгах нь өнө эртнээс байсаар ирсэн сорилт билээ. “Бүх зүйлд сөрөг тал” үргэлж байсан. Ялгаа нь өнөөгийн цаг үед “агуу бөгөөд нүсэр барилгын” шүүмжлэгчид амьдралын маань аль ч үед байснаас илүү чанга орилоо, илүү хэл амтай, илүү хүлээцгүй болсон мэт.

Үнэндээ энэ мэт сорилтууд үргэлж байсаар ирсэн. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм байгуулагдахаас нэг жилийн өмнө, бошиглогч Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байхад Их Эзэн Иосеф, Оливер Каудери хоёрт одоогийн Сургаал ба Гэрээнүүдийн 6-р хэсгийг илчилсэн. Энд хүнд хэцүү цаг үед зориулсан зөвлөгөөг бий.

Их Эзэн тэднийг: “Тиймийн тул, бүү ай, бяцхан сүрэг минь; сайныг үйлдэгтүн; дэлхий болон там та нарын эсрэг нэгдэг, учир нь хэрэв та нар миний хадан дээр баригдсан байх аваас, тэд дийлж чадах нь үгүй” хэмээн тайтгаруулсан. Мөн Тэрээр: “Бодол болгондоо надад хандагтун; бүү эргэлз, бүү ай. … Үнэнч байгтун, миний зарлигуудыг сахигтун, мөн та хоёр тэнгэрийн хаант улсыг өвлөх болно. Амен” хэмээн зөвлөсөн.

Эхэн үеийн гэгээнтнүүдийг эргэн харахад тэдний туулсан зовлон бэрхшээл, Бурханы хайрыг таньж, бие биедээ тохинуулж байсан үлгэр жишээ нь бидний сэтгэлийг үнэхээр хөдөлгөдөг.

Туулсан амьдрал, Есүс Христийн сайн мэдээнд үнэнч байсан эсэхээ цэгнэн харах гарааны цэг буюу эхлэл нь баптисм юм.

Шинэ хөрвөгчид болон хүүхдүүдээ эс тооцвол бидний олонхын хувьд баптисм маань олон жилийн өмнө болсон. Агуу бошиглогч бидэнд хандан: “Мөн эдүгээ болгоогтун, би та нарт хэлнэ, ах дүүс минь, хэрэв та нар зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрч байсан бол, мөн хэрэв та нарт гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдаж байсан бол, би асууя, та нар одоо тийн мэдэрч чадна уу?” хэмээн яруу тодоор хэлсэн

Алма бидний өнөө үед ч хамаатай мэргэн захиасаар үргэлжлүүлэн ийн өгүүлдэг. Үндсэндээ тэр гэгээнтнүүдээс: “Хэрэв тэд үхэхээр дуудагдвал, тэд Бурхантай уулзахаар бэлтгэгдсэн үү?” гэж асуудаг. Алма дараа нь Бурханы өмнө өө сэвгүй байхад шаардагддаг дөрвөн зан чанарыг онцолдог.

Нэгдүгээрт, бид хангалттай даруухан байна уу? Нэг талаараа энэ нь баптисм хүртэхэд тавигддаг шаардлагаа эргэн харж, өөрсдийгөө даруусгаж, харууссан зүрх, гэмшсэн сэтгэлтэй байх явдал юм.

Хоёрдугаарт, бид бардамналаасаа ангижирсан уу? Бардамналын тухайд Алма биднийг Ариун Нэгэнийг хөл дороо дэвслэхээс, бардамналдаа хөөрөх, зүрх сэтгэлээ дэлхийн хоосон зүйлс, эд баялагт хандуулах, өөрсдийгөө бусдаас дээр гэж бодож, даруу нэгнээ хавчих зэргээс сэрэмжлүүлсэн.

Гуравдугаарт, бид атаа жөтөөнөөсөө ангижирсан уу? Ихээхэн адислагдсан ч зөвхөн бусдад юу байгааг хардгаасаа болж талархдаггүй хүмүүсийн хувьд атаархал хамгийн хор хөнөөлтэй байж болох юм. Нийгэмд дийлэнх нь итгэл, гэр бүлийг нэр алдар, эд хөрөнгө орлох болсноор бусдын амьдралын хэв маягт атаархах үзэл газар авсан.

Дөрөвдүгээрт, бид бусад ах эгчийг дооглон доромжилж эсвэл хавчиж шахаж байна уу? Өнөөдрийн ертөнцөд бид үүнийг олон нийтийн сүлжээнд явагдаж байгааг харж байна.

Өнөөдрийн цаг үед бардамнал, атаархал, хавчлагын тухай энэхүү захиаснаас өөр нүдээ олсон захиас байхгүй биз ээ!

Ертөнцийн энд тэндгүй өрнөж буй их маргаан нь зуурдын, өдөр тутмын эдийн засгийн асуудлуудын талаар байна. Харин Бурхантай уулзахад бэлтгэхэд, сүнснийхээ байдалд анхаарах тал дээр чиглэсэн Христийн адил зарчмуудын талаарх яриа хэлэлцүүлэг бараг өрнөхгүй байна. Бид амьдралдаа сүнслэг зүйлсэд анхаарлаа төвлөрүүлж, тэдгээрийг онцлоход чиглүүлэх хэрэгтэй.

Би Наувугийн ариун сүмийг онцгойлон адислахын өмнө өрнөсөн үйл явдлуудыг эргэн харахдаа үргэлж урам зориг авдаг. Нэн ялангуяа эгч нарын маань итгэл надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Энд давамгайлж буй гайхамшигтай чанар нь эгч нарын итгэл. Тэдний Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ, Сэргээлтийн бошиглогч Иосеф Смитэд итгэх итгэл нь үнэхээр гайхамшигтай байсан.

