Семинар
Эхлэл 19: “Бүү эргэж хар”


“Эхлэл 19: ‘Бүү эргэж хар,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Эхлэл 19: ‘Бүү эргэж хар,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

Эхлэл 18–23: 26-р хичээл

Эхлэл 19

“Бүү эргэж хар”

'Then the Lord rained down sulfur and fire on Sodom and Gomorrah. It was sent down from the sky by the Lord. So he overthrew those cities and all that region, including all the inhabitants of the cities and the vegetation that grew from the ground. But Lotaas wife looked back longingly and was turned into a pillar of salt. (Genesis, Chapter 19, 24-26). Woodcut after a drawing by Julius Schnorr von Carolsfeld (German painter, 1794 - 1872) from my archive, published in 1877.'

Их Эзэн бидний амьдрал дахь хорон муу нөлөөллийн талаар үргэлж санаа зовсоор ирсэн. Лотын гэр бүлийн гишүүд Содом хотод тэднийг хүрээлэн байсан хорон муугийн нөлөөлөлд автсан байв. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг илүү бүрэн дүүрэн дагахын тулд амьдралдаа буй хорон муу нөлөөллөөс зайлсхийхэд суралцагчдад тусална.

Суралцагчийн бэлтгэл: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг дагахад саад учруулдаг, амьдралд нь буй нөлөөлөл эсвэл учирч буй уруу таталтын талаар бодож үзэхэд суралцагчдыг урь. Яагаад эдгээр саад бэрхшээлийг амьдралаасаа арилгах ёстой болон хэрхэн ийн үйлдэх талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Том үр дагавартай жижиг сонголтууд

Далын ахлагч Массимо Дэ Фэо бидний сонголтын үр нөлөөний тухай чухал үнэнийг ийн хуваалцжээ.

Official Portrait of Elder Massimo De Feo  Photographed March 2017.

Бидний өдөр тутамдаа гаргадаг сонголтууд жижиг санагдаж болох ч үргэлж сайнаар эсвэл муугаар бодитой нөлөөлж, том үр дагавар авчирч байдаг. (“Small Choices, Big Consequences,” Ensign, Aug. 2019, 34)

  • Бидний том үр дагавартай байж болох жижиг сонголтуудын ямар ямар жишээ байдаг вэ?

Шаардлагатай бол бидний ашигладаг медиа хэрэгсэл, бидний сонгодог найз нөхөд эсвэл судраас судлах, сүмд явах, залбирахдаа бидний гаргадаг сонголтуудын талаар цөөн жишээ хуваалцахыг бодоорой. Өөр бусад жишээ суралцагчдад илүү хамаатай байж болно. Эдгээр сонголт нь сайнаар эсвэл муугаар том үр дагавар хэрхэн авчирч болохыг ярилцахад суралцагчдыг урь.

Дараа нь өнөөдрийн хичээлд сүнслэгээр бэлтгэхэд нь суралцагчдад туслахын тулд дараахыг хуваалц.

Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр луу хөтлөх одоогийн сонголтуудынхаа талаар бод. Мөн таныг Тэднээс холдуулж буй сонголтуудынхаа талаар бод. Өнөөдөр судлах явцдаа та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртох талаарх сүнслэг мэдрэмжид анхаарлаа хандуул.

Лот майхнаа Содомын ойролцоо босгожээ

Хуучин Гэрээнд Абрахамын дүүгийн хүү Лот гэдэг хүний тухай түүх байдаг. Лот болон түүний гэр бүл ёрын муугаар дүүрсэн гэдгээрээ алдартай Содом хотод амьдардаг байв (Эхлэл 13:13; 18:20; Езекиел 16:49–50; Иуда 1:7–8-ыг үзнэ үү). Лотын болон түүний гэр бүлийнхний хувьд Содом хотод суурьших болсон нь өчүүхэн жижиг сонголт мэт санагдаж байв.

Лотыг Содом хотод суурьшихад хөтөлсөн нөхцөл байдлуудын талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь. Шаардлагатай бол дараах тайлбарыг ашиглаж болно.

