Семинар
Харьцуулах: Судрууд дахь далд утга бүхий үнэнийг олж тогтоохын тулд харьцуул


“Харьцуулах: Судрууд дахь далд утга бүхий үнэнийг олж тогтоохын тулд харьцуул,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Харьцуулах: Судрууд дахь далд утга бүхий үнэнийг олж тогтоохын тулд харьцуул,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

170-р хичээл: Судар судлах чадвар

Харьцуулах

Судрууд дахь далд утга бүхий үнэнийг олж тогтоохын тулд харьцуул

Many spirits watch as Jehovah presents his plan to Heavenly Father.

Судруудад “тодорхой болоод хамгийн эрхэм үнэт” (1 Нифай 13:26) үнэнүүд агуулагдаж байдгийг нэгэн тэнгэр элч Нифайд хэлжээ. Гэвч заримдаа эдгээр үнэнийг олж таньж мэдэх эсвэл судруудыг утга учиртай гэж мэдрэх нь хэцүү байж болно. Судрын өөр өөр түүх, санаа, хүмүүсийг харьцуулах нь бидэнд Есүс Христийн эрхэм үнэт үнэнүүдийг ялган таньж, Түүний үгсээр адислагдахад туслах чадвар юм. Энэ хичээл далд утгатай үнэнийг олж тогтоохын тулд судрууд дээр харьцуулж сурахад суралцагчдад туслах болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Мосе 4:1–2-ыг судалж, Есүс Христ, Сатан хоёроос олж харсан ижил төстэй болон ялгаатай талуудыг олж мэдэхэд урь. Судрууд дээр харьцуулалт хийх нь яагаад тустай байж болох талаар тунгаан бодоход тэднийг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Элсэн чихэр, давс

Ангид элсэн чихэр, давс авчирч, нэг юм уу хоёр суралцагчийг тус бүрээс бага зэрэг амсуул. Та мөн эдгээр бодисын зургийг доор харуулсны дагуу үзүүлж болно. Эсвэл шүүс гэх мэт амттай ундаа, цуу гэх мэт гашуун зүйлээр мөн адил үйлдлийг хийж болно.

Showing the difference of Coarse and Fine Salt
  • Давс, элсэн чихэр хоёр юугаараа төстэй вэ? Тэдгээр нь хоорондоо ямар ялгаатай вэ?

  • Давсыг элсэн чихэртэй харьцуулах нь тэдгээрийг илүү сайн ойлгоход хэрхэн туслах вэ?

Үүнтэй адил, бид судрууд дээр харьцуулалт хийснээр Аврагчийн олон үнэт сургаалыг илүү тод ойлгож, үүнд талархалтай байж чадна. Биднийг эдгээр сургаалын дагуу амьдрах үед Тэрээр бидний амьдралыг хэрхэн адисалж болохыг илүү сайн харж чадна.

Судар судлах энэхүү аргын талаар суралцахдаа судраа илүү утга учиртай болгоход туслах Ариун Сүнснээс ирэх сэтгэгдлийг хүлээн авахад нээлттэй байгаарай.

Ур чадвар: Харьцуулах

Суралцагчдад энэ судар судлах чадварт суралцахад нь туслахын тулд энэ хичээлийг “Тодорхойлох” (ур чадвар тодорхойлох), “Загвар” (жишээ үзүүлж, ур чадвар луу удирдан чиглүүлэх), “Дадлага хийх” (уг ур чадвараар дадлага хийх боломжийг олгох) гэсэн хэсгүүдээр зохион байгуулав.

Тодорхойлох

Дараахыг унш эсвэл нэгтгэн дүгнэ.

Судрууд дээр харьцуулах гэдэг нь түүх, санаа, хүмүүсийн ижил төстэй болон ялгаатай зүйлсийг олж харна гэсэн утгатай. Эдгээр харьцуулалт далд утга бүхий үнэнүүдийг (бид өөр байдлаар анзаарахгүй байж болох үнэнүүдийг) олж тогтооход бидэнд тусалж чадна. Бид харьцуулалтыг шүлэг, бүлэгт эсвэл хэд хэдэн номд хийж болно.

