“Боловсролоо дээшлүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах: Бүх боломжит эх сурвалжийг ашиглах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Боловсролоо дээшлүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах: Бүх боломжит эх сурвалжийг ашиглах нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: 190-р хичээл
Боловсролоо дээшлүүлэхэд тулгардаг саад бэрхшээлийг даван туулах
Бүх боломжит эх сурвалжуудыг ашиглах нь
Их Эзэн “Бурханы алдар суу бол оюун билиг” (Сургаал ба Гэрээ 93:36) хэмээн заасан. Үүнээс гадна Сүмийн удирдагчид боловсролын ач холбогдлын талаар ахин дахин заасаар ирсэн. Гэхдээ зарим үед саад бэрхшээлээс болоод боловсрол эзэмшихээ үргэлжлүүлэхэд хэцүү болдог. Энэ хичээл нь суралцагчдад боловсролоо дээшлүүлэхэд учирч буй саад бэрхшээлийг даван туулах боломжит эх сурвалжуудыг тодорхойлоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Саад бэрхшээлийг тодорхойлох нь
Жич: Боловсролоо дээшлүүлэхэд тулгарах саад бэрхшээл дэлхий даяар янз бүр байдаг. Та баримт жишээ эсвэл болзошгүй саад бэрхшээлүүдийг өөрийн бүс нутаг, суралцагчдынхаа хэрэгцээнд тулгуурлан өөрчилж болно.
Ирээдүйн боловсролыг дүрслэн харуулахын тулд доорхтой адил, голын цаад тал руу ширтэн зогсох өсвөр насны хүүхдийн зургийг зурах юм уу иймэрхүү зураг үзүүлж хичээлийг эхлүүлээрэй. Дараа нь доорх жишээг хуваалц.
Саяхан семинарын хичээл дээр Лиамын багш ахлах сургуулиа төгсөөд үргэлжлүүлэн боловсрол эзэмшихийн ач холбогдлын талаар Сүмийн удирдагчдын хэлсэн зарим үгийг хуваалцжээ. Лиам энэ зөвлөгөөнд итгээд дагахыг хүссэн. Гэвч түүнийг ирээдүйн талаар бодох тусам оюун санаа нь зорилгодоо хүрэхэд саад болж болох бүх саад бэрхшээлээр дүүрдэг.
Та Лиамд тохиолдсон явдлыг хуваалцсаны дараа, Лиам болон өсвөр насны бусад хүүхдэд үргэлжлүүлэн боловсрол эзэмшихэд нь саад болж болзошгүй бэрхшээлүүдийг суралцагчдаар жагсаан бичүүл. Хэрэв суралцагчид суралцагчийн бэлтгэл хэсгийг гүйцэтгэсэн бол та жагсаан бичсэн саад бэрхшээлүүдийг нь суралцагчдаар хуваалцуулж болно.
Суралцагчдыг гадаад, дотоод саад бэрхшээлүүдийг авч үзэхэд урамшуул. Гадаад саад бэрхшээлд санхүүгийн хязгаарлалт, хангалтгүй дүн эсвэл хүртээмжгүй байдал зэргийг дурдаж болно. Дотоод саад бэрхшээлд өөртөө итгэл муутай байх, хүсэлгүй байх зэргийг багтааж болно.
Та үргэлжлүүлэн боловсрол эзэмшихэд учирч болзошгүй саад бэрхшээлүүдээ бодоход нь суралцагчдад туслахын тулд дараах зүйлсийг хийхэд уриарай.
Судлах тэмдэглэл дээрээ дараах асуултуудад хариулж бич.
-
Таныг үргэлжлүүлэн боловсрол эзэмшихэд ямар саад бэрхшээлүүд (самбар дээрх эсвэл бусдын хэлсэн) гарч болзошгүй гэж та санаа зовдог вэ?
-
Та эдгээр саад бэрхшээлийг давж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-
Эдгээр саад бэрхшээлийг даван туулахад Аврагч танд хэрхэн тусалж болох вэ?
