Relief Society Devotionals
Бурханы хайр ба гэрэл бөхөшгүй, өөрчлөгдөшгүй, замхаршгүй билээ


8:52

Бурханы хайр ба гэрэл бөхөшгүй, өөрчлөгдөшгүй, замхаршгүй билээ

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Хайрт эгч нар аа, та бүхэн дэлхийн хаана амьдарч байгаагаас үл хамааран бид та нарт хайртай. Мөн Тэнгэр дэх Эцэг болон Аврагч та нарт хайртай гэдгийг бүү мартаарай. Заримдаа Тэдний хайрыг мэдрэхэд хэцүү байдгийг би мэднэ. Надад ч мөн тийм үе тохиолдож байсан. Гэсэн хэдий ч та нарыг гэх Тэдний хайр хэзээ ч өөрчлөгдөшгүй гэдгийг би та нарт гэрчилж байна. Хайрыг нь мэдрэхэд амаргүй амьдралын хар бараан үеүдэд ч Тэдний хайр үргэлж оршсоор байдаг юм шүү.

Бидний ихэнх нь нар гийсэн цэлмэг өдрүүдэд дуртай. Тийм биз! Нар гийж байхад байгалийн бүхий л өнгө илүү тодрон харагддаг. Хүйтэн өдөр нарны илч бидний нүүрэн дээр ээхэд бид дуртай байдаг. Энэ нь биднийг дулаацуулж, гэрлээр дүүргэдэг. Гэсэн ч үүлэрхэг, бороотой, бүрсгэр өдрүүд бидэнд зайлшгүй тохиох бөгөөд энэ үед нар үзэгдэхгүй, дулаан илч нь мэдрэгдэхгүй, байгаль дэлхий бүүдийж, дүнсгэр болдог. Ийм үүлэрхэг, шуургатай өдрүүдэд эсвэл шөнийн харанхуйд бид нар байдаг эсэхэд эргэлздэг бил үү? Бид нар дахин хэзээ ч мандахгүй байх гэж айдаг бил үү? Мэдээж, үгүй! Шуурга намжиж, шөнө өнгөрч мөн үүл сарнисны дараа нарны гийх туяаг дахин харж, дулаан илчийг нь мэдэрнэ гэдгээ бид мэддэг. Нар үргэлж оршсоор байдаг бөгөөд өөрчлөгдөн, замхран алга болдоггүй. Мөн бөхөх нь үгүй оршдог.

Энэ бол бидний Аврагчийн гэрэл, биднийг гэсэн Түүний хайрыг төлөөлсөн юутай ч харьцуулшгүй зүйрлэл юм. Түүний гэрэл бидний амьдралын бүх зүйлд өнгө нэмж, утга учир оруулдаг. Түүний хайр бодгалийг маань дулаацуулж, бидэнд ирээдүйд итгэх итгэл найдварыг өгдөг. Гэвч нар үзэгдэхгүй үүлэрхэг, шуургатай, бүүдгэр өдрүүд бидэнд тохиодог шиг бидний мөнх бус амьдралын аяны туршид Аврагчийн хайрыг мэдэрч, гэрлийг нь олж харахад амаргүй, үүлэрхэг, шуургатай, харанхуй өдрүүд ч бас тохиох болно. Заримдаа бидэнд Тэнгэр дэх Эцэг ба Аврагч амьдралд маань байхгүй мэт санагдаж, Тэд биднийг орхисон, бидэнд хайргүй, бид ганцаараа гэсэн гүн айдас төрж болно. Иосеф Смит мөн Аврагч Өөрөө хүртэл Бурханд хаягдсан мэт санагдах үеийг туулсан.

Гэхдээ, эгч нар аа, биднийг Тэнгэрлэг Эцэгийн болон Есүс Христийн хайраас юу ч салгаж чадахгүй гэдгийг би гэрчилж байна! Тэдний гэрэл, биднийг гэсэн хайр нь гэрэл мөн илч дулааныг өгөгч нар адил бөхөшгүй, өөрчлөгдөшгүй, замхаршгүй билээ. Тэд биднийг хэзээ ч орхихгүй учир бид орхигдсон гэж айх шаардлагагүй юм. Тэдний зан чанарт ийм зүйл байхгүй.

