“Сурах үүрэг хариуцлагаа ухамсарлах: Шалтаг хэлэхээс зайлсхийж, сурч боловсрохын төлөө үйлдэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Сурах үүрэг хариуцлагаа ухамсарлах: Шалтаг хэлэхээс зайлсхийж, сурч боловсрохын төлөө үйлдэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Сургуульд амжилттай сурах: 193-р хичээл
Сурах үүрэг хариуцлагаа ухамсарлах
Шалтаг хэлэхээс зайлсхийж, сурч боловсрохын төлөө үйлдэх нь
Хичээл хэцүү болох үед бид заримдаа шалтаг гаргаж, үйлдэхээс зайлсхийдэг. Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, сурах үүрэг хариуцлагыг хүлээн авснаар Түүн шиг мэргэн ухаанаар өсөх болно (Лук 2:52-ыг үзнэ үү). Энэ хичээл нь суралцагчдад сурах үүрэг хариуцлагаа ухамсарлахад туслах үйлдлүүдийг тодорхойлоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад дараах асуултуудыг ашиглан сурч боловсроход гаргаж буй хүчин чармайлтаа бодохыг санал болго.
-
Сайн хийдэг ямар зүйлс маань сургууль дээр надад тус болдог вэ?
-
Би суралцахад саад болж болзошгүй шалтгийг хэр олон удаа гаргадаг вэ?
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бидний сурах үүрэг хариуцлага
Суралцагчдаар өсвөр насны хүүхдийн тухай мөн тэдний хичээлтэй холбоотой буруу шийдвэрийн тухай жишээ зохиолгуул. Жишээ нь: Өсвөр насны хүүхэд шалгалтдаа бэлдээгүй, хичээлдээ хоцорч ирсэн, чухал даалгавраа хийгээгүй, зохион бичлэг бичээгүй гэх мэт. Та нэг суралцагчаар самбар дээр хүний дүрс зуруул мөн тухайн өсвөр насны хүүхдэд нэр өгч, гаргасан буруу шийдвэрийг нь зургийн доор бичиж болно.
Дараа нь зурсан хүний дүрсний дээд талд Шалтаг гэж бичиж болно. Самбар дээрх хүний дүрсний эргэн тойронд дараах асуултуудад суралцагчдаар хариулж бичүүлүүлэхийг бод.
-
Өсвөр насны хүүхэд ийм буруу шийдвэр гаргахдаа ямар шалтгуудыг тоочдог байж болох вэ?
-
Яагаад бид заримдаа иймэрхүү сонголтууд хийхдээ шалтаг тоочдог гэж та нар бодож байна?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон нар сургууль дээрээ буруу сонголт хийхээр уруу татагдах үедээ чухал үнэнийг санаж байх хэрэгтэй гэж заасан.
Боловсрол бол таны олж эзэмших зүйл юм. Хэн ч таны өмнөөс үүнийг эзэмшиж чадахгүй. Та нар хаана ч байлаа гэсэн суралцах маш их хүсэлтэй бай. Хожмын үеийн гэгээнтэн бидний хувьд боловсрол олж авах нь зөвхөн онцгой эрх биш юм. Энэ бол шашны үүрэг хариуцлага. (“Will You Choose to Increase in Learning?,” New Era, 2014 оны 9-р сар, 2)
Материаллаг, сүнслэг асуудлуудын аль алиных нь хувьд өөрсдийнхөө төлөө хариуцлагатай байх боломж нь Бурханы бидэнд өгсөн бэлэг бөгөөд үүнгүйгээр бид Бурханы охид, хөвгүүдийн хувьд өөрсдийнхөө бүрэн чадавхад хүрч чадахгүй юм. (“Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17–20)
-
Эдгээр мэдэгдлээс юу нь та нарт онцгой санагдаж байна вэ?
-
Суралцах явцдаа хувийн үүрэг хариуцлага хүлээх нь яагаад чухал вэ?
Дараах үнэнийг самбар дээрх зургийн хажууд бичиж, суралцагчдад ойлгоход нь туслаарай. Суралцах явцдаа хувийн үүрэг хариуцлага хүлээх нь бидэнд Бурханы охид, хөвгүүдийн хувьд өөрсдийн бүрэн чадавхыг ойлгоход тусалдаг.
-
Өсвөр насны хүүхдийн суралцахад хариуцлагатай байхын тулд хийж болох тодорхой зүйлс юу вэ?
-
Суралцахдаа хувийн үүрэг хариуцлага хүлээх нь Аврагчтай илүү адил болоход бидэнд хэрхэн туслах вэ?
