“Эхлэл 22: Есүс Христийн дүрслэл” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Эхлэл 22: Есүс Христийн дүрслэл” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Эхлэл 18–23: 27-р хичээл
Эхлэл 22
Есүс Христийн дүрслэл
Өөрийн хүү Исаакийг золиосол гэсэн Бурханы Абрахамд өгсөн, зүрх шимшрүүлэм зарлигийг бидний мөнх бус оюун санаа хэзээ ч бүрэн ойлгохгүй байж магадгүй. Нифай үндэстэн бошиглогч Иаков золиослол нь “Бурхан болон түүний Төрсөн Ганц Хүүгийн дүрслэл” (Иаков 4:5) байсан гэж зааснаараа энэхүү зарлигийн хүчирхэг бэлгэдлийг бидэнд илүү сайн ойлгуулж өгсөн. Энэ хичээл суралцагчдад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэднийг хайрлах хайрыг мэдрэхэд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бурханы хайр
Дараах мэдэгдлийг хуваалцсанаар хичээлээ эхлүүлэхийг бод.
Тэргүүн зөвлөлийн гишүүн асан ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдээ хайрлах хайрыг ийн дүрсэлжээ.
Өөрийнхөө төсөөлж чадах хамгийн цэвэр, бүх талыг хамарсан хайрын тухай бодоод үз. Одоо энэхүү хайр дээр өөрсдийгөө хайрладаг Бурханы хязгааргүй хайрыг нэмээд үз.
Бурхан хүний гадаад байдлыг хардаггүй. Бид харшид амьдардаг уу эсвэл нэг давхар жижиг байшинд амьдардаг уу, мөн царайлаг уу, царай муутай юу, нэрд гарсан уу эсвэл хэн ч мэдэхгүй мартагдсан нэгэн үү гэдэг нь Түүнд огт падгүй хэрэг гэдэгт би итгэдэг. Бид дутагдалтай хэдий ч Тэрээр биднийг бүрэн дүүрэн хайрладаг. Бид төгс биш ч Тэрээр биднийг төгс хайрладаг. Бид өөрсдийгөө зүг чиг заагчгүй, хаягдсан хүмүүс гэж бодож болох ч Бурханы хайр биднийг бүрэн дүүрэн тэвэрсэн байдаг. (“Бурханы хайр,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 24)
-
Ерөнхийлөгч Угдорфын ашигласан үгсээс гадна та Бурханы биднийг хайрлах хайрыг дүрслэхдээ өөр ямар үгс, хэллэгийг ашиглаж болох вэ?
Уг хичээлийг амьдралдаа өөрийн болгоход нь суралцагчдад туслахын тулд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэднийг хайрладаг хайрыг хэр их мэдэрч, ойлгодог талаараа бодож үзэхэд тэднийг урь. Та мөн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрын талаар тэдэнд одоо ямар асуух зүйлс байгаа талаар бодож үзэхэд тэднийг урьж болно.
Өнөөдөр суралцах явцдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрэхэд туслах Ариун Сүнсний нөлөөлөлд анхаарлаа хандуулахад суралцагчдыг урамшуулан дэмж.
Бурханы хайрын илэрхийлэл
Судруудад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг хайрлах хайрыг дүрслэх олон сургаал багтсан байдаг. Нэг жишээ нь Иохан 3:16-д бий.
Иохан 3:16-г уншаад, Тэнгэрлэг Эцэгийн хайрын хамгийн агуу илэрхийллийг олж мэд.
Та олж мэдсэн зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ?
Суралцагчид Тэнгэрлэг Эцэг Өөрийн Хүү Есүс Христийн золиослолоор дамжуулан бидэнд хайраа харуулсан гэх мэт зүйлийг хуваалцаж болно.
-
Аврагчийн цагаатгагч золиослол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын биднийг хайрладаг хайрыг хэрхэн харуулж байна вэ?
Абрахамд хүүгээрээ тахил өргөх тушаал ирсэн.
Өнөөдөр суралцагчид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын Аврагчийн Цагаатгалаар дамжуулан харуулсан хайрын тухай бидэнд заадаг түүхийг судлах болно гэдгийг тэдэнд тайлбарла.
Дараах зургийг харуулах талаар бодож үзээрэй.
-
Абрахам, Исаак хоёрын амьдралд тохиолдсон энэхүү туршлагын талаар та юу мэдэх вэ?
Суралцагчдыг хариултаа хуваалцсаны дараа дараахыг тайлбарла.
Абрахам, Исаак хоёрын түүх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын Аврагчийн цагаатгагч золиослолоор дамжуулан харуулсан хайрын тухай бидэнд заана.
Иаков 4:5-ыг уншаад, Иаков энэхүү түүхийн талаар юу гэж заасныг олж мэд.
-
Та нар юу олж мэдсэн бэ?
Суралцагчдыг Эхлэл 22 дээрх Абрахам, Исаак хоёрын түүхийг судлах үедээ энэхүү түүх Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар бэлгэдлийн шинж чанартай юуг тэдэнд зааж буйд анхаарлаа хандуулахад урь.
