Ахлагч Гилбэрт, Гилбэрт эгчийн сэтгэгдэл
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2024 оны 5-р сарын 5
Ахлагч Кларк Г.Гилбэрт: Ахлагч Годой, Годой эгч ээ, баярлалаа. Энэ долоо хоногийн эхээр би эхнэртээ Годойгийнхон бид хоёрыг хэдэн минут үг хэлээч гэж байна гэж хэлсэн. Тэр хариуд нь “Хэдэн хүн очих юм бол?” гэлээ. Тэгэхэд нь би “Өө, Табэрнэклд хэдэн мянган хүн, тэгээд дэлхий даяар хэдэн зуун мянган хүн байгаа. Сандрах хэрэггүй ээ” гэж хариулсан.
Энэ үдэш та бүхэн ямар хүчтэй захиас хүлээн авав аа. Ахлагч Годой, Годой эгч ээ, залуучуудад сайхан захиас хуваалцсанд баярлалаа. Кристийн бид хоёр Сүм даяарх залуучуудаас суралцаж, тэдэнтэй санаа бодлоо солилцох боломжуудад талархдаг. Энэ үдэш Годойгийнхны захиасыг сонсоход сайхан байлаа. Бид өсөж том болохоороо Годойгийнхон шиг болох хэрэгтэй. Тэд залуучуудын хэрэгцээ, тэдэнд тулгардаг асуудлуудыг ойлгодог бас та нарт маш их хайртай гэдэг нь тодорхой байна.
Тэдний захиас үнэхээр Христэд төвлөрсөн, бошиглолд суурилсан байсан нь надад гайхалтай байсан. Энэ үдэш тэднийг сонсох үед надад дэлхий даяарх бусад цугларалт дээр ерөнхийлөгч Нэлсон, ерөнхийлөгч Өүкс зэрэг төлөөлөгчийн эрх мэдэлтэй олон удирдагчийн хуваалцсан бошиглолын үнэн захиаснуудыг давтсан цуурайг сонссон мэт санагдлаа. Одоо түр азнаад, өнөөдөр Годойгийнхны хуваалцсан сэдвүүдийг эргэн харцгаая:
-
Христийн мөн өөрсдийн гэрээний нэг хэсэг байх
-
Болзоо
-
Хувийн илчлэл хүлээн авах
-
Үйлчлэлийн загвар
-
Ариун сүм
-
Номлол
-
-
Хайр дурлал ба гэрлэлт
-
Институтэд хамрагдахын ач холбогдол
Годой ах, эгч хоёр та бүхэнтэй өөрсдийн амьдралын аяны талаар зүгээр нэг хуваалцаад зогсохгүй та нарын хүн нэг бүрд хандан, дотночилж ярилаа. Энэ нь тэд та нарыг хайрлаж, та нарт санаа тавьж байгаагийн илрэл болсон гэдэгт би найдаж байна. Мөн тэд өөрсдийн хуваалцсан захиасаар бошиглолын сургаалыг хүч түрэн дэмжиж, бидэнд энэ бүгдийг Аврагч Христ дотор мөн Түүгээр дамжуулан дагахыг санууллаа.
Кристийн Гилбэрт эгч: Энэ үдэш надад таалагдсан зургуудын нэг нь Годойгийнхны залуу хос байх үеийн зураг байсан. Карлос бага зэрэг түгшсэн харагдаж байхад, Моника нэлээн өөдрөг харагдаж байна!
Одоо энэ зургийг Годойн өнөр өтгөн болсон гэр бүлийн зурагтай харьцуулан харья.
