Ирээд, Намайг дага
5-р сарын 11–17. “Эзэнийг чи мартуузай”: Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34


“5-р сарын 11–17. ‘Эзэнийг чи мартуузай’: Дэд хууль 6–8; 15; 18; 29–30; 34,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“5-р сарын 11–17. ‘Эзэнийг чи мартуузай,’” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

Мосе Небо ууланд

Мосе Небо ууланд, Жон Стийл, © Providence Collection/licensed from goodsalt.com

5-р сарын 11–17: “Эзэнийг чи мартуузай”

Дэд хууль 6–8; 15; 18; 29–3034

Мосегийн дэлхий дээрх тохинуулал уулан дээрээс эхэлсэн бөгөөд тэнд Бурхан түүнтэй шатаж буй бутан дундаас ярьсан (Гэтлэл 3:1–10-ыг үзнэ үү). Түүний тохинуулал 40 гаруй жилийн дараа мөн л уулан дээр дууссан бөгөөд Бурхан түүнд Небо уулан дээрээс амласан нутгийг зэрвэсхэн үзүүлжээ (Дэд хууль 34:1–4-ийг үзнэ үү). Мосе өөрийн бүх амьдралыг Израилын хүүхдүүдийг тэрхүү амласан нутаг руу ороход бэлдэхэд зарцуулсан бөгөөд Дэд хууль номд түүний эцсийн заавар, сануулга, сургамж, гуйлтийг цэдэглэсэн байдаг. Түүний үгийг уншихад Мосегийн тохинууллын буюу хүмүүсийг зохих ёсоор бэлтгэхийн цаад, жинхэнэ зорилго нь цөлийг эсэн мэнд туулах, дайснуудыг байлдан дагуулах эсвэл үндэстнийг бүтээхэд оршиж байгаагүй нь тодорхой байдаг. Уг зорилго нь Бурханыг хайрлаж, Түүнийг дуулгавартай дагаж, Түүнд үнэнч хэвээр үлдэхэд суралцах явдал байсан юм. Бид мөнх амьдралын амлагдсан нутаг руу орохын тулд бүгдээрээ ийн бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Хэдийгээр Мосе “сүү бал урссан нутагт” (Гэтлэл 3:8) хөл тавиагүй ч итгэлтэй, үнэнч байсан тул Бурханы Өөрийг дагасан бүх хүнд зориулан бэлдсэн амлагдсан нутагт орж чадсан юм.

Дэд хууль номын тоймыг Судруудын удирдамж дахь “Дэд хууль”-аас уншина уу.

судлах дүрс

Гэр орондоо болон Сүм дээр суралцахад зориулсан санаа

Дэд хууль 6:4–7; 8:2–5, 11–17; 29:18–20; 30:6–10, 14–20

семинарын дүрс зураг
“Бүх зүрхээрээ Эзэн Бурханаа хайрла.”

Мосегийн хуульд нүдэнд ил харагдах олон ёслол, зан үйл ордог байв. Дэд хууль дахь Мосегийн зөвлөгөөнөөс та Их Эзэн Өөрийн хүмүүсийн дотоод байдал буюу тэдний зүрх сэтгэлийн сүнслэг байдалд бас санаа зовниж байсныг олж харах болно.

Доорх хэсгүүдээс зүрх сэтгэл гэдэг үгийг хайж олоод, энэ нь юуг бэлгэдэж байгааг тунгаан бод. Та эдгээр хэсгийг зүрх сэтгэлийнхээ сүнслэг байдлыг шалгах арга зам болгож болох юм. Та өөрийгөө хэрхэн оношлох вэ? Та зүрх сэтгэлийн сүнслэг эрүүл мэндээ сайжруулахын тулд ямар эмчилгээ бичиж өгмөөр байна вэ? Өөрт төрсөн сэтгэгдлээ бич:

  • Дэд хууль 6:4–7:

  • Дэд хууль 8:2–5:

  • Дэд хууль 8:11–17:

  • Дэд хууль 29:18–20:

  • Дэд хууль 30:6–10:

  • Дэд хууль 30:14–20:

Бодлоо цэгцлэх нэг арга зам бол зүрх зураад, дотор нь Их Эзэний бидэнд зүрх сэтгэлдээ тээж явах ёстой гэсэн зүйлсийг бичиж болно. Дараа нь та зүрх сэтгэлээсээ хол байлгах ёстой зүйлсээ зургийнхаа гадна талд бичиж болно.