Би нөхөртэйгээ гэрлэснийхээ дараа Мексик рүү нүүх үедээ маш их ганцаардаж байснаа санаж байна. Амьдралдаа анх удаа би төрсөн нутаг, гэр бүлээсээ хол амьдарч эхэлсэн юм. Би тэр орны хэлийг сайн мэдэхгүйн дээр анхны хүүхдээ тээж байсан бөгөөд нөхөр маань ажил, сургууль гэсээр ихэнхдээ эзгүй байдаг байлаа. Би маш их ганцаардаж, төөрөлдөж, айж байснаа санаж байна. Намайг мэддэг тэнгэр дэх Эцэг минь байгааг би мэдэрч чадахгүй байлаа. Би Аврагчийнхаа хайрын илч, гэрлийг мэдэрч чадахгүй байв. Би харанхуйд автаж, сэтгэлээр унаж, цөхөрч байлаа.

Гэвч Халамжийн нийгэмлэгийн эгч нар намайг ийм мэдрэмжээс чөлөөлөхөөр ирсэн юм. Тэд намайг тэвэрч, надад ганцаараа биш гэдгээ мэдрэхэд тусалсан. Тэд миний хэлийг, би тэдний хэлийг ойлгохгүй байсан хэдий ч инээмсэглэл, дулаан харц, зөөлөн хайраараа надад урам зориг өгч, дэмжлэг үзүүлсэн. Надад мэдрүүлсэн хайр, найрсаг сэтгэлийнх нь ачаар миний дотор хуралдсан бараан үүлс замхран алга болж, би тэнгэр дэх Эцэгийнхээ намайг гэсэн хайр, дэмжлэгийг дахин мэдэрч эхэлсэн юм.

Эгч нар аа, бид нэг нэгэндээ ийм байдлаар тусалж чадна. Бид бүгд тэнгэрлэг эцэг эхийн охидбөгөөд бид бие биедээ хэрэгтэй. Бид хаана ямар нөхцөл байдалд амьдарч байгаагаасаа үл хамааран ганцаардсан, тусгаарлагдсан мэдрэмжийг хэзээ ч тээх учиргүй. Биднийг сүнслэг эгч, ах нар маань хүрээлж байна. Бид бүгд энэ цаг үед дэлхийд хамтдаа ирсэн бөгөөд бие биедээ туйлын их хэрэгтэй. Бие биенээ харьцуулах эсвэл шүүх уруу таталт дайснаас ирдэг. Бид нэгдэн нийлж, бие биеэ хайрлаж, дэмжин туслах үед бидэнд агуу хүч чадал ирэхийг дайсан мэдэх учир биднийг хагалан бутаргахыг хүсдэг. Бид Бурханы охидын хувьд нэгдмэл байхыг эрмэлзэх үедээ нэг нэгэндээ Аврагчийн хайрыг мэдрэхэд тусалж чадна. Гар гараасаа барин, нэг нэгнээ өргөн дэмжиж, гэр лүүгээ хамтдаа алхацгаая.

Бидний Тэнгэр дэх Эцэг, Аврагч хоёр бидэнд хайр, дэмжлэгийн захиасаа ойр ойрхон илгээдэг хэдий ч бид өөрсдөө эдгээрийг эрэлхийлдэггүйн улмаас Тэдний захиасыг олж харж чаддаггүй байх гэж би боддог. Эрээн далт бяцхан шувууны эргэлдэн нисэхийг цонхны цаанаас харах, нар жаргахыг ажиглах эсвэл байгалийн бүхий л гоо үзэсгэлэн, гайхамшгийг дөнгөж анзаарах төдийд л Тэдний хайрыг мэдэрч эхэлдэг. Аливаа зүйл хэцүү санагдаж, сэтгэлээр унах үедээ би уншиж буй судрынхаа зүрх сэтгэлд минь хүрсэн аль нэг тодорхой шүлгээс, хэн нэгэнтэй өрнүүлсэн сүнслэг харилцан ярианаас, сүмийн дууллыг эсвэл сэтгэл санаа сэргээсэн сайхан дууг сонсож байх үедээ Тэдний хайр, тусламж дэмжлэгийн захиасыг заримдаа олж хардаг.

Шинээр гарсан дууллуудын нэг "His Eye Is on the Sparrow" гэдэг дууны үгсэд би дуртай. Эхний бадагт:

Яагаад би сэтгэлээр унах ёстой гэж?