Өнөөдрийн хичээлийн явцад, боловсрол эзэмшихэд тулгарах саад бэрхшээлүүдийг даван туулах тодорхой арга замуудыг тодорхойлоход тань туслах Сүнснээс илэрхийлэлт аваарай.
Иордан голыг гаталж байгаа нь
Суралцагчдыг боловсрол эзэмшихэд тулгарах саад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж болох талаар мэдэхийн тулд судруудыг ашиглахад нь туслахын тулд, Иошуа болон Иордан голыг гаталсан Израилын хүүхдүүдийн түүхийн талаар ярилцахыг бод (62-р хичээл: “Иошуа 2–4”-өөс дэлгэрэнгүй үзнэ үү). Шаардлагатай бол та дараах догол мөрүүдийг уншиж эсвэл нэгтгэн дүгнэж болно.
Иошуа болон Израилын хүүхдүүдийг Канаанд ирэхэд Их Эзэн тэдэнд Иордан голын нөгөө эрэг дээрх бүх нутгийг амласан билээ (Иошуа 1:1–7-г үзнэ үү). Гэвч тэд зорилгодоо хүрэхийн тулд үерлэсэн голыг гатлах саад бэрхшээлтэй тулгарчээ (Иошуа 3:15-ыг үзнэ үү).
Та дараах шүлгүүдийг суралцагчдаар уншуулж, ярилцуулахын тулд тэднийг хосууд болгон хуваарил. “Овоорон тогтох болно” (13-р шүлэг), “тогтон овоороод” (16-р шүлэг) гэдэг нь Иордан голын урсгал тасарч буйг хэлж байгааг тайлбарлах нь тустай байж болох юм.
Иошуа 3:6–8, 13–17-г уншаад, дараах зүйлсийг олж мэд.
-
Израилын хүүхдүүдэд Иордан голыг гатлах боломж олгохын төлөө үйлдсэн пристүүдийн итгэлийн үйлдлүүд
-
Израилын хүүхдүүдэд Иордан голыг гатлахад Бурханы үзүүлсэн тусламж
Суралцагчид олж мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа хуваалцаж болно. Тэд пристүүдийн итгэлийн үйлдлүүд болон Их Эзэний тусламж хэрхэн Израилын хүүхдүүдэд энэ саад бэрхшээлийг даван туулах боломжийг олгосон талаар ярилцаж болно.
Дараа нь та ангийнханд дараах асуултыг тавь.
-
Үргэлжлүүлэн боловсрол эзэмшихэд нь саад бэрхшээл тулгарч буй өсвөр насны хүүд энэ түүх хэрхэн тус болох вэ?
Сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн, боловсролоо дээшлүүлэхэд учрах саад бэрхшээлүүдийг даван туулахад хэрэглэж болох үнэний мэдэгдлийг судлах тэмдэглэлдээ бич.
Суралцагчид өөрсдийн үгээр дараахтай адил үнэнийг хуваалцаж болох юм. Биднийг Есүс Христэд итгэн урагшлах үед Тэр бидэнд тулгардаг саад бэрхшээлийг даван туулахад тусална.
-
Боловсрол эзэмшихэд тулгардаг саад бэрхшээлүүдийг даван туулахын тулд яагаад Есүс Христэд итгэн (чадах бүхнээ хийх) урагшлах шаардлагатай вэ?
-
Боловсрол эзэмшихэд тулгардаг саад бэрхшээлүүдийг даван туулахын тулд яагаад Бурханы тусламжийг итгэлтэйгээр эрэлхийлэх шаардлагатай вэ?
Та Есүс Христэд итгэн урагшлахын тулд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдгийг суралцагчдад сануулж болно. Жишээ нь: Зөвлөхтэйгөө ярилцах, мөнгө олох, аравны нэгээ итгэлтэйгээр төлөх зэрэг нь боловсрол эзэмшихэд тулгарах саад бэрхшээлүүдийг даван туулахын тулд Есүс Христэд итгэн урагшлах арга зам юм.
