Нэгэн залуу хүний амьдралаас авсан сургамж
Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт
2024 оны 5-р сарын 5
Оршил
Ахлагч Карлос А.Годой: Өнөөдөр энэ сайхан, түүхэн газар бидэнтэй хамт байгаад баярлалаа. Та нартай хамт байгаа минь нэр төрийн хэрэг. Дэлхийн өнцөг булан бүрээс бидэнтэй хамт чуулж буй та нартаа баярлалаа. Бид залуучуудтайгаа хамт байх маш их дуртай. Сүмд гүйцэтгэдэг та бүхний үүрэг нэн чухал ба та нар амьдралынхаа чухал цаг мөчид байгаа. Өнөөдөр та нарын гаргасан шийдвэр ирээдүйд чинь асар их нөлөөтэй. Тиймээс энэ үдэш бид бусад онцгой цугларалтаас та нарын хүлээн авсан олон гайхалтай захиас дээр зарим нэг хэрэгтэй зүйлийг нэмж хэлэхийг хүсэж байна.
Би Чад Вэбб ах мөн түүний эхнэр Кристи болон ахлагч Кларк Гилбэрт мөн түүний эхнэр Кристийн нар надтай хамт байгаад талархаж байна. Бидэнтэй хамт байгаад баярлалаа.
Энэ онцгой цугларалт дээр Моника бас надтай хамтрах болсонд сэтгэл минь ихэд догдолж байна. Бид хоёр ээлжлэн заах ба та нарт таалагдана гэж найдъя.
Захиасныхаа нэг хэсэг болгон бид залуу насыг маань харуулах Сүмийн бүтээсэн богино хэмжээний хүүхэлдэйн киног үзүүлнэ. Моника, бид хоёр та нарын насан дээр байгаагаар гарах юм.
Энэ видео бичлэгээр дамжуулан бид та нарт яг одоо амьдралдаа хэрэгжүүлж болох зарим нэг зарчмыг зааж чадна гэж найдаж байна. Энэ таван минутын видео бичлэгээс та нар бидний амьдралын өөр өөр үеийг харах болно. Анхаарлаа хандуулан, өөрсдөд чинь хамааралтай байж болох зарчмуудыг олж харахыг хичээгээрэй. Дараа нь бид тэдгээрийн талаар эргэн ярилцах болно. Болж байна уу?
[видео бичлэг]
Би сайн мэдээ мөн Сүмийг огтхон ч сонирхдоггүй байлаа. Намайг 16 настай байхад манай ахын нэг эрэгтэй найз охин дүү нарыг маань сүмийн үйл ажиллагаанд урихаар манай гэрт ирсэн юм. Тэр хүүхэд ах, бид хоёрыг сүмд явахаар хүүхдүүд гэж бодоогүй гэдэг. Биднийг сүм дээр очих үед хүүхдүүд энгийн л нэг үйл ажиллагаанд оролцон, хоорондоо тоглоцгоож байсан ба хүүхэд бүр тоглоомд маш идэвхтэй хамрагдаж, хөгжилдөцгөөж байлаа. Надад “яагаад тэд ийм баяр хөөртэй байгаа юм бол оо?” гэсэн бодол төрсөн.
Гэр бүл маань нэг их сонирхохгүй байсан болохоор би хоёр хоногийн дараа цуглааны байранд номлогчдоос хичээл авч эхлэх нь тэр. Надад сайн мэдээ таалагдаж байлаа. Би сайн мэдээ үнэн гэдгийг мэдсэн ба эцэг эх маань зөвшөөрөөгүй ч баптисм хүртэхэд хангалттай бэлэн болоод байв. Надад эхлээд дасахад хэцүү байсан.
Найз нөхөд байхгүй, нэг хэсэгтээ сүмд ирээд ариун ёслолын танхимын арын хэсэгт суун бусдыг харж, сонсож байгаад гэртээ харьдаг байв. Үнэн гэдгийг нь мэддэг болохоор ийм байдлаар хэсэгтээ явж болох ч сүм дээр найзгүй бол, дээр нь хуучин амьдрал руу чинь уриалан дуудах Сүмийн гишүүн бус найзуудтай бол маш хэцүү юм байна лээ.
Нэг ням гарагт би сүүлийн удаа очоод үзье гэсэн бодолтой сүм рүү очлоо. Тэр үед хүүхдүүд нэг өргөдөл бөглөж байв. Би “энэ юу вэ?” гэж асуутал
Тэд “Энэ чинь өсвөр үеийнхний чуулган. Чи явах хэрэгтэй шүү” гэцгээв.
