“Ажил үүрэг ба эн тэргүүнд тавих зүйлсийг зохицуулах: Аврагчийн жишээ бидэнд амьдралаа дэг журамтай болгоход тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Ажил үүрэг ба эн тэргүүнд тавих зүйлсийг зохицуулах: Аврагчийн жишээ бидэнд амьдралаа дэг журамтай болгоход тусалж чадна,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургуульд амжилттай сурах: 195-р хичээл
Хойш тавих зуршлаа ялан дийлэх
Хичээл хийхийг хойшлуулахаас зайлсхийж сурах нь
Та шаардлагатай ажил үүрэг эсвэл даалгавраа дуусгаж чадахгүй байгаагаа хэр олон удаа анзаарсан бэ? Хэдийгээр бид бүгд хойшлуулах шаардлагатай тулгардаг ч хичээл хийхийг хойшлуулахад уруу татагдах нь түгээмэл байдаг. Биднийг энэ хандлагыг ялан дийлэхээр хичээх үед энэ нь хойш тавихаас зайлсхийх Аврагчийн сэрэмжлүүлгийг анхаарч буй хэрэг юм (Maтай 25:1–13-ыг үзнэ үү). Энэ хичээл нь суралцагчдад хичээл хийхийг хойшлуулах уруу таталтыг ялан дийлэх арга замуудыг тодорхойлоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад өсвөр насны хүүхдүүд хичээлээ хойш тавьж болох зарим шалтгааны талаар ярих бэлтгэлтэй ирэхийг санал болго. Сургуулийнхаа даалгавар, хүлээсэн ажил үүргээ цаг тухайд нь биелүүлэхийн тулд юу хийсэн талаараа хуваалцахаар бэлдэж ирэхэд тэднийг урамшуул.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Есүс Христэд итгэх итгэл үйлдэлд хөтөлдөг
Хичээлээ эхлүүлэхийн тулд хойшлуулах уруу таталтын талаар ерөнхий ярилцлага өрнүүлэхийг бод. Та дараахтай адил асуултуудыг тавьж болно.
-
Өсвөр насныхан ямар төрлийн зүйлсийг хойшлуулах нь нийтлэг байдаг вэ?
-
Өсвөр насныхан эдгээр зүйлийг хойш тавих ямар шалтгаануудыг тоочиж магадгүй вэ? Үр дагаврууд нь ямар байж болох вэ?
Ярилцлагын дараа та өнөөдөр хичээл хийхийг хойшлуулах уруу таталтыг ялан дийлэхэд анхаарал хандуулах боломж олдоно гэдгийг суралцагчидтай хуваалцаж болно.
-
Ажил үүрэг эсвэл даалгавраа эхлүүлж, дуусгахад бэрхшээлтэй байж болох ямар шалтгаанууд байдаг вэ?
Та дараа нь израилчууд манна хурааж байгаа зургийг үзүүлж болно. Хэрэв суралцагчид 47-р хичээл: “Гэтлэл 16”-г аль хэдийн судалсан бол тэднийг санаж байгаа зүйлүүдээ хуваалцахад урихыг бодоорой. Хэрэв тэд энэ түүхийг судлаагүй бол та дараах хураангуйг товч хуваалцаж болно.
Цөлд хоол хүнс цуглуулах нь израилчуудад хэцүү байжээ. Нэгэн өглөө тэд сэрээд, Их Эзэн израилчуудын манна хэмээн нэрлэдэг өдөр тутмын хүнсээр гайхамшигтайгаар хангасныг харав.
Гэтлэл 16:4–5, 14–15-ыг уншаад, Их Эзэн маннаг хэрхэн хураах тухай ямар зааварчилгаа өгснийг олж мэд.
-
Энэ гайхамшиг Их Эзэний тухай бидэнд юу заадаг вэ?
Гэтлэл 16:18–22, 27-г уншаад, Хүндэтгэлийн өдрөөс нэг өдрийн өмнө маннаг хураахаа хойшлуулах эсвэл хоёр дахин их хэмжээтэй хураахгүй байх нь ямар үр дагавартай болохыг олж мэдээрэй.
-
Юу нь таны анхаарлыг татсан бэ?
