Семинар
1 Самуел 25: Аврагч бидэнд уучлахад тусалдаг


“1 Самуел 25: Аврагч бидэнд уучлахад тусалдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“1 Самуел 25: Аврагч бидэнд уучлахад тусалдаг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7; 75-р хичээл

1 Самуел 25

Аврагч бидэнд уучлахад тусалдаг

Painting of Jesus Christ in America, greeting Nephites.

Бусад хүн биднийг шархлуулах, гомдоох тохиолдлууд амьдралд маань учрах нь лавтай. Набал хэмээх нэгэн эр Давидыг омогдон дайрчээ. Набалын эхнэр, Есүс Христийн бэлгэдэл болох Абигаил өршөөл эрэн байж Давидад уучлахад тусалжээ. Абигаилыг Есүс Христтэй харьцуулснаар бид Түүний тухай мөн бидэнд өгсөн тусламжийнх нь талаар илүү ихийг мэдэж авна. Энэ хичээл нь Есүс Христ бусдыг уучлахад хэрхэн тусалдгийг ойлгоход суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Кристин М.Еий эгчийн “Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам” (Лиахона, 2022 оны 11-р сар, 36–38) үгийг унших, үзэх эсвэл сонсоход суралцагчдыг урь. Таны урьдчилж сонгон өгсөн үгийг тэд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн судалж болно. Бусдыг уучлахад Аврагчийн тусламжийг хүлээн авах талаар олж авсан ойлголтоо хуваалцахаар бэлтгэж ирэхэд суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн Цагаатгал

Энэ хичээлийн эхэнд харуулсантай адил Есүс Христийн зургийг үзүүлэх талаар бодож үз. Дараах гүйцэд бус өгүүлбэрийг самбар дээр бич. Даалгаврыг хийж дуусгах хэд хэдэн аргыг судлах тэмдэглэлдээ жагсаан бичихэд суралцагчдыг урь. Суралцагчдыг тунгаан бодож, бичиж байх хооронд та хүндэтгэл бишрэлийн дуу хөгжим тоглуулж болно.

Есүс Христийн ачаар би …

Хангалттай хугацаа өнгөрмөгц цөөн хэдэн суралцагчийг үгсийг гүйцээж бичсэнээ хуваалцахад урь. Тэд мөн хуваалцаж буй зүйлийнхээ талаарх сэтгэгдэл, итгэл үнэмшлээ илэрхийлэх боломжтой. Суралцагчдын гаргасан жагсаалтад дэмжлэг, нэмэр болгох үүднээс дараах мэдэгдлийг үзүүл.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн ачаар бид бүгдийн хийж чадах зүйлийг ийн дүрсэлсэн.

15:3
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Түүний хязгааргүй Цагаатгалаар дамжуулан та өөрийг тань гомдоосон болон танд таагүй хандсаныхаа хариуцлагыг хэзээ ч хүлээхгүй байж мэдэх хүмүүсийг уучилж чадна.

Танаас чин сэтгэлээсээ, даруухнаар өршөөл эрсэн хүнийг уучлах харьцангуй амархан. Гэвч янз бүрийн байдлаар тантай зүй бус харьцсан ямар ч хүнийг уучлах чадварыг Аврагч танд өгнө. Ингэснээр тэдний буруу үйлдэл таны бодгалийг зовоож чадахгүй. (“Есүсийн танд барьж буй дөрвөн бэлэг” [2018 оны 12-р сарын 2-ны Тэргүүн зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт], Gospel Library)

  • Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан юуг боломжтой болгодог бэ?

Дараах үнэний тусламжтайгаар самбар дахь өгүүлбэрийг гүйцээн бич: Есүс Христийн ачаар би намайг шархлуулсан хүмүүсийг уучилж чадна. Хэрэв энэ үнэн суралцагчдын анх гаргасан жагсаалтад байгаагүй бол энэ үнэнийг тэмдэглэлдээ нэмж бичихэд суралцагчдыг урьж болно.

Давид, Набал хоёр

1 Самуел 25 дээр цэдэглэсэн Набалын эхнэр Абигаилын үйлдлийг Есүс Христтэй адилтгаж болно. Энэ зүйрлэл нь бидэнд Түүний тухай илүү ихийг олж мэдэхэд тусалдаг. Ийм харьцуулалтуудыг заримдаа Есүс Христийн бэлгэдлүүд гэж нэрлэдэг. Суралцагчдыг энэ бүлэг дэх Христийн бэлгэдлийг ойлгоход туслах Ариун Сүнсийг урихад уриалан дэмж. Суралцагчдыг судалж эхлэхээс өмнө энэ түүх Христийн талаар юу зааж байгааг олж мэдэхэд анхаарлыг нь илүү төвлөрүүлэхийн тулд уг түүхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэх нь тустай байж болно.

