“Исаиа 60–66: Аврагчийн мянган жилийн засаглал,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Исаиа 60–66: Аврагчийн мянган жилийн засаглал” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 129: Исаиа 58–66
Исаиа 60–66
Аврагчийн Мянган жилийн засаглал
Дэлхий үймээн самуунтай байгаа учраас бид бүгд амар амгалангийн мөчийг хүсэн хүлээдэг. Аврагч Есүс Христ дэлхийд эргэн ирж, амар амгалангийн цаг үеийг бий болгон мянган жил засаглах болно. Исаиа Мянган жил хэмээн нэрлэгдэх энэ үеийн талаар бошиглосон. Энэ хичээл суралцагчдыг Аврагчийн Хоёр дахь ирэлт, мянган жилийн засаглалд илүү их баяр хөөртэй болоход нь тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Аврагчийн Хоёр дахь ирэлт, Мянган жилийн засаглалын талаар мэддэг зүйлээ бодож үзэхэд урь. Тэднийг үүнийг тэсэн ядан хүлээдэг эсэх, яагаад хүлээдэг талаараа тунгаан бодоход урь. Тэд эцэг эхээсээ эсвэл итгэл хүлээсэн насанд хүрэгчдээсээ Аврагчийн эргэн ирэлтийн талаар ямар бодол, мэдрэмжтэй байгааг асууж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мянган жил
Суралцагчдад яагаад Аврагчийн эргэн ирэлт бидний амьдралд ийм адислал болохыг ойлгоход нь туслахын тулд эхлээд дараах асуултыг тавьж болно:
-
Дэлхий дээр таны өөрчлөхийг хүсдэг ямар асуудал байдаг вэ?
Та суралцагчдад хариултын талаар бодоход нь туслахын тулд дараах хэллэгүүдийн заримыг самбар дээр бичиж болно:
-
Хүмүүс уйлж, гомдох шалтгаанууд
-
Хүчирхийлэл, шударга бус байдал, сүйрлийн жишээ
-
Сатаны нөлөө
Өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ амьдралд гарсан ямар асуудлыг өөрчлөхийг хүсэж буй талаараа тунгаан бодох цаг гарга. Өнөөдөр суралцаж байхдаа бидэнд болон дэлхийд тусалж болох үнэнүүдийг олж мэдэхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Исаиагийн сүүлийн бүлгүүд
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зургийг үзүүлээд, ирээдүйд Аврагч дэлхий дээрээ эргэн ирж, мянган жилийн туршид засаглах болно хэмээн судрууд заадаг гэдгийг тайлбарла. Энэ хугацааг Мянган жил гэж нэрлэдэг.
Исаиагийн номын сүүлийн бүлгүүдэд Аврагчийн Хоёр дахь ирэлт, Мянган жилийн тухай Исаиагийн сургаал, бошиглолууд орсон байдаг.
Дараах шүлгүүдийг уншаад, Аврагчийн ирэлтэд баярлан баясахад тань туслах үг хэллэгүүдийг тэмдэглэ.
-
Исаиа 60:18–20
-
Исаиа 62:11–12
-
Исаиа 65:17–25
Суралцагчдыг олсон зарим үг хэллэгээ мөн яагаад Аврагчийг энэ адислалыг өгөхийг тэсэн ядан хүлээж байгаагаа хуваалцахад урь. Суралцагчид Аврагч дэлхийн асуудлуудыг даван туулна гэдгийг харуулсан хэллэгүүдийг хуваалцаж болно. Зарим жишээг оруулав. Үүнд:
-
“Нутагт чинь хүчирхийлэл … дахин сонсогдохгүй” (Исаиа 60:18)
-
“Гашуудлын чинь өдрүүд төгсөнө” (Исаиа 60:20)
-
“Уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй” (Исаиа 65:19)
-
“Тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” (Исаиа 65:25)
Суралцагчдыг ангийнхныхаа хуваалцдаг судрууд дээрх үг хэллэгүүдийг тэмдэглэхэд урамшуулан дэмжих нь үр дүнтэй байж болно.
-
-
Аврагч эргэж ирэх үедээ Өөрийн хүмүүсийн төлөө юу хийхийг та нар хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчид төрөл бүрийн үнэнийг хуваалцаж магадгүй. Нэг нь дараахтай төстэй байж болно: Аврагчийн ачаар Түүний хүмүүс Мянган жилийн турш аз жаргал, амар амгалан, хөгжил дэвшилд баясах болно. Энэ зарчмыг эсвэл үүнтэй адил зарчмыг суралцагчдын үгсийг ашиглан самбар дээр бичих талаар бодож үз.
Ойлголтыг гүнзгийрүүлэх нь
Аврагчийн Хоёр дахь ирэлтийн зургийг харуул. Суралцагчдыг Есүс Христийн тухай юу мэдэж, мэдэрч байгаагаа санахад урь.
-
Дэлхий дээр Есүс Христтэй байх нь яагаад аз жаргал, амар амгалан, баяр баясал руу хөтөлнө гэж та нар бодож байна вэ?
Мянган жилийн тухай болон Аврагчийн эргэн ирэлтээс ирэх адислалуудын талаар өөрт байгаа асуултуудынхаа талаар тунгаан бод. Их Эзэн энэ сэдвээр илүү ихийг илчилсэн.
Дараах асуултуудыг үзүүлэх талаар бод.
