Ирээд, Намайг дага
4-р сарын 20–26. “Эзэний айлдсан бүгдийг бид даган биелүүлнэ”: Гэтлэл 19–20; 24; 31–34


“4-р сарын 20–26. ‘Эзэний айлдсан бүгдийг бид даган биелүүлнэ’: Гэтлэл 19–20; 24; 31–34,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“4-р сарын 20–26. ‘Эзэний айлдсан бүгдийг бид даган биелүүлнэ,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Мосе Арван зарлигийн хавтангуудыг авч явсан нь

Чулуун хавтан барьсан Мосе, Жэрри Харстон (дэлгэрэнгүй)

4-р сарын 20–26: “Эзэний айлдсан бүхнийг бид даган биелүүлнэ”

Гэтлэл 19–20; 24; 31–34

Хэдийгээр өмнө нь израилын хүүхдүүд гомдоллож, сэтгэл хоёрдож байсан ч Мосег Синай уулын бэлд хуулийг уншихад “ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно” (Гэтлэл 24:7) хэмээх гэрээг байгуулжээ. Үүний дараа Бурхан Мосег уул руу дуудан, “Би тэдний дунд оршихын тулд” (Гэтлэл 25:8) асар барь хэмээн айлджээ.

Харин Мосе уулын орой дээр гаран, израилчуудыг хэрхэн Бурханы оршихуйд байж болох талаар сурч байх хооронд тэд уулын бэлд Бурханы оронд шүтэх хиймэл шүтээнийг алтаар хийж байв. Тэд “өөр бурхадтай байхгүй” хэмээн амласныхаа дараахан амлалтаасаа “хурдан эргэжээ” (Гэтлэл 20:3; 32:8-ыг мөн Гэтлэл 24:3-ыг үзнэ үү). Үйл явдал ийн эргэсэн нь гайхмаар ч заримдаа тэвчээргүй байдал, айдас, эргэлзээ нь итгэл үнэмшил, амлалт хоёрыг давамгайлж болдгийг бид туршлагаас мэднэ. Бид амьдралдаа Их Эзэний оршихуйг эрэлхийлэхдээ Тэрээр эртний израилчуудыг орхиогүй бөгөөд биднийг, мөн бидний хайртай хүмүүсийг ч орхихгүй гэдгийг мэдэх нь урам зориг өгдөг. Учир нь Тэр “өрөвч, нигүүлсэнгүй, уурлахдаа удаан, энэрэл хайр ба үнэнээр бялхам билээ” (Гэтлэл 34:6).

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Гэтлэл 19:3–6

Их Эзэний гэрээт хүмүүс Түүний хувьд үнэт өмч нь юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан. “Хуучин Гэрээнд, еврей үг хэллэг нь peculiar гэсэн үгээс segullah хэмээн орчуулагдсан бөгөөд энэ нь ‘valued property’ буюу ‘эрдэнэс’ гэсэн утгатай.’ … Их Эзэний үйлчлэгчид биднийг түүний онцгой хүмүүс гэж нэрлэх нь бидний хувьд хамгийн дээд магтаал юм” (“Children of the Covenant,” Ensign, May 1995, 34). Ерөнхийлөгч Нэлсоны үг Гэтлэл 19:3–6-г ойлгоход тань хэрхэн нөлөөлсөн бэ? Их Эзэн таныг нандигнадаг гэдгээ хэрхэн харуулсан бэ?

Гэтлэл 19:10–11, 17

Ариун нандин туршлагууд нь бэлтгэлийг шаарддаг.

“Бурхантай уулзахаасаа өмнө” (Гэтлэл 19:10–11, 17) мөн Түүнтэй хийсэн гэрээгээ сахихын тулд (Гэтлэл 19:5) Израилын хүүхдүүд бэлтгэгдсэн байх хэрэгтэй хэмээн Их Эзэн Мосед хэлсэн. Та ариун ёслол, ариун сүмийн ёслолууд зэрэг сүнслэг туршлагуудад хэрхэн бэлтгэдэг вэ? Та бусдад бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? Та Лук 6:12–13; Инос 1:2–6; Алма 17:2–3-аас бэлтгэлийн талаар юу мэдэж авсан бэ?

Египетийн Синаи уул

Египетийн энэ уулыг Синаи уул гэж үздэг уламжлалтай.

