“Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох: Сургаал, зарчмуудыг тодорхойлж сурах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох: Сургаал, зарчмуудыг тодорхойлж сурах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
167-р хичээл: Судар судлах чадвар
Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олох
Сургаал, зарчмуудыг тодорхойлж сурах
Хэрэв бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт биднийг илүү ойртуулдаг сайн мэдээний үнэнүүдийг идэвхтэй хайвал судар судлах нь илүү үр дүнтэй байх болно. Энэ хичээл Их Эзэнд илүү ойртоход туслах сайн мэдээний үнэнүүдийг судраас олох чадвараа дээшлүүлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Хувиараа судраас судалж сурсан зүйлээ судар дээрээ тэмдэглэх эсвэл бичихэд суралцагчдыг урь. Дараа нь тэд нэг найзаасаа эсвэл гэр бүлийнхээ нэг гишүүнээс нэг судрын хэсгийг уншиж, үүнээс юу сурснаа хуваалцаж, ойлголтоо харьцуулахыг хүсэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судрууд сайн мэдээний үнэнүүдийг хадгалан хамгаалдаг
Судруудаас сайн мэдээний үнэнүүдийг олохын ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах дараах зүйрлэл нь судрын түүхүүд хэрхэн сайн мэдээний үнэнүүдийг хадгалж үлдээдэг тухай тустай санааг өгөх болно. Танай соёлд хүмүүс ихэвчлэн идээд байдаггүй гадил (эсвэл хальстай жимс) ангид авчир. Жимсийг сайн дураараа идэх суралцагчийг ол. Суралцагч хальсыг хальсалж, нэг хазсаны дараа та гайхсан дүр үзүүлж, яагаад хальсыг нь хазаагүй юм бэ гэж асуу. Дараа нь дараах асуултыг тавь.
(Хэрэв жимс олдохгүй бол та самбар дээр жимсний зураг тавих юм уу зураг зурах зэргээр үүнтэй төстэй яриа өрнүүлэхийн тулд энэ хэсгийг өөрчилж болно.)
-
Бид иддэггүй ч гэсэн гадилын хальс яагаад чухал байдаг вэ?
Та жимсний хальс нь бидний иддэг хэсгийг хамгаалж, хадгалж, цэвэр байлгадаг гэдгийг ойлгоход суралцагчдад тусалж болно.
Дараа нь ангийнхан эсвэл хамтрагчтайгаа дараах зүйлсийн талаарх ойлголтоо хуваалцахад суралцагчдыг урь.
-
Хэрэв бид судрууд дахь түүхийг гадилын хальстай харьцуулбал бидний иддэг хэсэг юуг төлөөлж болох вэ? (Өөрөөр хэлбэл, бидний төлөө хамгаалж, хадгалж, цэвэр ариун байлгадаг түүхүүд юу вэ?)
Шаардлагатай бол бид судруудаас илүү ихийг сурахын тулд Бурханы биднийг мэдээсэй хэмээн хүсдэг үнэнүүдийг олж мэдэхийн тулд эдгээр түүхийн цаадах далд утга санааг харах хэрэгтэй гэдгийг тайлбарла. Түүхүүд нь Христийг таньж мэдэж, дагахад туслах сайн мэдээний үнэнүүдийг хадгалж, хамгаалдаг хальстай адил байж болно.
Дараах мэдэгдлийг хуваалцаад, суралцаж байхдаа сайн мэдээний үнэнүүдийг эрэлхийлэх нь яагаад чухал болохыг олж мэдэхэд суралцагчдыг урь.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан.
Есүс Христийн сайн мэдээний сургаал, зарчмууд бидний амьдралд удирдамж өгөх, зуурдын энэ амьдралд болон мөнхөд баяр хөөрийг эдлэх үндсэн эх сурвалж гэдгийг би мэднэ. … Бидний амьд Аврагч бол эдгээр үнэн оргилох оргилуур гэдгийг би баяртайгаар гэрчилж байна. (“Миний сайн мэдээний зарчмууд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 132)
-
Та ахлагч Бэднараас сурч мэдсэн зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Та ахлагч Бэднарын хэлсэн үгээс дараах үгтэй адил үнэнийг олж тогтооход суралцагчдад тусалж болно: Сайн мэдээний сургаал, зарчмууд нь Есүс Христээс ирдэг бөгөөд заавар, мөн удаан үргэлжлэх баяр баясгалангийн эх сурвалж болдог.