Дараах асуултуудыг өөрөөсөө асуух нь судар судлах явцдаа харьцуулалт хийхэд тань тусална.

Дараах асуултуудыг үзүүлж болно. Суралцагчид тэдгээрийг хичээлийн туршид эш татна.

  • Энэ цэдэг дэх түүх, санаа бодол эсвэл хүмүүс юугаараа ижил төстэй байна вэ? Тэдгээр нь хоорондоо ямар ялгаатай байна вэ?

  • Бид ингэж харьцуулснаараа юу сурч болох вэ?

  • Энэ харьцуулалтаас сурсан зүйл минь өнөөдөр надад хэрхэн туслах вэ?

  • Их Эзэнийг илүү их хайрлаж, дагахад миний сурч мэдсэн зүйл хэрхэн туслах вэ?

Загвар

Энэ чадварыг бие даан дадлага хийхэд нь суралцагчдаа бэлтгэхийн тулд эхлээд судрын цэдэг ашиглан тэднийг удирдан чиглүүлэх нь тустай байж болно. Үүнийг мөнх бус байдлын өмнөх Тэнгэр дэх зөвлөлийн цэдгийг ашиглан, Есүс Христ, Сатан хоёрын үйлдлийн талаар бодож үз. Та өөр цэдэг ашиглахаар сонгож болно. Тухайлбал:

  • Енохын үеийн хүмүүс (Moсе 7:17–19) ба Ноагийн үеийн хүмүүс (Мосе 8:28–30)

  • Абрахам, Лот хоёр аль нутагтаа амьдрахыг сонгосон сонголт (Эхлэл 13:8–13)

Доорх зургийг үзүүлээд, суралцагчдаар уг үйл явдлын талаар мэддэг зүйлийг нь хуваалцуул.

Many spirits watch as Jehovah presents his plan to Heavenly Father.

Мөнх бус амьдралын өмнөх Тэнгэр дэх зөвлөл дээр Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдээ аврах төлөвлөгөөгөө танилцуулсан. Түүний төлөвлөгөөнд аврагч хэрэгтэй болно.

Өмнө нь харуулсан дөрвөн асуултыг дурдаад, дараах шүлгүүдийг унших явцдаа хариултуудаа судрын тэмдэглэлдээ бичихэд суралцагчдыг урь.

Мосе 4:1–2-ыг уншиж, Есүс Христ, Сатан хоёр Бурханд хэрхэн хандсаныг олж хар.

Суралцагчдаар асуулт бүрд хариултыг нь хуваалцуул.

Суралцагчид Аврагчийг Сатантай харьцуулснаар сурч мэдсэн зүйлээ хуваалцахдаа дараахтай төстэй үнэнүүдийг хуваалцаж болно. Үүнд:

  • Есүс Христ даруухнаар Тэнгэрлэг Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхийг эрэлхийлдэг. Сатан хувиа хичээн өөрийнхөө нэр төр, алдар сууг хайдаг.

  • Тэнгэрлэг Эцэг Есүсийг эхлэлээс л дэлхийн Аврагч байхаар сонгосон. Сатан Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын эсрэг боссон.

Дадлага

Суралцагчид энэ дадлагыг ганцаараа, хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр гүйцэтгэж болно.

Энэ хичээлийн “Нэмэлт суралцах үйл ажиллагаанууд” дээр нэмэлт сонголтуудыг багтаасан.

Доорх судлах сонголтуудаас аль нэгийг нь сонго. Харьцуулалт хийж, утга учиртай үнэнийг олж тогтоохын тулд үзүүлсэн өдөөлтүүдийг ашигла.

Боломжуудыг судал.

