“Төгс эзэмших сургаалын дадлага 5: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжлэх, хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Төгс эзэмших сургаалын дадлага 5: Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжлэх, хэрэгжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7; 76-р хичээл
Төгс эзэмших сургаалын дадлага 5
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжлэх, хэрэгжүүлэх
Төгс эзэмших сургаал нь Есүс Христ мөн Түүний сайн мэдээнд тулгуурлан амьдралаа босгоход суралцагчдад тусалдаг. Энэ хичээл нь суралцагчдад төгс эзэмших сургаалаас судрын гол эшлэлүүдийг цээжилж, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлэхэд тусална.
Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалын судраас нэг эшлэл сонгож, цээжлэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Төгс эзэмших сургаал аппликэйшн тустай эх сурвалж байж болно. Энэ хэсгүүдийн жагсаалтыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дээрээс олж үзэх боломжтой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын давтлага: Цээжлэх
Та төгс эзэмших сургаалын эшлэл, гол хэсгүүдийг цээжлэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах байдлаар хичээлээ эхлүүлж болно. Үүнийг гүйцэтгэх нэг арга нь дараах асуултуудыг асуух байж болно.
-
Та нар цээжилж байгаа зүйлээсээ хамгийн түрүүнд юуг санаж байна вэ? Та нар үүнийгээ одоо ч мэдэж байна уу?
-
Та нар судар цээжилж үзсэн үү? Цээжлэх нь ямар ач тустай байсан бэ?
-
Аврагч судруудыг цээжээр дурсан санаж байсан үеийг та нар санаж байна уу?
Шаардлагатай гэж үзвэл Сатанд соригдож байхдаа (Maтай 4:4, 7, 12), хэцүү асуултуудад ээрэгдсэн үедээ (Maтай 9:13; 15:4, 7–9; Марк 10:7–8), мөн нифайчуудад зааж байхдаа (3 Нифай 22; 24–25) гэхчлэн хэд хэдэн нөхцөл байдалд Есүс Христ судруудаас эш татсан гэдгийг суралцагчдад сануул.
Төгс эзэмших сургаалын эшлэл, гол үг хэллэгүүдийг цээжлэхэд суралцагчдад туслахын тулд дараах зүйлийг хийх талаар бодож үз. Эсвэл хавсралт дахь “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаанууд” хэсгээс өөр цээжлэх үйл ажиллагааг сонго.
Өнөөг хүртэл судлаад байгаа төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жагсаалтыг суралцагчдад үзүүл. Цээжлэхийг хүссэн нэг хэсгээ сонгоход суралцагчдыг урь. Дараа нь дараах зүйлийг хийж гүйцэтгэхэд суралцагчдыг урь.
Тэмдэглэлдээ төгс эзэмших сургаалын эшлэл болон гол үг, хэллэгийг бич (харандаа тохиромжтой). Дараа нь тэдгээрийг өөртөө чангаар унш. Уншиж дууссаныхаа дараа нэг юм уу хоёр үг эсвэл тоог арилгаж эсвэл чагтал. Дахин чангаар унш. Энэ үйл явцыг бүх үг, дугаарыг арилгатал давт. Дараа нь эшлэл болон судрын гол үг хэллэгийг цээжээр бичиж чадах эсэхээ шалга.
Хангалттай хугацаа байгаа бол суралцагчид энэ үйлдлийг өөр хэсэг дээр давтаж болно.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх
Энэ нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтах олон боломжийг олж авахад суралцагчдад тустай байж болно. Эргэн харж давтах нь хэрэгцээтэй үедээ ашиглах үүднээс зарчмуудыг ой санамждаа тогтооход суралцагчдад тусална. Хавсралт дээрх “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаанууд” хэсэгт санал болгосон эргэн харж давтах үйл ажиллагаануудын нэгийг ашиглан, зарчмуудыг давтах талаар бодож үз. Зарчмуудын тайлбарыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12 дахь догол мөрөөс олж харж болно.
Бурханы хүүхэд болохын хувьд хүн нэг бүрийн үнэ цэн, мөн Аврагчийн адилаар бусдыг харж, тэдэнд хандахын ач холбогдлын талаарх асуултуудад хариулахад нь суралцагчдад туслах жишээг өг. Суралцагчид саяхан бидний тэнгэрлэг мөн чанар (Эхлэл 1:26–27-г үзнэ үү), Их Эзэн биднийг хэрхэн хардаг (1 Самуел 16:7-г үзнэ үү), Их Эзэний хүмүүс хэрхэн нэгдмэл байх ёстой тухай (Мосе 7:18-ыг үзнэ үү) үнэнүүдийг мэдэж авсан.
Та дараах үйл явдлыг байгаагаар нь хуваалцаж болно эсвэл суралцагчдынхаа хэрэгцээнд илүү сайн тохируулан өөрчилж ашиглаж болно. ChurchofJesusChrist.org дээрх “Дээрэлхэх—Үүнийг зогсооё” (10:22) видеог ашиглах өөр сонголт бий. Тус видеог 0:00-ээс 6:50 хүртэл цагийн кодоор үзүүл. Дараа нь видеог түр зогсоогоод хичээлийн үйл ажиллагаануудыг үргэлжлүүл.