(Тайлбар: Сургаал ба зарчмуудын ялгааг энэ хичээл дээр авч үзэхгүй. Энэ хичээлийн зорилгын хувьд сургаал, зарчим хоёулаа “сайн мэдээний үнэнүүд” гэсэн ерөнхий нэр томьёог хэрэглэх болно. Хэрэв та суралцагчдад сургаал, зарчим хоёрыг ялгаж салгах нь тустай гэж үзвэл нэмэлт материалууд дээр ашиглаж болох мэдэгдлүүд бий.)
Та судраас сайн мэдээний үнэнүүдийг олох чадвараа үнэлж дүгнэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах мэдэгдлүүдийг дотроо тунгаан бодоход тэднийг урьж болно.
Дараах мэдэгдлүүд таны хувьд хэр үнэн болохыг 1–5-ын хооронд үнэлж дүгнэ. (1 = ховорхон үнэн; 5 = бараг үргэлж үнэн)
-
Би сайн мэдээний үнэнүүдийг судраас олох чадвартаа итгэлтэй байдаг.
-
Намайг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулах үнэнүүдийг би судруудаас тогтмол хайдаг.
Тэнгэрлэг Эцэгийн бидэнд зориулж хадгалсан судрууд дээрх үнэнийг илүү сайн таньж мэдэхэд туслах Ариун Сүнсийг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Та дараах үйл ажиллагаануудаар эхлээд ур чадвар бүрийн “Тодорхойлох,” “Загвар” хэсгүүдийг давтан үзэж, дараа нь энэ хоёр чадвараар зэрэг дадлага хийхэд суралцагчдыг урь. Та чадваруудын “Дадлага” хэсэгт жагсаасан судрын санаануудаас аль алийг нь ашиглаж болно.
Чадвар: Тодорхой илэрхийлсэн үнэнийг таньж мэдэх
Тодорхойлох
Судлах явцдаа олж болох сайн мэдээний үнэний нэг хэв маяг бол тодорхой илэрхийлсэн үнэн юм. Эдгээр үнэн судрууд дээр энгийн өгүүлбэр эсвэл хэллэгээр илэрхийлэгддэг.
Загвар
Дараах судрыг эсвэл өөрийн дуртай шүлгийн аль нэгийг уншиж, тодорхой илэрхийлэгдсэн үнэний жишээг суралцагчдад үзүүл.
Сургаалт үгс 3:5–6-г уншаад, тодорхой илэрхийлэгдсэн үнэнийг олж, тэмдэглэ.
-
Та нар юуг тэмдэглэсэн бэ?
“Бүхий л зүрхээрээ ЭЗЭНд итгэ … Амьдралын замыг чинь Тэр шулуун болгоно” гэх мэт үнэнийг суралцагчид олж тогтоож болох юм.
-
Тэмдэглэсэн үнэн тань танд яагаад чухал вэ?
Дадлага
Суралцагчдыг дадлага хийлгэх нэг арга бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрх Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд, чухал судрын хэллэгүүдийг нээхэд тэднийг урих явдал юм. Дараа нь суралцагчид хэд хэдэн шүлгийг нээгээд, тодорхой хэлсэн үнэнүүдийг олж тогтоож болно.
Суралцагчдад үйл ажиллагааг хийж дуусгах цаг гаргаж өгсний дараа тэд хамтрагч руугаа эсвэл жижиг бүлэг рүү очиж, олж тогтоосон үнэн(үүд)ээ хуваалцаж болно.
Чадвар: Далд утгатай үнэнийг таних
Тодорхойлох
Судлах явцдаа олж мэдэж болох сайн мэдээний өөр нэг төрлийн үнэн бол далд утгатай үнэн юм. Эдгээр үнэн нь Тэнгэрлэг Эцэг биднийг юу сураасай гэж хүсдэгийг тунгаан бодохыг биднээс шаарддаг том хэсгүүд эсвэл түүхүүдэд далд утгаар агуулагдсан байдаг. Бид дараахтай адил асуултуудыг асууснаар эдгээр үнэнийг олж чадна.
Та эдгээр асуултыг самбар дээр харуулж эсвэл жагсааж бичиж болно.
-
Тэнгэрлэг Эцэгийн эсвэл Есүс Христийн талаар танд ямар нэг зүйлийг заах чухал санаа, хэллэг эсвэл бэлгэдэл бий юү?
-
Энэ түүхэд шалтгаан, үр дагаврын холбоо (хэрэв/тэгвэл) байдаг уу?
-
Зохиогч яагаад Бурханаар нөлөөлөгдсөн эдгээр үйл явдал, эсвэл хэсгүүдийг багтаасан гэж та бодож байна вэ?