Би “За, явж үзнэ ээ” гэж хариулсан. Дараа нь өсвөр үеийнхний чуулган дээр бүх хүүхэд хоорондоо тоглож, дуулж, бүжиглэж байтал гэнэт нэг хүн чанга яригчаар, “Нээлтийн залбирлаа хэлье” гэв.
Шуугилдаж байсан бүх хүн гэнэт бишрэл хүндэтгэл үзүүлэн дуугүй болцгоолоо. Тэгэхэд би “Юу вэ? Энд юу болоод байна аа? Энэ олон өсвөрийнхөн залбирах болоход яаж ингэж бишрэл хүндэтгэлтэй, нам гүм болов оо? Хөөх, тэд үнэхээр өөр юм аа. Би тэдэнтэй адилхан болмоор байна” гэж бодсон. Миний хувьд энэ нь Их Эзэн надад “Карлос, бүү бууж өгөөрэй. Энэ бол чиний байх газар мөн” гэсэн захиасыг дахин нэг удаа өгсөн явдал байсан юм.
Маргааш нь би алхаж яваад нэг охин ганцаараа лимбэ тоглож байгаатай таарлаа. Би тэр охиныг хараад “Хөөх!” гэж дуу алдсан. Тэгээд миний зүрх түргэн цохилж эхэлсэн. Би түүнтэй яримаар санагдсан. Тэр элдэв маяггүй, үнэхээр нөхөрсөг охин байв. Тэр надтай ямар нэг төвөгшөөсөн хандлагагүй ярилцаж эхлэв. Тэгээд тэр миний цорын ганц найз болсон. Түүгээр дамжуулан би өөр найзуудтай болох нь тэр.
Тэрхүү өсвөр үеийнхний чуулганы дараа би сүмд үргэлжлүүлэн явахаар шийдсэн юм. Манай гэр хотын өөр хэсэг рүү нүүлээ. Би гэрийнхээ ойролцоо байх цуглааны байранд очиход тэнд хэн байсан гээч—Моника! Энэ түүний явдаг тойрог байж таарсан. Цуглаан дуусах үед нэг эгч над дээр ирээд, “Чи Сүмийн гишүүн үү?” гэж асуув.
Би тэр асуултад дассан байлаа. “Тийм ээ. Би өөрийгөө гишүүн гэж бодож байна. Би гишүүн мөн” гэж хэлэв.
“Тийм бол чи семинарт явах хэрэгтэй” гэж түүнийг хэлэхэд би,
миний мэдэхээр семинар нь бусад шашинд сахил хүртсэн санваартан, цуглааны удирдагч болох хүнд зориулагдсан байдаг даа гэж бодон,
“Үгүй, явахгүй ээ. Би гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохыг хүсдэг” гээд татгалзсан юм.
Харин тэр “Үгүй ээ. Семинар бол өсвөрийнхнийг сайн мэдээнээс суралцахад зориулсан хөтөлбөр. Манай тойрогт өсвөрийнхөн цөөхөн байдаг. Зөвхөн гурван хүүхэд л байгаа. Адриана Вибэр, Карлос Артур Лэнчини, Моника Брандао.
Тэгэхэд би “Хөөх. Учрыг нь сайн мэдэхгүй ч очоод үзье” гэж бодсон.
Өглөө бүр би Бурханы сайн үгийг сонсдог боллоо. Семинарт явах нь надад өөрийг маань хэн гэдгийг ойлгуулж, бас хөрвөлтөө үргэлжлүүлэх хүч чадлыг өгсөн юм.
Тэр үед би Залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчтэй хамт гэрийн багшаар үйлчлэх үүрэг хүлээн авсан. Надад сайн мэдээний талаар нэг их мэдлэг байгаагүй ч тэр надад үргэлж заах үүрэг өгдөг байлаа. Тухайн үед өөртөө итгэдгээс минь илүү тэр надад итгэдэг байсан.
Бас нэг сонирхолтой зүйл нь тэр Моникагийн аав байсан. Миний өмнө дурдаж байсан надад тусалж, миний тэнгэр элч болсон Моника гэдэг тэр охин хожим эхнэр минь болсон юм. Бид хоёулаа номлолд үйлчилснийхээ дараа ариун сүмд гэрлэсэн. Одоо тэр маань дөрвөн хүүхдийн ээж, найман ач зээгийн эмээ. Тэр амьдралын минь тэнгэр элч байсаар байгаа.