Яагаад сүүдэр тусдаг юм бэ?

Яагаад би сэтгэлдээ ганцаардан

тэнгэрт байх гэрээ үгүйлнэ вэ.

Хэзээ би Есүстэй хамт өвийг хүртэх вэ?

Тэр бол миний мөнхийн найз:

Тэр бор шувуу бүрийг мэддэг

Түүний намайг харж ханддагийг би мэднэ гэсэн байдаг.

Тэрээр бор шувуу бүрийг төдийгүй та бүхний хүн нэг бүрийг мэддэг гэдгийг би та нарт гэрчилж байна. Та бол Бурханы хайртай охин учир Тэрээр таныг хэзээ ч мартахгүй гэдгийг би гэрчилж байна. Ялангуяа тэнгэр дэх Эцэг тань мөн Түүний Цорын Ганц Хүү та нарыг мэддэг, та нарт хайртай бөгөөд та нарын дуу хоолойг чухалчлан сонсдог юм шүү. Тэд таны сэтгэлийн шаналал, нулимс, уй гашуу, зовлонг хэнээс ч илүү ойлгодог. Таны залбирлыг хайраар дүүрэн тэнгэрлэг Эцэг тань үргэлж сонсдог.

Энэхүү мөнх бус амьдралын аян найз нөхөд, хайртай хүмүүсээсээ хагацах, бие махбодын болон сэтгэл санааны эрүүл мэндээр хохирох, санхүүгийн алдагдал хүлээх, бүр чадавх, өөртөө итгэх итгэлээ алдах зэрэг сорилт бэрхшээлээр дүүрэн. Би гарз хохирлын талаар ахлагч Жозэф Б.Вѳртлиний хэлсэн дараах үгсэд ихэд дуртай: “Их Эзэн итгэлтэй хүмүүст алдсан болгоныг нь нөхөж өгдөг. Их Эзэнийг хайрладаг хүмүүсээс авагдсан юмсыг Тэрээр Өөрийнхөө арга замаар тэдэнд нэмж өгөх болно. Энэ нь бидний хүссэн цагт ирэхгүй байж болох ч өнөөдрийн гашуун нулимс бүрийг хэдэн зуу дахин илүү баяр талархлын нулимсаар эргүүлэн төлнө гэдгийг итгэлтэй хүмүүс мэдэх болно.”

Мөн бошиглогч Иосеф Смит ийн хэлсэн: “Алдсан бүх юмныхаа оронд та нар амилуулалтыг олж аван, итгэл чинь үргэлжлэх болно. Би үүнийг Бүхнийг Чадагчийн тухай үзэгдлээр харсан хүн.”

Бидний хайрт Аврагч болон Түүний Цагаатгагч золиослолын ачаар би энэ амлалтууд үнэн гэдгийг гэрчилж байна. Та Бурханд итгэлтэй хэвээр байх аваас таны алдсан бүх зүйл танд эцэстээ эргэн ирэх ба нөхөн өгсөн адислалынх нь төлөө та Тэнгэрлэг Эцэгтээ талархан, баярын нулимс унагах болно.

Илчлэл номын дараах шүлэг надад ихэнх үед тайвшрал өгч, Бурханы хайрыг мэдрэхэд тусалдаг: “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ.” Мөн “Бурханыг хайрладаг … хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг" хэмээх амлалтыг бүү мартаарай. Тайтгарал өгсөн ямар сайхан үгс вэ! Есүс Христ бол дэлхийн гэрэл мөн амь юм. Хэрэв бид Түүнийг дагах аваас биднийг харанхуйд алхахгүй хэмээн Тэр амласан.

Та нарын хэн байх, хаана ямар нөхцөл байдалд амьдардаг, өнгөрсөн амьдрал тань ямар байсан зэргээс үл хамааран таны Тэнгэр дэх Эцэг мөн Аврагч та нарыг хэзээд санадаг гэдгийг би та нарт гэрчилж байна. Тэдний таныг гэсэн хайр бөхөшгүй, хувиршгүй, замхаршгүй билээ. Амьдралын тань үүлс замхарч, шуурга өнгөрөх үед та нарын хамгийн хар бараан өдрүүдэд ч таны хажууд Тэдний үргэлж хамт байсныг та нар мэдэх болно. Есүс Христийн нэрээр, амен.