“Төгс эзэмших сургаалын дадлага 2: Сургаалыг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Төгс эзэмших сургаалын дадлага 2: Сургаалыг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
28-р хичээл: Эхлэл 18–23
Төгс эзэмших сургаалын дадлага 2
Сургаалыг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах
Төгс эзэмших сургаал Есүс Христэд болон Түүний сайн мэдээн дээр амьдралаа суурилуулахад суралцагчдад тусална. Энэ хичээл төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдэд заасан үнэнийг ойлгож, сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлж сурахад нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Илүү сайн ойлгохыг хүсэж буй төгс эзэмших сургаалын хэсгүүдээ сонгоход суралцагчдыг урь. Дараа нь тухайн хэсгийг судалж, утгыг нь тунгаан бодож, заасан сургаал нь яагаад чухал болохыг бодоход суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын давтлага: Ойлгох
Шинэ зүйлийг сурч эсвэл хийхэд бэрхшээлтэй тулгарч байсан үеэ эргэн санахад суралцагчдыг урих талаар бодож үзээрэй. Ийм жишээнд шинэ хэл сурах, хөгжмийн зэмсгээр тоглож сурах эсвэл спортоор хичээллэх зэрэг нь багтаж болно. Суралцагчид шинэ зүйл сурахад учрах сорилтыг даван туулж, суралцахад тусалсан зүйлсээ хуваалцаж болно. Хэрэв суралцагчид энэ тухай дурдахгүй бол та тэвчээртэй байж, ахиц дэвшлээ бусадтай харьцуулахаас зайлсхийх нь тустай байж болохыг хэлж өгч болно.
Шинэ ур чадвар эзэмших нь хэцүү байдагтай адил зарим үед судрын хэлийг ойлгоход хэцүү байж болно.
-
Судрын хэлийг илүү сайн ойлгоход танд эсвэл бусдад тусалсан ямар зүйл байгаа вэ?
Судрын хэсгүүдийг илүү сайн ойлгох нэг арга бол хэл, утга санааг нь тодорхойлж, тодруулахын тулд судар судлах хэрэгслүүдийг ашиглан судрыг анхааралтай судлах юм.
Хичээлийн энэ хэсэгт энэ жилийн өнөөг хүртэл судалсан төгс эзэмших сургаалын нэг хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэх боломж суралцагчдад олдоно гэдгийг тайлбарла. Та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дээр байгаа Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын эхний зургаан эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг харуулж болно. Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа төгс эзэмших сургаалын хэсгээ сонгоход суралцагчдыг урь.
Энэ суралцах үйл ажиллагааны хувьд суралцагчид бие даан эсвэл ижил хэсэг сонгосон бусад суралцагчтай хамтран жижиг бүлгээр ажиллаж болно. Дараах заавруудыг үзүүлэх талаар бодож үзээрэй.
-
Тухайн төгс эзэмших сургаалын хэсгийг илүү сайн ойлгохын тулд алгуур, анхааралтай уншиж, Ариун Сүнсийг залбирч урь. Танд утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэ.
-
Тухайн судрын шүлгийн хэл эсвэл утга санааны талаар өөрт тань эсвэл бусдад байж болох аливаа асуултыг жагсаан бич.
-
Таны тэмдэглэсэн шүлэг, үг хэллэгүүдийг ойлгоход дөхөм болох тодорхойлолт, тодруулга, холбогдох эшлэл, Сүмийн удирдагчдын мэдэгдлийг эсвэл аливаа бусад мэдээллийг хайж олохын тулд судар судлах боломжит хэрэгслүүдийг ашигла.
-
Уг хэсэгт Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тухай юу зааж буй талаар ярилц. Өсвөр насны хүүхдийн хувьд энэ хэсгийг ойлгох нь яагаад чухал гэж та бодож байна вэ?
Цаг байгаа бол суралцагчид юу олж мэдсэн, энэ нь тэдэнд тухайн хэсгийг илүү сайн ойлгоход хэрхэн тусалсан талаар бусдадаа хуваалцаж болно. Өөрөөр, суралцагчид судлах үйл ажиллагаагаар дамжуулан олж авсан нэмэлт ойлголтоо ашиглан тухайн хэсгийн талаарх сургаалыг хамтрагчдаа тайлбарлах дадлага хийж болно.
Хувиараа судраас судлах явцдаа эдгээр аргыг ашиглахад суралцагчдыг уриалж болно.