Суралцагчдыг дээрх асуултуудад хариулах зуур та Есүс Христийн тохинуулал болон номлолдоо үүрэг хариуцлага хүлээх үедээ харуулсан зан чанаруудыг (хичээл зүтгэл, даруу байдал, хайр гэх мэт) тэднээр хуваалцуулж болох юм.
Христийн зан чанаруудыг хөгжүүлэх нь шалтаг тоочихгүй байж, суралцахад хариуцлагатай хандахад тань хэрхэн тусалж болох талаар бодоход цаг гарга. Өөртөө хөгжүүлж болох зан чанаруудыг эсвэл хичээлдээ хариуцлагатай хандахын тулд хийж болох үйлдлүүдийг тодорхойлоход туслах Ариун Сүнсний өдөөлтүүдийг олж сонсоорой.
Үүрэг хариуцлага хэрхэн хүлээх талаарх судрын жишээ
Та суралцах үйл явцдаа хариуцлагатай байх тухай үнэнийг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднээр “Үүрэг хариуцлага хүлээх нь” тараах материалыг гүйцээж бичүүлж болно. Тараах материал дээрх түүхүүдийг хэрхэн хэрэгжүүлж болох байсан талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Та суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг бүр дэх хэсэг суралцагчийг Давидын түүхэн дээрх асуултуудыг уншиж, хариулах, мөн бусдыг нь талантын сургаалт зүйрлэлээс суралцахад уриарай.
Жич: Тараах материалын сүүлийн хэсгийг хичээлийн төгсгөлд ашиглана.
Хангалттай хугацаа өгсний дараа суралцагчдыг олж мэдсэн зүйлээ ангийнхантай нь хуваалцуулахаар урь.
Суралцах үүрэг хариуцлагаа ухамсарлахын тулд шалтаг тоочихгүй байх
Суралцагчдад амьдралынхаа талаар бодож, шалтаг тоочихгүй байхад бэлтгэхэд нь туслахын тулд дараах үйл ажиллагааг ангиараа гүйцэтгэх нь тустай байж болно.
Хичээлийн эхний хэсэгт гарсан өсвөр насны хүүхдийн тухай бод. Суралцах үйл явцаа ухамсарлах тухай судрууд болон хувийн туршлагаасаа сурсан зүйлээ эргэцүүлэн бод. Самбар дээрх шалтгуудыг авч үзэн, суралцах үүрэг хариуцлагыг хүлээн авахад бэлэн байгаагаа харуулсан Христийнхтэй адил зан чанар, үйлдлүүдийг санал болгох замаар энэхүү өсвөр насны хүүхдэд туслаарай.
Эхлэхийнх нь өмнө суралцагчдад нэг жишээ өгөх нь тустай байж мэднэ. Хоцорч ирэх нэг шалтаг нь “ээж намайг цагтаа сэрээсэнгүй” гэх шалтаг байж магад. Суралцагчид “Би Аврагчтай адил үүрэг хариуцлага хүлээж, хичээлдээ цагтаа очихын тулд сэрүүлэг тавина” гэсэн санал гаргаж болох юм. Та шалтаг бүрийн хажууд суралцагчдын санал зөвлөмжийг бичиж болно.
-
Сурах үүрэг хариуцлагаа ухамсарлахаар хичээл зүтгэл гаргахад Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах вэ?
Суралцах явцдаа хувийн үүрэг хариуцлага хүлээхийн тулд амьдралдаа хийсэн зүйлээ сайн дураараа хуваалцахыг хүссэн суралцагчдыг хуваалцахад уриарай. Тэднийг хуваалцаж байх зуур хичээл зүтгэл гаргасных нь төлөө магтан сайшаа.
Суралцах үүрэг хариуцлага
Суралцагчдаар тараах материалын сүүлийн хэсгийг гүйцээж бичүүл. Сурах үүрэг хариуцлагаа ухамсарлахдаа Их Эзэний тусламжийг эрэлхийлэх үед нь та тэдэнтэй дараах зүйлийг хуваалцаж болно.
Таныг хэрхэн сайжрах талаараа Тэнгэрлэг Эцэгээс илчлэлт эрэлхийлэх үед Ариун Сүнс танд шаардлагатай өөрчлөлтүүдийг сануулж өгнө. Бид энэ бүхнийг ганцаараа хийх шаардлагагүй ба Аврагчийн тусламжийг эрэлхийлэх боломжтой (Исаиа 41:10-ыг үзнэ үү).
Юу хийхээр өдөөгдсөн болохоо сайн дураараа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урьж хуваалцуул. Та амьдралдаа сурах үүрэг хариуцлагаа ухамсарласан нэг жишээгээ хуваалцаж болох юм. Суралцагчдад өнөөдөр хийх ёстой гэж мэдэрсэн зүйлээ эргэн санахад нь туслахын тулд тараах материалыг гэртээ авч харихад урамшуул.