Дараах жишээг тунгаан бод.
Золбоо сургууль дээрээ ч мөн сошиал медиа дээр ч бусдад байнга таагүй хандлага үзүүлдэг хэсэг бүлэг найзтай. Тэд хийж байгаа зүйлээ зүгээр л хөгжилтэй, зугаатай гэж боддог. Нэг өдөр Золбоо эмэгтэй дүүг нь шоглож байхыг харжээ. Дүү нь хэчнээн их шаналж байгааг тэр харж байна. Дээрэлхэлт дүүд нь яаж нөлөөлөх бол гэж тэр санаа зовж байна. Эмэгтэй дүүгээ дээрэлхүүлж байгааг харснаар Золбоо өмнө нь олж харж байгаагүй зүйлээ ойлгож авчээ. Тэр өөрийгөө болон найзуудыгаа бусдад ямар сэтгэгдэл төрүүлдгийг ойлгожээ. Тэр одоо цөхөрч, юу хийх ёстойгоо мэдэхгүй гайхширч байна.
-
Золбоо бусдад гаргадаг хандлагаа эргэцүүлэн бодож ямар хэцүү шийдвэр гаргах хэрэгтэй вэ? Эдгээр өөрчлөлтийг хийх нь яагаад хэцүү вэ?
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг энэ жишээн дээр хэрэгжүүлэхэд суралцагчдад туслах үүднээс та тэднийг дараах зүйлийг хийхэд урьж болно.
Золбоод тустай гэж бодож байгаа сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмын нэгийг сонго. Та нарын сонгосон зарчимд тохирох доорх үйл ажиллагааг гүйцээ.
Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Та нар Тэнгэрлэг Эцэг Золбоог мэдээсэй хэмээн хүсэх байсан гэж бодож байгаа бүх зүйлийн жагсаалтыг гарга. Түүнд өөрийгөө болон бусдыг илүү зохистойгоор харахад тустай Эхлэл 1:26–27 мөн 1 Самуел 16:7 дээр цэдэглэсэн сургаалуудыг эргэцүүлэн бод.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
Наманчилж, өөрчлөгдөх сонголт хийхэд нь Золбоод туслах судруудын эсвэл Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийн жагсаалт гарга.
Та нар Gospel Library дахь Ерөнхий чуулган таб руу орж болно. “Сэдвүүд” цэс рүү орж, Золбоогийн нөхцөл байдалд тохируулан энэрэл, өрөвч сэтгэл, үлгэр жишээ, наманчлал гэх зэрэг сэдвийг сонго. Золбоог хүчирхэгжүүлэх эсвэл заавар өгөх яриа, хэлсэн үгийг хайж ол.
Та нарт судар хайж олоход тусламж хэрэгтэй байвал төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дахин уншиж болно.
Итгэлээр үйлдэх
Золбоо юу хийж чадахыг харуулахын тулд Есүс Христэд итгэх итгэлээр хэрхэн үйлдэхийг нь харуулсан гурваас зургаан хэсэг зураг бүхий зурагт өгүүллэг зохио. Золбоо Есүс Христийн талаарх мэдлэгээ хэрхэн ашиглахыг зурагт өгүүллэгийнхээ нэг хэсэгт багтаахыг бодож үз.
Судалсан зүйлээ хуваалцахад суралцагчдыг урих талаар бодоорой. Үе тэнгийнхнийхээ яриаг сонсож байхад төрдөг бодлоосоо хуваалцахыг суралцагчдаас хүс.
Хэрэв та энэ видеог үзүүлсэн бол видеоны үлдсэн хэсгийг 6:51-ээс 10:23 хүртэлх цагийн кодоор үзүүлж болно. Та тэр залуу эрэгтэй сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаас ашиг тустай юу сурч мэдсэнийг эсвэл эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлснийг олж мэдэхийг суралцагчдаас хүсэж болно.
Хэрэв та энэ жишээг ашигласан бол түүхийн үлдсэн хэсгийг жижиг бүлгүүдэд хуваагдан зохиоход суралцагчдыг урьж болно. Энэ түүхээс дараах хоёр хэсгийг гаргаж ирэхэд бүлгүүдийг урь. Үүнд:
-
Таагүй харьцаж байсан хүмүүстээ өгөх Золбоогийн хариулт
-
Найз нартаа өгөх Золбоогийн хариулт
Энэ үйл ажиллагааг хийж дуусгах хангалттай хугацааг суралцагчдад гаргаж өг. Дараа нь тулгараад байгаа эсвэл тулгарах нөхцөл байдалд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудаас нэгийг эсвэл хэд хэдийг хэрэгжүүлэхийн тулд ямар нэг зүйл өнөөдөр хийхэд суралцагчдыг урьж болно.
Эцэст нь, суралцагчид хувийн бэрхшээлээ даван туулахад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос удирдамж эрэлхийлэхэд Тэд хэрхэн туслах талаар гэрчлэлээ хуваалцан хичээлээ дуусгах талаар бодож үз.