Хэрвээ та нар эргэн тойрноо ажиглавал тэнгэр элчийн тусламж хэрэгтэй хүмүүсийг олж харна гэдэгт би эргэлзэхгүй байна. Их Эзэнд та нар хэрэгтэй. Та нар толинд харах бүрдээ өөрсдийгөө Тэнгэрлэг Эцэгийн зан чанаруудыг дотроо агуулсан, нөөц бололцоо дүүрэн, гайхалтай сүнсэн хүү, охин гэдгээ үргэлж санаж байгаарай.
[Видео дуусна]
Ахлагч Годой: Ур үс маань гоё байж ээ. За, за. Одоо бид тэр сэдвүүдийн талаар ярья. Ганцаардлаас эхэлье.
Та нар ганцаараа биш!
Моника Годой эгч: Одоо видео бичлэг дээр юу гарсан талаар ярилцахад тун тохиромжтой үе гэж би бодож байна. Залуу Карлос ганцаардмал, урам зориггүй харагдсан.
Энэ бичлэг дээр гарсантай адил та нарын заримд ганцаардаж, хэн ч тоохгүй байгаа юм шиг санагдаж байсан байх. Бусдад үл тоомсорлуулж, үнэ цэнгүй гэсэн мэдрэмжийг тээх нь амаргүй. Үүнтэй ижил төстэй нөхцөл байдалд байгаа бол иймэрхүү мэдрэмждээ бүү хууртаарай. Та нар ганцаараа биш. Бусад хүн та нартай хүссэнээр чинь харьцахгүй, хүлээн зөвшөөрөхгүй байж магад. Энэ мэдээж хэцүү. Гэвч Аврагч үргэлж та нарын төлөө байдаг учир та нар ганцаараа биш юм. Аврагч та нарыг хэн болохыг, амьдралд чинь юу болж байгааг мэддэг. Тэр та нарт хайртай бөгөөд хэрэгтэй үед чинь туслахад бэлэн байдаг. Түүнийх байхын тулд үргэлжлүүлэн хичээгээрэй. Тэр та нарт туслахаар тэнгэр элч нараа илгээх болно.
Ахлагч Годой: Одоо ганцаардаж, мартагдсан гэсэн мэдрэмжийг тээж буй хүмүүсийн хажууханд нь байгаа бүх хүнд зориулсан нэгэн захиасыг хуваалцъя. Бид туслагч тэнгэр элч нар байхаар дуудагдсан. Эргэн тойрноо харж, өөрийн тогтмол уулздаг найз нөхдийг даван өөр бусдыг ажигла. Тусламж хэрэгтэй хүмүүс байдаг, байсаар ирсэн ба та нар тэднийг анзаараагүй өнгөрсөн байхыг үгүйсгэхгүй. Та нар өөрсдийн амьдрал, сайн найз нөхөд, хамтрагчид гэсээр хайрлуулж, хүлээн зөвшөөрөгдөх найдварыг тээсээр буй хүмүүсийг олж харах зав чөлөөгүй байдаг. Тэр хүмүүс нөхөрлөлийг хайн, та нарын нэг хэсэг болохыг найдан хүлээдэг. Тэд ариун ёслолын танхимын ард эсвэл ангийн буланд сууж байж болно. Тэд цагаан цамц, зангиа, ням гарагт зориулсан сайхан даашинз бараг л өмсдөггүй. Гэвч тэд Сүмд үлдэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэдэнд боломж олгоорой. Тэдэнд та бүхний инээмсэглэл, гар барилт, нөхөрлөл хэрэгтэй юм шүү. Үүний талаар ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн нэг үгийг би та бүхэнд хуваалцъя.
“Бурхан биднийг ажиглаж, дээрээс маань харж байдаг. Гэвч ингэхдээ бидний хэрэгцээг ихэвчлэн өөр хүнээр дамжуулан хангадаг.”
За, за. Болзоо, дурлал.
Дурлах
Годой эгч: За одоо бас нэг гоё сэдэв байна. Чиний надад дурласан үеийн талаар ярилцъя
Ахлагч Годой: Энэ талаар ярина гэж мэдээд байсан юм аа.
Годой эгч: Мэдээж хэрэг! Их гоё нандин мөч шүү дээ. Энэ талаар хуваалцах нэг сургамж бий. Та нарын зарим нь дурлаж, насан туршийн хайраа амархан олох болно. Та нар анхны харцаар дурлах болно.
Ахлагч Годой: Яг энэ зүйл надад тохиолдсон гэж би боддог. Над руу хар даа.