Сонгосон төгс эзэмших сургаалын хэсгийнхээ талаар өдрийн туршид эргэцүүлэн бодоод, тэрхүү судар таны амьдралыг хэрхэн адислах талаарх Ариун Сүнсний танд зааж буй сэтгэгдлийг олж мэд.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг мэдэж авч, хэрэгжүүлэх
Хичээлийн үлдсэн хэсэг нь сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг холбогдох нөхцөл байдалд ашиглахад нь суралцагчдад туслахад чиглэсэн. Хичээлийг үргэлжлүүлэхийн өмнө, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг эргэн харахад суралцагчдыг урих нь тустай байж болох юм. Санал болгож буй давтах үйл ажиллагааг “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” гарчигтай хавсралт хэсэгт багтаасан. Зарчмуудын тайлбарыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 5–12-р догол мөрөөс олж болно.
Төгс эзэмших сургаалын дадлагын хичээлүүд нь шинэ мэдээллийг танилцуулахад зориулагдаагүй гэдгийг санаарай. Төгс эзэмших сургаалын дадлагын хичээлүүд нь сурч мэдсэн зүйлээ эргэн харах, тэдгээрийг тайлбарлах дадлага хийх, холбогдох жишээнд ашиглах боломжийг суралцагчдад олгодог. Энэ нь сургаалын зарчмуудыг эргэн санаж, амьдралдаа ашиглах суралцагчдын чадварыг сайжруулна.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах дадлага хийхэд нь суралцагчдад туслахын тулд дараах жишээг харуулахыг бод. Та уг жишээг ангийнхныхаа хэрэгцээ шаардлагад хамгийн сайн нийцэхүйц болгон өөрчлөх боломжтой.
Таны найз Ананд амьдралдаа сэтгэл хангалуун бус байгаагаа хуваалцжээ. Тэрээр гар утсаа оролдож, видео тоглоом тоглож, найзуудтайгаа зугаалахад маш их цаг зарцуулдаг ч Бурханд эсвэл гэр бүлийнхэндээ тийм ч их цаг зарцуулдаггүй болохоо ойлгосон. Сүүлийн үед тэрээр амьдралд нь одоо байгаагаас нь илүү зорилго, утга учир байгаа эсэхэд эргэлзэж эхэлжээ.
Сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмыг болон дараах асуултуудыг самбарт харуул. Зарчмуудын талаар болон тэдгээрийг хэрхэн дүрслэн харуулж болох талаар ярилцахад нь зориулж суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилахыг бод. Асуудлаа шийдвэрлэхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад нь хэн нэгэнд туслах товхимол эсвэл зурагт хуудас хийхэд суралцагчдыг урь. Та цаас, зургийн хэрэгсэл өгч болно. Товхимол хийхийн тулд суралцагчид цаасыг гурав нугалаад, нугалсан хэсэг тус бүр дээрээ нэг зарчмыг дүрсэлж болно. Гурван зарчмыг бүтээлч байдлаар дүрслэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
Шаардлагатай бол, дараах асуултууд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрхэн ашиглах талаар илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусалж болно. Энэхүү үйл ажиллагаа нь олж мэдсэн зүйлсээ хуваалцах дадлага хийх боломжийг суралцагчдад өгөх зорилготой гэдгийг санаарай. Та багшийн хувиар тэдний ярилцлагыг өрнүүлэх, шаардлагатай үед нь туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ суралцагчдын удирдан явуулах боломжтой ярилцлагын орчныг бүрдүүлэхийн тулд чадах бүхнээ хийгээрэй.
Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Асуудлыг мөнхийн талаас авч үзэх нь уг нөхцөл байдалд хэрхэн тустай байж болох вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
-
Төгс эзэмших сургаалын ямар хэсгүүд, судрын эшлэлүүд эсвэл Сүмийн удирдагчдын мэдэгдлүүд Анандад болон түүний нөхцөл байдалд тустай байж болох вэ?
Анандад судлахыг санал болгож болох гурав эсвэл түүнээс олон эх сурвалжийг олохын тулд Gospel Library аппликэйшныг ашиглахад суралцагчдыг урамшуулах талаар бодож үзээрэй. Хэрэв судрын эшлэлүүдийг олоход суралцагчдад тусламж хэрэгтэй бол та Эхлэл 12:1–3; Мосе 1:6, 39; Мосе 6:26–33; Абрахам 3:22–23 зэрэг шүлгүүдийг санал болгож болно.
Итгэлээр үйлдэх
-
Амьдралынхаа зорилго, утга учрыг илүү их мэдрэхийн тулд Ананд юу хийж болох вэ?
Зурагт хуудсыг эсвэл товхимлоо өөр бүлэгтэй хуваалцах боломжийг суралцагчдад олго.
Хичээлийг өндөрлөхийн тулд та ярилцлага болгож дараах асуултуудад хариулах эсвэл бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичих боломжийг суралцагчдад олгож болно.
-
Та өнөөдөр суралцах явцдаа утга учиртай санагдсан ямар ойлголтуудыг олж авсан бэ?
-
Сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход танд хэрхэн туслах вэ?