Загвар
Ангийнхандаа Тооллого 21:5–9-ийг сайн дураараа чанга уншиж өгөх суралцагчийг урь. Энэ нь хорт могойд хатгуулсан израилчуудад Бурханы заасан мөн тэднийг эдгээсэн цэдэг юм. Сонсож байхдаа дээрх асуултуудыг өөрсдөдөө тавьж, цэдэг дэх далд утгатай үнэнийг олж мэдэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Уншиж дууссаных нь дараа олж мэдсэн далд үнэнээ сайн дураараа хуваалцахыг суралцагчаас хүс. Та судар дээрээ эдгээр шүлгийн дэргэд үнэнийг бичихэд суралцагчдыг урамшуулан дэмжиж болно.
Энэ цэдгийн боломжит далд үнэнд дараах үнэнүүд багтана. Үүнд:
-
Бурхан, мөн Түүний бошиглогчдын эсрэг ярих нь эцэстээ уй гашууд хүргэх болно.
-
Бошиглогч биднийг Есүс Христ рүү чиглүүлдэг.
-
Бурхан өрөвч нигүүлсэнгүй бөгөөд биднийг эдгээх арга замыг бэлтгэдэг.
Та Есүс Христ энэ цэдгийг Өөрт нь итгэж, Өөрийг нь дагадаг хүмүүс мөнх амьдралыг авна гэж заахын тулд ашигласан гэдгийг онцолж болно (Иохан 3:14–16).
Дадлага
Энэ үйл ажиллагааг эхлэхийн тулд хагас хальсалсан гадил жимсийг самбарт зур.
Дараах заавар, судрын эшлэлүүдийг үзүүлээд, үйл ажиллагааг бие даан эсвэл хамтрагчтайгаа хийхэд суралцагчдыг урь. Судалж байхдаа ямар нэгэн үнэнийг олох бүрдээ самбарт гарч, үүнийгээ самбарт зурсан гадилын хажууд бичихэд суралцагчдыг урь.
Доорх судрын цэдгээс нэгийг нь эсвэл өөрийн сонголтоор өөр цэдэг сонго.
-
Унших явцдаа сударт аль хэдийн тодорхой илэрхийлэгдсэн үнэнүүдийг тэмдэглэ.
-
Уншиж дуусаад, уг цэдгээс сурч мэдсэн дор хаяж нэг далд үнэнийг өөрийн үгээр бич.
-
Олж мэдсэн үнэн тань яагаад танд чухал болохыг мөн Тэнгэрлэг Эцэг танаас тэдгээрийг хэрхэн ашиглаасай гэж хүсэж байгааг тунгаан бод.
1 Самуел 17:44–49 (Давид аварга биетэн Голиаттай нүүр тулав)
2 Хаад 6:14–18 (Арамын арми Елишаг баривчлахаар хотыг бүсэлсэн)
Шүүгчид 6:11–16 (Гидеон хүмүүсээ түрэмгийлэгч их цэргээс аврахаар дуудсан)
Дууссаны дараа бусад суралцагчийн самбар дээр бичсэнийг, мөн өөрсдөд нь утга учиртай үнэнүүдийг олж хэлэхэд суралцагчдыг урь. Суралцагчид яагаад уг үнэн өөрсдөд нь чухал болохыг мөн энэ үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар хуваалцаж болно. Та мөн самбар дээрх ямар нэг зүйл үнэн гэдгийг мэдэхэд нь тусалсан туршлага тохиолдсон эсэхийг тэднээс асууж болно.
Дүгнэлт
Энэ улиралд тавьсан хувийн судар судлах зорилгыг нь суралцагчдад сануул. Хэрэв суралцагчид хараахан зорилго тавиагүй байгаа бол тавихад нь урамшуулан дэмжээрэй.
Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж байхдаа зорилгоо бодоход суралцагчдыг урь. Хэрэв сүнслэгээр өдөөгдсөн бол зорилгоо өөрчлөхөд бэлэн байхад тэднийг урь.
-
Хувиараа эсвэл гэр бүлээрээ судар судлахад тань тусалж болох ямар чадвар таны анхаарлыг татсан бэ?
-
Судраас судлах явцдаа сайн мэдээний үнэнүүдийг олж, тунгаан бодох нь Аврагчид илүү ойртоход танд хэрхэн тусалдаг вэ?
Дараагийн хэд хэдэн хичээл дээр хувиараа эсвэл гэр бүлээрээ судар судлах явцдаа олж мэдсэн үнэнээ хуваалцахад нэг эсвэл түүнээс олон суралцагчийг урь. Дараа дараагийн хичээлээр энэ чухал ур чадвараар дадлага хийх боломжийг суралцагчдад олгохыг хичээ.