Ирээд, Намайг дага
Санах зүйлүүд: Асар ба тахил


“Санах зүйлүүд: Асар ба тахил,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Асар ба тахил,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

бодох дүрс

Санах зүйлүүд

Асар ба тахил

Хуучин Гэрээг уншиж байхад, ялангуяа эхлээд уншихад өнөө үед бидэнд хамаагүй мэт санагдах ч Их Эзэний хувьд яах аргагүй чухал зүйлсийн талаар өгүүлсэн урт хэсгүүд заримдаа гарч ирдэг. Жишээлбэл: Гэтлэл 25–30; 35–40; Леви 1–9; 16–17. Эдгээр бүлэгт цөлд барьсан Израилын асар, тэнд амьтнаар өргөх тахилын талаар дэлгэрэнгүй дүрсэлсэн байдаг. Асар бол зөөдөг ариун сүм, мөн Их Эзэн Өөрийн хүмүүсийн дунд оршдог газар байсан.

Манай орчин үеийн ариун сүмүүдэд Израилын асартай төстэй зүйлс байдаг ч тэдгээр нь Гэтлэл номд дүрсэлсэн асартай адилгүй юм. Бид бас ариун сүм дотроо амьтнаар тахил өргөдөггүй бөгөөд Аврагчийн Цагаатгал амьтнаар тахил өргөх зан үйлийг 2000-аад жилийн өмнө эцэс болгосон. Эдгээр ялгаанаас үл хамааран эртний Израилын шүтлэг бишрэлийн хэлбэрүүдийн тухай уншсанаар, ялангуяа бид тэдгээрийг Мормоны Номон дахь Бурханы хүмүүс шиг “Христэд итгэх тэдний итгэлийг хүчирхэгжүүлэх” (Алма 25:16) арга зам хэмээн харах нь өнөө үед асар их ач холбогдолтой юм. Бид асрын, мөн амьтнаар тахил өргөхийн бэлгэдлийг ойлгосноор Христэд итгэх итгэлийг маань бэхжүүлэх сүнслэг ойлголттой болно.

Израилчууд асарт хурга авчирч байгаа нь

Хурганы тахил, Робэрт Т.Баррэтт

Асар нь Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг

Бурхан Мосед израилчуудын буудалласан газарт асар барихыг зарлиглахдаа “Би тэдний дунд оршихын тулд” (Гэтлэл 25:8) хэмээн зорилгыг нь хэлжээ. Асар доторх Бурханы оршихуйг Өөрийн хүмүүстэй байгуулсан Бурханы гэрээг бичиж цэдэглэсэн, алтаар бүрсэн, гэрчлэлийн модон авдраар төлөөлүүлсэн байв. Авдрыг хамгийн ариун, асрын гүнд, бусад хэсгээс хөшгөөр тусгаарлан хадгалдаг байжээ. Энэ хөшиг нь Уналтын улмаас бид Бурханы оршихуйгаас тусгаарлагддагийг мөн Аврагчаар дамжуулан Түүнд эргэн ирэх замыг маань бэлгэддэг.

“Ариунаас ариун газар” (Гэтлэл 26:34) руу Мосегоос гадна ганцхан тэргүүн тахилч л ордог байжээ. Бусад тахилчийн адил тэргүүн тахилч усаар угаалгаж, тосоор тослуулж ариусгагдан, албанд нь зориулсан ариун хувцсаа өмссөн байх ёстой байлаа. Жилд нэг удаа, Эвлэрүүлгийн гэх өдөр тэргүүн тахилч асар луу ганцаараа орохын өмнө, хүмүүсийн өмнөөс тахил өргөдөг байв. Тэр хөшигний дотор анхилуун утлагыг гал дээр хийнэ. Тэнгэр өөд уугих утлага нь дээшээ Бурхан руу одож буй хүмүүсийн залбирлыг төлөөлдөг байв. Үүний дараа тэргүүн тахилч тахилын амьтны цусыг авчран, хөшгөөр орж, гэрчлэлийн авдраар төлөөлүүлсэн Бурханы сэнтий рүү очдог байжээ.

Есүс Христийн тухай, мөн Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийн талаар өөрийн мэдэх зүйл дээр үндэслэхэд, асар биднийг Аврагч руу хэрхэн чиглүүлдгийг та харж байна уу? Асар болон асар доторх авдар Бурханы хүмүүсийн доторх Түүний оршихуйг төлөөлдөг байсантай адил Есүс Христ нь Бурханы хүмүүс дундах Түүний оршихуй байсан. Есүс Христ тэргүүн тахилчийн адил Бурхан Эцэгийг болон биднийг хооронд нь холбодог Зуучлагч юм. Тэрээр Өөрийн золиосолсон цусны ариун байдлаар дамжуулан биднийг өмгөөлөхөөр хөшгөөр нэвтэрсэн билээ.