Дадлага хийх жишээ
Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад шүүмжлэлт сэтгэлгээний дадлага хийхэд тусална. Та шүүмжлэлт сэтгэлгээ бол биднийг зөв шийдвэр гаргахад тусалдаг чадвар гэдгийг суралцагчдад онцлон хэлж болно. Үүнд: 1) ямар шийдвэр гаргаж байгааг ажиглаж, мэдээлэл цуглуулах, 2) ажигласан зүйлийнхээ талаар асуух, 3) ажигласан зүйлээ бусадтай ярилцах, 4) сурч мэдсэн зүйлдээ үндэслэн асуудал шийдэх зэрэг багтана. Та энэ үйл ажиллагааны нэг хэсэг болгон, эдгээр алхам бүрийг суралцагчдаар хийлгээрэй.
Өсвөр насныханд тохиолдож болох саад бэрхшээлүүдийг харуулсан жишээг цаасан дээр бичихийг суралцагчдад санал болго. Хэрэв тэдэнд тусламж хэрэгтэй бол тэд дараах өгүүлбэрийн дутуу хэсгийг бөглөж болно.
(Өсвөр насны хүүхдийн нэр) ахлах сургуулиа төгсөөд боловсрол эзэмших нь чухал гэдгийг мэддэг. Гэхдээ үргэлжлүүлэн боловсрол эзэмшихэд тулгарч буй саад бэрхшээл нь (саад бэрхшээлийг дүрсэл).
Дараа нь та гүйцээж бичсэн жишээнүүдийг цуглуулж, хооронд нь холиод, ангийнханд дахин тарааж өгч болно.
Суралцагчид хүлээн авсан жишээний тухай доорх асуултуудад хариулахын тулд “Боловсролд тулгардаг саад бэрхшээлийг даван туулахын тулд мэдээлэл цуглуулах нь” тараах материалыг болон Иошуа 3 дээрээс сурч мэдсэн зүйлээ ашиглаж болно. Тэд цаасан дээрх жишээний ард хариултуудаа бичиж болно.
-
Энэ хүн боломжит эх сурвалжуудын талаар бодож үзэхдээ ямар асуултууд тавьж болох вэ? Тэд зарим асуултаа хэнтэй ярилцаж болох вэ?
-
Энэ хүн тулгарсан саад бэрхшээлийг даван туулах зорилгоор Есүс Христэд итгэн урагшлахын тулд ямар үйлдлүүд хийж болох вэ?
-
Бурхан тулгарсан саад бэрхшээлийг давахад нь түүнд хэрхэн тусалж болох вэ?
Та зохиосон жишээ, зөвлөгөөгөө ангийнхантай хуваалцахад суралцагчдыг урь. Та ярилцлагынхаа нэг хэсэг болгон, Бурхан суралцагчдад эсвэл тэдний таньдаг хэн нэгэнд боловсролоо дээшлүүлэхэд нь тулгарах саад бэрхшээлүүдийг даван туулахад тусалсан туршлагыг нь тэднээр хуваалцуулж болно. Эсвэл та 2024 оны 5-р сарын дэлхий даяарх залуучуудад зориулсан онцгой цугларалтын “Ахлагч Гилберт, Гилберт эгч хоёрын сэтгэгдэл” дээрх жишээг цагийн код 3:25-аас 5:48 хүртэл үзүүлэн хуваалцаж болно.
Дүгнэлт
Та хичээлийн эхэнд тодорхойлсон хувийн саад бэрхшээлийн жагсаалтыг эргэж харахад суралцагчдыг урь. Тэднийг тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулахдаа Сүнсний удирдамжийг эрэлхийлэхэд урамшуул.
-
Та саад бэрхшээлүүдийг даван туулж, таныг ирээдүйд боловсрол эзэмшихэд бэлтгэхэд туслах өнөөдрийн ярилцлагаас ямар эх сурвалжуудыг ашиглаж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос саад бэрхшээлийг даван туулахдаа тусламж авахын тулд та ямар итгэлийн үйлдлүүдийг хийж чадах вэ?
Та бид бүх зүйлийг чадах чинээгээрээ баяртайгаар хийвэл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр боловсролоо дээшлүүлэхэд тулгарах саад бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд туслах болно гэдгийг гэрчилснээр хичээлээ өндөрлүүлж болно.