Гэтлэл 20:1–17

семинарын дүрс зураг
Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь адислал авчирдаг.

Израилчууд Синаи уулын бэлд цугларч байхдаа Бурханы дуу хоолой Арван зарлигийг өгөхийг сонсов (Дэд хууль 4:12–13-ыг үзнэ үү). Мэдээж эдгээр нь Бурханы цорын ганц зарлиг биш бөгөөд өөр олон зарлиг судруудад байдаг. Тиймээс Гэтлэл 20:1–17-г уншихдаа Бурхан яагаад энэ арван зарлигт онцгойлон анхаарал хандуулсныг өөрөөсөө асуу. Энэ бол Арван зарлигийн ач холбогдлыг тунгаан бодохдоо ашиглаж болох жишээ хүснэгт юм:

Зарлиг

Өөрөөр хэлбэл, Эзэн надаас … -ыг/ийг хүсдэг.

Энэ зарлигийн дагуу амьдарснаар ирэх адислалууд

  • Энэ арван зарлигийг сахих нь Есүсийн Матай 22:34–40-д өгсөн хоёр агуу зарлигийг сахихад тань хэрхэн тусалдаг вэ?

  • Та юуг Бурханы өмнө тавихаар уруу татагдаж болох вэ? Та Бурханыг нэгдүгээрт тавьснаар ямар ямар адислалыг харж байсан бэ?

  • Арван зарлигийг дээр үед өгсөн, өнөөдөр хамаагүй гэж хэлдэг хүнд та хэрхэн хариулах вэ? Та амьдралынхаа ямар жишээг хариулт болгож хуваалцмаар байна вэ? “Бурханы зарлиг зөөлөн” (Дуулал, 65) хэмээх дуулал нь Бурханы зарлигуудыг бусдад тайлбарлах арга барилд тань хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Их Эзэн Гэтлэл 20:6 дээрх амлалтыг таны амьдралд хэрхэн гүйцэлдүүлсэн бэ?

Мөн Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 37–45-р хуудасны “The Great Commandment—Love the Lord,” хэмээх гарчгийг; Даллин Х.Өүксийн “Өөр бурхадтай байж болохгүй” хэмээх захиасыг 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81–84; Gospel Library дахь Сэдэв ба асуултаас “Зарлиг”-ийг тус тус үзнэ үү.

Гэтлэл 24:1–11

Гэрээ байгуулах нь Бурханы зарлигийг сахихад бэлэн байгааг харуулдаг.

Гэтлэл 24:3–8-ыг уншихдаа Бурхантай хийсэн гэрээнүүдээ тунгаан бод. Израилын гэрээнд өнөөдөр Бурханы шаарддаг зан үйлээс өөр зан үйл орсон ч зарим ижил төстэй зан үйлийг та анзаарч болох юм. Жишээлбэл: 4, 5, 8-р шүлэгт тахилын ширээ, амьтнаар өргөх тахил, цусны талаар дурдсан байдаг. Эдгээр нь юуг төлөөлж байж болох вэ, мөн таны гэрээтэй хэрхэн холбогддог вэ?

Гэтлэл 32–34

Нүгэл нь Бурханаас эргэхийг хэлдэг бол наманчлал нь Түүнд хандаж, хилэнцээс эргэхийг хэлнэ.

Та нар өөрсдийгөө израилчуудын оронд тавьж, цөлд байгаагаар, мөн Мосе яваад 40 хонож байгаа бөгөөд удахгүй амлагдсан нутгийн асуудлаар канаанчуудтай маргалдах гэж байна (Гэтлэл 32:1–8-ыг үзнэ үү) гэж төсөөлөөд үзээрэй. Яагаад израилчууд алтан шүтээнтэй болохыг хүссэн бэ? Гэтлэл 33:11–17 дахь Их Эзэнд хандсан Мосегийн гуйлтын юу нь таныг сүнслэгээр өдөөсөн бэ?

Хэдийгээр израилчуудын нүгэл ноцтой байсан ч энэ түүхэд нигүүлсэл, өршөөлийн тухай захиас бас багтсан байдаг. Гэтлэл 34:1–10 танд Аврагчийн талаар юу заадаг вэ? (Гэтлэл 32:30–32; Мозая 14:4–8; 15:9; Сургаал ба Гэрээнүүд 45:3–5-ыг үзнэ үү).