Годой эгч: Миний хувьд өөр байсан.
Ахлагч Годой: Тийм шүү.
Годой эгч: Бид мөнхийн хамтрагчаа бусад хүнтэй ижил арга замаар олно гэсэн хүлээлтийг өөрсдөдөө бий болгох ёсгүй. Заримынх нь хувьд энэ нь тодорхой бөгөөд хүчтэй мэдрэмж төрүүлэх болно. Харин бусдынх нь хувьд энэ нь цаг хугацаа, хичээл зүтгэл, тэвчээр шаардана. Харилцаандаа ач холбогдол өгөх тусам энэ нь тодорхой болж ирдэг. Эхэндээ хүчтэй мэдрэмж төрөөгүй гээд хурдан буугаад өгчхөж болохгүй. Ажиглах юм бол гайхалтай гэрлэлтүүд нь энгийн арга замаар, бага багаар, олон болзооны дараа бий болсон гэдгийг бид харж болно.
Ахлагч Годой: Моникагийн зөв шүү. Бидний хувьд зарим нэг талаараа бол тийм байсан. Би түүнийг хармагцаа зүрх сэтгэлийнхээ гүнд догдлол мэдэрсэн. Би хувьдаа гэрлэн баганыг харсан мэт л болсон. Харин тэр эсрэгээрээ анхандаа юу ч мэдрээгүй байсан. Түүнд өөрийгөө сайн сонголт гэдгийг ойлгуулахын тулд би хэдэн сарын турш шаргуу хичээж билээ. Бид эхлээд сайн найзууд болж, нэлээн хэд болзсоны эцэст тэр энэ “царайлаг” залууд дурлаж байгаагаа нэг юм ойлгосон. За бараг л.
Энэ үйл явдал бидэнд илчлэлт ирдэг бас нэг зарчмыг зааж байгаа юм. Өөрт тохирох хүнээ олох үйл явц нь илчлэлт хүлээн авах үйл явцтай төстэй.
Би ахлагч Бэднарын илчлэлийн талаарх захиасанд дуртай. Тэр илчлэлийг тайлбарлахын тулд гэрлийн талаар бидний олонхын мэдэх хоёр жишээг хуваалцсан байдаг.
Тэрээр “бид харанхуй өрөөнд орж, гэрэл асаах” үеийн талаар ярьсан. … Гэрлийн цацраг … агшин зуур өрөөг гэрэлтүүлэн, түнэр харанхуйг арилган үгүй болгодог. Харанхуй өрөөнд гэрэл асаах нь Бурханаас ямар нэгэн захиасыг хурдан, … нэг дор хүлээн авахтай адил юм.” Моникагийн тухайд яг үүнтэй адил байсан юм.
Нөгөө жишээ нь “бид үүр цайх агшинд мэдэрдэг. … Мандах нарны гэрэл харанхуй өрөөнд гэрэл асаахтай адил гэнэт үзэгддэггүй. [Харин] гэрэл нь алгуурхнаар, тасралтгүй нэмэгдсэнээр ийнхүү … тэнгэрийн хаяанд наран манддаг. …
Мандах нарны алгуур нэмэгдэх туяа нь Бурханаас ‘шат шатаар, дүрэм дүрмээр’ (2 Нифай 28:30) өгөгдөх захиастай адил юм. Моника ийм аргаар намайг түүнд тохирох зөв хүн гэдгийг олж мэдсэн. Үүнд цаг хугацаа бага зэрэг орсон.
Ахлагч Бэднар: “Ихэнх тохиолдолд илчлэлт бага багаар бидний хүсэл, зохистой байдал, бэлтгэлийн дагуу ирдэг” гэж заасан.
Годой эгч: Мөнхийн хамтрагчийнхаа талаар сүнслэг баталгаа хүлээн авахад мөн адил. Ихэнхдээ энэ баталгаа нь бид хүмүүстэй уулзаж, цагийг хамтдаа өнгөрөөх үед бага багаар ирдэг.
Сүнслэг хүч чадал
Ахлагч Годой: Би энэ талаар ярья. Та нар видео бичлэгээс үзсэнчлэн семинарт явах шийдвэр нь миний хувьд чухал байсан. Семинарт явах гол шалтгаан нь сайн мэдээний хичээлүүд биш, харин хөөрхөн охин байсан хэдий ч миний хөрвөлт, сүнслэг байдлын аялалд ихээр нөлөөлсөн юм.