Суралцагчид хэрэв израилчууд маннаг маргааш өдрийг хүртэл хураахгүй газарт нь орхивол энэ нь “өтөөр дүүрч, өмхийрнө” (20-р шүлэг) гэдгийг хуваалцаж болох юм. Хэрэв тэд өглөө хураахгүй бол энэ нь хайлах болно (21-р шүлэг). Хүндэтгэлийн өдөр манна өгөхгүй байсан учраас өмнөх өдөр нь хоёр дахин их хэмжээтэй хураахгүй бол тэд өлсгөлөн байна гэсэн үг байв (27-р шүлэг).
-
Энэ түүх өсвөр насны хүүхдийн хичээл хийхийг хойшлуулах уруу таталттай хэрхэн холбогдож болох вэ?
Суралцагчид маннаг хураахаа хойшлуулбал манна муудаж, хайлан алга болдог шиг хичээл хийхийг хойшлуулах нь сөрөг үр дагавар учруулж эсвэл боломжоо алдахад хүргэж болзошгүйг онцолж болно.
-
Та эсвэл бусад хүн хичээл хийхийг хойшлуулснаар ямар үр дагаварт хүрснийг та харсан бэ?
Цагаа дэмий үрэхгүй байх
Хойшлуулах уруу таталтыг ялан дийлэх нь чухал гэдгийг бидэнд ойлгуулахын тулд Далын ахлагч Рандалл К.Бэннэтт ийн тэмдэглэжээ.
Бид хойш тавих, орхих эсвэл бууж өгөх хандлагатай эгэл хүний шинж чанарын эсрэг зогсох хэрэгтэй.
Бид гэрээнийхээ зам дээр өсөж хөгжихийн хэрээр хэд хэдэн алдаа гаргаж болно. Гэвч Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэх итгэл нь үйлдлийн болон хүчний зарчим юм. Хэрэв бид үйлдэх хүсэлтэй байвал наманчилж, өөрчлөгдөх хүч чадлаар адислагдах болно.
Бид урагшаа итгэлийн алхам хийхээ больсон үед л бүтэлгүйтэх болно. Бид дэлхийн Аврагчийн буулгыг итгэлтэй авах юм бол хэзээ ч бүтэлгүйтэхгүй мөн бүтэлгүйтэж болохгүй. Тэрээр хэзээ ч бүтэлгүйтэж байгаагүй бөгөөд биднийг хэзээ ч орхихгүй! (“Таны хийх дараагийн алхам,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 72–74) (цагийн код 7:37-оос 8:31 хүртэл)
-
Та ахлагч Бэннетийн хойш тавих зуршлаа ялан дийлэх талаар заасан зүйлийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Биднийг Түүнд итгэх итгэлээр үйлдэх үед Аврагч бидэнд хойш тавих уруу таталтыг ялан дийлэхэд тусална гэсэн үнэнийг олж тогтооход суралцагчдад туслаарай. Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход туслахын тулд дараах асуултыг тавь.
-
Энэ үнэнийг ойлгох нь хичээлээ хойшлуулах уруу таталтыг даван туулахыг хичээж байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?
Та сургууль дээрх ажил үүрэг, даалгавраа хэрхэн цаг хугацаанд нь дуусгаж буйгаа залбиран бодоорой. Дараа нь судлах тэмдэглэл дээрээ дараах мэдэгдлийг гүйцээж бич.
Би хичээл хийхээ (үргэлж, заримдаа, хааяа гэх мэт) хойш нь тавьдаг. Миний хойшлуулдаг нэг шалтгаан бол .
Бид яагаад хойшлуулдаг гэдгээ тодорхойлох нь ашиггүй зуршлыг засаж залруулах эсвэл үүнээс сэргийлэхэд тусална гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд тулгарч буй уруу таталтуудаас зайлсхийхэд туслахаар амласан гэдгийг суралцагчдад батлан хэлж болно (1 Коринт 10:13-ыг үзнэ үү).
Хойш тавих нь нийтлэг байдаг ч бид уруу таталтыг ялан дийлэхээр хичээхдээ Аврагчид итгэх итгэлээр үйлддэг. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хичээл хийхийг хойшлуулах уруу таталтыг ялан дийлэх таны хичээл зүтгэлийг нэмэгдүүлэх боломжтой арга замуудыг ойлгоход туслах Ариун Сүнсийг уриарай.
Хойш тавих зуршлаа ялан дийлэх чадвараа сайжруулах
-
Та хичээл хийхийг хойшлуулах уруу таталтыг эсэргүүцэхэд тань туслах ямар арга барилыг туршиж үзсэн бэ?
