Ирээд, Намайг дага
5-р сарын 4–10. “Эзэний эсрэг бүү тэрсэл, бүү ай”: Тооллого 11–14; 20–24; 27


“5-р сарын 4–10. ‘Эзэний эсрэг бүү тэрсэл, бүү ай: Тооллого 11–14; 20–24; 27,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“5-р сарын 4–10. ‘Эзэний эсрэг бүү тэрсэл, бүү ай,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Вади Рамын зураг

Синаин хойгийн ойролцоох цөл

5-р сарын 4–10: “Эзэний эсрэг бүү тэрсэл, бүү ай”

Тооллого 11–14; 20–24; 27

Явган явсан ч Синаин цөлөөс Канаан дахь амлагдсан нутагт хүрэхэд 40 жил шаардагдахгүй. Гэвч Израилын хүүхдүүдэд газар нутгийн зайг биш, харин сүнслэг орон зайг туулах, тухайлбал тэдний хэн байсан мөн Бурханы гэрээт хүмүүсийн хувьд тэд хэн болж чадах хүртэл тийм цаг хугацаа шаардагджээ.

Амлагдсан нутаг руу орохын өмнө Израилын хүүхдүүдийн авах хэрэгтэй байсан сургамж гэх мэт тэрхүү 40 жилийн хугацаанд болж өнгөрсөн зарим зүйлийг Тооллого номд дүрслэн өгүүлсэн байдаг. Тэд Их Эзэний үйлчлэгчдэд итгэлтэй байх талаар сурч мэдсэн (Тооллого 12-ыг үзнэ үү). Ирээдүй горьдлого тасрам санагдаж байсан ч Их Эзэнд найдах талаар тэд сурч мэджээ (Тооллого 13–14-ийг үзнэ үү). Итгэлгүй байх нь сүнслэг байдалд хор хөнөөлтэй ч наманчилж, Аврагч өөд харах юм бол эдгээгдэнэ гэдгээ тэд мөн олж мэдсэн (Тооллого 21:4–9-ийг үзнэ үү).

Бид зарим талаараа израилчуудтай адилхан. Сүнслэг цөлд байх нь ямар вэ гэдгийг бид мэдэх ч тэдний авсан сургамж амлагдсан нутаг руу ороход буюу Тэнгэрлэг Эцэгтэйгээ мөнхөд амьдрахаар бэлдэхэд бидэнд тус болж болох юм.

Тооллого номын тоймыг Судруудын удирдамж дахь “Тооллого”-оос уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Тооллого 11:11–17, 24–29; 12

Илчлэлтийг хүн бүр авах боломжтой ч Бурхан Өөрийн Сүмийг бошиглогчоороо дамжуулан удирддаг.

Тооллого 11:11–17, 24–29-д өгүүлсэн Мосед тулгарсан асуудлыг болон Бурханы өгсөн шийдлийг анзаарна уу. Мосе “ЭЗЭНий бүх ард түмэн эш үзүүлэгч” (29-р шүлэг) болоосой хэмээн хүсэж байгаагаа илэрхийлснээр юу хэлэхийг хүссэн гэж та бодож байна вэ? Та энэ асуултыг тунгаан бодохдоо ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115) захиаснаас боломжит хариултуудыг олж хар.

Гэсэн ч бид бүгдээрээ илчлэлт хүлээн авч чадна гэдэг нь бид бүгд Мосегийн адил Бурханы хүмүүсийг удирдаж болно гэсэн үг биш. Тооллого 12-т цэдэглэсэн үйл явдал үүнийг тодорхой болгодог. Та энэ бүлгээс ямар сэрэмжлүүлгийг олж мэдсэн бэ? Хувийн илчлэлт, мөн бошиглогчийг нь дагах талаар Их Эзэн таныг юу ойлгоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

Мөн 1 Нифай 10:17; Сургаал ба Гэрээнүүд 28:1–7-г болон Даллин Х.Өүксийн “Харилцааны сувгууд” хэмээх захиасыг 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89–92-оос үзнэ үү.

Хамгийн чухал гэсэн зүйл дээр анхаарлаа төвлөрүүл. Зарим хүн Ирээд, Намайг дага гарын авлага дахь долоо хоног тутмын санал болгосон унших даалгавруудад түүртдэг. Тоймуудыг давтахдаа Сүнсийг дага. Өөрийн болон заах хүмүүсийнхээ хэрэгцээг авч үз. Долоо хоногт нэг зарчмыг ойлгож, бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нь хэд хэдэн бүлгийг өнгөц төдий уншихаас дээр байж болох юм.

Тооллого 12:3

“Мосе маш даруу нэгэн байлаа.”

