Relief Society Devotionals
Есүс Христийн золиослол таны төлөө байсан мөн байгаа 


8:52

Есүс Христийн золиослол таны төлөө байсан мөн байгаа

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Хайрт эгч нар аа, би та бүхэнтэй хамт байгаадаа үргэлж талархдаг. Үйлдлээрээ ч бай, сэтгэлээрээ ч бай та нарын итгэлтэй байдал болон сайн сайхан миний сэтгэлийг хөдөлгөж, надад урам зориг өгдөг. Аврагчийн хайр, тайвшралыг эргэн тойрныхоо хүмүүст авчирдгийн тань төлөө Бурхан та нарыг адислах болтугай. Бид та нарт хайртай. Та нарын төлөө залбирдаг.

Хэдэн жилийн өмнө би балчир хүүхдийн ангид айлчилж очсон юм. Тэр өдөр балчир хүүхдийн ангийн удирдагч эзгүй байсан ба хичээл заах хүн байхгүй байгааг би анзаарав. Би шүүгээг онгойлгон хичээлийн ном олоод, Бурханы хайрын тухай нэг хичээл сонгов. Бурханы хүн бүрийг хайрлах хайрыг илэрхийлсэн дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдийн зураг байлаа. Би балчир хүүхдийн ангийн хүүхдүүдээс Бурханы хайр хэрхэн тэд бүгдэд хүрч чаддагийг асуув. Сэргэлэн жаал хөвгүүдийн нэг Чарли гараа өргөж: "Бурханы хайр бол ТОМ!" гэж чангаар хэлэв. Яг үнэн, Чарли. Бурханы хайр бол үнэхээр "том". Биднийг Түүнд хандахад Тэр “[бидэнд] хайраа харуулдаг” бөгөөд Түүний хайр хүүхдүүдэд нь хэзээ ч өөрчлөгдөшгүй байдаг. Түүний хайраас хэн ч ангид биш. Төлөөлөгч Паул ийн заасан:

“Учир нь үхэл ч, амь ч, тэнгэр элч нар ч, эрх баригчид ч, өнөөгийн юмс ч, ирэх юмс ч, хүч ч,

өндөр ч, гүн ч, өөр ямар ч бүтээл бидний Эзэн Христ Есүсийн доторх Бурханы хайраас биднийг салгаж чадахгүй”.

Бурханы агуу хайр нь Түүний Хүү Есүс Христийн энэрэнгүй бэлгээр илэрдэг. Бидний байгуулсан гэрээ биднийг Түүнтэй, Түүний цагаатгагч хүчтэй холбодог. Түүний ачаар бид наманчилж, өөрчлөгдөж чадна. Түүний ачаар бид өөрсдөөсөө давсан хүч, чадварыг авах боломжтой. Түүний ачаар бид бурханлаг амар амгаланг хийгээд "бүх зүйл сайхан болох болно" гэсэн баталгааг олж чадна.

Есүс Христ бидний ачааг хөнгөлж, өөрсдөө үүрч чадахгүй эсвэл үүрэх ёсгүй зүйлсийг үүрэхэд туслахаар ирсэн. Би өөрийнхөө нэгэн жишээг хуваалцъя.

Нэлээд олон жилийн өмнө миний сэтгэл санаа түгшиж, үнэ цэнгүй мэт санагдаж, би хүнд нөхцөлд орж билээ. Энэ нөхцөл байдал миний бодол, эрч хүчийг сорж эхэлсэн. Энэ яагаад намайг ингэж их зовоож байгаад би гайхаж байлаа. Би тусархаг, эелдэг, ойлгомжтой байхыг хичээсэн ч юу ч өөрчлөгдөөгүй. Надад гацсан мэт санагдаж, би тайвшрал, амар тайвныг маш их хүссэн.

Энэ хямралын үеэр би нэг орой орныхоо хажууд өвдөглөж, Тэнгэрлэг Эцэгтээ залбирч эхлэв. Би цаашид тэвчиж чадахгүй болсон байв. Би уйлж: "Би үүнийг цаашид үүрч чадахгүй, дэндүү хэцүү байна. Та үүнийг өөртөө аваач. Та үүнийг авч болох уу? Би үүнийг танд өгч байна. Надад туслаач, гуйя" гэв. Би Түүний Хүүгийн нигүүлслээр дамжин ирэх тусламжийг хүссэн. Тэр мөчид би Есүс Христ миний төлөө зовж, миний сул дорой байдлыг тээсэн гэдгийг санасан. Мөн Түүний тусламжтайгаар энэ ачаа хөнгөрөх боломжтой байсан. Надад гэнэт найдвар төрж, энэ нь залуу Алмагийн туршлагатай төстэй бөгөөд тэрээр Аврагчийн Цагаатгалын хүчийг дурсаж, ийн хэлсэн: "Миний оюун энэ бодолд автагдах үед, би зүрх сэтгэлдээ хашхирч: Ай Есүс, Бурханы Хүү та, шаналлын гүнд буй, … намайг нигүүлсээч."

