“Зөвлөгчөө олох: Их Эзэн бидний зам дээр үлгэр дуурайлал болох хүнийг тавьдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Зөвлөгчөө олох: Их Эзэн бидний зам дээр үлгэр дуурайлал болох хүнийг тавьдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Ирээдүйн боловсрол, ажилд бэлтгэх: 191-р хичээл
Зөвлөгчөө олох
Их Эзэн бидний зам дээр үлгэр дуурайлал болох хүнийг тавьдаг
Амьдралаа эргэцүүлэн бодох үед тань итгэл хүлээсэн зөвлөгчид танд хэрхэн тусалсан бэ? Мосе, Иошуа нараас Ели, Самуел хүртэлх судрын түүхүүд зөвлөгчтэй харилцаа холбоотой байхын үнэ цэнийг харуулдаг. Эдгээр түүх биднийг төгс зөвлөгчид болох Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу биднийг чиглүүлдэг. Энэ хичээл нь суралцагчдад боломжит боловсрол, ажил мэргэжлийн зөвлөхүүдийг олж, тэдэнтэй холбоо тогтоох төлөвлөгөө гаргахад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Одоогийн болон ирээдүйн боловсрол, ажил мэргэжлийн зорилгуудынхаа талаар тунгаан бодохыг суралцагчдад санал болго. Эдгээр зорилгод хүрэхэд нь туслах үлгэр жишээг үзүүлж чадах эсвэл зөвлөгч болж үйлчилж чадах, итгэлтэй насанд хүрэгчдийн жагсаалтыг гаргаж, жагсаалтаа ангид авчрахыг суралцагчдаас хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та хэнийг дагахыг хүсэх байсан бэ?
Өтгөн ширэнгэн ой дундуур найзуудтайгаа бүлгээрээ аялах гэж байна гэж төсөөлөхөд суралцагчдыг урьж хичээлээ эхлүүлээрэй. Аялал хэцүү байх боловч хүрэх газар нь гайхалтай бөгөөд хүчин чармайлт гаргасандаа харамсахгүй байх болно гэж бүлгийнхэнд хэлсэн. Тус бүлэгт удирдан чиглүүлж явах хэн нэгнийг сонгох хэрэг гарчээ.
-
Та хөтчөө ямар ур чадваруудтай байгаасай гэж хүсэж байна вэ? Яагаад?
-
Бүлгийн нэг гишүүн танд хөтөч хэрэггүй гэж хэлбэл та юу гэж хариулах байсан бэ?
Энэ жишээ тэдний боловсрол, ажил мэргэжлийн төлөвлөгөөтэй хэрхэн хамаатай талаар бодож үз гэж суралцагчдад хэл. Та энэ хичээл нь зөвлөгчдийг олох, тэдэнтэй холбоо тогтооход төвлөрнө гэдгийг дурдаарай.
Жич: Зөвлөгч хэрэггүй гэж үзэх суралцагчид байж магадгүй. Та зөвлөгчдийн үнэ цэн, өнөөдөр тэднээс ямар тал дээр тусламж авч болохоо ойлгоход нь тэдэнд туслах боломжуудыг хайж ол. Зөвлөгч нь хөтөчтэй адил бидэнд боловсрол, ажил мэргэжлийн тал дээр шийдвэр гаргахад туслах туршлага, ойлголтыг өгдөг гэдгийг ойлгоход нь суралцагчдад тусал.
Эдгээр мэдэгдлийг судалж, Их Эзэн таныг зөвлөгчдийн зөвлөгөөгөөр дамжуулан хэрхэн удирдаж болохыг олж мэдээрэй.
Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх асан Милтон Камарго ах ийн хэлжээ.
Та боловсрол эзэмших аяныхаа ямар нэгэн үед … маш их хийх зүйлд дарагдаж магадгүй. Сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ та ганцаараа биш гэдгээ санаарай. Их Эзэн танд гэр бүлийн гишүүд; Сүмийн удирдагчид; найзууд; багш нар, зөвлөгчид гээд дэмжлэг үзүүлэх олон хүнийг өгсөн. Мэдээж хэрэг, Их Эзэн Өөрөө та нарыг тайтгаруулж, хүчирхэгжүүлэхэд үргэлж бэлэн байдаг. (“Persevere with the Lord’s Help” [BYU–Pathway дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 3-р сарын 1], 2, byupathway.edu)
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд ийн заажээ.
[Зөвлөгчид] биднээс өмнө уг замаар явж үзсэн бөгөөд тэд замыг мэддэг. … Илүү туршлагатай, итгэл хүлээсэн хувь хүн туршлага багатай хүнд Бурханы үйлчлэгчийн хувьд илүү үр дүнтэй, хүчирхэг, илүү ухаантай мөн үнэ цэнтэй болгох ойлголт, зарчмуудыг төлөвшүүлэхэд нь тусалдаг үр дүнтэй хөтөч, зөвлөгч болдог” (“Thy Friends Do Stand by Thee” [Бригам Янгийн Их Сургуулийн онцгой цугларалт, 2010 оны 3-р сарын 7], 3, speeches.byu.edu).
-
Энэ зөвлөгөөнөөс юу нь таны анхаарлыг татсан бэ?
Суралцагчдыг хариулсны дараа, Их Эзэн итгэл хүлээсэн зөвлөгчдөөр дамжуулан биднийг удирдан чиглүүлдэг гэсэн үнэнийг самбар дээр бич.