Энэхүү үнэнч эмэгтэйчүүд хийхэд бэлэн байсан золиосоороо хишиг болон ариун сүмийн лацдан холболтын мөнхийн ач холбогдолд итгэх итгэлээ харуулсан. Тэд цаг зав, байсан жаахан эд хөрөнгөө золиосолсон. Тэд мөн өгсөн үүргийг хүлээн авч, Наувугийн ариун сүмд үйлдсэн анхны ёслолын ажлыг гүйцэтгэсэн. Наувугаас гэгээнтнүүдийг явахад бэлтгэхэд гар бие оролцохдоо олон эгч нар өдөржин ариун сүмийн ёслолд тусалж, шөнөжин хоол унд, цэвэрлэгээ угаалга хийж байсан тухай тэмдэглэл бичиж үлдээжээ. Тэд мөн ариун сүмд хүлээн авсан итгэл, мэдлэг нь тэднийг үл мэдэгдэх газар луу нүүж, тал нутгийг туулахад нь баяр хөөрөөр дүүрэн байхад нь тусалсан гэдгээ тодорхой илэрхийлсэн байдаг.

Эмэгтэйчүүд түүхийн туршид гэр бүл, хүүхдийнхээ өмнө илүү их хариуцлага хүлээж ирсэн тул аюулгүй, тогтвортой байдлыг хүсдэг. Наувуг орхин үл мэдэгдэх газар луу явахад бэлэн байсан эгч нарын итгэл урам зориг өгдөг.

Батшэба Смит эгч Наувугаас явахад бэлтгэж байхдаа сэтгэлээ уудлан бичиж үлдээсэн зүйл нь сэтгэлийн угийг ихэд хөнддөг. Тэр Миссурид гэгээнтнүүдийн эсрэг өдөөсөн үймээн самууныг өөрийн биеэр туулж, төлөөлөгч Давид В.Паттэны нас барах үед хамт байсан. Наувугаас хөөгдөн гарах болоход тэрээр ингэж бичсэн:

“Хамгийн сүүлд би тэр эрхэм нандин газраа өрөөнүүдээ цэвэрлэж, шалаа шүүрдээд шүүрээ хаалганы ард тавьдаг газраа тавьсан. Сэтгэлд амаргүй байсан ч би хаалгаа зөөлөн хаагаад үл мэдэгдэх ирээдүйтэй нүүр тулсан. … Миссурид болсон хүнд хэцүү үйл явдлуудын үед ч миний итгэл дундраагүй бөгөөд би Их Эзэнд итгэх итгэлээр мөн эцэст нь Өрнөдөд сайн мэдээ болон түүний үнэн, мөнхийн зарчмууд хөрсөө олно гэдэгт бат итгэн урагшилсан."

Смит эгч гэгээнтнүүдийн баруун тийш явахдаа үзэж туулсан ядуурал, өвчин зовлон, гачигдлыг тэмдэглэн үлдээсэн. 1847 оны гуравдугаар сард ээж нь нас барж, дараа сард нь хоёр дахь хүү Жон нь төржээ. Тэр: “Тэр миний сүүлчийн хүүхэд байсан бөгөөд ердөө дөрвөн цаг л амьдарсан” гэсэн товч тэмдэглэлийг үлдээжээ.

Амьдралынхаа хожуу үед тэрээр Солт Лэйк ариун сүмийн ерөнхийлөгчийн гэргий болж, Ерөнхий халамжийн нийгэмлэгийн дөрөв дэх ерөнхийлөгчөөр үйлчилсэн.

Манай анхдагч эгч нарын хамгийн чухал шинж чанарыг тодорхойл гэвэл би тэдний Их Эзэн Есүс Христэд итгэх ганхашгүй итгэлийг тодорхойлно.

Өнөөгийн Сүмийн эмэгтэйчүүд ч тэдний адил хүчтэй, итгэлтэй байгаа гэж би боддог. Итгэлийг тунгалаг томруулдаг шилээр тодруулан харвал энэ нь Аврагчийг гэх хайр, талархлын илэрхийлэл юм. Түүний цагаатгагч золиослолын ачаар ямар ч урам хугарам зүйл эцсийн цэгийг тавихгүй, залруулж болохгүй ямар ч нүгэл гэж үгүй. Бид итгэлээ Есүс Христэд төвлөрүүлж, гэрээний замдаа үнэнч байвал мөнхийн зорилгодоо хүрч чадна.

Өнөөгийн дэлхийн нөхцөл байдал хувь хүнээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христэд болон Түүний Цагаатгалд илүү гүн гүнзгий хөрвөгдөн, итгэлээ хүчирхэгжүүлэхийг улам ихээр шаардаж байна. Сүмийн сургаал, судрууд зөв сонголт хийхэд тань туслах сүнсээр өдөөгдсөн замын зураглалыг өгдөг. Их Эзэний бошиглогч, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс өнөө цагт бидэнд тодорхой удирдамж өгч байгаа. Их Эзэн өнөө үед тулгарч буй энэхүү хүнд хэцүү цагт биднийг шат шатаар бэлтгэсэн.

Бидний сорилт ямар ч байсан гэлээ сүнслэг удирдамжуудыг харамгүй өгсөн байхад адислалуудаа үнэлэхгүй байвал бид талархалгүй байгаагаа үзүүлж байгаа хэрэг.

Та нар ийм байгаад мөн хийж буй бүхэнд тань би талархаж байна. Есүс Христ бол дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би та нарт гэрчилж байна. Тэр амьд. Биднийг Өөрт нь эргэн очиход хэрэгтэй хайр, удирдамжийг өгдөг. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.