Үүнийг хийж гүйцэтгэхэд нь суралцагчдыг бэлтгэхийн тулд самбарт хоёр багана зурахыг бод. Нэг баганыг Абрахам ба Исаак, харин нөгөө баганыг Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ гэж нэрлэ. Та мөн судлах тэмдэглэлдээ энэхүү хүснэгтийг зурахад суралцагчдыг урьж болно.
Суралцагчид дараах суралцах үйл ажиллагааг бие даан эсвэл хамтрагчтайгаа хийж гүйцэтгэж болно. Суралцагчдыг судалж эхлэхийн өмнө бөглөж дуусгасан хүснэгтээс (хичээл дээр дараа нь гарч ирнэ) нэг жишээ хуваалцахыг бодоорой.
Эхлэл 22:1–14-ийг залбирч уншаад, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрынхтой ижил төстэй зүйлсийг олж мэд. Судрын утга учиртай үг хэллэгийг тодруулан тэмдэглэ. Эдгээр үг хэллэг нь танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж буй талаарх санаа бодлоо бичиж тэмдэглэ.
Дараах хүснэгтэд энэхүү түүхийг судлах зуураа суралцагчдын олж харж болох ойлголтуудын жишээг багтаасан. Шаардлагатай бол та эдгээр жишээг ашиглан суралцагчдад судлахад нь тусалж болно. Жишээлбэл: Та суралцагчдыг судалж эхлэхийн өмнө эсвэл дараа нь Мориа гэдэг газрын (Эхлэл 22:2-ыг үзнэ үү) талаарх ойлголтыг хуваалцаж болно.
|
Абрахам, Исаак хоёр |
Тэнгэрлэг Эцэг ба Есүс Христ |
|---|---|
|
Эхлэл 22:2, 12—“цорын ганц хүү” |
Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгийн цорын ганц Хүү (Иохан 3:16-г үзнэ үү) юм. |
|
Эхлэл 22:2—“Мориа гэдэг газар” |
“Абрахамын Исаакийг өргөсөн гэгддэг газар нь … Эцэгийн хүүгээрээ тахил өргөх байсан газар юм” (Old Testament Student Manual, 3rd ed. [2003], 77). |
|
Эхлэл 22:2—“шатаалт тахил” |
Шатаалт тахил нь амьтнаар тахил өргөх нэг хэлбэр байв. Амьтнаар тахил өргөх нь Есүс Христийн бэлгэдэл юм (Мосе 5:4–7-г үзнэ үү). |
|
Эхлэл 22:6—“шатаалт тахилын модыг авч, хүү Исаактаа үүрүүл[эв]” |
Есүс загалмайгаа үүрсэн (Иохан 19:16–18-ыг үзнэ үү). |
|
Эхлэл 22:7–8—“Бурхан хургаар хангана” |
Тэнгэрлэг Эцэг Бурханы хурга болох Хүүгээ цагаатгагч золиослол болгож илгээсэн (Иохан 1:29-ийг үзнэ үү). |
|
Эхлэл 22:9—“хүү Исаакаа хүлж тахилын ширээн дээрх модон дээр тавив” |
Христ загалмайд хадаасаар өргөгдсөн байсан (1 Нифай 11:33-ыг үзнэ үү). |
Суралцагчдад суралцах хангалттай цаг байсны дараа, эдгээр шүлгийг судалж байхдаа Сүнсний заасан зүйлсийг хуваалцах боломжийг олго. Та ярилцлагын нэг хэсэг болгож дараахтай адил асуултуудыг тавьж болно.
-
Абрахам, Исаак хоёрын түүхээс та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу мэдэж авсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаарх ямар ямар бэлгэдэл танд хамгийн утга учиртай байсан бэ? Яагаад?
Намайг хайрлах Бурханы хайр
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрладаг хайрын талаар эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олго. Эргэцүүлэн бодоход нь тэднийг бэлдэхийн тулд та “Бурхан биднийг хайрласан тул” (Дуулал, ду. 97) зэрэг хайранд төвлөрсөн дууллыг дуулж эсвэл сонсож болно.
Та мөн Нэмэлт эх сурвалж дээрх ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн мэдэгдлийг хуваалцах талаар бодож үзэж болно.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын танд өгсөн хайрыг санаж явах нь таны амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын хайрыг мэдрэхэд танд юу тусалсан эсвэл тусалж болох байсан бэ?
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын тэднийг хайрладаг хайрын тухай өнөөдөр олж мэдэж, мэдэрсэн зүйлийнхээ талаар бодож үзэхэд суралцагчдыг урьснаар хичээлийг өндөрлө. Тэднийг бодол санаа, сүнслэг сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхэд урь. Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын бидний хүн нэг бүрийг хайрладаг хайрын талаар гэрчлэлээ хуваалцахыг бод. Тэдэнд өгсөн Бурханы хайрыг тасралтгүй мэдрэхэд нь туслах туршлагуудыг эрэлхийлэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.