Дараагийн өдөр нь амар тайван уйтгар гунигийг орлож эхлэв. Миний оюун ухааныг давах амар тайван. Энэ нөхцөл байдал Эцэг ба Хүүгийн гарт байгаа бөгөөд үүнийг би үүрэх ёсгүй хэмээх амар тайван. Би ачаагаа Тэдэнд даатгахаар шийдсэн тул Тэдний хайр, тайтгарлыг мэдэрсэн бөгөөд өөрт хэрэгтэй дэмжлэгийг хэрхэн авахаа мэдсэн.

Дараа дараагийн өдрүүд, долоо хоногуудад илүү өргөн хүрээгээр харах хандлага зүрх сэтгэлд минь мөн орж ирсэн. Би Бурханы хэрхэн хардагтай адил харах өнцөг нь бидний тулгарч буй сорилтуудыг даван туулахад ийм хүчтэй бэлэг байж чадна гэж төсөөлөөгүй. Энэ нь тухайн нөхцөл байдлыг зөв болгоход тусалсан. Энэ нь Их Эзэний тодорхойлсноор "илүү нухацтай асуудлуудтай" харьцуулахад "жижигхэн" болсон.

Хүнд нөхцөл байдал алга болоогүй ч, өмнөх шигээ намайг зовоосонгүй. Нөхцөл байдал бодол санааг маань бүрэн эзэмдэхээ больсон. Энэ нь үнэхээр гайхамшиг байлаа. Тэр л ийм сэтгэл зовоосон ачааг "хөнгөн" болгож чадна.

Энэ тайвшралыг хүлээн авах үед би бошиглогч Зиносын бичсэн энэ судрыг уншсан бөгөөд энэ нь миний туршлагыг дүрсэлсэн байв: "Мөн та зүдгүүрүүдийн минь мөн чин сэтгэлийн минь улмаас намайг сонссон; мөн та өөрийн Хүүгийн учир надад ийн нигүүлсэнгүй байсан, тиймийн тул би өөрийн бүх зүдгүүр дунд танаас гуйх болно, учир нь танд миний баясал буй; учир нь та өөрийн Хүүгийн учир шүүлтүүдээ надаас зайлуулсан ажгуу."

Эгч нар аа, Есүс Христэд итгэхийг сонгож, Түүний Цагаатгалын хүчээр дамжин ирэх тусламжийг хүсэцгээе. Заримдаа бид "автомат" горимд орж, Бурхан бидэнд тусална гэж итгэдэг ч Тэр үнэхээр тусалж чадна, тусална гэдэгт итгэхийг сонгож, зориуд итгэлтэйгээр Түүнээс асуудаггүй. Бидний Тэнгэр дэх Эцэг та биднийг чин сэтгэлээсээ мөн Есүс Христийн золиослол ТА НАРЫН төлөө байсан мөн байдаг гэдэгт итгэлтэйгээр тусламж хүснэ гэж найддаг. Түүний Цагаатгал, Түүний зовлонгийн шарх нь та нарын төлөө байсан, одоо ч байгаа. Тэр та нарт хайртай, одоо мөн үүрд та нарт хэрэгтэй тусламжаар адисалж, эдгээхийг хүсдэг. Бид итгэлээ үйлдэл болгож, гэрээний дагуу амьдарч, Түүнд итгэхийг сонгоход Тэрээр ийн үйлдэх хүчтэй.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан: "Бидний Аврагч мөнх бус оршихуй дахь Өөрийн цагаатгагч үйл явдлын ачаар газар бүрийн бүхий л эрэгтэй, эмэгтэй хүнийг тайвшруулах, эдгээх, хүчирхэгжүүлэх боломжтой. Гэхдээ Түүнийг эрэлхийлдэг, Түүнээс тусламж гуйдаг хүмүүст л Тэрээр ийнхүү үйлддэг гэдэгт би итгэдэг. … Бид Түүнд итгэх, Түүнээс тусламж гуйх үедээ тэрхүү адислалд тэнцэхүйц болдог."

Бид ганцаараа сорилт бэрхшээл, зовлон шаналлаа даван туулах ёсгүй байсан. Бидэнд Аврагч байх нь зайлшгүй бөгөөд Түүний бурханлаг хүч, хайр, тайтгарал нь хувийн чанартай. Тэрээр шаналсан бодгалийг эдгээж, тайвшруулахыг хүсдэг.

Та нар зовж шаналсан Алмагийн хүмүүст ярьсан шиг Түүнийг та нартай ярьж байгаа мэт сонсож байна уу?

“Тэргүүнээ өргөцгөө мөн тайтгарагтун, учир нь надад хийсэн та нарын гэрээний тухай би мэднэ; мөн өөрийн хүмүүстэй гэрээ хийж мөн тэднийг боолчлолоос чөлөөлөх болно би.

Мөн бүр та нарыг боолчлолд байх үед та нарын мөрөн дээр[х] … ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол би түүнчлэн хөнгөлнө; мөн та нар цаашид миний гэрчлэгчид болон зогсож болохын тулд, Их Эзэн Бурхан би өөрийн хүмүүст тэдний зүдгүүрт үед зочилдгийг та нар гарцаагүй мэдэж болохын тулд, би үүнийг хийх болно.”

