“Боловсролын ач холбогдол: Боловсролын материаллаг, сүнслэг адислал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Боловсролын ач холбогдол: Боловсролын материаллаг, сүнслэг адислал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: 188-р хичээл
Боловсролын ач холбогдол
Боловсролын материаллаг, сүнслэг адислал
Боловсрол эзэмшихэд сорилт бэрхшээл их тулгарч болох ч золиослол, хүч чармайлт гаргах нь үнэ цэнтэй юм. Боловсрол зөвхөн биднийг адислаад зогсохгүй бидний эргэн тойронд байгаа хүмүүсийг адисалж, Их Эзэний ажлыг гүйцэлдүүлэх илүү сайн зэмсэг болоход биднийг бэлтгэдэг. Энэ хичээл нь боловсролын ач холбогдлыг материаллаг, сүнслэг аль аль талаас нь ойлгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Сурах дуртай зүйлийнх нь талаар, энэ сонирхлоо хэрхэн хөгжүүлснээ тунгаан бодохыг суралцагчдаас хүс. Тэд мөн энэхүү сонирхлынхоо талаар сурч мэдэх нь тэдэнд хэчнээн үнэ цэнтэй байсныг тунгаан бодож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эрх чөлөө эсвэл хязгаарлалт
Самбар дээр доор харуулсны дагуу хоёр юүлүүрийн зураг зураарай. Суралцагчдаар судлах тэмдэглэл дээр нь юүлүүр зуруул. Түүнээс гадна та ангид юүлүүр авчирч эсвэл цаасаар энгийн юүлүүр хийж болно.
Суралцагчдаас юүлүүрийн илүү нарийссан үзүүрийг, мөн илүү нээлттэй эсвэл чөлөөтэй харагдах үзүүрийг тэмдэглэхийг хүс. Дараа нь эхний зургийн дээд талд Боловсрол эзэмших гэж бич.
Энэ юүлүүрийн нарийссан хэсгийг боловсрол эзэмших гэж төсөөлөөрэй.
-
Ямархуу арга замаар боловсрол эзэмших нь зарим хүнд хориглогдсон эсвэл хязгаарлагдмал санагддаг байж болох вэ?
-
Доод талын том онгорхой нь юуг төлөөлж байна вэ? Яагаад?
Боловсролтой болоход хичээл зүтгэл, сахилга бат, золиослол шаардагддаг ч энэ нь Их Эзэнээс ирэх адислал руу, тэр дундаа илүү их эрх чөлөө, боломж, өсөлт хөгжил рүү хөтөлдөг гэдгийг суралцагчдад тайлбарлаж болно.
Хоёр дахь зургийн дээд талд Боловсрол эзэмшихгүй байхыг сонгох гэж бич.
Одоо энэ юүлүүрийн том онгорхойг боловсрол эзэмшихгүй байх сонголт гэж төсөөл.
-
Доод хэсгийн жижиг онгорхой юуг төлөөлж байна вэ? Яагаад?
Суралцагчид боловсролтой болохын тулд хичээл зүтгэл гаргахгүй байх нь эхэндээ эрх чөлөөтэй мэт санагдаж болох ч эрх чөлөө, боломж, өсөлт хөгжлийг хязгаарлаж эсвэл хориглоход хүргэж болно гэдгийг тайлбарлаж болно.
Дараах асуултуудыг тунгаан бод.
-
Таны хувьд боловсрол хэр чухал вэ? Яагаад?
-
Боловсрол эзэмших эсэх сонголт нь танд болон таны эргэн тойрны хүмүүст хэрхэн нөлөөлж болох вэ?
Ариун Сүнс зөвхөн танд зориулсан захиаснуудыг ойлгоход тусална. Боловсролын талаар судалж байхдаа таныг боловсрол, амьдралын зорилгодоо хүрэхэд тусалж болох сэтгэгдлүүдэд анхаарал хандуул.
Үргэлж суралцдаг байх
Дараах мэдэгдлүүдийг үзүүл. Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө удирдамжийг суралцагч бүрд тарааж өг эсвэл тэдэнд Gospel Library апп-аас олж үзэхийг санал болго.
Та мэдэгдлүүдийг бие даан судлахад суралцагчдыг урьж, дараа нь тэднийг жижиг бүлгүүдэд хуваан, гарах асуудлуудын талаар ярилцуулж болох юм.
Дараах мэдэгдлүүдийг уншаад, сурч боловсрох талаар юу сурснаа олж мэд.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Бүтээгч маань газар бүрд буй Өөрийн хүүхдүүдийг боловсролтой болоосой гэж хүсдэг. (“Боловсрол—шашны хариуцлага” [Айдахо дахь Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2010 оны 1-р сарын 26], byui.edu)
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч удирдамжид ийн тайлбарласан байдаг.
