“Гэтлэл 16: Өдөр тутмын талх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Гэтлэл 16: Өдөр тутмын талх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Гэтлэл 14–18, 47-р хичээл
Гэтлэл 16
Өдөр тутмын талх
Их Эзэнийг хүмүүсээ Египетээс чөлөөлсний дараа тэд шинэ сорилт бэрхшээлтэй тулгарч, өсөж хөгжих боломжтой болсон юм. Израилчууд хоол хүнс, ус гэх мэт хэрэгцээт зүйлээ египетчүүдээс авахаа больсон. Тэд өдөр тутмын хэрэгцээндээ Их Эзэнд найдаж сурах хэрэгтэй байв. Энэ хичээл нь Их Эзэнд өдөр бүр найдахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Өнөөдрөөс эхлэн дараагийн хичээл хүртэл Их Эзэний хүч чадал амьдралд нь байгаа гэсэн нотолгоог олж мэдэхэд суралцагчдыг урь. Ганцаараа эсвэл гэр бүлээрээ залбирахдаа Тэнгэрлэг Эцэгийн тусламжид цаг гарган талархахад тэднийг урамшуулан дэмж.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Өдөр тутмын тэжээлээ авах хэрэгцээ
Бие махбодод маань өдөр бүр хэрэгтэй зүйлсийн талаар ярилцаж, хичээлээ эхлүүлэх талаар бодож үз. Жишээлбэл: Та талх харуулж болно. Өлсөж байгаа нэг суралцагчийг ангийн өмнө гарч ирэн, талхнаас идэхийг хүс. Суралцагчийг идэх үед түүнээс асуу.
-
Чи хамгийн сүүлд хэзээ юм идсэн бэ?
-
Хэрэв чи саяхан идсэн бол одоо яагаад өлсөж байна вэ?
-
Бид яагаад тогтмол идэх ёстой байдаг вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон бие махбодоо хооллохыг сүнсэндээ анхаарал халамж тавихтай зүйрлэсэн.
Бид бүгд бие махбодынхоо хоол ундны хэрэгцээг ойлгодог. Хэрэв мартвал өлсөж, цангах нь бидэнд үүнийг маш хүчтэй сануулдаг. Гэхдээ сүнслэг хэрэгцээгээ хангах нь үүний нэгэн адил хүчтэй хэрэгцээ юм. (“Daily Bread: Pattern,” Gospel Library)
-
Сүнсээ тэтгэх нь яагаад бие махбоддоо анхаарал халамж тавихтай адил чухал гэж та нар бодож байна вэ?
-
Сүнслэг хэрэгцээгээ анхаарахгүй өнгөрөх нь яагаад амархан бэ?
Цаг гарган, дараах асуултуудыг тунгаан бодоорой. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үз.
-
Танд бие махбодоо арчилж торддогийн адил өдөр бүр Сүнсээ арчилж тордох хүсэл төрдөг үү? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?
-
Тэнгэрлэг Эцэг таныг сүнсэндээ анхаарал халамж тавихын тулд өдөр бүр юу хийгээсэй гэж хүсдэг гэж бодож байна вэ?
Их Эзэнээс ирэх өдөр тутмын шаардлагатай хүчээр Сүнсээ тэтгэхийн тулд та юугаа үргэлжлүүлэн хийж эсвэл юугаа өөрчлөх хэрэгтэйгээ мэдэх үүднээс сүнсний удирдамжийг эрэлхийл.
Их Эзэнд өдөр бүр найдах
Израилчууд Улаан тэнгисийг гаталсныхаа дараа “Эзэн хийгээд Түүний зарц Мосед итгэв” (Гэтлэл 14:31). Өөрсдийг нь чөлөөлсний төлөө тэд Их Эзэнийг магтан дуулж, бүжиглэжээ (Гэтлэл 15:1–21-ийг үзнэ үү). Гэвч израилчууд Их Эзэнийг тийм ч удаан магтаж алдаршуулсангүй. Мосег тэднийг Синаи уул руу хөтлөх зуур тэд янз бүрийн бэрхшээлтэй тулгарч, итгэл нь соригджээ.