Абрахам, Лот, тэдний гэр бүлийнхнийг Египетээс Канаан нутаг руу нүүсний дараа Абрахамын малчид болон Лотын малчид бэлчээрийн талаар хоорондоо маргалджээ. Маргааныг даамжруулахгүйн тулд Абрахам, Лот хоёр гэр бүлийнхнээ салгаж, тус тусдаа хаана амьдрахаа сонгосон (Эхлэл 13:8–9-ийг үзнэ үү).

Дараах шүлгийг ангиараа уншихын оронд суралцагчид хамтрагчтайгаа ажиллаж болно. Хамтрагчтайгаа хамт шүлгийг уншаад, Абрахам, Лот хоёрын үйлдлийг дүрсэлсэн зураг зурж болно.

Эхлэл 13:10–13, 18-ыг уншаад, хоёр гэр бүл тус тусдаа хаана амьдрахаар шийдсэнийг олж мэд. (Эдгээр шүлэгт Абрам гэж Абрахамыг хэлж байгаа юм. Эхлэл 17:5-д цэдэглэснээр, Их Эзэн хожим нь түүний нэрийг Абрахам болгож өөрчилжээ.)

  • Хоёр гэр бүлийн шийдвэрээс та ямар ялгааг ажигласан бэ?

  • Лот майхнаа Содомын ойролцоо босгосонтой адилаар өнөөдөр хэн нэгэн ямар шийдвэр гаргаж болох вэ? Эдгээр нөхцөл байдалд та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Лот майхнаа Содомын ойролцоо босгосонтой адил орчин цагийн шийдвэрүүдийн талаар бодож үзэхэд суралцагчдад хүндрэлтэй байвал та цөөн хэдэн жишээ хуваалцаад, дараа нь эдгээр нөхцөл байдалд зөвлөгөө өгөх боломжийг суралцагчдад олгож болно. Жишээнд муу муухай үг хэллэг ашиглах, зохисгүй агуулга бүхий мэдээллийн хэрэгсэл сонгох, хувцаслалтын эсвэл даруу байдлын жишгээ бууруулах эсвэл Аврагчийн сургаалыг үл тоомсорлодог найзуудтайгаа цагийг өнгөрөөх зэрэг нь багтаж болно.

Содомын болон Гоморрагийн сүйрэл

Лот, түүний гэр бүлийнхэн Содомын ойролцоо босгосон майхандаа үлдсэнгүй. Эцэст нь тэд нүүж, “Содомд сууж байжээ” (Эхлэл 14:12; тодотгол нэмсэн).

Суралцагчид судрууд дээрээ Эхлэл 14:12, Эхлэл 13:12-ыг холбогдох эшлэл болгож болно. Хэрэв суралцагчид хичээлийн эхэнд зураг зурсан бол та Лотын шинэ байршлыг дүрслэн харуулахын тулд зургаа шинэчлэн зурахад тэднийг урьж болно.

Содомын болон ойролцоо орших Гоморра хотын оршин суугчид Их Эзэний тэдэнд анхааруулахаар илгээсэн бошиглогчдыг үл тоомсорлосон (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 229-ийг үзнэ үү). Их Эзэн нигүүлслээ үзүүлж, хотыг сүйтгэгдэхийн өмнө орхин явахыг Лотод болон түүний гэр бүлийнхэнд анхааруулахаар Содом руу элч илгээв (Эхлэл 19:12–13-ыг үзнэ үү). Учир нь хүмүүс бошиглогчдыг үл тоомсорлож, өөрсдийг нь сүйрүүлж байсан ёс бус үйлдлээ үргэлжлүүлсээр байсан.

Эхлэл 19:14–19, 24–26-г уншаад, Лот болон түүний гэр бүлийнхэн хотыг нэн даруй орхих зааварт хэрхэн хариулсныг олж мэд.

  • Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдаж байна вэ? Яагаад?

  • Эдгээр шүлэг Их Эзэний тухай танд юу зааж байна вэ?

