“Исаиа 58:1–12: Мацаг барих, залбирахын хүч,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Исаиа 58:1–12: Мацаг барих, залбирахын хүч,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 126: Исаиа 58–66
Исаиа 58:1–12
Мацаг барих, залбирахын хүч
Их Эзэн биднээс мацаг бариасай гэж хүссэн. Та энэ зарлигийн талаар юу гэж бодож байна вэ? Иудейчүүдэд мацаг барихыг нь Их Эзэн хүлээн зөвшөөрдөггүй юм шиг санагдсан. Их Эзэн Исаиагаар дамжуулан хүмүүст зөв зохистой мацаг барихыг заасан. Энэ хичээл суралцагчдад Их Эзэний арга замаар мацаг барих хүсэлтэй болоход нь тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Мацаг барих, үнэнийг барих шалтгааны талаар тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэд бас эцэг эхээсээ эсвэл итгэл хүлээсэн найзаасаа бодол санаа, мэдрэмжээ хуваалцахыг хүсэж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мацаг барих
Суралцагчдыг мацаг барих талаар илүү ихийг олж мэдэхэд бэлтгэхэд туслахын тулд дараахыг хийх талаар бодож үзээрэй. Энэ сэдвээр ярилцахдаа суралцагчдыг дарамт шахалт, шүүлтгүйгээр нээлттэй хуваалцах уур амьсгалыг бүрдүүлэхийг хичээ.
Та нэгэн ням гарагийн өглөө мацгийн ням гараг гэдгийг санах үедээ өглөөний хоол идэхэд бэлэн боллоо гэж төсөөл.
-
Таны толгойд хамгийн түрүүнд ямар бодол орж ирэх вэ?
Хэрэв шаардлагатай бол Ерөнхий Гарын авлагаас мацаг барих тухай дараах тайлбарыг хуваалц:
Их Эзэн Өөрийн хүмүүсийг адисалж, тусламж хэрэгтэй хүмүүст үйлчлэх арга замыг тэдэнд өгөхийн тулд мацгийн хуулийг тогтоож өгсөн. …
Мацгийг хэзээ ч барьж болно. Гэхдээ ерөнхийдөө сарын эхний ням гаргийг мацгийн өдөр гэж гишүүд үздэг. Мацгийн өдөрт ерөнхийдөө дараах зүйлс багтдаг. Үүнд:
Залбирах
24 цагийн турш хоол, ундгүй явах (бие махбодын хувьд боломжтой бол)
Мацгийн өгөөмөр өргөл өгөх
Мацгийн өргөл нь тусламж хэрэгтэй хүмүүст туслахад өгдөг өргөл юм. Гишүүдийг мацаг барих үедээ хамгийн багадаа, идээгүй хоолныхоо үнэтэй тэнцэх өргөлийг өгөхийг урьдаг. Гишүүдийг өгөөмөр байж, боломжтой бол хоолныхоо үнээс илүү ихийг өгөхийг уриалдаг. (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 22.2.2., Gospel Library)
Дараах асуултуудын талаар бодохдоо мацаг барих талаар ямар сэтгэгдэлтэй байгаагаа хэсэг зуур тунгаан бод:
-
Та мацаг барих талаар ямар бодолтой байдаг вэ? Яагаад?
-
Хэрэв та өмнө нь мацаг барьж байсан бол Их Эзэний талаар болон мацаг барих талаар энэ туршлагаасаа юу сурч мэдсэн бэ?
-
Мацаг барих талаар танд ямар санаа зовоосон асуудал эсвэл асуулт байдаг вэ?
Өнөөдөр суралцахдаа өөрт байгаа аливаа асуудлууддаа тусламж авч, мацаг барих хүсэлтэй болохын тулд Их Эзэний удирдамжийг эрэлхийл.
Мацгийн талаарх Их Эзэний сургаал
Их Эзэн Израилын угсааныхны үйлдсэн нүглүүдийг зоригтой тунхаглахыг Исаиад зааварласан. Жишээ нь, гадна байдлаараа тэд мацаг барих гэх мэтийн шашны зан үйлийг буруу санаатайгаар үйлджээ.
