“1 Самуел 17: Давид, Голиат хоёр,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“1 Самуел 17: Давид, Голиат хоёр,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
1 Самуел 17–18; 24–26; 2 Самуел 5–7: 74-р хичээл
1 Самуел 17
Давид, Голиат хоёр
Голиаттай тулалдахаар явахдаа Давид “залуу бага” байсан хэдий ч “залуу байхаасаа цэргийн хүн байсан” Голиаттай тулалджээ (1 Самуел 17:33). Гэвч Их Эзэн өөртэй нь хамт байх болно гэдгийг Давид мэдэж байсан нь бүх өөрчлөлтийг авчирсан билээ. Өнөөдөр бид сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Есүс Христийн тусламжтайгаар даван туулах хүч чадлыг олж авч чадна. Энэ хичээл нь сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэнд найдахад суралцагчдад тусалж чадна.
Суралцагчийн бэлтгэл: Өсвөр үеийнхэнд тулгардаг зоригтой байхыг шаарддаг нөхцөл байдлын талаар бодоход суралцагчдыг урь. Суралцагчид гэр бүлийн хэн нэгнээсээ эсвэл найз нөхрөөсөө зориг шаардсан үйл явдлын талаар асууж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Голиат минь
Хичээл эхлэхээс өмнө Голиат хэр өндөр байсныг харуулах зорилгоор ханан дээр наалддаг тууз юм уу өөр төрлийн тэмдэг тавих талаар бодож үз (ойролцоогоор 9 фут 9 инч буюу 3 метр өндөр).
Хичээлийн эхэнд харуулсан зургийг дэлгэцэд үзүүл.
-
Та нар Давид, Голиат хоёрын түүхийн талаар юу мэдэх вэ?
Босож зогсоод, ханан дээр тэмдэглэсэн Голиатын өндөртэй өөрийнхөө өндрийг харьцуулахад цөөн хэдэн суралцагчийг урь. Голиаттай нэг нэгээрээ тулалдвал ямар байхыг төсөөлөхөд тэднийг уриал.
Самбарт Голиатыг төлөөлөх хүний дүрсийг томоор зур. Үүнийг бидний сорилт бэрхшээл гэж нэрлэ. Самбарт зурсан хүний дүрсний хажууд өсвөр үеийнхэнд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг жагсаан бичихэд суралцагчдыг урь.
-
Өнөөдөр өсвөр үеийнхэнд том, жижиг ямар ямар сорилт бэрхшээл тулгардаг вэ?
Суралцагчдыг самбарт хэд хэдэн сорилт бэрхшээлийг жагсаан бичсэний дараа судлах тэмдэглэлдээ хүний дүрсийг томоор зурж, үүнийхээ хажууд Миний сорилт бэрхшээл гэж бичихэд урь. Суралцагчид уг дүрсний хажууд өөрт тулгараад буй сорилт бэрхшээлийг бичиж болно. Суралцагчдаар дараах зүйлийг чимээгүй тунгаан бодуул.
Амьдралд тань тулгарч болзошгүй сорилт бэрхшээлүүдийг тунгаан бод. Өнөөдөртөө анхаарлаа төвлөрүүлэх нэгийг сонго. Энэ сорилт бэрхшээлийг даван туулахад Их Эзэн тусалж чадна гэдэгт та нар хэр итгэлтэй байгаагаа бод. Өөрт төрсөн бодлуудыг тэмдэглэлдээ бич.
1 Самуел 17 шүлгийг судлахдаа сорилт бэрхшээлээ даван туулахад Аврагчийн тусламжийг хэрхэн урьж болохыг олж мэдэхэд туслах Ариун Сүнсийг урь.
Айдсаас илүү итгэл
Та энэ түүхийн агуулгыг суралцагчдадаа ойлгуулахын тулд хичээлийн эхэнд хуваалцаагүй байж болох дараах догол мөрийг дэлгэрэнгүй хуваалцаж болно.
