Relief Society Devotionals
Ариун эмэгтэйчүүд анхаарлаа Есүс Христэд төвлөрүүлдэг


11:39

Ариун эмэгтэйчүүд анхаарлаа Есүс Христэд төвлөрүүлдэг

2026 оны Халамжийн нийгэмлэгийн онцгой цугларалт: Дэлхий даяарх эмэгтэйчүүдийн цугларалт

2026 оны 3-р сарын 8-ны ням гараг

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн эмэгтэйчүүд та бүхнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс, чин үнэнчээр хайрлах завшаан надад тохиосон нь миний дуудлагаас ирдэг сайхан адислалуудын нэг юм. Оюун ухаандаа би тантай хамт ариун орон зайд чинь байгаагар—магадгүй цуглааны байранд, майханд эсвэл каситадэсвэл фаледэсвэл орон сууцанд тань байгаагаар бас та нарт хайртайгаа, та нар бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн охид гэдэгт итгэлтэй байдгаа, Есүс Христэд итгэж болно гэдгийг би тодорхой мэддэгээ хэлэхийн тулд хажууд тань сууснаар төсөөлж байна.

Асар их хүч, чадвар, Есүс Христэд итгэх итгэлийг тээж явдаг дэлхий даяарх гэгээнтэн эгч нартай уулзаж, зэрэгцэн суух нь бэлэг юм. Бурхан эмэгтэйчүүдэд харилцан бас хамтдаа суралцах боломжийг олгосон нь биднийг гэх Түүний хайрын илрэл билээ.

Би Есүс Христийн Сүмийн эмэгтэйчүүдтэй хамт өнгөрүүлсэн цаг хугацаанаас тухайлбал тохинууллын айлчлалаас, зогсоол дээрх уулзалтуудаас, хүнсний дэлгүүр дэх харилцан ярианаас юуг ойлгож мэдсэн бэ?

Амьдрал хэцүү гэдгийг би мэднэ.

Та нар амьдралын хүнд хэцүүг Есүстэй хамт эсвэл ганцаараа туулж болно. Энэ бол та нарын сонголт! Гэхдээ Есүс Христтэй хамт туулахад хүнд хэцүү тань ариун болдог. Та нар ариун эмэгтэйчүүд болдог.

Би саяхан нэг эгчтэй машины зогсоол дээр таарсан юм. Тэр над руу ирээд охин нь автомашинтайгаа хөмөрч осолд орж, эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Бас өмнө нь өөр нэг охиноо хорт хавдраар алдсан тухайгаа уудлан ярив. Энэ шинэ найз минь надаас өөрийг нь тайвшруулахыг хүсэж байгаа юм байна гэж би бодсон. Гэвч ердөө ч тийм байгаагүй. Тэр надаас тайвшрал хайж ирээгүй байлаа. Харин охиныг нь тохинуулагч тэнгэр элчүүд харж хамгаалж байсныг, тэдний нэг нь нас барсан охин нь гэдгийг мэдсэнээ, Их Эзэний өргөөнд хийгдсэн лацдан холболтын ачаар гэр бүл нь үүрд мөнх гэдэгт итгэлтэй байгаагаа гэрчлэхээр над руу ирсэн байв. Тэрхүү Бурханы гэрээт охин амьдралын сорилтуудыг хайраар дүүрэн Эцэгийнхээ аз жаргалын төлөвлөгөө, Есүс Христийн гэтэлгэх хүч, түүнийг болон хайртай хүмүүсийг нь тэнгэр элч нар хариуцаж хамгаална гэсэн амлалтад итгэх итгэл, найдвараар даван туулж байсан. Түүний охин одоо хүртэл эмнэлэгт байгаа. Түүний хувьд энэ амьдрал хэцүү бэрх хэвээр байгаа. Гэхдээ тэр найз минь хүнд хэцүүг ганцаараа биш Есүс Христтэй туулахаар сонгосон юм. Түүний хэцүү цаг мөч ариун цаг хугацаа болсон.