Гэтлэл 16:2–4, 11–15-ыг уншаад, Их Эзэн израилчуудын хэрэгцээ шаардлагыг хэрхэн хангасныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Гэтлэл 16:15 дахь “талх” гэдэг үгийг тэмдэглээд, үүнийгээ Иохан 6:47–51-тэй холбогдох эшлэл болгоход эсвэл холбоход суралцагчдыг урих талаар бодож үз.
Иохан 6:31–35, 47–51-ийг уншаад, Есүс талхны талаар юу гэж заасныг олж мэд.
-
Талх нь Есүс Христтэй юугаараа төстэй вэ?
-
Есүсийн бидэнд санал болгож буй зүйл хэрхэн талхнаас хавьгүй дээр вэ?
Талхны талаар судалж байхдаа Есүс Христ дээр анхаарлаа төвлөрүүлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж. Үүнийг “Тэнгэрээс ирсэн талх” нэртэй тараах материалыг суралцагчдад өгөх замаар гүйцэтгэж болно. Суралцагчид тараах материал дээр ганцаараа эсвэл жижиг бүлгээр ажиллаж болно.
Эсвэл та Гэтлэл 16:14–31, 35-ыг уншаад, талхны тухай асуулт хариулт зохиоход хэдэн суралцагчийг урьж болно. Тэд шүлгүүдийг уншаад хариулах боломжтой 3–4 асуултыг бичиж болох юм. Дараа нь бүлгүүд асуулт хариултаа өөр бүлэгтэй солилцож болно.
Суралцагчдыг дууссаны дараа зөв хариултуудыг хуваалц. Үүнд: 1. Үнэн; 2. Худал; 3. Худал; 4. Үнэн; 5. Үнэн; 6. Худал; 7. Үнэн; 8. Худал.
-
Талхны тухай эдгээр мэдээлэл бидний сүнслэг тэжээлийн хэрэгцээ шаардлагатай юугаараа хамаатай вэ?
-
Талхны тухай эдгээр мэдээлэл Есүс Христээс сүнслэг тэжээл авах талаар танд юу зааж чадах вэ?
Суралцагчид олон үнэ цэнтэй үнэнийг олж мэдсэн байж болох юм. Тодорхойлсон үнэнүүдийг яагаад чухал гэж бодож байгаагаа хуваалцаж болно. Та бас өөр дагалдах асуултуудыг тавьж болно. Энэ хичээлийн үлдсэн хэсэг нь Их Эзэнд өдөр бүр найдвал Тэрээр бидэнд хэрэгтэй сүнслэг тэжээлээр адисална гэсэн үнэн дээр төвлөрнө. (Жич: Суралцагчид 55-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 3” дээрх Их Эзэнд найдах хүслийнхээ талаар эргэцүүлэн бодно. Хэрэв та энэ хичээлийн үлдсэн цагт өөр үнэнд төвлөрөх хэрэгтэй гэж үзвэл, 55-р хичээлийг заахдаа зохих өөрчлөлтийг оруулсан байхад анхаар.)
Есүс Христ өдөр тутам бидэнд хэрэгтэй талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд та дараах мэдэгдлийг хуваалцаж эсвэл ChurchofJesusChrist.org дэх “Daily Bread: Pattern” (2:51) видеог үзүүлж болно.
Ахлагч Кристоффэрсон бид Их Эзэнээс өдөр бүр сүнслэг тэжээл авах хэрэгтэй талаар ярьсан.