Израилчууд филистчүүдтэй тулалдаж байв. Филистийн дайчин болох Голиат нэг сорилт тулгажээ. Хэрэв израилчуудын дундаас сонгогдсон нэгэн надтай нэг л удаа тулалдаж дөнгөөд, ялбал филистчүүд Израилын боол болъё гэж тэр хэлэв. Харин Голиат ялбал Израил филистчүүдэд боол болон үйлчлэх ёстой байв. Голиат 40 өдрийн турш гарч ирэн, израилчуудыг тулаанд уриалж байв. Саул хааны болон Израилын цэргүүдийн зориг мохож, ихэд айж байлаа. Давид цэргийн хуаранд байгаа ах нартаа хоол хүнс хүргэхээр иржээ. Тэрээр Голиат Израилын цэргүүдийг үл тоож буйг сонсов (1 Самуел 17:1–25-ыг үзнэ үү).
1 Самуел 17:26-г уншаад, Голиат Израилын цэргийг үл тоон эсэргүүцэхийг сонсоод Давид хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд.
-
Давидын хариултаас юу нь та нарын анхаарлыг татаж байна вэ?
Дараах шүлгүүдийг судлахад суралцагчдад туслах үүднээс Саул хаан, Давид, өгүүлэгч гурвын дүрийг өөрсдийн хүсэлтээр уншихад гурван суралцагчийг урьж болно.
Давид яагаад “амьд Бурханд” (36-р шүлэг) тийм итгэлтэй байсныг олж мэдэхийн тулд 1 Самуел 17:31–37-г унш.
“Давид, Голиат хоёр” видеог 0:00–1:20 цагийн кодоор эсвэл “Их Эзэн намайг чөлөөлнө” видеог 0:47–1:59 цагийн кодоор үзүүлэх нь суралцагчдад эдгээр шүлгийг төсөөлөн харахад тустай. Эдгээр видеог ChurchofJesusChrist.org дээрээс үзэх боломжтой.
-
Голиатын эсрэг тулалдахад түүнд итгэл төрүүлсэн Их Эзэний талаар Давид юу мэдэж авсан бэ?
Суралцагчид хөрвөлтийн зарчмуудыг өөрсдийн үгээр илэрхийлснээр судрууд мөн бошиглогчдын хэлсэн үгсийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх болно. Үүний гүйцэтгэх нэг арга нь нэг суралцагч тайлбар хуваалцсаны дараа нэмэлт асуулт асуух явдал юм. Дараах асуултууд нь жишээ юм.
(Суралцагчдыг хөрвөлтийн зарчмуудыг олж мэдэхэд туслах талаар нэмэлт сургалтыг Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Есүс Христэд хөрвөгдөж, Түүнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд хөтлөх үнэнүүдэд төвлөр” хэсгээс үз.)
-
Их Эзэний тухай Давидын олж мэдсэн зүйл биднийг сорилт бэрхшээлээ даван туулахад хэрхэн тусалж чадах вэ?
Суралцагчид хэрэв бид Их Эзэнд найдвал Тэр бидэнд сорилт бэрхшээлийг даван туулахад туслах болно гэсэн зарчмыг өөрсдийн үгээр илэрхийлж болно.
Их Эзэнд найдах нь
1 Самуел 17:38–51-ийг уншиж, Давид Голиаттай нүүр тулахдаа Их Эзэнд хэрхэн найдаж байсныг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.
Хэрэв суралцагчид уг түүхийн өөр өөр дүрийг уншвал үргэлжлүүлээд эдгээр шүлгийг уншиж болно. Голиатын хэсэгт өөр нэг суралцагч нэмж болно.
Мөн “Давид, Голиат хоёр” видеог 1:20-оос 2:36 хүртэл цагийн кодоор эсвэл “Их Эзэн намайг чөлөөлнө” видеог 1:59-өөс 3:23 хүртэл цагийн кодоор үзүүлэн дуусгах боломжтой.