Би дөрвөн жаахан хүүхдээ ганцаараа өсгөхийн хажуугаар, гэр бүлээ тэтгэж авч явдаг нэгэн эгчийг мэддэг ба түүний ээж хурдан явцтай хорт хавдартай гэж оношлогдсон юм. Тэр энэ сорилттой үед илүү чин сэтгэлээсээ, илүү олон удаа залбирч эхэлсэн тухайгаа, тэр ч бүү хэл хүүхдүүдээ тэжээн тэтгэх арга замыг хайн тусламж хүсэж залбирдаг болсон талаараа ярьсан. Тэрээр Тэнгэрлэг Эцэгийн бас Аврагчийн тусламжийг эрж хайсан. Тэр Тэдэнд итгэж, Их Эзэний өргөөнд гэрээ байгуулахаар бэлдсэн. Хэдий ээжийнх нь эрүүл мэнд дордож байсан ч тэд гэр бүл, найз нөхдөөрөө хамгийн ойрын ариун сүмд очсон. Тэр шинэ найз минь ээжийгээ нас барахын өмнөхөн тэнд хишгээ хүртсэн юм. Түүний мөнх бус амьдрал хэцүү бэрх хэвээрээ ч гэрээгээр дамжуулан Аврагчтай холбогдохыг сонгосноор дараагийн алхам нь арай дөхөм санагдсан. Амар хялбар биш ч, арай дөхөм санагдсан. Яагаад гэвэл тэр Их Эзэний эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг иүү ихээр хүртэж байгаа. Би түүнээс зовлон бэрхшээлийн үед бий болсон Аврагчтай харилцах харилцааных нь талаар асуусан. Энэ ариун эмэгтэй эдгээр сорилттой тулгараагүй бол одоогийнх шигээ Есүс Христийг гүн гүнзгий танин мэдэж, Түүнд итгэхгүй байх байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Та нарын харж байгаачлан цэвэршүүлэлтийн гал халуун байдаг. Энэ бол ариун байдлын төлөөх төлөөс. Мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч галыг ашиглан бохирдлыг шатаадаг. Гэхдээ тэр хүдрээ зууханд хаяад, холдож явдаггүй. Тэр температурыг, агаар оруулах цагийг нарийн няхуур хянаж, хайлсан металлын гадаргуу дээр мөнгөний хаягдал үүсэхийг ажигладаг. Тэр хаягдлыг үлээж, цэвэр мөнгийг авч үлддэг ба гадаргуу нь толь шиг гэрэлтэж, түүний дүрсийг тусгадаг.

“Тэр [Есүс Христийг хэлж байгаа] мөнгийг хайлуулагч ба цэвэршүүлэгч мэт сууна.” Бид бол зүдгүүрийн зууханд сонгогдсон, цэвэршүүлэгдсэн үнэт мөнгө юм. Мөнгийг цэвэршүүлж, бохирдлыг шатаадаг шиг бид илүү бурханлаг зан чанартай, ариун эмэгтэйчүүд болдог.

Та нар бэрхшээлийн галд байхдаа Цэвэршүүлэгчийн хамгаалагч мэлмийг таньж, харж, хүлээн авах уу?

Ерөнхийлөгч Д. Тодд Кристоффэрсон ийн зөвлөсөн: “Тиймээс энэ цэвэршүүлэгчийн гал дунд Бурханд уурлахын оронд Түүнд ойрт. Хүүгийн нэрээр Эцэгийг дууд. Өдөр бүр Тэдэнтэй хамт Сүнсэнд алх. Тэдэнд цаг хугацаа өнгөрөх тутам Өөрсдийн үнэн мөн чанарыг танд гэрчлэх боломжийг олго. Тэднийг танихаар мөн өөрийгөө мэдэхээр ирэгтүн.”

Энэ нь хэцүү байх болно. Та нар хэцүүг Есүстэй хамт эсвэл ганцаараа туулж болно. Есүс Христтэй хамт хүнд хэцүүг туулахад хүнд хэцүү тань ариун болдог.

Ариун эмэгтэй Ханна бол энэ зарчмыг үлгэрлэдэг судрын жишээ юм.

Ханна Их Эзэний өргөөнд очиж, уйлсан. Тэрээр үр хүүхэдгүй байсан учраас Бурханд зовлон шаналлаа, цөхөрсөн сүнсээ даруухан залбирлаар илэрхийлсэн. Тэр гомдоллоогүй. Харин гүн гүнзгий урам хугаралт, уй гашуугаа Их Эзэнд илэн далангүй уудалсан. Ханна “ЭЗЭНий өмнө сэтгэлээ уудалж”, Тэр түүний гүн гүнзгий шаналлыг бүрэн мэддэг байсан ч нэгд нэгэнгүй тоочсон юм.