Суралцагчдыг доорх шүлгүүдийг унших үед нь тусалж болох дараах мэдээллийг тайлбарлах эсвэл үзүүлэх талаар бодож үз.
-
“Зэгс” (5-р шүлэг) нь өндөр, нимгэрдэг өвс юм.
-
“Таар” (5-р шүлэг) гэдэг нь хүмүүс өөрсдийн даруу байдал, харууслыг бэлгэдэхийн тулд эрт үед өмсдөг байсан бүдүүн бараг материал юм. Тэд мөн л ийм шалтгаанаар өөрсөд рүүгээ үнс цацдаг байв.
Исаиа 58:3–5-ыг уншаад, дараах хоёр асуултын хариултыг олж мэд.
-
Хүмүүс мацаг барих талаар Их Эзэнээс юу асуусан бэ?
-
Их Эзэн мацаг барих тухайд буруу зүйл хийсэн хүмүүст юу гэж хэлсэн бэ?
Суралцагчдыг хариултаа болон чухал санагдсан зүйлсээ хуваалцахад урь. Хэрэв шаардлагатай бол израилчууд мацаг барьж байхдаа өөрсдийн таашаалыг эрэлхийлж (3-р шүлэг), мацаг барихыг зүдгүүр (3, 5-р шүлэг) хэмээн үзэн, бусдад муу ханддаг байсныг онцлон тэмдэглэ (3–4-р шүлэг).
-
Бид мацаг барихдаа хэрхэн үүнтэй адил алдаа гаргаж болох вэ?
Их Эзэн биднийг ийм хүмүүсээс өөрөөр мацаг бариасай гэж хүсдэг гэдгийг тайлбарла. Тэрээр биднийг даруу төлөв, зорилготой, үнэн хүсэлтэйгээр мацаг бариасай гэж хүсдэг (Дуулал 35:13; Иоел 2:12; Иона 3:4–10; Матай 6:16–18; Алма 5:46; 6:6;17:3, 9-ийг үзнэ үү).
-
Их Эзэн яагаад биднийг тодорхой зөв шударга зорилго, үнэн хүсэлтэйгээр даруухнаар мацаг бариасай гэж хүсдэг гэж та бодож байна вэ?
Их Эзэний амлалт
Дараах зүйлийг самбар дээр бич: Хэрэв бид Их Эзэний санасны дагуу мацаг баривал …
Исаиа 58:6–12-ыг уншаад, Их Эзэний хүсэж байгаагийн дагуу мацаг барьдаг хүмүүст Их Эзэний амласан зорилго, адислалуудыг олж мэд. Та тэдгээрийг тэмдэглэж болно.
Исаиа 58:6–7 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Суралцагчдыг төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амархан олохын тулд онцгойлон тэмдэглэхэд урьж болно.
Суралцагчдаас суралцсан зүйл дээрээ үндэслэн өгүүлбэрийг гүйцээж хийхийг хүс. Тэд хариултаа самбар дээр бичиж болно. Дараах жишээнүүд байж болно:
-
Тэр бидний дээр гэм буруугийн хүлгийг мултална (Исаиа 58:6-г үзнэ үү).
-
Тэрээр буулгын оосрыг тайлна (Исаиа 58:6-г үзнэ үү).
-
Бид ядуус хийгээд гачигдалтай хүмүүст анхаарал халамж тавих болно (Исаиа 58:7-г үзнэ үү).
-
Тэр биднийг гэрлээр ба эрүүл мэндээр адислах болно (Исаиа 58:8-ыг үзнэ үү).
-
Тэр бидний залбирлуудад хариулах болно (Исаиа 58:9-ийг үзнэ үү).
Мацаг барьсны адислал
Суралцагчдад олж тогтоосон адислалуудаа ойлгоход нь туслахын тулд тэднийг дараах нөхцөл байдлаас нэгийг эсвэл хоёрыг нь сонгоход урь.
-
Нэгэн залуу эр хичээл сурлага, ирээдүйнхээ талаар санаа зовж байна.