Өдөр болгон сайн мэдээний сургаалаас бага багаар суралцаж байснаараа би гэрчлэлээ хүчирхэгжүүлж, тухайн өдрийн турш уруу таталтыг эсэргүүцэж чаддаг байсан. Энэ нь би өөрийгөө Бурханы хүүхэд, энэ амьдралд надад зориулсан төлөвлөгөө Түүнд бий гэдгийг ойлгоход минь тусалсан.
Годой эгч: Институтэд мөн ижил зарчим үйлчилдэг. Бид хамтдаа институтэд сууж болздог байсан. Та нарыг энэ гайхалтай эх сурвалжийн давуу талыг ашиглаж байгаа гэж би найдаж байна. Тэнд та нар сайн мэдээний үнэнийг олоод зогсохгүй жинхэнэ найз нөхөдтэй болох болно. Институтийн талаар ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгийг сонсоцгооё.
Видео бичлэг: “Хайрт ах, эгч нар аа, би та нартаа хайртай. Би та нарын тухай бодож, та нарын төлөө байнга залбирдаг. Та нар өвөрмөц эрин үед амьдарч байна. Та нар чухал шийдвэрүүд гаргах насан дээрээ байна. Тэр шийдвэрүүд та нарын энэ мөнх бус амьдралын үлдсэн хугацаанд мөн мөнхийн амьдралд чинь нөлөөлөх болно. Тэр шийдвэрүүдийг гаргах нь зарим тохиолдолд давшгүй даваа мэт, бүр аймаар санагдаж болно. Нөгөөтээгүүр энэ нь бас сэтгэл хөдөлгөм зүйл юм. Яагаад гэвэл бид шийдвэрлэх цаг мөчид амьдарч байна.
“Би та нарыг юугаар ч орлуулшгүй арга замаар туслах нэг зүйлийг хийхэд урьж болох уу? Институтэд хамрагд! Би хүүхдүүдээ, ач зээ, ачинцар, зээнцэр нараа институтэд хамрагдахыг харсан. Институтэд хамрагдах нь тэдний амьдралыг өөрчилсөөр ирсэн юм.
“Институт тэдэнд Есүс Христэд илүү гүнзгий хөрвөгдөхөд нь тусалсан бөгөөд та нарт ч мөн адил туслах болно. Институтэд хамрагдах нь та нарт Тэнгэрлэг Эцэгийн та нарыг гэсэн агуу хайрыг илүү их мэдрэхэд туслах болно. Институт та нарт сүнслэг удирдамж өгөх зааварлагчид, итгэлтэй найз нөхөд, мөн бүлгийн нэг хэсэг гэсэн мэдрэмжийг өгөх болно. Сайн мэдээ яагаад хэзээ ч төгсөшгүй аз жаргал өөд хөтөлдөг болохыг олж харахад чинь та нарт тусална. Институтэд хамрагдах нь яг одоо та нарт сайн мэдээний дагуу амьдрахад мөн баяр баяслыг илүү ихээр мэдрэхэд туслах болно.
-
Хэрэв та нар өөрсдийгөө хэн болох талаарх үнэнийг мэдэхийг хүсэж байвал институтэд хамрагд.
-
Хэрэв та нар амьдралын зорилго юу болохыг мэдэхийг хүсэж байвал институтэд хамрагд.
-
Хэрэв та нар гэрээний зам дээр үлдэхийг хүсэж байвал институтэд хамрагд.
-
Хэрэв та нар амьдралдаа хэрхэн Бурханыг ялуулах талаар сурахыг хүсэж байвал институтэд хамрагд.
-
Хэрэв та нар амар тайвныг тогтоогчид байхыг хүсэж байвал институтэд хамрагд.
Би та нарт эдгээр адислалыг амлаж, өөрийн хайрыг Есүс Христийн ариун нэрээр илгээж байна, амен.”
Ахлагч Годой: Сүнслэг байдлын энэ хэсгээр би гэрийн багшлалтын талаарх өөрийн туршлагаас ярих гэсэн юм.
Хүүхэлдэйн кинонд гарснаар би нэг их зүйл мэдэхгүй ч үйлчлэх үүрэг хүлээн авсан талаар гарсан. Үйлчлэл надад үнэ цэнтэй гэдгийг маань мэдрүүлж байв. Үйлчлэл бусдад туслахад намайг бэлтгэж, хариуд нь гэрчлэлийг маань хүчирхэгжүүлж байлаа. Хэн нэгний гэрчлэлийг хүчирхэгжүүлэх хамгийн сайн арга замуудын нэг бол гэрчлэлээ хуваалцах явдал юм. Та нарыг үйлчлэх боломжуудыг идэвхтэй ашигладаг гэж би найдаж байна. Энэ нь тохинуулал, гэр бүлийн түүх, ариун сүмийн үйлчлэл зэрэг та нар өөрсдийгөө мартан бусдад туслахын тулд хийдэг Сүмээс даалгасан аливаа үүрэг хариуцлага байж болно. Энэ нь та нарыг адисалж, хүчирхэгжүүлж, хамгаалах болно.