Дараа нь Ханна Их Эзэний өөрт нь өгсөн адислалыг Түүний зорилгын төлөө зориулахад бэлэн байгаагаа илэрхийлэн тангараг өргөсөн. Тэрээр “Түг түмдийн ЭЗЭН минь, хэрэв Та … шивэгчиндээ хөвгүүнийг өгвөл, би түүнийг амьдралынх нь бүх өдрүүдэд ЭЗЭНд өгөх” болно хэмээн зоригтойгоор тунхагласан.

Тахилч Ели Ханнад “амар тайван явагтун” гээд

Их Эзэнээс хүү гуйсан гуйлт нь биелэх болно гэдгийг батлан хэлдэг. Ханнагийн “Шивэгчин тань таны нүднээ тааллыг олох болтугай” гэсэн хариулт түүний номхон дөлгөөн байдлын нотолгоо юм. Тэгээд тэр явж, “нүүр царай нь уйтгар гуниггүй болов”.

Цаг хугацааны өнгөрөхөд Ханна Самуел гэх хүүгээр адислагдсан. Хүүгээ хөхнөөс гармагц тэрээр амлалтаа биелүүлж, түүнийг Эзэний өргөөнд авчирсан. Тэр Эзэнд талархал болон магтаал өргөн залбирч, “ЭЗЭН тандаа зүрх минь баярлана”, “ЭЗЭНтэй адил ариун нь үгүй. Эгээ л Тан шиг нь хаа ч үгүй. Бидний Бурхан лугаа адил хад гэж байхгүй” хэмээсэн.

Дараа нь тэр Самуелийг тахилч Елитэй үлдээж, Бурханы үйлчлэлд бүрэн зориулсан юм. Хүү дөнгөж хөхнөөсөө гарсан байсан. Та нар төсөөлж байна уу? Тэрээр хожим таван хүүхдээр адислагдсан ч Самуелийг Их Эзэнд зориулах үед тэр цорын ганц хүүхэд нь байсан. Тэр дахиад хүүхдүүдтэй болно гэдгээ тухайн үед мэдээгүй. Эх хүн хүүхдийнхээ гүйж тоглохыг харж, хүүхдэдээ хайрлаж, хуваалцахыг зааж, оронд нь оруулахыг маш ихээр хүсдэг. Ханна ийм халуун дулаан мөчүүдийг хүүхэдтэйгээ өнгөрүүлж чадаагүй.

Жил бүр нөхөртэйгээ Их Эзэний өргөөнд тахил өргөхөөр ирэхдээ тэр Самуелд зориулж хийсэн бяцхан шинэ хувцсаа авчирдаг байсан. Тэр хүүгээ хараад юу гэж хэлсэн бол? Баяртай гэж дахин дахин хэлэх бүрдээ тэр ээжийн зүрх сэтгэл ямархуу байсан бол?

Сударт түүний сэтгэлийн энэ шаналлыг дурдаагүй ч гэлээ би үүнийг төсөөлж байна.

Ханнагийн амьдрал хэцүү хэвээр байсан ч тэр итгэлтэй байсан.

Манай Халамжийн нийгэмлэгийн эгч нар дотор маш олон Ханна, маш олон ариун эмэгтэй бий. Тэд зовлон бэрхшээл тулгарсан ч Их Эзэний өргөөнд шүтэн биширч, мацаг барьж, бүх зүрх сэтгэлээ залбирлаар Их Эзэнд уудалж, Их Эзэний хүртээсэн адислалуудыг өргөл болгон өгч, Түүнд өгсөн амлалтаа биелүүлж, Түүнд, Түүний таалал хийгээд цаг хугацаанд итгэдэг.

Бие маань хөгшрөлт, өвчин эмгэгт захирагддаг мөнх бус туршлагыг бид туулж байна. Бид болон бусад хүн сайнаар бас муугаар өөрсдийн сонгох эрхийг хэрэгжүүлэх гайхамшигт боломжийг эдэлдэг. Тиймээс энэ нь хэцүү байх болно. Та нар хүнд хэцүүг Есүстэй хамт эсвэл ганцаараа туулж болно. Та нар хүнд хэцүүг Есүс Христтэй хамт туулахад хэцүү туршлага тань ариусаж, ариун цаг хугацаа, ариун орон зай болж, бид ариун эмэгтэйчүүд болдог гэдгийг би баттай мэддэг.

Саяхан би хүүхдүүдийг ийм үгтэй дууг дуулж байгааг сонссон юм.

Надад Есүс илүү их хэрэгтэй. …

Илүү их гэрэл,

Илүү их хайр,

Илүү их найдвар хэрэгтэй.

Надад Есүс илүү их хэрэгтэй.