Мянган жилийн талаар нэг юм уу хоёр асуултыг эсвэл хамгийн их сонирхож байгаа дараах асуултуудаа сонго. Судруудаас болон тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаас хариулт хайхад хэдэн минут зарцуул. Судруудын удирдамж дахь “Мянган жил” нэртэй хэсэг болон ChurchofJesusChrist.org дээрх Сэдэв ба асуулт хэсэг тустай байж болно.
-
Их Эзэн “шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Исаиа 65:17). Сургаал ба Гэрээнүүд 88:25–26, Итгэлийн Тунхаг 1:10-ыг унш. Эдгээр шүлэг Аврагчийн хүчний талаар болон зөв шударга хүмүүсийн төлөөх Түүний бодол мэдрэмжийн талаар юу зааж байгааг бодож үз.
-
Мянган жилийн үеэр үхэл байх уу? Аврагчийн ачаар хүүхэд “зуун наслаад үх[эх болно]” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Исаиа 65:20). Сургаал ба Гэрээyoo; 101:29–31-ийг уншиж, эдгээр шүлэг Аврагчийн хүчний талаар юу зааж байгааг тунгаан бод.
-
Аврагчийг эргэж ирснээс болж Сатанд юу тохиолдох вэ? Дараах шүлгүүдийн заримыг унш: Сургаал ба Гэрээнүүд 45:55, 101:28, 1 Нифай 22:26, Илчлэл 20:1–3. Эдгээр шүлэг Их Эзэний талаар танд юу зааж байна вэ?
-
Мянган жилийн турш Аврагч ямар үүрэг гүйцэтгэх вэ? Тэр юу хийх вэ? Сургаал ба Гэрээнүүд 29:11, 45:59, Итгэлийн Тунхаг 1:10-ыг унш.
-
Их Эзэн Мянган жилийн талаар өөр юуг илчилсэн бэ? Дараахын заримыг нь унш: Сургаал ба Гэрээнүүд 45:54, 56–58; 101:26–29; ChurchofJesusChrist.org дээрх Сэдэв ба асуулт дээрх “Мянган жил”.
Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэдний сурсан зүйл хэрхэн Аврагчийн эргэн ирэлт, Мянган жилийн тухайд илүү баярлан баясахад тусалдгийг асуух талаар бодож үз.
Хэрэв суралцагчид Мянган жилийн төгсгөлд Сатан “ахархан хугацаанд суллагдах” (Илчлэл 20:3) болно гэдэг нь юу гэсэн утгатай болохыг асуувал тэднийг Сургаал ба Гэрээнүүд 88:111–115-ыг уншихад урь.
Сурч мэдсэн зүйлсээ төсөөлөн бод
Сурч мэдсэнээ төсөөлөн бодох нь заримдаа үр дүнтэй байдаг. Нүдээ аниад, Аврагчийн талаар болон Түүний Мянган жилийн турш дэлхий дээр хэзээ засаглах талаар олж мэдсэн зүйлээ төсөөлөн бод. Энэ үйл ажиллагааг өөрийн тань хувьд утга учиртай болгохын тулд Ариун Сүнсний тусламжийн төлөө залбир. Эргэн ирэх Аврагчийг болон Түүний хэрхэн та нарыг, таны хайртай хүмүүсийг, бүх хүн төрөлхтнийг ,адисалж болох талаар төсөөлөн бод.
Та ахлагч Андэрсэны хэлсэн дараах үгийг уншаад, суралцагчдыг сонссон зүйлээ дүрслэн бодохыг урьж болно.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн гэрчилсэн.
Түүний ирэх тухай бодоход бодгаль минь баясдаг. Энэ нь гайхамшигтай байх болно! Хэр хэмжээ, сүр жавхлан, агуу их ба гоо үзэсгэлэн нь мөнх бус мэлмий харж, мэдэрч байгаагүйгээр арвижих болно.
… Тэрээр “тэнгэрийн үүлэн дотор сүр хүч хийгээд агуу алдар суунд, бүх ариун тэнгэр элч нарын хамт” үзэгдэх болно [Сургаал ба Гэрээнүүд 45:44].
… Бид хүндэтгэлтэй байдлаар өвдөг сөгдөнө. “Мөн Их Эзэн дуу хоолойгоо илэрхийлэх болно, мөн дэлхийн бүх хязгаарууд үүнийг сонсох болно” [Сургаал ба Гэрээ 45:49].
Дэлхий дээр тэнгэрийн элчүүд ба гэгээнтнүүдийн хэзээ ч мартагдахааргүй цугларалт болно ( Мосе 7:63-ыг үзнэ үү). Хамгийн чухал нь, Исаиа “дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ,” (Исаиа 52:10) мөн Тэрээр “бүх махан бодь дээр хаанчлах болно” (Сургаал ба Гэрээнүүд 133:25) хэмээн тунхаглана. (“Таны хаанчлал ирэх болтугай,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 112-113)
Суралцагчдыг өнөөдөр Аврагчийн талаар юу мэдэж авсан, Түүний эргэж ирэх талаар ямар бодолтой байгаагаа судлах тэмдэглэл дээрээ бичихийг хүс. Суралцагчдаас сайн дураараа бодол санаа, ойлголтоо хуваалцахыг хүс. Та ч мөн өөрийнхөө бодол, мэдрэмжийг хуваалцахыг бодоорой.