Зарим хүн Фараоны өмнө зогсож, Их Эзэний хүчээр гайхалтай гайхамшгуудыг үйлдсэн хүчирхэг удирдагч Мосег “маш даруу” (Тооллого 12:3) байсныг мэдээд гайхдаг. Даруу байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ахлагч Дэвид А.Бэднарын тайлбарыг “Зүрх сэтгэлдээ номхон дөлгөөн” (2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 36–40) захиаснаас эсвэл Gospel Library дахь Судруудын удирдамжаас “Даруу, даруу байдал” хэсгээс судлахыг бод.

Та Гэтлэл 18:13–25; Тооллого 11:26–29; Тооллого 12; Еврей 11:24–27; Мосе 1:10–11 дээрх Мосегийн даруу байдлын жишээнүүдээс юу мэдэж авсан бэ? Та мөн Аврагч хэрхэн даруу байдлыг харуулсныг тунгаан бодож болно (Матай 11:29; 27:11–14; Лук 22:41–42; Иохан 13:4–5-ыг үзнэ үү). Эдгээр жишээ танд юу зааж байна вэ?

Тооллого 13–14

Би Их Эзэнд итгэх итгэлээр ирээдүйг найдвар тээн угтаж чадна.

Та Тооллого 13–14-ийг уншихдаа, израилчуудын оронд өөрийгөө тавиад үзээрэй. Тэд яагаад “Египет руу буц[ахыг]” хүссэн гэж та бодож байна вэ? (Тооллого 14:3). Та Калебт байсан өөр ”сүнсийг” хэрхэн дүрслэх вэ? (Тооллого 14:24). Калеб, Иошуа хоёрын итгэлийн юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Түүнчлэн өөрт тулгарах нөхцөл байдалд тэдний үлгэр жишээг та хэрхэн дагаж болох вэ?

Мосе ба Израилын зарим туршуул

Израилын арван туршуул айж, Иошуа Калеб хоёр Бурханд итгэлтэй байв. Иошуа Калеб хоёр: Дуулгавартай туршуулууд, Дуглас Клауба. © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Тооллого 21:4–9

семинарын дүрс зураг
Хэрэв би Есүс Христ рүү итгэлээр харах юм бол Тэр намайг сүнслэг байдлын хувьд эдгээж чадна.

Мормоны Номын бошиглогчид Тооллого 21:4–9 дээрх түүхийг мэдэж байсан ба үүний сүнслэг ач холбогдлыг ойлгож байв. Энэ түүхийн талаар тэдний юу гэж заасныг 1 Нифай 17:40–41; Алма 33:18–22; мөн Хиламан 8:13–15-аас уншина уу. Уншихдаа дараах хэдэн асуултыг тунгаан бодно уу:

  • Хүрэл могой юуг төлөөлж болох вэ?

  • Могойд хатгуулах нь юуг төлөөлж болох вэ?

  • Израилчууд эдгээгдэхийн тулд “хүрэл могой [руу харах]” (Тооллого 21:9) хэрэгтэй байсан. Яагаад зарим хүн харахаас татгалзсан гэж та бодож байна вэ? Танд бас адилхан зүйл тохиолдож байсан уу?

  • Та “Бурханы Хүүг [бүрэн] итгэлтэйгээр харж” мөн эдгэрэхийн тулд юу хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ? (Хиламан 8:15).

Эдгээр хэсгийг унших нь хүмүүс Христэд анхаарлаа хандуулах хэрэгтэй байсан судар дээрх бусад тохиолдлыг танд сануулж болох юм. Жишээлбэл: Тооллого 21:4–9 дээрх захиасыг Матай 14:25–31, 1 Нифай 8:24–28-тай харьцуул (мөн энэ долоо хоногийн тоймын төгсгөлд байгаа зургуудыг үзнэ үү). Юу биднийг Христээс холдуулах хандлагатай байдаг вэ? Тэр Өөрт нь анхаарлаа хандуулдаг хүмүүсийг хэрхэн адисалдаг вэ?

Түүнчлэн “Есүс Таныг бодохуй дор” (Дуулал, 69) дууллыг үзнэ үү.

Тооллого 22–24

Битгий хий гэж бусад хүн намайг ятгаж байсан ч би Бурханы тааллыг дагах болно.

Моабын хаан Балак израилчуудын ирж байгааг мэдээд, ерөөл, хараалаараа олонд алдаршсан Балаам гэгч эрийг дууджээ. Балак түүнээс израилчуудыг хараахыг хүсэв. Балак Балаамыг хэрхэн ятгах гэж оролдсоныг анхааран (Тооллого 22:5–7, 15–17-г үзнэ үү), Бурханы тааллын эсрэг үйлдэхэд хүргэж болох уруу таталтуудын талаар бодно уу. Тооллого 22:18, 38; 23:8, 12, 26; 24:13 дээрх Балаамын өгсөн хариултын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Харамсалтай нь, эцэст нь Балаам дарамтад орж, Израилаас урвадаг (Тооллого 31:16; Иуда 1:11-ийг үзнэ үү). Бусдын дарамтан доор байсан ч Их Эзэнд хэрхэн итгэлтэй хэвээр үлдэж болох талаар тунгаан бод.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Тооллого 11:4–10

Би Бурханы надад өгсөн бүхэнд талархдаг байж чадна.