Хамгийн сүүлд Ерөнхий чуулган дээр үг хэлэхдээ би "Мөн Бибээр хүртэв" хэмээх нэртэй уран зургийн тухай хуваалцсан. Энэ нь Сургаал ба Гэрээнүүд дээр Гетсемани дахь зовлонгоо дүрсэлсэн Аврагчийн дараах үгсээс гаралтай. Үүнд:

“Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдсөний улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүр[сэн]. …

Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүсийн үрсийн төлөөх өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ.”

Бид наманчилж, цэвэр болж болохын тулд Аврагч хүртсэн юм. Тэр биднийг хүчирхэгжүүлж, эдгээж, бидэнд туслахын тулд хүртсэн. Тэр бидний ачааг хөнгөлж, амар амгаланг бидэнд өгөхөөр хүртсэн. Тэр биднийг Эцэгийн оршихуйд эргэн очиж, хайртай хүмүүстэйгээ үүрд амьдрах боломжтой болгохын тулд хүртсэн. Тэр та биднийг хайрладаг тул хүртсэн.

Энэ зургийн утга цаг хугацааны явцад өөрчлөгдсөн, учир нь би өөрчлөгдсөн. Аврагчийн маань тухай мөн Түүний миний төлөө хийсэн зүйлсийн тухай ойлголт маань улам гүнзгийрсэн.

Бид Түүнд итгэж, Түүний тухай судалж, наманчилж, Түүний Цагаатгалын бодит байдлыг амьдралынхаа бүх хэсэгт хүргэхийг сонгох үед амьдралдаа Түүнийг хэрхэн харах өнцөг маань өөрчлөгдөх болно.

Бидний Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр та нарт хайртай гэдгийг би мэднэ. Есүс Христ амьд бөгөөд дэлхийн Гэтэлгэгч гэдгийг би мэднэ. Түүний Цагаатгал та нарт зориулагдсан. Бид хэрэгтэй зүйлээ итгэлтэйгээр асууж, дараа нь "бат зогсож, ЭЗЭНий чөлөөлөхийг харах" болтугай. Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Хаана амар тайван байна?,” Дуулал, 62

  2. Ром 8:38–39

  3. “Мөн Христ хэлсэн байдаг: Хэрэв та нар надад итгэлтэй байх аваас та нар миний хувьд зүйтэй болох аливаа зүйлийг хийх хүчтэй байх болно” (Моронай 7:33).

    "Бид Бурхантай нэмэлт гэрээнүүдийг байгуулснаар өөрсөд дээрээ Есүс Христийн нэрийг илүү бүрэн дүүрэн авдаг. Улмаар Бурхан биднийг Өөрийн илүү их хүчээр адисалдаг. Ерөнхийлөгч Нэлсон: ‘баптисмын усан санд болон ариун сүмд гэрээ байгуулж, гэрээгээ сахидаг хүн бүр Есүс Христийн хүчнээс илүү ихээр хүртэх боломжтой болдог. Бурхантай байгуулсан гэрээгээ сахисны шагнал бол сорилт, уруу таталт, сэтгэлийн зовлонгоо илүү сайн даван туулахад биднийг хүчирхэгжүүлдэг тэнгэрлэг хүч юм’ гэж хэлсэн.

    Бид сүнслэг зүйлсэд илүү мэдрэг болдог. Бид боломжгүй мэт санагдах нөхцөл байдлыг даван туулахдаа илүү зоригтой болдог. Бид Есүс Христийг дагах шийдвэртээ илүү ганхашгүй болдог. Бид нүгэл үйлдсэн үедээ даруй наманчилж, Түүн рүү эргэн очдог. Бид Түүний сайн мэдээг Түүний хүч, эрх мэдлээр илүү сайн хуваалцаж эхэлдэг. Бид гачигдалтай хүмүүст шүүмжлэхгүйгээр, огт шүүмжлэхгүйгээр тусалдаг. Бид нүглүүдийнхээ ангижралыг хадгалдаг. Бид үргэлж баясаж болох болохоор илүү амар амгалан, хөөр баяртай байдаг. [Түүний] сүр жавхлан [бидний] эргэн тойронд байж, мөн [Түүний] тэнгэр элч нар [биднийг] хариуцах болно. (Дэйл Г.Рэнланд, “ Есүс Христийн нэрийг авах нь " Лиахона , 2025 оны 11-р сар, 112)

  4. Нийл Л.Андэрсэн, “Христ миний тухай юу гэж бодож байгаа бол?,” 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 125.

  5. Исаиа 53:3–5-ыг үзнэ үү.

  6. Алма 36:18

  7. Филиппой 4:7-г үзнэ үү.

  8. Сургаал ба Гэрээнүүд 117:8

  9. Матай 11:30

  10. Алма 33:11

  11. Даллин Х.Өүкс, “Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган; тодотгол нэмсэн

  12. Мозая 24:13–14; мөн 24:12–15-ыг үзнэ үү.

  13. Сургаал ба Гэрээнүүд 19:18–19; тодотгол нэмсэн.

  14. Гэтлэл 14:13; мөн 14:14-г үзнэ үү.