Ялангуяа та нар ёслолуудаа хүлээн авахаар ариун сүмд орж байсан бол израилчуудын асрын зарим хэсэг танд танил сонсогдоно. Ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд Түүний Өөрийн хүмүүсийн дунд оршдог газар юм. Асрын хамгийн ариун газартай адил, ариун сүмийн селестиел өрөө Бурханы оршихуйг төлөөлдөг. Тийш орохын тулд бид эхлээд угаалгаж, тослогдсон байх ёстой. Бид ариун хувцас өмсдөг. Бид гэрээнүүд байгуулдаг. Бид залбирлыг маань Бурхан руу дээш аваачдаг тахилын ширээний дэргэд мөн залбирдаг. Эцэст нь бид хөшгөөр цааш нэвтрэн, Бурханы оршихуй руу ордог.

Зөв ойлгож чадах юм бол, магадгүй орчин үеийн болон эртний ариун сүмүүдийн хоорондох хамгийн чухал ижил төстэй талууд хоёулаа Есүс Христэд итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж, биднийг Түүний цагаатгагч золиосонд талархах талархлаар дүүргэдэг. Бурхан бүх хүүхдээ Өөрийнхөө оршихуйд оруулахыг мөн “тахилчдын хаант улс” ба “санваартнуудыг” хүсдэг (Гэтлэл 19:6). Гэхдээ бидний нүгэл тэр адислалаас хүртэхэд саад болдог. Учир нь “цэвэр бус нэгээхэн ч зүйл Бурхантай хамт оршиж эс чадна” (1 Нифай 10:21). Тиймээс Бурхан Эцэг Есүс Христийг бидний “ирэх сайн юмсын Тэргүүн Тахилч” (Еврей 9:11) болгон явуулсан юм. Тэрээр бидэнд зориулан хөшгийг нээж, Бурханы хүмүүст бүгдэд нь “нигүүлслийг олж, өршөөлийг хүлээн авахын тулд нигүүлслийн сэнтийд зоригтойгоор ойртон очицгоо[х]” (Еврей 4:16) боломж олгодог.

Өдгөө бид ариун сүмд зөвхөн өөрсдөдөө өргөмжлөл хүлээн авах гэж очдоггүй. Өөрсдийн ёслолыг хүлээн авч мөн Бурхантай гэрээ байгуулсныхаа дараа бид өвөг дээдсээ төлөөлөн зогсож, тэдний өмнөөс ёслолуудыг хүлээн авах боломжтой. Өөрөөр хэлбэл, бид эртний тэргүүн тахилчийн адил мөн агуу Тэргүүн тахилчийн адил Бурханы оршихуйд очих замыг нь бусдад нээж өгч чадна.

Золиос гаргах нь Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлдэг

Цагаатгалын болон эвлэрлийн зарчмууд Мосегийн хууль өгөгдөхөөс хэдэн мянган жилийн өмнөөс үйлдсээр ирсэн амьтнаар тахил өргөх эртний зан үйлээр дамжуулан хүчирхгээр заагдсан юм. Адам Ева хоёр тахил өргөв. Энэ тахил нь Аврагчийн золиослолын бэлгэдэл гэдгийг тэд ойлгосон байв. Мөн тэд үүнийг хүүхдүүддээ заасан.

Амьтнаар тахил өргөх зан үйлийн бэлгэдлийг эртний Израилын Эвлэрлийн өдрөөр (еврей хэлээр “ём киппур) илүү тод томруун харж болно. Жил бүр гүйцэтгэдэг энэхүү ёслол ямар хэрэгтэй болох талаар “Учир нь та нарыг цэвэршүүлэхээр та нарт энэ өдөр эвлэрүүлэл хийгдэх бөгөөд та нар ЭЗЭНий өмнө бүх нүглээсээ цэвэрших болно” хэмээн Леви 16:30-д илэрхийлсэн байдаг. Ингэснээр Бурхан хүмүүсийн дунд орших боломжтой болов. Энэхүү цагаатгалыг төрөл бүрийн ёслолоор гүйцэтгэдэг байв. Тэдгээрийн нэгд, хүмүүсийн үйлдсэн нүглийн улмаас ухнын амийг таслаад, тэргүүн тахилч цусыг нь хамгийн ариун гэгдэх газар аваачдаг байжээ. Үүний дараа тэргүүн тахилч гараа амьд ухна дээр тавиад, Израилын хүүхдүүдийн нүглийн гэмийг ухамсарлуулж, бэлгэдэл болгон тэдгээр нүглийг ухна руу шилжүүлдэг байв. Дараа нь ухныг Израилын хуарангаас хөөж гаргадаг байжээ.