-
Их Эзэнд найддаг болохоо Давид хэрхэн харуулсан бэ?
Давид хааны хуяг дуулгыг тайлж, чулуу, дүүгүүрийг зэвсэг болгон сонгож (39–40-р шүлэг) эсвэл Есүс Христийн тухай гэрчлэхэд харуулсан (45–47-р шүлэг) гэх зэргээр суралцагчид өөр өөр хариулт хэлж болно. Давид хэрхэн Их Эзэнд найдсаныг харуулсан үйлдэл нэг бүрийг тайлбарлахыг суралцагчдаас хүс.
Сорилт бэрхшээлтэйгээ нүүр тулах нь
Дэлгэцэд таван чулуу харуул эсвэл самбарт таван чулуу зурах талаар бодож үз (1 Самуел 17:40-ийг үзнэ үү). Эдгээр чулуу нь сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэнд найдах арга замуудыг төлөөлнө. Дараах зааврыг дагахдаа суралцагчдыг хоёр хоёроор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилах талаар бодож үз. Тэд хариултаа самбар дээрх чулуунуудын хажууд жагсаан бичиж болно.
Самбарт Бидний сорилт бэрхшээлүүд гэсний доор жагсаан бичсэн сорилтуудаас нэгийг сонго.
Хувь хүн энэхүү сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт найддаг таван арга замыг тодорхойл. Эдгээр арга зам нь та нарын сонгосон сорилт бэрхшээлтэй хамааралтай байх ёстой гэдгийг анхаар. Яагаад энэ үйлдэл нэг бүрийг сонгосон болохоо ярилц.
Бичсэн зүйлээ сайн дураараа хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урь.
-
Та нарт эсвэл та нарын таньдаг хэн нэгэнд бэрхшээл тулгарах үед Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн тусалсан бэ?
-
Та нар эсвэл таньдаг хүн тань Тэдний тусламжийг хүлээн авах ямар ямар үйлдэл хийсэн бэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг Есүс Христ бусдыг уучлахад бидэнд хэрхэн тусалж болох тухай ийн заасан.
Аврагч өнөөдөр энд зогсож байсан бол та нарыг гэх цаглашгүй их хайраа мөн та нарт бүрэн итгэдэг болохоо илэрхийлэх байсан. Тэрээр та нарт та нар хийж чадна хэмээн хэлэх байсан. Есүс Христ таны хүч чадал учраас та баяр хөөртэй, аз жаргалтай амьдралыг цогцлоож чадна. (“Есүс Христ бол өсвөр үеийнхнийг бат бөх байлгах хүч мөн,” Лиахона, 2022 оны 11-р сар, 9–12)
-
Та нар Түүнд гүн бат итгэлтэй байснаар сорилт бэрхшээлүүдийг даван туулахад тусалдаг Есүс Христийн талаар юу олж мэддэг вэ?
Өөрсдийнхөө Голиаттай нүүр тулах нь
Дараах заавруудыг үзүүл.
Тэмдэглэлдээ бичсэн сорилт бэрхшээлээ тунгаан бод. Уг сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Их Эзэнд найдах нэг арга замыг сонгоход та нарт туслах Ариун Сүнснээс сүнсний өдөөлтийг эрэлхийл.
Судлах тэмдэглэлдээ нэг эсвэл түүнээс олон чулуу зур. Чулуунуудын хажууд эсвэл дотор юуг яаж хийхээ бич.
Суралцагчдыг сайн дураараа хуваалцахад урь.
Сорилт бэрхшээлүүдийг даван туулахад туслах Аврагчийн чадвар ба хүслийг суралцагчдад гэрчил. Есүс Христийн тусламжтайгаар сорилт бэрхшээлийг даван туулах суралцагчдынхаа чадварт итгэлтэй байна гэдгээ илэрхийл.