Сүнслэг тэжээлгүйгээр хэдэн долоо хоног, сарыг өнгөрөөж болох ба энэ нь сүнслэг амьдралд маань муу, үхлийн нөлөө үзүүлэхгүй гэж бид бодох ёсгүй. Өдөр бүр сүнслэг хоол буюу талх хэрэгтэйг хүлээн зөвшөөрөх нь зөвийг хийх, Бурханыг үл тоомсорлодог байсан бол үйлчлэхгүй байснаасаа илүү ихээр бусдад үйлчлэх зоригийг маань өсгөн нэмэгдүүлэхэд тусалдаг. (“Daily Bread: Pattern,” Gospel Library)
-
Их Эзэнд өдөр бүр найдах нь яагаад хааяа нэг хүчирхэг сүнслэг туршлага олж авахаас дээр вэ?
Өдөр тутмын талх
Дараах заавруудыг өг. Суралцагчид санал болгосон судрын хэсгүүдээс гадна Gospel Library дээрээс “өдөр тутамдаа” эсвэл “өдөр бүр” гэх мэт үг, хэллэгүүдийг хайх замаар Сүмийн удирдагчдын мэдэгдлийг хайж болно.
Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудсыг “Өдөр тутмын талх: Есүс Христ” гэж гарчигла. Хуудасны голд нэг бүтэн талх зур. Дараах судруудыг судлаад, Их Эзэнд найдан сүнслэг тэжээл хүлээн авахын тулд өдөр бүр бидний хийж болох зүйлсийг олж мэд. Зурсан талхаа тойруулан, олж мэдсэн зүйлээ бич.
-
Дэд хууль 8:3
-
Дараахтай адил асуултуудыг тавьж, олж мэдсэн зүйлийнхээ талаар ярилцахад суралцагчдыг урь. Ангийнхнаасаа суралцахын зэрэгцээ олж мэдсэн санаагаа судлах тэмдэглэлдээ нэмж бичихэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.
-
Эдгээр үйлдлийн аль нь танд Амьдралын Талх болох Есүс Христийг өдөр бүр амьдралдаа урихад тусалсан бэ? Үүний үр дүнд Тэр таныг хэрхэн тэжээж, хүчирхэгжүүлсэн бэ?
-
Судраас олж мэдсэн зүйлсээс гадна та Их Эзэнд найдахын тулд өөр ямар ямар зүйлийг өдөр бүр хийхийг хичээдэг вэ?
-
Тэдгээрийг хийх хэрэггүй гэж боддог хүнд та юу гэж хэлэх вэ?
Цаг гарвал, Их Эзэн бидэнд яагаад хэрэгтэй тухай “Та байнга хэрэгтэй” (Дуулал, д. 48) дууллыг ангийнхантайгаа хамтдаа дуулах талаар бодож үз. Суралцагчид дуулал дээрх өөрсдөд нь утга учиртай санагдсан мөрүүдээ хуваалцаж болно.
Судлах тэмдэглэл дээр талхаа тойруулан бичсэн зүйлсийнхээ жагсаалтыг хар. Өдөр бүр Их Эзэнд илүү сайн найдахын тулд Түүний таныг хийж эхлээсэй эсвэл хийхээ болиосой хэмээн хүсэж байгаа нэг юм уу хоёр санааг дугуйл. Дараа нь дараах асуултуудад хариул.
-
Та өдөр бүр энэ зүйлийг хэзээ, хаана хийх вэ?
-
Энэ дадал хэвшлийг өдөр тутмын амьдралынхаа нэгэн хэсэг болгохын тулд ямар сорилт бэрхшээлийг даван туулах хэрэгтэй вэ? Та тэдгээр сорилт бэрхшээлийг хэрхэн даван туулж болох вэ?
-
Өдөр бүр энэ зүйлийг хийх нь цаг хугацаа өнгөрөх тусам таны Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой тогтоосон харилцаанд хэрхэн нөлөөлөх вэ?
Өдөр бүр Их Эзэнд найдах хэрэгцээний талаарх мэдрэмж, бодол санаагаа хуваалцсанаар хичээлээ өндөрлө. Дараа дараагийн хичээл дээр суралцагчид үүн дээрээ хэрхэн ажиллаж байгааг нь шалга. Та бас өдөр тутам Их Эзэнд найдахын тулд юу хийж байгаагаа суралцагчдадаа үе үе хэлж болно.