Залуу Карлос, Моника хоёр тэр олон жилийн өмнө ирээдүйн хүүхдүүд, хүргэн бэрүүд, ач зээ нарынхаа талаар төсөөлж байсан болов уу. Тэд өөрсдийн эзэмших мэргэжил, ажил төрөл, үр хүүхэдтэй болж, өсгөн хүмүүжүүлэх, Сүмийн үйлчлэл, дэлхийг хөндлөн гулд тойрон амьдрах, Сүмд олны өмнө биелүүлж буй одоогийн дуудлагынхаа талаар төсөөлж байсан болов уу. Бид ахлагч Годой, Годой эгч хоёртоо хайртай. Бид тэднийг анд найзаа гэж хардаг. Бас гэрээнүүдээ сахиж, сайн мэдээгээр амьдарч, Их Эзэнийг амьдралынхаа аяны нэг хэсэг болгосноор юуг гүйцэлдүүлж чадах вэ гэдгийн үлгэр жишээ гэж хардаг. Бид Их Эзэнийг амьдралынхаа нэг хэсэг болговол Тэр бидний хүсэл мөрөөдлийг удирдан чиглүүлж, бүхий л чадлаа зориулж буй хичээл зүтгэлийн маань үр нөлөөг нэмэгдүүлэх болно гэдгийн гэрч нь би өөрөө юм.
Ахлагч Гилбэрт: Годойн гэр бүлийн амьдралын аян; Их Эзэнийг амьдралынхаа нэг хэсэг болгосон загварыг эргэцүүлэх үед надад зургаан жилийн өмнө ахлагч Годойтой холбоотой тохиолдсон нэгэн явдал санаанд орлоо.
Тэр үед би BYU-Pathway Worldwide хөтөлбөрийн ерөнхийлөгчөөр үйлчилж байсан. Харин ахлагч Годой тэр үед Перу улсын Лима хотод байрлах Өмнөд Америкийн Баруун хойд бүсийн ерөнхийлөгч байсан юм
Перу бол Сүмийн 40 гаруй гадас, өдгөө хоёр ариун сүмтэй гайхалтай бүс юм. Перуд манай BYU-Pathway хөтөлбөрийн мянга мянган оюутан бий. Өнөөдрийнхтэй яг адил тэр нэгэн үдэш бид ахлагч Годойгоос залуучуудад хандан өөрсдийн боловсрол эзэмшсэн аяныхаа талаар ярихыг хүссэн юм.
Ахлагч Годой хэлэх үгээ бэлдсэн байсан ч тэнд цугласан бүх оюутныг индрээс харж байхад бидний тэднээс хүссэн зүйлийн улмаас сэтгэл нь ихэд хөдөлсөн. Англи хэлийг суралцан, мэргэжлийн хичээлүүд авч, мөн өөрсдийн төрөлх бус хэлээр сурахын хажуугаар бүтэн цагаар ажиллаж буй залуучуудын талаар бодох үед сэтгэл нь хөдөлсөн байлаа. Ахлагч Годой сэтгэл хөдлөлдөө автаж, бэлдсэн захиасаа хойш тавин босож зогсоод: “Бидний та бүхнээс хүсдэг зүйлс, ялангуяа ганцаараа хийхийг хичээж байгаа тохиолдолд хэцүү байх болно. Үүнийг хийж чадах цорын ганц арга зам бол Их Эзэнийг суралцах үйлц явцдаа оролцуулах явдал юм. Их Эзэнийг хамтрагчаа болгосноор бүх сайн зүйл өөрийн цаг хугацаанд ирэх болно” гэж зоригтойгоор хэлсэн юм.
Тэр мөчид ахлагч Годой тэр олон жилийн өмнө Бразилд залуу байхдаа үүнийг бүрэн ойлгоогүй байснаа мэдэж байсан юм. Өөрийн болох ёстой нэгэн болж, амьдралын аянд баяр баясгаланг мэдрэх цорын ганц арга зам бол Их Эзэнийг оролцуулах явдал ажээ. Энэ үдэш бид бүгд энэ зарчмын гэрчийг харлаа. Карлос Годой, Моника Годой хоёр бол итгэлээ Их Эзэнд тавьж, Түүнийг хамтрагчаа болговол бид юу хийж чадах вэ гэдгийн амьд жишээнүүд юм.
Бид энэ хосод хайртай. Тэдний та нарт хандсан захиасанд гүнээ талархаж байна. Та нар өөрсдийн хичээл зүтгэлд Их Эзэнийг оролцуулсан үед Тэр та нарын амьдралд гайхамшгуудыг бүтээх болно хэмээх өөрсдийн гэрчлэлийг Кристийн бид хоёр хуваалцаж байна. Бид эдгээрийг Есүс Христийн нэрээр хэллээ, амен.