Гэтлэл 31:13–16

Хүндэтгэлийн өдөр бол тэмдэг юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тайлбарласан: “Би залуу байхдаа Хүндэтгэлийн өдөр хийх ёстой болон хийх ёсгүй зүйлсийг жагсаан бичсэн хүмүүсийн үгийг судалдаг байв. Дараа нь би судруудаас Хүндэтгэлийн өдөрт хэрхэн хандаж байгаагаа болон энэ өдөр хийдэг зүйлүүд маань Тэнгэрлэг Эцэг бид хоёрын хооронд тэмдэг болдог гэдгийг мэдэж авсан юм [Гэтлэл 31:13; Езекиел 20:12, 20-ийг үзнэ үү]. Би үүнийг ойлгосноор, хийх ёстой болон хийж болохгүй зүйлсийн жагсаалт гаргах хэрэггүй болж билээ. Би ямар нэгэн үйл ажиллагааг Хүндэтгэлийн өдөрт тохирох эсэх талаар шийдвэр гаргахдаа ‘Би Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байна вэ?’ гэсэн энгийн асуултыг өөртөө тавьдаг бөгөөд энэ асуулт Хүндэтгэлийн өдөртэй холбоотой сонгох сонголтуудыг маань тодорхой болгодог” (“Хүндэтгэлийн өдөр нь баясгалант өдөр билээ,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123). Та Хүндэтгэлийн өдрийг сахиснаар Бурханд ямар тэмдэг үзүүлэхийг хүсэж байгаагаа тунгаан бод.

Гэтлэл 34:1–4

Мосегийн хийсэн хоёр иж бүрдэл чулуун хавтан хоорондоо юугаараа ялгаатай байсан бэ?

Мосе уулнаас бууж ирэхдээ, хууль бичсэн чулуун хавтангууд авчирсан. Израилчуудыг гэрээгээ зөрчсөнийг мэдсэний дараа Мосе чулуун хавтангуудыг хагалжээ (Гэтлэл 31:18; 32:19-ийг үзнэ үү). Үүний дараа Бурхан Мосед дахин хоёр чулуун хавтан хийж, уул руу эргүүлэн авчрахыг зарлигласан (Гэтлэл 34:1–4-ийг үзнэ үү). Иосеф Смитийн Орчуулга, Гэтлэл 34:1–2 (Библийн Иосеф Смитийн Орчуулгаас авсан түүврүүд) нь эхний хоёр чулуун хавтанд Бурханы “ариун жаягийн” буюу Мелкизедек санваарын ёслолууд орсон байсныг тодотгодог. Хоёр дахь хавтанд “махбодод хамаатай тушаалын хууль” орсон байжээ. Энэ нь “доод санваарын” (Сургаал ба Гэрээнүүд 84:17–27) гүйцэтгэдэг доод хууль байсан бөгөөд израилчуудыг Бурханы оршихуйд орох боломж олгох дээд түвшний хуульд болон дээд санваарт бэлтгэх зорилготой байв.

Нэмж судлах бол Лиахона, Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлүүдийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Гэтлэл 20:3–17

Бурхан намайг аз жаргалтай байлгахыг хүсдэг тул надад зарлигуудыг өгдөг.

  • Та Арван зарлигийн тухай суралцахыг хүүхдүүддээ хэрхэн зугаатай зүйл болгож болох вэ? Та нар Гэтлэл 20:3–17-г хамт уншихдаа Арван зарлигийн зарлиг бүрийг төлөөлөх нэг нэг зургийг зурахад эсвэл олоход тань туслах боломжийг хүүхдүүддээ олго. Дараа нь хүүхдүүд тань зургийг ээлжлэн сонгоод, уг зарлигийн дагуу хэрхэн амьдрах тухайгаа ярилцаж болно. Энэ зарлигийн дагуу амьдрах нь та нарт хэрхэн аз жаргал авчирдаг тухай бие биетэйгээ хуваалц.

  • Та нар “Зарлиг бүгдийг дагацгаая” (Хүүхдийн дууны ном, 68–69) гэх мэт дууг хамтдаа дуулж болно. Бурхан яагаад биднийг зарлигуудыг нь сахиасай хэмээн хүсдэгийг заасан үгсийг дуунаас олоход нь хүүхдүүддээ тусал.