Суралцагчдаар самбар дээр жагсаалт гаргуул. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол та дараах арга барилын заримыг хуваалцаж болно.
-
Өглөө бүр Тэнгэрлэг Эцэгт хандан цөөн хором залбирч, хичээлийн даалгавруудаа эргэн санаж, хийхэд тань туслах хүч чадлыг гуй.
-
Өдөр бүр хичээл хийх тогтмол цаг гарга.
-
Оюун ухаанаа сэргээж, дахин төвлөрөхийн тулд богино хугацааны, тогтмол завсарлага ав.
-
Анхаарал сарниулдаг зүйлсийг тодорхойлж. тэдгээрийг холдуул. Үүнд утас, компьютер эсвэл ном байж болно.
-
Ижил хичээлийн даалгавар авсан ангийнхантайгаа суралцах бүлэг байгуул.
-
Ажиллах нам гүм газар олоорой. Бидний орчин тойрон төвлөрөх чадварт маань нөлөөлдөг.
-
Анхаарлаа хандуулж, таныг ажил үүрэг, даалгавраа хийхэд туслах боломжтой, итгэлтэй хэн нэгнийг сонго.
-
Амжилт, шаргуу хөдөлмөрөө тэмдэглэхийн тулд тодорхой нэг даалгаврыг хийснийхээ төлөө шагнал төлөвлө.
Суралцагчдыг хойш тавих зуршлаа ялан дийлэх хэд хэдэн стратеги тодорхойлсны дараа дараах жишээ, зааварчилгааг үзүүл. Та суралцагчдыг үзүүлэн хийхэд ашиглах уран зургийн хэрэгслээр хангаж болно.
Макс учраас (шалгалтад бэлтгэх, даалгавар эсвэл төсөл гүйцэтгэх зэргийг) хойш тавьж байна.
Макс шиг суралцагчийг хойшлуулах уруу таталтыг ялан дийлэхэд нь урамшуулан дэмжихийн тулд зурагт хуудас эсвэл инфографик хий. Зурагт хуудсандаа дараах зүйлсийг багтаагаарай.
-
Энэ уруу таталтыг ялан дийлэхийн тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найдахад нь Макст тусалж болох төгс эзэмших сургаалын эсвэл судрын бусад хэсэг.
-
Таны хувьд Максыг хойш тавих зуршлаа ялан дийлэхэд нь ашиглахад тустай гэж үзсэн нэг эсвэл хэд хэдэн арга барил.
Суралцагчдад судрын хэсгийг олоход тусламж хэрэгтэй бол та Иошуа 24:15; Сургаалт үгс 3:5–6; Сургаал ба Гэрээнүүд 58:26–27; 88:124 зэрэг жишээнүүдийг хуваалцаж болно. Эсвэл тэд манна хурааж буй израилчууд эсвэл хөвөгч авдар барьсан Ноагийн тухай түүх шиг хойшлуулахын үр дагаврыг харуулсан судрын түүхийг үзүүлж болно (Эхлэл 7:1–10).
Бид өнөөдрөөс эхэлж болно
Хангалттай хугацаа өнгөрсний дараа бүлгүүдийн зурагт хуудаснуудыг ангийнхантай нь хуваалцуул. Та уруу таталтыг ялан дийлэхийн тулд ажилласан туршлагаасаа хуваалцахад суралцагчдыг урьж болно.
Өнөөдөр хуваалцсан хойш тавих хандлагыг ялан дийлэх арга замуудын заримыг тунгаан бод. Дараагийн удаа хичээл хийхээ хойшлуулахаар уруу татагдсан үед тустай байж болох арга барилуудыг залбирч байгаад сонго. Энэ арга барилыг судлах тэмдэглэлдээ эсвэл наадаг цаасан дээр бич эсвэл өөртөө мессежээр илгээ.
Та суралцагчдад туршиж үзэхээр хүссэн зүйлээ хуваалцах боломжийг олгоорой.
Илүү сайн хийхийг хичээх аливаа хүчин чармайлт нь Есүс Христэд итгэх итгэлээ харуулж байгаа хэрэг гэдгийг суралцагчдад сануулах нь тустай байж болно. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэцүү үе тулгарахад хичээл зүтгэл гаргахад нь тусална гэдгийг ойлгоход тэдэнд туслаарай.