Би энэ талаар онцолдог Сургаал ба Гэрээний сударт дуртай.
“Үнэнээр би хэлнэ, хүмүүс сайн зарчимд санаа сэтгэлээ бүрэн зориулж, мөн чөлөөт хүсэл зоригоороо олон зүйлийг хийж, мөн туйлын зөв шударга байдлыг тохиолгохоор авчрах ёстой.”
Нээрэн, видеонд дурдсанчлан миний охинтой нь гэрлэсэн тэр гэрийн багш хамтрагчдаа би их хайртай байсан. Тэрээр миний хадам буюу Моникагийн аав байсан юм. Би гэрийн багшийн үүргээ маш идэвхтэй гүйцэтгэдэг байсан. Би сар болгон гэрийн багшийн хувиар тэдний гэрт очдог байсан.
Годой эгч: Бидэнд байгаагүй харин энэ үеийнхэнд байгаа нэг адислал бол ойрхон байрлах ариун сүмүүд юм. Биднийг залуу байхад Бразилд байсан цорын ганц ариун сүм биднээс маш хол Сан Паулуд байрладаг байв. Тэр үед залуучууд номлолд үйлчлэх эсвэл гэрлэх үедээ ариун сүмд ордог байсан. Одоо ерөнхийлөгч Нэлсон номлолд явах, гэрлэх үедээ гэлтгүй хишгээ хүлээн авахын чухлыг онцолсоор байгаа нь сайхан хэрэг юм. Ариун сүмд орохоор бэлтгэх нь юу юунаас илүү чухал юм. Би та нарыг үүний талаар нухацтай бодож үзнэ гэж найдаж байна.
Их Эзэний өргөөнд тогтмол орох нь адислалуудыг авчирдаг. Ариун сүм дотор бид дэлхийг ялан дийлэхэд маань туслах хичээлүүдийг суралцдаг. Сүүлд болсон Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Нэлсоны ариун сүмийн талаар хэлсэн үг надад маш их таалагдсан.
Видео бичлэг: Боломжийнхоо хэрээр ариун сүмд тогтмол шүтэн бишрэхээс илүү төмөр бариулаас зууран барихад туслах зүйл гэж үгүй. Дэлхийн харанхуй манантай тулгарах үед таныг үүнээс илүү хамгаалах зүйл гэж үгүй. Өөр юу ч Их Эзэн Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаарх гэрчлэлийг тань үүн шиг хүчирхэгжүүлж, Бурханы агуу төлөвлөгөөг илүү сайн ойлгоход туслахгүй. Шаналах үед сүнсийг тань илүү илаарьшуулах зүйл үгүй. Тэнгэрийг илүү их нээх өөр юу ч байхгүй. Өөр юу ч байхгүй шүү!
Ахлагч Годой: Ерөнхийлөгч Нэлсон, таны сургаалд баярлалаа. Бид та их хайртай шүү! За дараагийн сэдэв бол номлолд үйлчлэх.
Номлолд үйлчлэх
Годой эгч: За одоо номлолын талаар ярилцацгаая. Карлосыг номлолдоо яваад зургаан сар болсны дараа би номлолдоо гарсан.
Ахлагч Годой: Сонин тохиолдол шүү.
Годой эгч: Энэ нь яг ч тохиолдол байгаагүй. Бид хоёулаа Их Эзэнд үйлчилж, ирээдүйд хамт байхыг хүсэж байсан. Тиймээс бид Аврагчийн таалалд нийцэхийн зэрэгцээ өөрсдийгөө гэрлэлтдээ бэлдэх зөв зам бол номлол гэж үзсэн юм. Түүнчлэн бид номлол нь ирээдүйн гэрлэсэн залуу хосод хэрэгтэй адислалуудыг авчирна гэдгийг мэдэж байлаа.