Та мөн маш өчүүхэн санагдаж болох хорон муу үйлдэл нь сүртэй асуудал биш гэж боддог хэн нэгэнд туслах юуг мэдэж авч буйг нь суралцагчдаас асууж болно.

Лотын эхнэр яагаад “давсан багана” (26-р шүлэг) болсныг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд Лотын эхнэр зүгээр ч нэг эргэж хараагүй, харин Содом руу буцаж ирсэн байж магадгүй гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм (Лук 17:28–32-ыг үзнэ үү). Та мөн ерөнхийлөгч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг хуваалцаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Лотын эхнэр яагаад “давсан багана” (26-р шүлэг) болсон байж болох шалтгаануудыг хуваалцжээ.

Official Portrait of Elder Jeffrey R. Holland.  Photographed January 2018.

Чухамдаа Лотын эхнэр ямар буруу зүйл хийсэн бэ гэвэл, тэр зүгээр л эргэж харж байсан биш, харин зүрх сэтгэлдээ бол буцахыг хүсэж байсан ажээ. …

Лотын эхнэр орхи хэмээн Их Эзэний хэлсэн зүйлд дургүйцсэн учраас эргэж харсан байж болзошгүй. (“Remember Lot’s Wife” [Brigham Young University devotional, Jan. 13, 2009], 2, speeches.byu.edu)

Ангийнхандаа хариултаа хуваалцахын өмнө хамтрагчдаа эсвэл жижиг бүлгээрээ дараах асуултын талаар ярилцахад суралцагчдыг урих талаар бодож үзээрэй.

  • Та Лотын болон түүний гэр бүлийнхний түүхээс амьдралдаа тулгарч болзошгүй нөхцөл байдлуудад ашиглах боломжтой ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

    Суралцагчид өөрсдийн үгийг ашиглан, дараахтай адил үнэнүүдийг тодорхойлж болно.

    Амьдралдаа хорон муу нөлөөг оруулах нь, тэр ч бүү хэл өчүүхэн санагдаж болох нөлөөг оруулах нь биднийг Есүс Христээс холдуулна.

    Есүс Христийн шавийн хувьд бид ёс бусаас зугтаж, өнгөрсөн рүүгээ харахгүй байх хэрэгтэй.

    Эдгээр үнэний ач холбогдлыг илүү сайн ойлгож, мэдрэхэд нь суралцагчдад туслахын тулд дараахтай адил асуултуудыг авч үзэн ярилцах талаар бодож үз.

  • Таныг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос холдуулах өчүүхэн жижиг санагдаж болох нөлөөллийг таньж мэдэхэд юу туслах вэ?

  • Өнгөрсөн алдаагаа орхиж, итгэлтэйгээр урагшлахад Аврагч бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Таны ярилцаж буй үнэнүүдтэй хамааралтай өөрсдөдөө тулгарсан туршлагуудыг хуваалцахад суралцагчдыг урь. Та ч бас туршлагаа хуваалцаж болно.

Амьдралдаа хэрэгжүүлэх

Олж мэдсэн үнэнээ хэрэгжүүлэхэд нь суралцагчдад туслахын тулд дараах заавар, асуултуудыг харуул. Бурханы суралцагчдаар хийлгэх өөрчлөлтийг олж мэдэхийн тулд Түүнээс удирдамж олж авахад тэднийг урь.

Өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ үр дүнд хэрхэн үйлдэх сэдэл төрсөн талаар бодож үзээрэй. Судлах тэмдэглэл дээрээ юуг хэзээ хийх талаараа төлөвлөгөө гарга. Шаардлагатай бол, төлөвлөгөө гаргахад дараах асуултууд танд тусална.

  • Таныг эцэст нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёроос холдуулах, одоо гаргаж буй өчүүхэн жижиг санагдах ямар шийдвэр танд байна вэ? Та ямар өөрчлөлт гаргах вэ?

  • Өнгөрсөн алдаагаа орхиж, Есүс Христэд итгэх итгэлээр урагшлахын тулд та юу хийх вэ?

Өнөөдрийн судалсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэхийг бод. Суралцагчдыг төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нь урамшуулан дэмж.