Энэ зан үйлд ухна нь нүгэлт хүмүүсийн өмнөөс нүглийг үүрэх Есүс Христийг төлөөлдөг. Бурханы оршихуйд нүгэл байх ёсгүй. Гэхдээ нүгэлтнийг устгах юм уу хөөхийн оронд Бурхан өөр арга зам олгож, тэдний өмнөөс ухнын амийг тасалж эсвэл ухныг хөөж зайлуулдаг байж. “Бүх хилэнцийг ухна өөр дээрээ үүрэн яв[даг]” (Леви 16:22).

Эдгээр зан үйл нь Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг буюу Өөрийн оршихуйд биднийг аваачихын тулд өгсөн Бурханы арга замыг заадаг. Аврагч “бидний сул дорой байдлыг тээж өвчин зовлонг маань үүрч” мөн “бүгдийн маань хилэнцийг” (Исаиа 53:4, 6) авсан. Тэрээр бидний оронд зогсож, нүглийн маань төлөөсийг төлөхөөр амиа өгч, Амилалтаараа дамжуулан үхлийг ялан дийлсэн юм. Есүс Христийн золиослол бол “агуу их болоод эцсийн нэгэн тахил; хүмүүнийг тахилаар өргөх бус, бас амьтныг ч бус” харин энэ нь “хэмжээлшгүй бөгөөд мөнхийн тахил” (Алма 34:10) билээ. Тэрээр эртний тахилуудаар заасан бүхний биелэл байсан.

Есүс загалмайгаа үүрч байгаа нь

Иймээс Тэр золиослолынхоо дараа “Та нар цаашид цус урсган надад өргөл өргөхгүй, та нарын тахилууд мөн хайлах өргөл тань зогсоогдох болно. … Мөн та нар харууссан зүрх, гэмшсэн сэтгэлийг надад өргөл болгон өргөх болно” (3 Нифай 9:19–20) хэмээн хэлжээ.

Хуучин Гэрээн дээрээс тахил болон асрын (хожим нь ариун сүм болсон) тухай судрын олон хэсэг олдох ба тиймээс та тэдгээрийг олохдоо энэ бүхний үндсэн зорилго бол Мессиа буюу Есүс Христийн талаарх таны итгэлийг хүчирхэгжүүлэх явдал болохыг санаарай. Уншсан, мөн сурч мэдсэн зүйлсээ Түүний өргөөн дэх шүтлэг бишрэлтэйгээ холбо. Өөрийн зүрх сэтгэл, оюун ухааныг Түүнд хандуул. Тэрээр таныг Бурханы оршихуйд эргүүлэн авчрахын тулд юу хийснийг мөн Түүнийг дагахын тулд та юу хийхээ тунгаан бод.

Эх сурвалж

  1. Гэтлэл 33:7–11 дээр “уулзалтын майхны” тухай дурдсан байдаг. Тэнд Мосе Их Эзэнтэй ярилцдаг байсан ч энэ нь Гэтлэл, Леви номууд дээр өгүүлсэн тахилд зориулсан газар байгаагүй. Тэдгээр тахилыг Гэтлэл 25–30-д дүрсэлсэн, Бурханы Мосед болон израилын хүүхдүүдэд барь хэмээн зарлигласан асарт гүйцэтгэдэг байжээ (Гэтлэл 35–40-ийг үзнэ үү). Харин ихэвчлэн “уулзалтын майхан” хэмээн нэрлэдэг энэ асарт Аарон болон түүний хөвгүүд амьтнаар тахил өргөдөг байв (жишээлбэл, Гэтлэл 28:43; 38:30; Леви 1:3-ыг үзнэ үү).

  2. Мөн Иаков 4:5; Жером 1:11-ийг үзнэ үү.

  3. Мөн Гэтлэл 25:10–22-ыг үзнэ үү.

  4. Еврей 10:19–20-ийг үзнэ үү.

  5. Гэтлэл 40:12–13-ыг үзнэ үү.

  6. Гэтлэл 28-ыг үзнэ үү.

  7. Леви 16:12-ыг үзнэ үү.

  8. Дуулал 141:2-ыг үзнэ үү.

  9. Леви 16:14–15-ыг үзнэ үү.

  10. Иохан 1:14-ийг үзнэ үү.

  11. Еврей 8–10-ыг үзнэ үү.

  12. Мосе 5:4–12-ыг үзнэ үү; мөн Эхлэл 4:4-ийг үзнэ үү.

  13. Мозая 15:8–9-ийг үзнэ үү.