Ахлагч Годой: Номлол маань бидний амьдралд адислалуудыг эргэлзээгүйгээр авчирсан юм. Бид номлолд үйлчилсэн учраас Аврагчийн талаарх бидний гэрчлэл хүчирхэгжиж, сайн мэдээний мэдлэг тэлж, номлолдоо сурсан бусадтай харилцах, бусдыг удирдан чиглүүлэх ур чадварууд ажил мэргэжилд маань тус болсон юм. Гэхдээ юу юунаас илүүтэйгээр бид Их Эзэний биднээс хүсэж байсан номлолын ажлыг хийж дуусгасандаа баяртай байсан.
Годой эгч: Гэхдээ би нэг зүйл асууя. Олон янзын шалтгааны улмаас номлолд явах боломжгүй эсвэл номлолоо дуусгаж чадаагүй хүмүүс яах вэ? Тэд гэгээлэг ирээдүйг найдан хүлээх боломжтой юу?
Ахлагч Годой: Мэдээж боломжтой! Хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэг тэдний төлөө байсаар байх болно. Бид номлолын талаар өөр туршлагатай эсвэл огт туршлагагүй хүмүүсийг огтхон ч шүүх ёсгүй. Эцэст нь номлолд үйлчлэх нь бидний амьдралд нэн чухал хичээлүүдийг зааж, залуу эрэгтэйчүүдийн хувьд санваарын үүрэг хариуцлага нь болдог хэдий ч энэ нь сайн мэдээний ёслол биш учир үүний улмаас энэ амьдралд хэний ч ахиц дэвшил саатаж, эсвэл мөнхийн адислалаа алдахгүй.
Годой эгч: Би номлолд үйлчлэх боломжтой байсандаа талархдаг ба хүн бүрд үйлчлэхийг санал болгодог. Гэхдээ бидний мэддэгчлэн залуу эмэгтэйчүүд номлолд үйлчлэх нь нээлттэй, хэрэгтэй хэдий ч энэ нь тэдний хувьд сонголт юм.
Ахлагч Годой: Номлол надад олон зүйлийг өгсөнд би талархдаг. Тэр хоёр жилийн хугацаанд би амьдралд илүү их бэлтгэгдээд ирсэн гэдэгтээ итгэдэг. Бас илүү гоё үсний засалт.
Годой эгч: Номлолоос буцаж ирэх талаар ярьсных одоо гэрлэлтийн талаар яривал ямар вэ?
Ахлагч Годой: Болж байна. Энэ сэдвийг хөндөцгөөе.
Гэр бүлтэй болох нь
Годой эгч: Бидэнд номлолын дараа бялхсан их хайр, баахан төлөвлөгөөнөөс өөр юу ч байгаагүй.
Ахлагч Годой: Тийм шүү! Би санаж байна.
Годой эгч: Одоо эргээд харахад бид амьдралаа тэгээс эхлүүлж, боловсрол, мэргэжил, материаллаг зорилгууддаа хамтдаа хүрснээ бодохоор ямар сайхан байдаг гэж санана. Бид энэ бүхний ард хамтдаа гарсан. Тэр бүх туршлага, саад бэрхшээлүүд биднийг хооронд маань илүү ойртуулсан.
Ахлагч Годой: Би санаж байна. Бас санал нийлж байна. Амьдралаа босгож, зорилгодоо хүрсэн тэр жилүүд бидэнд үнэ цэнтэй дурсамжуудыг үлдээсэн. Энэ нь амьдралаа санхүүгийн тогтвортой байдалд эхлүүлэх нь буруу гэсэн үг биш юм. Бид энэ захиасаа хэрэгтэй бүхнээ бий болгох хүртлээ харилцаандаа ахиц гаргалгүй хүлээж байгаа залууст хандан хуваалцахыг хүссэн юм шүү. Та нарт анхдагч хэрэгцээ, бие биеэ гэсэн сэтгэл, Их Эзэний дэмжлэг шаардлагатай бөгөөд бусдыг нь та нар хамтдаа бий болгож чадах ба үүнийгээ дагаад гэрлэлт чинь батжих болно. Би яг энд тийм хүн байна уу гээд хайж байна.
Годой эгч: Гэр бүлийн амьдралын талаар бас нэг зүйл хэлэхэд залуус та нар амьдрал нь тогтсон гэр бүлийг хараад бүх юм нь үргэлж сайхан, бартаагүй байсаар ирсэн гэж бодож магадгүй. Зарим хүний хувьд ийм байж болох ч ихэнх нь тийм биш юм.
Ахлагч Годой: Бидний хувьд бол амар байгаагүй.
