“Исаиа 61: Мессиа Есүсийн зорилго,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Исаиа 61: Мессиа Есүсийн зорилго,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 128: Исаиа 58–66
Исаиа 61
Мессиа Есүсийн зорилго
Исаиа 61 дээр Исаиа биднийг эдгээж, чөлөөлж, тайтгаруулж, мөн аврах Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Есүс Христийн үйлсийн талаар заасан. Зарим хүн Есүс Христийн бидний амьдралд энэхүү тусламж, тайтгарлыг өгч байгаа эсэхэд эргэлздэг байж магадгүй. Энэ хичээл суралцагчдад Аврагчийн биднийг эдгээж, чөлөөлж, тайтгаруулах чадварт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд нь туслах болно.
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христ өнөөдөр хүмүүсийг эдгээж, тайвшруулж, өргөн дэмжиж байгааг өөрсдийн болон бусдын амьдралаас харсан нотолгооны талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Тэднээс санаа бодлоо хуваалцах бэлтгэлтэй ирэхийг хүс.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мессиа яагаад бидэнд хэрэгтэй вэ
Есүс Христ яагаад бидэнд хэрэгтэйг олж мэдэхэд суралцагчдад туслахын тулд Шинэ Гэрээнээс цусны өвчтэй эмэгтэйг дүрсэлсэн зургийг үзүүлж, хичээлийг эхлэх талаар бодож үз (Марк 5:24–34-ийг үзнэ үү).
Энэ нөхцөл байдлын талаар мэддэг зүйлсээ хуваалцахад суралцагчдыг урь. Хэрэв шаардлагатай бол тэр эмэгтэй “арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй” (Марк 5:25) буюу эрүүл мэндийн асуудалтай байсан гэдгийг тайлбарла. Тэр эдгэрэхийн тулд эмч нарт “өөрт байсан бүхнээ зарцуулсан” (Марк 5:26) боловч өвчин нь улам мууджээ. Мосегийн хуулиар цусны өвчтэй хүнийг цэвэр бус гэж үздэг байв (Левит 15:19–33-ыг үзнэ үү). Тиймээс энэ эмэгтэй тэр 12 жилийн хугацаанд зарим талаараа нийгмээс гадуурхагдсан байсан бололтой.
Зургийг үзүүлж байхдаа дараах асуултуудыг тавь.
-
Тэр юу бодож, юу мэдэрч байсан байх гэж та төсөөлж байна вэ?
-
Өнөөдөр өсвөр насны хүүхэд үүнтэй төстэй юу бодож, мэдэрч болох вэ?
Суралцагчид өөрсдийн амьдрал, нөхцөл байдлын талаар бодож, суралцахдаа хувийн илчлэлт урьж болно. Үүнийг хийхэд нь тэдэнд туслах нэг арга зам бол дараахтай адил заавруудыг үзүүлэх явдал юм:
Яг одоо өөрт тань эсвэл таны мэддэг хэн нэгэнд тулгарч байгаа сорилт бэрхшээлийн талаар мөн Аврагчийн тусламж хэрхэн хэрэгтэй байгаа талаар бод. Аврагч бидэнд болон энэ эмэгтэйд хэрхэн тусалж чадахыг Исаиа бошиглосон. Та өнөөдөр Исаиа 61-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таны амьдралд хэрхэн ажиллаж байгааг харахын тулд Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Мессиагийн үйлс
Исаиа 61-ийг судлахад суралцагчдыг бэлтгэхийн тулд Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг … тулд илгээсэн гэсэн өгүүлбэрийг самбарын дээд талд бич.
Исаиа 61-д Исаиа Аврагчийн тухай, Түүний зорилгын талаар бошиглосон. Эдгээр шүлэгт Исаиа Мессиаг төлөөлж буюу Аврагч энэ үгсийг хэлж байгаа мэт ярьдаг.
Исаиа 61:1–3-ыг уншаад, самбар дээрх өгүүлбэрийг гүйцээж бич: Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг … тулд илгээсэн
Та 1-р шүлэг дээр тосолсон гэдэг нь Есүс Христийг онцгойлон адисалсан эсвэл тодорхой зорилгоор илгээгдсэн гэсэн утгатай гэдгийг тайлбарлаж болно. “Христ (грек үг), Мессиа (еврей үг) гэдэг нь ‘адислагдсан’” (Судруудын удирдамж, “Есүс Христ,”) гэсэн утгатай.
Та мөн 1-р шүлэг-ийн хам сэдэвт номхон дөлгөөн гэдэг нь ядуу, зовж зүдэрсэн, даруу гэсэн утгатай байж болно гэдгийг тайлбарлаж болно.
-
Аврагч өнөөдөр хэн нэгэнд хэрхэн тусалж чадахыг ойлгоход тань туслах юуг та олж мэдсэн бэ?
Эсвэл та суралцагчдын хуваалцаж байгаа зүйлийг самбар дээр бичихэд эсвэл ийнхүү хуваалцахад тэднийг урьж болно. Суралцагчид хуваалцаж байх үедээ дараах мэдэгдлийг гүйцээж бичиж болно: Тэнгэрлэг Эцэг Есүс Христийг … тулд илгээсэн
-
Ядуус, зовж зүдэрсэн, даруу хүмүүст сайн мэдээг номлох (1-р шүлэг-ийг үзнэ үү).
-
Шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээ (1-р шүлэг-ийг үзнэ үү).
-
Олзлогдогсдыг чөлөөлөх (1-р шүлэг-ийг үзнэ үү).
-
Бүх гашуудагчийг тайвшруулах (2-р шүлэг-ийг үзнэ үү).