Давид мөн түүний хүмүүс цөлөөр явж байхдаа Набал гэдэг хүний зарц нартай тааралджээ. Тулалдааны үед ядарч туйлдсан цэргүүд хэрэгтэй зүйлээ олж авахаар байнга л хууль зөрчдөг байжээ. Давид мөн түүний хүмүүст тусламж, дэмжлэг хэрэгтэй байв. Набал баян чинээлэг, мал сүрэг олонтой нэгэн байсан. Давид цэргүүдийнхээ хамтаар Набалын зарц нарт хатуу ширүүн хандаж, хэрэгтэй зүйлээ авахын оронд сайхан сэтгэлээр хандаж, тэднээс юу ч аваагүй юм (1 Самуел 25:7, 15–16-г үзнэ үү). Давид зайлшгүй шаардлагатай хоол хүнс, хэрэгцээт зүйлсээ Набалаас найрсгаар гуйлгахаар өөрийн 10 залууг илгээжээ (1 Самуел 25:5–9-ийг үзнэ үү). Үүний хариуд Набал Давидыг омогдон дайрч, түүнд болон түүний залууст туслахаас татгалзав (1 Самуел 25:10–11-ийг үзнэ үү).

Та самбарт гүйцээн бичсэн өгүүлбэрийн доод талд хоёр нүүр зурж болно. Нэгийг нь Давид, нөгөө нь Набал гэж нэрлэ. Эдгээр хоёр нүүрний голд хичээлийн төгсгөлд гурав дахь нүүр зурах зай үлдээ. Давидыг төлөөлж буй нүүрний доор: Набалын зарц нарт сайхан сэтгэлээр хандсан; Набалаас тусламж хүссэн гэж бичиж болно. Харин Набалыг илэрхийлж буй нүүрэн доор: Давидыг омогдон доромжилсон, Туслахаас татгалзсан гэж бичиж болно. Доорх шүлгүүдийг уншихдаа сэтгэл хөдлөлөө нүүр царайгаараа илэрхийлэхэд суралцагчдыг урьж болно.

Two Smiley Faces

Ангийн нэг хагасыг Набалын тухай, нөгөө хагасыг Давидын тухай уншихад урь. Шаардлагатай гэж үзвэл илүү сайн ойлгуулахын тулд суралцагчдыг зүүлт тайлбарт хандуул.

  1. 1 Самуел 25:3, 14, 17, 25 гэсэн шүлгүүдийг уншаад Набалын зан чанарыг олж мэд.

  2. Набалын омогдон дайрч, туслахаас татгалзсан үйлдэлд Давид ямар хариу үйлдэл үзүүлснийг олж мэдэхийн тулд 1 Самуел 25:13, 21–22-ыг унш.

Хуваарилан авсан хүнийхээ талаар олж мэдсэн зүйлээ өөрийн хүсэлтээр самбарт бичих нэг суралцагчийг бүлэг тус бүрээс урь. Жишээлбэл: Набалын доор хэдэр; догшин; үл тоосон гэж бичиж болно. Харин Давидын доор тэд ууртай; үл тоомсорлогдсон; өшөө авахыг хүссэн гэж бичиж болох юм. Суралцагчид сурч мэдсэн зүйлээ харуулах үүднээс сэтгэл хөдлөлөө нүүр царайгаараа илэрхийлж болно.

Өөрсдийнхөө нөхцөл байдлыг эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олго. Өөрсдөдөө хийсэн энэ дүгнэлтээ хуваалцах шаардлагагүй гэдгийг тэдэнд хэл.

Дараах асуултуудад хариулах хариултаа бод.

  • Хэзээ та нарт хэн нэгэн тоомжиргүй хандсан бэ?

  • Зүй бус тоомжиргүй харьцсан түүнийг уучлахын тулд та нар ямар хичээл зүтгэл, амжилт ололт гаргаж, бэрхшээлийг туулж эсвэл давж гарсан бэ?

Абигаил Христийг бэлгэддэг нэгэн болой

Абигаилын түүхийг судлахад бэлтгэх үүднээс Христийн бэлгэдлүүдийг олж судлах чадварыг суралцагчдад танилцуул. Абигаилын хэлсэн зүйл эсвэл Есүс Христ, Түүний үүрэг, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний номлолын талаар тэдэнд сануулдаг зүйлсийг хайж олох боломжтой гэдгийг суралцагчдад тайлбарла.

Набалын зарц өөрийн эзэн, Давид хоёрын хооронд өрнөж буй зөрчлийг гэрчилжээ. Тэр зарц Набалын эхнэр Абигаилд (1 Самуел 25:14–17-г үзнэ үү) мэдэгдэв. Абигаил уг зөрчилдөөнийг мэдсэн даруй Набалын өмнөөс Давидаас уучлахыг гуйжээ (1 Самуел 25:18–20, 23–28-ыг үзнэ үү). Абигаилыг Христийн бэлгэдэл гэж үзэж болно. Бид судруудыг судалж, хүмүүс, эд зүйлс, тэр байтугай үйл явдлууд Христийн тухай бодоход тустай гэдгийг олж мэдсэнээр Христийн бэлгэдлүүдийг олж харж чадна.