-
Нэгэн залуу эмэгтэйд үйлдсэн нүглээсээ болж дахин хэзээ ч цэвэр ариун байж чадахгүй юм шиг санагддаг.
-
Нэгэн залуу эр Сүм үнэн эсэхийг мэдэхийн тулд залбирч байгаа ч хариултаа авч чадахгүй байна.
-
Нэгэн залуу эмэгтэй ядууст туслахыг хүсдэг.
-
Нэгэн залуу эр даван туулж чадах эсэхээ мэдэхгүй сорилттой тулгарчээ.
Энэ нөхцөл байдалд байгаа хүнд мацаг барьж, Бурханаас тусламж гуйн залбирах сэдэл төрүүлэх нэг хэллэгийг Исаиа 58:6–12 дээрээс ол. (Зарим нөхцөл байдалд хамаарч болох нэгээс илүү үг хэллэг байж болно.)
Суралцагчдыг жижиг бүлгүүдэд эсвэл ангидаа сонгосон нөхцөл байдал болон тэдэнд тусалж болох үг хэллэгүүдийг болон яагаад гэдгийг хуваалцахад урь.
Та мөн эдгээр шүлэгт Их Эзэний амласан адислал нь тус болж болох өөр нөхцөл байдлуудаас хуваалцахад тэднийг урьж болно эсвэл эдгээр адислалын аль нэг нь тэдний хувьд онцгой утга учиртай байсан уу, тийм бол яагаад гэдгийг асууж болно.
-
Эдгээр адислалын төлөө мацаг барьж, хүлээн авах нь таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хэрхэн илүү ойр болгож болох вэ?
Мацаг барих, мацгийн өргөл төлөх жишээ
Аврагчийн жишээг ойлгоход суралцагчдад туслахын тулд Тэр мөн энэ зарчмын дагуу амьдрахын зэрэгцээ мацаг барих талаар зааж, мацаг барьдаг байсан гэдгийг тайлбарла. Тэрээр дэлхий дээрх тохинууллынхаа өмнө мацаг барьж байсан (Maтай 4:1–2-ыг үзээд, Иосеф Смитийн Орчуулга: Maтай 4:1 нь “диаволд соригдох” гэдэг хэллэгийг “Бурхантай хамт байх”гэсэн хэллэг болгож өөрчилснийг ажигла). Тэр мөн зарим хилэнцэт нөлөөг зөвхөн “залбирал, мацаг барилтаар” (Мат. 17:19, 21) холдуулдаг гэж заасан.
Мацаг барих орчин үеийн дараах жишээг үзүүлж, суралцагчдаас мацаг барихын нь юу нь таалагдсан эсвэл юу сурсан талаар нь асуу:
-
“Fast Offerings: A Simple Commandment with a Marvelous Promise (Мацгийн өргөл: Гайхамшигтай амлалт бүхий энгийн нэгэн зарлиг)” (3:01): Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг дайны үеэр Сьерра Леонд мацгийн өргөлөө өгч байсан нэгэн эмэгтэйн түүхийг ярьж байна.
Суралцагчдыг мацаг барьж байсан туршлага болон дараах асуултуудын талаар хэдэн хором тунгаан бодоход урь.
-
Таныг эсвэл таны мэддэг хүмүүсийг мацаг барьсан учир Их Эзэн ямар адислал өгсөн бэ?
-
Та мацаг барихаа хэрхэн илүү утга учиртай болгож чадах вэ?
Мөн та санал бодлоо хуваалцах талаар бодож үзээрэй.
Мацаг барих талаарх таны бодол
Мацаг барих талаар ямар бодолтой байгаагаа судлах тэмдэглэлдээ бичихдээ энэ хичээлийн үеэр Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан аливаа сэтгэгдлээ тунгаан бод. Та амьдралдаа Их Эзэнээс хүссэн адислалуудаа болон яагаад хүссэн гэдгээ багтааж болно.
Цээжил
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын гол үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараа дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Исаиа 58:6–7” хэмээх судрын гол үг хэллэг нь “зохих ёсоор мацаг барьсны адислалууд юм.” “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.