Годой эгч: Гэр бүлийн амьдрал бол бидний ахиц дэвшлийг дагаад илүү сайжирдаг суралцах талбар юм. Хайр дээр суурилдаг ч эв найртай, сайхан амьдралыг өдөр бүр алхам алхмаар бий болгодог. Бид цаг хугацааны явцад инээж, уйлсаар хоорондоо дасан зохицох хэрэгтэй болдог. Хүүхдүүд баяр баясгалан, толгойн өвчин аль алиныг авчирч, бид үе үе өвчилж, заримдаа бидэнд мөнгөөр дутагдах үеүд тохиолдоно. Гэхдээ юу гээч? Амьдрал ийм л байх учиртай.
Ахлагч Годой: Нэг зүйл тодорхой юм. Бид Есүс Христийн сайн мэдээг энэ тэгшитгэлд оруулж ирвэл гэрлэлт илүү хялбар бөгөөд баяр баясгалантай болох болно.
Годой эгч: За хоёр дахь асуулт. Энэ амьдралд гэрлэх боломж олдоогүй хүмүүс яах вэ? Тэдэнд юу гэж хэлэх вэ?
Ахлагч Годой: Байна аа. Ерөнхийлөгч Хинклигийн эгч нарт хандсан захиасанд би дуртай. Энэ нь хүн болгонд хамаатай гэж би боддог. Түүний юу гэж хэлснийг харъя.
Видео: “Харамсалтай нь та нарын зарим нь энэ амьдралд хэзээ ч гэрлэхгүй. Заримдаа ийм зүйл тохиолддог. Тохиолдсон үед амьдралаа бүү харамсаж өнгөрөөгөөрэй. Дэлхий ертөнцөд та нарын авьяас чадвар хэрэгтэй. Та нарын хувь нэмэр хэрэгтэй. Сүмд та нарын итгэл хэрэгтэй. Та нарын хүчирхэг, тусч гар хэрэгтэй. Бид зогсох хүртэл амьдрал маань бүтэлгүйтдэггүй юм шүү. Та нарын тусч гар, хайраар дүүрэн инээмсэглэл, сайхан сэтгэлийн илэрхийлэл хэрэгтэй олон хүн бий. Би хайр дурлал нь бүтээгүй ч чадварлаг, сэтгэл татам, гайхалтай олон эмэгтэйг мэднэ. Би өөрөө сайн мэдэхгүй ч Бүхнийг Чадагчийн төлөвлөгөө буюу бидний нэрлэдгээр Бурханы аз жаргалын төлөвлөгөө болох мөнхийн төлөвлөгөөнд эрж хайх тэдэнд зориулсан боломж, шагналууд бий.”
Ахлагч Годой: Үүнтэй ижил амлалтыг өгүүлэх судрыг бид Мозая 2:41-ээс харах боломжтой.
“Мөн үүнээс гадна, Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг та нар тунгаагаасай хэмээн хүснэ би. Учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд тэд тэнгэрт хүлээн авагдах болно. Ай санагтун, эдгээр зүйлүүд үнэнийг санагтун; учир нь Их Эзэн Бурхан үүнийг ярьсан юм.”
Дүгнэн хэлэхэд ахлагч Бэднарын захиасны дагуу та нар зөвхөн сайн хүү, охин байж, зарлигуудыг дагах хэрэгтэй ба Их Эзэн бүх зүйлд санаа тавих болно. Эцэст нь бүх адислал итгэлтэй хүмүүст ирэх болно.
Моника, чамд өөр нэмэх зүйл байна уу?
Годой эгч: Тийм ээ. Би гэрчлэлээ хуваалцъя
Бид бол биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд гэдгийг би мэднэ. Есүс бол Христ, Тэр амьд, энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх үе гэдгийг би мэднэ. Есүс биднийг удирдан чиглүүлж, замыг маань бэлтгэдэг гэдгийг би мэднэ. Бид ганцаараа биш. Ариун сүм бол Их Эзэний газар дэлхий дээрх өргөө гэдгийг би мэднэ. Энэ бол бид амьдралдаа мэдлэг, сүнслэг өдөөлтийг хүлээн авч болох газар юм. Энэ цаг үед бидэнд бошиглогч байгаа, тэр бидэнд зааж, биднийг удирддаг гэдгийг би мэднэ.
Есүс Христийн нэрээр, амен.
Ахлагч Годой: Чамдаа маш их баярлалаа. Чамтайгаа хамт заах сайхан байдаг шүү. Чамдаа хайртай шүү.
Гилбэртийнхээн? Цугласан энэ сайхан залуучуудад өгөх захиас, зөвлөгөө байна уу?