Хүүхдүүд сүнслэг туршлагаа хуваалцах үед тэдний гэрчлэл өсдөг. Таны асуух асуултууд Аврагчийн талаарх бодлоо, мөн сайн мэдээний дагуу амьдрах нь тэднийг хэрхэн адисалсан талаар хуваалцахад хүүхдүүдийг урамшуулж чадна (Аврагчийн арга барилаар заах нь32-ыг үзнэ үү.) Тэд үүнийг хийхдээ гэрчлэлээ хуваалцаж байдаг. Арван зарлигийн дагуу амьдарснаар ирэх адислалуудын талаар ярилцахдаа гэрчлэлээ хэрхэн хуваалцаж болох талаар бодож үз.

Гэтлэл 20:12

Их Эзэн надаас эцэг эхээ хүндлэхийг хүсдэг.

  • “Эцэг эхээ хүндэл” (Гэтлэл 20:12) гэсэн хэллэгийг цээжлэхэд хүүхдүүддээ тусал. Хэн нэгнийг “хүндлэх” гэдэг нь тэдэнд хүндлэл үзүүлэхийг эсвэл аз жаргал авчирч болохыг та тайлбарлаж болох юм. Есүс мөнх бус эхээ, мөн Тэнгэрлэг Эцэгээ хүндэтгэхийн тулд юу хийсэн бэ? (Лук 2:48–51; Иохан 19:26–27-г үзнэ үү). Магадгүй хүүхдүүд тань эцэг эхээ хүндлэхийн тулд хийж чадах зүйлсээ ээлжлэн жүжиглэж, харин бусад хүүхэд тэдний юу хийж байгааг тааж болох юм.

Гэтлэл 31:13, 16–17

Хүндэтгэлийн өдрийг сахих нь Их Эзэнийг хайрладгийн илрэл юм.

  • Танай хүүхдүүд замын тэмдэг, барилга дээрх тэмдгүүд гэх мэт тэмдгүүдийн жишээнүүдийг харах дуртай байж болох юм. Тэмдгүүдийн зорилго юу вэ? Дараа нь танай хүүхдүүд Гэтлэл 31:13, 16–17-д гардаг “тэмдэг” гэдэг үгийг олж болно. Их Эзэн болон бидний хоорондох тэмдгийг Тэр юу гэж хэлсэн бэ? Та болон танай гэр бүл Хүндэтгэлийн өдөр Их Эзэнийг хайрлах хайраа харуулахыг хичээдэг зарим арга замаа бие биетэйгээ хуваалц.

Арван зарлигийг барьж буй Мосе

Moсе Арван зарлигийг барьж байгаа зураг, Сэм Лоулор (дэлгэрэнгүй)

Гэтлэл 32:1–8, 19–24; 34:6–7

Би Бурханы замаас “эргэхгүй”.

  • Хүүхдүүддээ Гэтлэл 32:1–8, 19–24 дээрх түүхийг сурч мэдэхэд нь туслахын тулд “Мосе Синай уулан дээр” (Хуучин Гэрээний түүхүүд) гэсэн хэсгийг ашиглахыг бод. Израилчууд Бурханы оронд хөшөө шүтэх нь яагаад буруу байсан бэ?

    2:55

    Moses on Mount Sinai

  • Гэтлэл 32:8-аас “Замаас тэд хурдан эргэжээ” гэсэн үгсийг харуулахын тулд шалан дээр (эсвэл гэрийнхээ ойролцоо нэгийг олох) зам гаргах нь хөгжилтэй байж болох юм. Хүүхдүүд тань энэ замаар алхангаа Бурханаас эргэхэд бидэнд тохиолддог уруу таталтуудын тухай ярьж болно. Бурханы зам дээр үлдэхэд, мөн төөрвөл эргэн ирэхэд бидэнд юу тусалдаг вэ? (Гэтлэл 34:6–7-г үзнэ үү).

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Мосе Арван зарлигийг газар шидэж байгаа нь

Тугалыг шүтэн мөргөж байгаа нь, В.С.Симмондс

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Бурхан намайг аз жаргалтай байлгахыг хүсдэг тул надад зарлигуудыг өгдөг.