-
Хүнд ачаа дарамттай хүмүүст гоёл чимэг, баяр хөөрийг бэлэглэх ( 3-р шүлэг-ийг үзнэ үү).
Дагалдах асуултуудыг асуух нь суралцагчдад судраас дөнгөж сая сурсан эсвэл хэн нэгний хуваалцахыг сонссон зүйлээ шинжлэн дүгнэхэд туслах үр дүнтэй чадвар юм. Та суралцагчдад бичвэрийн утгыг ойлгоход нь туслахын тулд дараах дагалдах асуултуудыг тавьж болох юм: “Ямар арга замаар хэн нэгэн олзлогдож болох вэ?” эсвэл “Тэр бидэнд ‘үнсний гоёл чимгийг’ өгнө гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?”
Аврагч зорилгоо хэрхэн гүйцэлдүүлдгийг танин мэдэх нь
Та Лук 4:16–21-ийн дараах хураангуй дүгнэлтийг суралцагчидтайгаа хуваалцахыг хүсэж болно.
Есүс Христ энэ дэлхий дээр амьдарч байхдаа төрөлх Назар хотынхоо синагогт Исаиа 61-ээс уншжээ. Есүс Христ Исаиагийн үгсээр дамжуулан Өөрийгөө эдгээж, чөлөөлж, тайтгаруулж, аврах зорилготой Тэнгэрлэг Эцэгийн илгээсэн амлагдсан Мессиа байсныг гэрчилсэн (Лук 4:16–21-ийг үзнэ үү).
Та Аврагчийн өөрийн зорилгыг амьдралдаа хэрхэн биелүүлж чадахыг харж эхлэхэд нь суралцагчдад туслахын тулд бүлгүүдэд судрын жишээнүүдийг судлахад суралцагчдыг урьж болно.
Самбар дээрх өгүүлбэрүүдийн нэгийг сонго. Аврагч хэн нэгэнд онцгой сорилт бэрхшээлийг даван туулахад нь тусалснаар Өөрийн зорилгыг гүйцэлдүүлдэг талаарх судрууд дахь жишээг судал. Та судрын жишээг ашиглах юм уу өөрийн жишээг олж болно. Та бас орчин үеийн жишээний тухай бодож болох юм.
-
Зовж зүдэрсэн: Саа өвчнөөр өвдсөн хүн (Марк 2:1–12)
-
Зүрх сэтгэл нь шархалсан: Цус алддаг өвчтэй эмэгтэй (Марк 5:24–34)
-
Олзлогдсон: Залуу Алма (Алма 36:16–21)
-
Гашуудсан: Мариа, Марта хоёр (Иохан 11:20–36)
-
Дарлуулж доройтсон: Алма ба түүний хүмүүс (Moзая 24:8–21)
Та судалж байхдаа дараах асуултуудын хариултыг ол:
-
Энэ түүх Есүс Христ таны төлөөх зорилгоо амьдралдаа хэрхэн биелүүлж болох талаар танд юу зааж байна вэ?
-
Та Түүний хүчийг амьдралдаа хэрхэн урьж болох талаар энэ түүх танд юу зааж байна вэ?
Суралцагчдыг судалж байх хооронд тэдэнд байж болох аливаа асуултад хариулахад туслах боломжтой бай.
Суралцагчдыг судалж дууссаны дараа хэцүү сорилттой тулгарч байгаа хэн нэгэнд туслах юу сурснаа хуваалцахад урьж болно.
Суралцагчдыг хувийн туршлагаа эргэцүүлэн бодоход урьдаг дараахтай адил асуулт тавих нь тэдэнд Есүс Христийн хайр, хүч чадал, нигүүлслийг амьдралдаа таньж мэдэхэд тусална. Их Эзэний хайр, хүч, нигүүлслийн талаар суралцахад нь суралцагчдад туслах нэмэлт сургалт авах бол “Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар” дээрх “Суралцагчдад Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг амьдралаасаа олж харахад нь туслах” гэх хэсгийг үзнэ үү.
Хэрэв суралцагчид туршлагаа хуваалцахаасаа өмнө орчин үеийн жишээг харах нь тэдэнд тустай байвал та “Feeling the Lord’s Love and Goodness in Trials (Сорилт бэрхшээлийн үед Их Эзэний хайр, сайхан сэтгэлийг мэдрэх нь)” (4:18) дээрх Дарлины туршлагаас үзэж болно.
4:17 -
Та Есүс Христ таны эсвэл таны таньдаг хэн нэгний амьдралд зорилгоо ямар арга замаар гүйцэлдүүлж буйг олж харсан бэ?
Түүний талаар итгэдэг зүйлээ хуваалцах нь
Суралцагчдад сурсан зүйлс нь хичээлээс гадуурх амьдралд нь хэрхэн нөлөөлж болох талаар бодох цаг гаргаж өг. Дараах үйл ажиллагаа нь хичээлийн эхэнд тэдний бодож байсан сорилттой холбоотой.
Өнөөдөр амьдралдаа хүнд байдалд орсон гэж бодож байгаа хүнд зориулан зурвас бич (энэ хүн нь та өөрөө байж болно). Бичихдээ Сүнсний тусламжийг эрэлхийл. Уг захидалдаа Аврагчийн тухай өнөөдөр сонсож, мэдэж авсан үнэнээс эсвэл туршлагаасаа хуваалцаж, энэ хүнд урам зориг өгнө эсвэл найдвар төрүүлнэ гэж бодож байгаа зүйлээ хуваалц.
Есүс Христ, Түүний хүчний талаарх гэрчлэлээ хуваалцах замаар хичээлийг өндөрлөх талаар бодож үз.