Суралцагчдаар дараах асуултыг эргэцүүлэн бодуул.
-
Та эсвэл таны таньдаг хэн нэгэн ямар үед зөвлөгчөөс тусламж авч байсан бэ?
-
Их Эзэн зөвлөгчийн зөвлөгөөгөөр дамжуулан таныг удирдан чиглүүлэх нь таны боловсрол эсвэл ажил мэргэжлийн хувьд ямар байдлаар ашиг тустай вэ?
Та өөрт тань зөвлөгчөөр үйлчилсэн хэн нэгний жишээг хуваалцаж болно. Тэр хүнтэй хамт ажилласан туршлагаа, тэр нь таны амьдралд Аврагчийн удирдамжийг олж харахад хэрхэн тусалсан талаар хуваалцаарай.
Өнөөдөр судалж байхдаа та боловсрол, ажил мэргэжлийн тал дээр шийдвэр гаргахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхэд тань тусалж чадахуйц итгэлтэй зөвлөгчдийг олж таньж мэдэхэд туслах Ариун Сүнсийг уриарай.
Зөвлөгчийн талаарх судрын жишээнүүд
Тэнгэрлэг Эцэгт өгсөн цол хэргэмүүдийн нэг болох “Зөвлөгөөний Хүн” (Мосе 7:35-ыг үзнэ үү) гэдгийг хуваалцах нь тустай байж болох юм. Та Иохан 5:19–20; Иохан 8:26–28-ыг уншаад, Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү Есүс Христэд хэрхэн зааж сургасныг олж мэдэхэд суралцагчдыг урь. Та дараах асуултыг тавьж болно.
-
Аврагчид зөвлөгч хэрэгтэй байгааг ойлгоход бидэнд юу тусалж болох вэ?
Суралцагчид Есүс Эцэгийнхээ үлгэр жишээнээс суралцаж, Эцэгээсээ зөвлөгөө, удирдамж эрэлхийлсэн гэдгийг дурдаж магадгүй.
Суралцагчдыг хуваалцсаны дараа та Их Эзэн Өөрийн хүмүүсийг сүнслэг нөлөө бүхий зөвлөгчдөөр дамжуулан удирддаг тухай дараах судрын жишээнүүдийг яриарай. Суралцагчид хамтрагчтайгаа хамт ажиллаж, нэг түүх сонгож судлаад, дагалдах асуултуудад хариулж болно.
Мосе, Иошуа хоёр: Дэд хууль 3:21–22 (Мосе Иошуаг удирдан чиглүүлсэн), 28 (Мосед өгсөн Их Эзэний заавар)
Бошиглогч эмэгтэй Дебора ба түүний цэргийн жанжин Барак: Шүүгчид 4:4–10, 14; Шүүгчид 5:1–3 (Израилын ялалтыг тэмдэглэв)
Дээд прист Ели ба залуу бошиглогч Самуел: 1 Самуел 3:1–10
-
Их Эзэн хэрхэн энэ зөвлөгчөөр дамжуулан удирдамжаа өгсөн бэ?
-
Энэ түүх нь зөвлөгчөөс тусламж эрэлхийлэхээс татгалздаг хэн нэгэнд хэрхэн тусалж болох вэ?
Дараах үйл ажиллагаа нь боломжит зөвлөгчдийг олж, тэдэнтэй холбоо тогтоох төлөвлөгөө гаргахад суралцагчдад тусална.
Суралцагч бүрд “Зөвлөгч олох нь” нэртэй тараах материалыг өг. Тараах материал дээрхийг гүйцээж ажиллахын тулд суралцагчдыг бүлгүүдэд эсвэл хамтрагчтай нь хуваарил. Эсвэл та тараах материалын хэсэг бүрийг ангийн эргэн тойронд байрлуулж, суралцагчдаар үйл ажиллагаа нэг бүрийг ээлжлэн хийлгүүлж болно.
Их Эзэн итгэлтэй зөвлөгчдөөр дамжуулан биднийг хөтлөн удирдана
Хангалттай хугацаа гаргаж өгсний дараа хэдэн суралцагчаар бүлгээрээ ярилцсан зүйлсийг нь хуваалцуул. Та хуваалцах хүсэлтэй суралцагчдаар төлөвлөгөөг нь ангийнхантай хуваалцуулж болно.
Эцэг эхчүүд, багш нар, сургуулийн зөвлөгчид болон бусад хүн суралцагчдад тохирох зөвлөгчийг олоход тусалж чадна гэдгийг тайлбарлах нь тустай байж мэднэ. Зарим салбар, тойрог, хэсэгт боловсролын болон ажил мэргэжлийн зохицуулагчид ч байдаг. Их Эзэн бидний зам дээр зөвлөгчөөр үйлчилж болох итгэлтэй олон хүнийг байлгадаг гэдгийг суралцагчдад ойлгуул. Зарим хүн богино хугацааны зөвлөгч байж, бидний тодорхой хэрэгцээг хангадаг. Бусад зөвлөгч бидэнтэй илүү урт хугацаагаар хамтран ажиллах боломжтой.
Суралцагчдад өөрсдөд нь тусалж чадах зөвлөхүүдийг олж, тэдэнтэй холбоо тогтоохын тулд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийлэхийг санал болго. Тэр тэднийг хэрэгтэй тусламжаар нь хангана гэдгийг гэрчил.