Эгч нар аа, бидэнд Есүс Христ илүү их хэрэгтэй. Түүний гэрэл, Түүний хайр, Түүний найдвар, Түүний эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүч илүү их хэрэгтэй.

Ариун эмэгтэйчүүд оюун санаагаа Есүс Христэд төвлөрүүлдэг. Бид “Христийн тухай ярьж, [бид] Христэд баясаж, [бид] Христийн үгнээс зооглож, Христэд тууштай итгэн урагш тэмүүл[дэг].” Төгс хайр бол Христийн цэвэр хайр ба энэ нь хэзээ ч дуусдаггүй.

Хэрэв танд магадгүй мөнх бус амьдралын туршлага тань бэрхшээл биш мэт санагддаг бол Ахлагч Нийл А.Максвэллийн өгсөн дараах зөвлөгөөг тунгааж үзээрэй. “Бидний хувьд өөрсдөө зовлон бэрхшээлийн загалмай дээр хүлэгдээгүй үедээ бусдыг хүндэтгэж, өрөвдөн энэрч, тэдэнд сүнслэг тэжээлийг өгөх хэрэгтэй.”

Энэ бол ариун эмэгтэйчүүдийн ажил.

Есүс Христ бол бидний Гэтэлгэгч, биднийг хайрладаг халамжит Цэвэршүүлэгч гэдгийг би гэрчилж байна. Бид зовлонгийн гал дундуур Түүнд итгэснээр хэцүү мөчүүд ариун цаг хугацаа болж, бид ариун эмэгтэйчүүд болдог. Би та нарт хайртай. Та нар бол хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг, Эхийн охид гэдэгт би итгэлтэй байдаг. Та нар Есүс Христэд итгэж болно гэдгийг би баттай мэднэ.

Есүс Христийн нэрээр, амен.

Эх сурвалж

  1. Сургаал ба Гэрээнүүд 109:22-ыг үзнэ үү.

  2. “Бурхантай гэрээний харилцаанд орох нь биднийг Түүнтэй холбож, амьдралын бүх зүйлийг амар хялбар болгодог. Намайг буруугаар битгий ойлгоорой. Би гэрээ байгуулах нь амьдралыг хялбар болгодог гэсэн утгаар хэлсэнгүй. Үнэндээ дайсан таныг Есүс Христийн хүчийг олж мэдээсэй гэж хүсэхгүй байгаа тул эсэргүүцэл тулгарах нь зайлшгүй. Гэхдээ Аврагчийн буулгад орсноор та Түүний хүч чадал, гэтэлгэх хүчнээс хүртэх боломжтой болно гэсэн үг.“ (Рассэлл М.Нэлсон, “Ертөнцийг ялж, амралтыг олох нь,” Лиахона, 2022 оны 11-р сар)

    “Сүнс болон удирдамжаар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг тэлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун санваарын гэрээнүүдээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. Улмаар биднийг гэрээгээ сахих үед Тэрээр Өөрийн эдгээгч, хүчирхэгжүүлэгч хүчийг бидэнд хүртээдэг. Ай, ирэх өдрүүдэд Түүний хүч бидэнд ямар их хэрэгтэй гээч.” (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 94)

  3. Refiner’s Fire and Fullers’ Soap,” Ensign, Sept. 2016, 74–75-ыг үзнэ үү.

  4. Малахи 3:3.

  5. 1 Нифай 20:10-ыг үзнэ үү.

  6. Д.Тодд Кристоффэрсон, “Бидний Бурхантай харилцах харилцаа,” Лиахона, 2022 оны 5-р сар.

  7. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 1:7-г үзнэ үү.

  8. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 1:10, 15-ыг үзнэ үү.

  9. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 1:15.

  10. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 1:11.

  11. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 1:17–18.

  12. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 1:20-ийг үзнэ үү.

  13. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 1:24-ийг үзнэ үү.

  14. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 2:1.

  15. Библийн англи хэл дээрх стандарт хувилбар 1 Самуел 2:2.

  16. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 2:21-ийг үзнэ үү.

  17. Библийн Жэймс хааны хувилбар 1 Самуел 2:19-ийг үзнэ үү.

  18. Angie Killian and Monica Scott, “More Jesus.”

  19. Рассэлл М.Нэлсон, “Их Эзэнд зориулан цаг гарга,” Лиахона, 2021 оны 11-р сар.

  20. Neal A. Maxwell, “Endure it Well,” Ensign, May 1990, 34.