  • Их Эзэн израилчуудад туслахын тулд үйлдсэн гайхамшгуудын заримыг санаж байгаа эсэхийг хүүхдүүдээс асуу (Хуучин Гэрээний түүхүүд дэх “Египетийн тахал” ба “Алгасал”-ыг үзнэ үү, 67–74). Дараа нь та тэдэнд Тооллого 11:4–10-ыг дүгнэхдээ израилчууд адислалуудаа мартаж мөн гомдоллож байсныг онцолж болно. Бид заримдаа ямар адислалуудаа мартдаг вэ?

  • Та нарыг талархлын тухай “Адислал бүрээ тоол” (Дуулал, 125) зэрэг дууг дуулах юм уу сонсох үед танай хүүхдүүд Их Эзэний өгсөн адислалуудыг зурж болно.

Тооллого 12

Их Эзэн намайг Өөрийнх нь бошиглогчийг дагахыг хүсдэг.

  • Та Тооллого 12-ыг танилцуулахын тулд Их Эзэн Мосегийн ах эгч, Аарон, Мириам хоёрт сэтгэл дундуур байсныг хүүхдүүддээ хэлж болно. Тэднийг Тооллого 12:1–8-ыг уншиж, шалтгааныг нь олж мэдэхэд урь. Судруудаас Их Эзэний бошиглогчийг хүндэтгэн, адислагдсан хүмүүсийн жишээг олоход нь хүүхдүүддээ туслахын тулд Сайн мэдээний зургийн цуглуулга-ыг ашиглах талаар бодож үз. Бид Их Эзэний бошиглогчийг дагах үедээ хэрхэн адислагддаг вэ?

Тооллого 21:6–9

Би Есүс Христ рүү харж чадна.

  • Та Хуучин Гэрээний түүхүүд дээрх “Мосе ба хүрэл могой” (83–84) хичээлийг ашиглан Тооллого 21:6–9 дээр юу болсныг олж мэдэхэд нь хүүхдүүддээ тусалж болно. Хүрэл могой Есүс Христтэй юугаараа адилхан бэ? (Иохан 3:14–15-ыг үзнэ үү). Танай хүүхдүүдэд цаасан могой хийгээд, үүн дээрээ “Бурханы Хүүг итгэлтэйгээр харахын” (Хиламан 8:15) тулд хийж болох энгийн зүйлсийг бичих нь таалагдаж болох юм.

    1:2

    Moses and the Brass Serpent

  • Том хүүхдүүд дараах судруудаас нэгийг сонгоод, энэ түүхийн талаарх ойлголтыг нь баяжуулсан зүйлсийг хуваалцаж болно: 1 Нифай 17:41; Алма 33:18–20; Хиламан 8:13–15; Сургаал ба Гэрээнүүд 6:36.

хүрэл могой

Хүрэл могой, Брэнт Эванс

Тооллого 22–24

Бусад хүн битгий хий гэж намайг ятгаж байсан ч би Бурханы тааллыг дагах болно.

  • Хүүхдүүдэд Тооллого 22:1–18-ыг дүгнэн ярьж өгөхдөө, Моабын хаан Балак Балаамд нэр хүнд, эд баялгийг амласан хэдий ч Балаам Бурханы хүмүүсийг зүхэхийг хэрхэн эсэргүүцсэн талаар онцлон ярь. Та Балаамын Бурханыг дагахыг хүсэж буй шийдвэрийг харуулж байна гэж бодсон үг хэллэгийг дараах шүлгүүдээс хайж олоход нь хүүхдүүддээ тусалж болно: Тооллого 22:18; 23:26; 24:13. Хүүхдүүд тань Их Эзэнийг дуулгавартай дагах ёстойгоо санахад нь тус болох дуртай нэг хэлцээ сонгоод, үүнийгээ картан дээр бичиж болно.

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Есүс загалмай дээр, хүрэл могой, Есүс Петрийг усан дээр алхахад нь тусалж байгаа болон Лихайн үзэгдлийг харуулсан нийлмэл зураг

Зүүн дээд талд: Христийн Цовдлуулалт. Баруун дээд талд: Мосе ба хүрэл могой, Жудит Мэр. Зүүн доод талд: Итгэлийг төгсгөгч, Кэлси ба Жэсси Лайтвийв Баруун доод талд: Лихайн үзэгдэл, Жэрри Томпсон

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Би Есүс Христ рүү харж чадна