Ирээдүйд итгэх итгэл
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2024 оны 5-р сарын 5, ням гараг
Ахлагч Гилбэртэд болон Гилбэрт эгчид гайхалтай зөвлөгөө өгсөнд нь маш их баярлалаа. Мөн Перуд олж авсан туршлага, та бүхний заасан зүйл, бидний хэчнээн их адислагдсан, тэр бүх зүйл энэ өдрүүдэд та нарын заасан зүйлийн төлөө байсныг би санаж байна.
Би найдвар хэмээх нэг үгээр захиасаа дуусгахыг хүсэж байна.
Нас ахисан хүмүүс бид залуучуудыг бодвол амьдралд маань Их Эзэний мутар оролцдогийг илүү амархан олж хардаг гэж би боддог. Бид илүү олон жил амьдарч, өнгөрснөөсөө илүү их туршлага хуримтлуулсан байдаг тул амьдралаа эргэн харах үедээ хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн мутар биднийг амьдралын маань туршид удирдан чиглүүлж, хамгаалж байсныг ойлгох чадвартай байдаг.
Одоо эргээд бодох нь ээ, би ганцаараа байна гэж бодож байсан үеүддээ ганцаараа байгаагүйгээ ухаарч байна. Зарим нэг хаалга хаагдахад яагаад юм бол гэж бодон, гомдоллодог байсан үед мөн залбирлуудын маань хариулт ирэхгүй байна гэж бодох үед, үнэндээ, өөр цаг мөчид өөр нэг газарт илүү дээр зам руу хөтлөх өөр нэг хаалга нээгддэг байсныг одоо би ойлгосон. Би тухайн үеүдэд Их Эзэний нөлөөг бүрэн анзаардаггүй байж. Эргээд бодоход, Их Эзэний нөлөө байсныг одоо би ойлгох болсон.
Би өөрийгөө гэрэлт ирээдүйгээ бүтээх ухаантай хүн нь мөн гэж итгэн, өөрөө эсвэл Моникатай хамт ухаалаг шийдвэр гаргаж байгаа хүн нь шүү дээ гэж боддог байсан үе мөч олон байсан. Тайзны араас намайг удирдан чиглүүлж, болзошгүй алдаа хийхээс сэргийлдэг үл үзэгдэх мутрыг би одоо харж чадна. Тэр үргэлж миний төлөө байсныг би ойлгосон.
Тиймээс биднийг мэддэг, бидэнд анхаарал халамж тавьдаг Тэнгэр дэх Эцэг бидэнд байдгийг би гэрчилж чадна. Биднийг хайрладаг, амьдралын маань ямар ч үед бидэнд туслахад бэлэн Аврагч байдаг гэдгийг би гэрчилж чадна.
Заримдаа та нарын зарим нь амьдралдаа юу туулж байгааг минь хэн ч мэдэхгүй гэж боддог байж болох юм. Бидний хэн нь ч мэдэхгүй гэдэг дээр таны зөв байх. Гэхдээ Аврагч мэддэг. Ахлагч Бэднар ийн заасан:
“Аврагчийн урьтаж биеэрээ амсаагүй бие махбодын тийм өвдөлт, уй гашуу, сэтгэл санааны зовлон, өвчин эмгэг, сул доройг бид мөнх бус амьдралынхаа аяны үеэр үзнэ гэж байхгүй. ‘Үүнийг хэн ч ойлгодоггүй. Хэн ч мэддэггүй’ хэмээн бид цөхөрч гутарсан үедээ дуу алддаг. Үүнийг мэддэг хүмүүн ер нь байдаггүй биз ээ. Гэвч Бурханы Хүү ачаа дарамтыг маань биднийг мэдэрч үүрэхээс өмнө мэдэрч, Өөрөө үүрсэн учраас биднийг төгс мэдэж, төгс ойлгодог. Тэрбээр тэрхүү ачаа дарамтыг Өөрөө үүрч, төлөөсийг нь бүрэн төлсөн болохоор биднийг төгс ойлгож, [амьдралын] маань олон үе шатанд нигүүлслийн мутраа сунгадаг.”
Яагаад мөн хэрхэн Аврагч ийн тусалж чаддаг талаар бид Алма 7 дээрээс мэдэж авдаг.
“Мөн тэрээр бүх төрлийн өвчин, зүдгүүр мөн уруу таталтуудыг тэвчих болно; мөн тэр өөрийн хүмүүсийн өвчин мөн эмгэгүүдийг өөр дээрээ авах болно гэсэн тэрхүү үг биелэгдэж болохын тулд ингэх бөлгөө.”
Тиймээс Аврагч зөвхөн бидний ёс бус байдлын төлөө шаналж зовоод зогсохгүй, амьдралд маань тохиолдож болох шударга бус явдал, өвчин, зовлон шаналал, сэтгэл санааны дарамтыг мөн мэдэрч шаналсан.
Алма цааш нь ийн төгсгөсөн:
“Мөн тэр өөрийнх нь хүмүүсийг хүлсэн тэрхүү үхлийн хүлээсийг тайлж болохын тулд, тэрээр үхлийг өөр дээрээ авах болно; мөн түүний сэтгэл маханбодын дагуу нигүүлслээр дүүргэгдэж болохын тулд, тэрээр маханбодын дагуу өөрийн хүмүүсийг сул байдлуудынх нь дагуу хэрхэн халамжлахыг мэдэж болохын тулд, тэрээр өөр дээрээ тэдний сул дорой чанаруудыг авах болно.”
Энэ тэнгэрлэг тусламжийн талаарх хувийн гэрчлэл надад бий. Би энэхүү гэрчлэлийг өсвөр насандаа, гэрлэснийхээ дараа, хүүхдүүдээ халамжлах үедээ мөн удирдагчийн хувиар хүлээн авч байсан. Би Гэтэлгэгч минь амьд, Түүний ач ивээл хийгээд Цагаатгалаас ирэх адислалуудаар дамжуулан бид энэ амьдралд найдвар, баяр баясгаланг, дараагийн амьдралд мөнхийн гэр бүлийг хүлээн авах боломжтой гэдгийг мэднэ.
Үүнийг би бүхий л зүрх сэтгэлээрээ гэрчилж байна, Есүс Христийн нэрээр, амен.