  1. 12 туршуулын мэдээ. Мосе Канааны нутаг, мөн хүмүүсийг ямархуу байсныг мэдэхээр 12 туршуулыг илгээжээ (Тооллого 13:17–20-ийг үзнэ үү). Буцаж ирээд, 10 туршуул Калеб, Иошуа хоёрын хэлсэн мэдээнээс өөр мэдээ дуулгав. Тооллого 13:26–33; 14:6–9-ийг уншаад, хоёр өөр мэдээг харьцуул.

  2. Соломон хааны засаглал. Эцэг Давидаа нас барсны дараа Соломон хаан болов. Соломоны хүсэл болоод түүнд өгсөн Их Эзэний амлалтууд цагийн аясаар өөрчлөгдөв. 2 Хаад 3:3, 7–12; 11:4–6, 9–11-ийг уншаад, Соломоны хүсэл таалал, засаглалынх нь эхлэл, төгсгөлийн үе дэх Их Эзэний амлалтуудыг харьцуул.

  3. Израилын хоньчид. Их Эзэн Өөрийн бошиглогч Езекиелээр дамжуулан Израилын удирдагчдад тэднийг “Израилын хоньчид” хэмээн нэрлээд, зөвлөсөн (Eзекиел 34:2). Eзекиел 34:2–6, 11–16-г уншиж, Израилын хоньчдыг бидний Сайн Хоньчин Их Эзэнтэй харьцуул.

Суралцагчид үйл ажиллагааг хийж дууссаныхаа дараа өөр түүх судалсан нэг суралцагч, хоёр хоёроороо эсвэл бүлгээрээ үзүүлсэн асуултын хариултаа хуваалцаж болно. Дараа нь цөөн суралцагчийг ангийнхантайгаа хуваалцахад урь. Сайн дураараа суралцагчид олж мэдсэн үнэнүүдээ самбарт бичиж, тэдгээр нь тэдэнд яагаад чухал болохыг тайлбарлаж болно.

Суралцагчдын хуваалцаж болох үнэнүүдийн жишээг оруулав.

  1. Биднийг тулгарсан бэрхшээлээ эргэлзэхийн оронд итгэлээр даван туулахаар сонгох үед Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж чадна.

  2. Бид энэ дэлхийн зүйлсийг хайрлахаас илүү Их Эзэнийг хайрласнаар Тэр биднийг адислах болно.

  3. Бид бусдыг эрж хайн, халамжилснаар Их Эзэнтэй илүү адил болдог.

Хэрэв цаг гарвал та үргэлжлүүлэн өөрсдийн сонгосон түүх эсвэл судрын хэсгийг ашиглан, харьцуулалт хийх дадлага хийхэд суралцагчдыг урьж болно. Дараа нь тэд эдгээр харьцуулалтаас юу сурч мэдсэнээ хуваалцаж болно.

Дүгнэлт

Судруудыг судлахдаа өөрсдийн харьцуулах чадварыг хөгжүүлж болох арга замуудыг эрж хай. Жишээлбэл: Та буруу шийдвэр гаргасан хэн нэгний талаар судлахдаа судар дахь зөв шийдвэр гаргасан өөр хэн нэгний талаар бодож үз. Хэрэв та Их Эзэний бошиглогчдын нэгийг эсэргүүцэж байхыг харвал хүмүүс Түүний бошиглогчдыг хүлээн зөвшөөрч байсан өөр үеийг эргэн санаж чадах эсэхээ бод.

Та олж мэдсэн зүйлсээ судартаа эсвэл судлах тэмдэглэлдээ бичиж болно.

  • Өнөөдөр сурч мэдсэн зүйл тань хувиараа судраас судлахад тань хэрхэн нөлөөлж болох вэ?

Судрууд, тэдгээрт агуулагддаг үнэнүүдийн талаарх өөрийн гэрчлэлээр төгсгөж болно.

Судар судлах энэхүү ур чадвараар суралцагчид тань хэрхэн дадлага хийж байгааг дараагийн хичээлүүдээр шалгах нь тустай байж болно.