Тэнгэрлэг Эцэг Өөрийн хөвгүүд, охидыг үргэлж суралцдаг байгаасай гэж хүсдэг. Суралцахыг эрэлхийлж, бас суралцахад дурлахад танд материаллаг, сүнслэг хэрэгцээний аль аль нь байгаа. Боловсрол бол зөвхөн мөнгө олох тухай асуудал биш юм. Энэ бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох мөнхийн зорилгын тань нэг хэсэг юм. …
Үргэлж суралцдаг бай. Оюун ухаанаа тэлж, ур чадвараа сайжруулах боломжийг эрэлхийл. Энэ боломж нь сургууль болон мэргэжил сургалтын төвөөс авч болох албан ёсны боловсролоос гадна өөрийн найдвартай гэж үзсэн боловсролын албан бус эх үүсвэрүүд байж болно. Хичээл зүтгэлдээ Их Эзэнийг оролцуул. Тэр таныг удирдах болно. Амьдарч буй эх дэлхийнхээ талаар суралцахдаа, дэлхийг бүтээсэн Аврагчийн талаар түүнчлэн суралц. Түүний амьдрал, сургаалаас суралц. Институт, семинар, сайн мэдээнээс суралцах хувийн сургалтаа насан туршид суралцах үйл явцынхаа нэг хэсэг болго. …
Боловсрол Их Эзэнд үйлчлэх чадварыг тань нэмэгдүүлнэ. Энэ нь та нарт бусдыг, ялангуяа гэр бүлээ адислах хүч чадлыг өгөх болно. Илүү ихийг сурч мэдэх тусмаа та нар Бурханы хаант улсыг байгуулж, дэлхийд сайнаар нөлөөлөх болно. (Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч [2022], 31–32)
-
Эдгээр мэдэгдлээс аль үнэн нь танд хамгийн чухал санагдаж байна вэ? Яагаад?
-
Эдгээр мэдэгдлээс бид ямар мөнхийн үнэнийг мэдэж авч болох вэ?
Суралцагчдын хуваалцсан үнэнийг самбар дээрх эхний юүлүүрийн хажууд бич. Суралцагчид үүнийг мөн адил зургаар илэрхийлж болно. Тэд дараах үнэнийг хуваалцаж магадгүй.
-
Боловсрол бол Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болох бидний мөнхийн зорилгын нэг хэсэг юм.
-
Тэнгэрлэг Эцэг Өөрийн хөвгүүд, охидыг үргэлж суралцдаг байгаасай гэж хүсдэг.
-
Боловсрол Их Эзэнд үйлчлэх болон бусдыг адислах бидний чадварыг нэмэгдүүлдэг.
-
-
Сурч, боловсрох нь яагаад Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний чухал хэсэг болдог вэ?
-
Боловсролыг хориотой, хязгаарлагдмал зүйл гэж үздэг хэн нэгэнд эдгээр үнэн хэрхэн тусалж болох вэ?
Боловсролын ач холбогдол
Сурч, боловсрох нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн өсөлт хөгжлийн нэн чухал хэсэг байсаар ирсэн билээ. Жишээ нь: Адам, Ева хоёр хүүхдүүддээ шашны болон шашны бус зүйлсийн аль алиныг заадаг байсан (Moсе 5:10–12; 6:5–6-г үзнэ үү) ба ийнхүү Тэнгэрлэг Эцэгтэйгээ илүү адилхан болоход нь тэдэнд тусалсан.
Цаг хугацаанаас хамааран, боловсрол эзэмшихэд нь Их Эзэн тэднийг хэрхэн цаашид адислах талаар ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах сонголтуудаас аль нэгийг эсвэл илүү олныг ашиглаарай. Тэд олж мэдсэн адислалуудаа эхний юүлүүрийн зургийн доор жагсаан бичиж болно.
-
Суралцагчид “Боловсролын ач холбогдол” хэмээх тараах материал дээрх зааврыг дагаж болно.
-
Суралцагчид “Илүү сайн амьдралын төлөө сурч боловсрох нь” (4:55) эсвэл “Суралцах дур хүсэл” (2:57) видеог үзээд, суралцах болон боловсрол эзэмших нь адислал, боломжууд руу ямар арга замуудаар хөтөлдгийг ойлгоно. Эдгээр видеог ChurchofJesusChrist.org вэбсайтаас үзэх боломжтой.
-
Суралцагчид сурч, боловсрохыг эрэлхийлэхэд сүнслэгээр нөлөөлөх судар эсвэл эшлэлийг олж болно. Тэд Сэдэв ба асуулт эсвэл Gospel Library-аас “Боловсрол” сэдвийг хайж олж болно. Дараах судрууд ашиг тустай байж мэднэ. Үүнд: Сургаалт үгс 3:13–20; 4:5–8; Сургаал ба Гэрээнүүд 130:18–19.
Дараа нь суралцагчид сурсан эсвэл олж мэдсэн зүйлээ хуваалцаж болно. Тэд мөн олж мэдсэн адислалуудаа хэрхэн самбар дээрх үнэний нотолгоо болж байгааг хуваалцаж болно. Хүссэн суралцагчид дараах асуултуудын нэг эсвэл хоёуланд хариулж болно. Үүнд:
-
Та суралцаж, боловсролтой болсноор өөрийн эсвэл бусдын амьдралд Их Эзэнээс ирэх ямар адислалуудыг харж байсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг таны боловсролд анхаарал тавьж байгааг та ямар тохиолдолд анзаарч байсан бэ?
Дүгнэлт
Сургуулийг үзэн яддаг, цаашид үргэлжлүүлэн боловсрол эзэмших шаардлагагүй гэж бодож байгаа нэг найзтай гэж төсөөл. Өнөөдөр сурсан зүйлээ ашиглан, найзтайгаа хуваалцах зүйлээ бичээрэй. Та дараах жишээнүүдийг багтаахыг хүсэж болох юм.
-
Боловсрол эзэмшсэнээр Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг адисалж чадах материаллаг, сүнслэг адислалууд.
-
Таны хувьд утга учиртай судар, эшлэл, хувийн бодол санаа эсвэл туршлагууд.
Цөөн суралцагчаар ангийнхантай санаа бодлыг нь хуваалцуул. Боловсрол бидний амьдралд агуу адислал болдог, ялангуяа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход тусалдаг тухай гэрчлэхийг бодоорой.