Самбар дахь Давид, Набал хоёрыг төлөөлж буй хоёр нүүрний голд өөр нэг нүүр зур. Энэ нүүрийг Абигаил гэж нэрлэ. Ганцаарчлан эсвэл жижиг бүлгээрээ дараах зүйлийг судлахад суралцагчдад хангалттай цаг гаргаж өг.

Smiley Face

1 Самуел 25:18–19, 23–28, 31-р шүлгүүдийг уншаад Есүс Христийн хэлсэн эсвэл хийсэн зүйлтэй адил төстэй Абигаилын хэлсэн эсвэл хийсэн зүйлийг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.

Абигаилыг илэрхийлж байгаа нүүрний доор суралцагчдын олж мэдсэн зүйлсийг жагсаан бич. Байж болох хариултууд: Элбэг дэлбэг хангамж өгсөн (18-р шүлэг); Набалын алдааг өөртөө үүрсэн (24-р шүлэг); Набалын алдааны төлөө Давидаас өөрийг нь уучлахыг хүссэн (28-р шүлэг); Давидын зүрх сэтгэлээс гомдол, хорслыг арилгасан (31-р шүлэг).

  • Абигаил хэрхэн Есүс Христийн бэлгэдэл болж байна вэ?

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн Кристин М.Еий эгч Аврагчийн бусдыг уучлахад тусалдаг чадварын талаар ойлголтоо хуваалцсан.

Official portrait of Kristin M. Yee. Sustained as Second Counselor in the Relief Society General Presidency on April 2, 2022 (beginning August 1, 2022).

Энэ түүхэд Абигаилыг Есүс Христийн хүчирхэг жишээ буюу бэлгэдэл болгон харж болно. Тэр Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан биднийг нүглээс болон харалган сэтгэлийн ачаанаас чөлөөлж, хэрэгтэй хоол хүнсээр хангаж чадна.

Абигаил Набалын гэм нүглийг өөртөө үүрэхэд бэлэн байсан шиг Аврагч ч мөн ойлгохын аргагүй арга замаар бидний мөн биднийг гомдоож, зовоосон хүмүүсийн гэм нүглийг Өөр дээрээ авсан. …

Абигаилын элбэг дэлбэг хоол хүнс, хангамж авчирсан үлгэр жишээ нь өвдөж, шархалсан хүмүүст эдгэж, эрүүл болоход шаардлагатай хоол тэжээл, тусламжийг Аврагч өгдөг гэдгийг бидэнд зааж чадна. …

Абигаил Давидад “зүрх сэтгэлийн саад тотгор” [1 Самуел 25:31]-гүй байхад мөн өөрт хэрэгтэй тусламжийг авахад тусалсан шиг Аврагч ч танд мөн адил туслах болно. (“Үнсний оронд гоёл чимэг: Уучлалын эдгээх зам,” Лиахона, 2022 оны 11-р сар, 36–38)

Еий эгчийн хэлсэн үгээс онцгой, чухал санагдсан хэсгийг хуваалцахад суралцагчдыг урь. Суралцагчдыг хуваалцаж байх хооронд Абигаилыг илэрхийлж буй нүүрийг хичээлийн эхэнд үзүүлсэн Есүс Христийн зургаар солиод, Аврагчийн дүр төрхийг Набал, Давид хоёрын нүүрний голд тавьж болно.

  • Аврагч бидэнд бусдыг уучлахад хэрхэн тусалдаг вэ?

Абигаилын үйлдэл Давидад хэрхэн нөлөөлснийг олж мэдэхийн тулд 1 Самуел 25:32–35-ыг уншина уу.

  • Бусдыг уучлахдаа Аврагчийн тусламжийг хүлээн авахад бид үүнтэй төстэй ямар мэдрэмж авах вэ?

Ойлголтоо харуулах

Аврагчийн бусдыг уучлахад туслах чадварын талаар ойлгосон зүйлээ илэрхийлэх боломжийг суралцагчдад олго. Дараах үйл ажиллагаа нь үүнийг гүйцэтгэх нэг арга юм.

Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж дуусга.

  1. Хэн нэгэн та нарыг шархлуулах юм уу гомдоох үед та нарт төрдөг мэдрэмжийг төлөөлөх нүүр зур.

  2. Энэ дүрсийн хажууд та нарыг шархлуулж гомдоосон хүнийг төлөөлүүлэх нүүрийг зур.

  3. Энэ хоёр дүрсийн дунд бусдыг уучлахад тань тусалж чадах Аврагчийн тухай ойлгосон зүйлсээ жагсаан бич.

Аврагчийн талаар бичсэн зүйлээ хуваалцахад суралцагчдыг урих талаар бодож үз. Та мөн сурч мэдсэн зүйлээ хичээлээс гадуур бусадтай хуваалцахад суралцагчдыг уриалан дэмжиж болно. Бусдыг уучлахаар хичээх үед Аврагчийн бидэнд өгдөг тусламжийн талаарх гэрчлэлээ нэм.