Та Бурханыг бүх зүрхээрээ хайрладгаа хэрхэн харуулдаг вэ? Нэмж санаа авах бол Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022), 10–12-р хуудаснаас “Бурханаа хайрла, хөршөө хайрла” гэсэн гарчгийг үзнэ үү.

Мөн М.Рассэлл Баллардын “Чи Намайг эднээс илүү хайрладаг уу?” хэмээх захиасыг Лиахона сэтгүүлийн 2021 оны 10-р сарын дугаараас үзнэ үү.

Та өөрөө сүнслэг ойлголт олж авахаар эрэлхийл. Ирээд, Намайг дага сургалтын материалд анхаарлаа төвлөрүүлэх судрын хэсэг, зарчмуудыг оруулсан ч судлах явцаа үүгээр хязгаарлаж болохгүй. Та нар Дэд хууль номыг уншихдаа энд онцлоогүй зарчмыг олж харж болох юм. Сүнсээр удирдуулан хэрэгтэй зүйлээ сурч мэд.

Дэд хууль 6:4–12, 20–25

“Эзэнийг чи мартуузай.”

Амлагдсан нутаг руу орох израилчуудын ихэнх нь Египет дэх тахлуудыг үзээгүй, Улаан тэнгисийг гатлаагүй хүмүүс байв. Тэд болон хойч үеийнхэн нь Бурханы хүмүүс хэвээр үлдэхийн тулд Түүний гайхамшгуудыг болон хуулийг санах хэрэгтэй гэдгийг Мосе мэдэж байлаа.

Та Дэд хууль 6:4–12, 20–25-аас Бурханы таны төлөө хийсэн агуу зүйлсийг санахад туслах ямар зөвлөгөө олсон бэ? Та Их Эзэний үгийг өдөр бүр “зүрхэндээ байлгахын” (6-р шүлэг) тулд юу хийхээр сүнслэгээр өдөөгдсөн бэ?

Та Жан Э.Нюмэн ахын “Өсөж буй үеийнхэнд хандсан гэрээт хүмүүсийн дуу хоолойг хадгалах нь” (Лиахона, 2023 оны 11-р сар) гэсэн захиасыг судалж, Христэд итгэх итгэлээ хойч үеийнхэндээ хэрхэн дамжуулах талаар бодож үзээрэй.

Мөн Дэд хууль 11:18-21; мөн Дэйл Г.Рэнландын “Бурханы сайн сайхан мөн агуу ихийг эргэцүүл” хэмээх захиасыг Лиахона сэтгүүлийн 2020 оны 5-р сарын дугаараас; Bible Dictionary, “Frontlets or phylacteries”-ыг үзнэ үү.

Дэд хууль 15:1–15

Тусламж хэрэгтэй хүмүүст туслахад өгөөмөр гартай, зүрх сэтгэлээсээ хүсэж байх хэрэгтэй.

“Та нарын дунд ядуу хүн байхгүй болно” (Дэд хууль 15:4) гэсэн өдөр хараахан болоогүй байгаа болохоор тодорхой зан үйлүүд өөрчлөгдсөн ч Дэд хууль 15 дээрх ядууст туслах зарчмууд үнэ цэнтэй хэвээр байгаа. 1–15-р шүлэг бид тусламж хэрэгтэй хүмүүст яагаад тусалдаг мөн бидний хандлага ямар байх ёстой талаар юу зааж байгааг анхаар.

Тусламж хэрэгтэй хүмүүст “гараа сунга” гэдэг нь юу гэсэн үг вэ? (8, 11-р шүлгүүд). Та Их Эзэний үлгэр жишээнээс тусламж хэрэгтэй хүмүүст туслах талаар юу сурч болох вэ? (15-р шүлгийг үзнэ үү).

Өнөөдөр би сайн үйл бүтээсэн бил үү?” дууллыг Дуулал номын 118-р хуудаснаас үзнэ үү.

Дэд хууль 18:15–19

Мосе Есүс Христтэй “адил” байсан.

Петр, Нифай, Моронай болон Аврагч Өөрөө Дэд хууль 18:15–19 дээрх бошиглолын талаар ярьж байсан (Үйлс 3:20–23; 1 Нифай 22:20–21; Иосеф Смит—Түүх 1:40; 3 Нифай 20:23-ыг үзнэ үү). Та эдгээр шүлгээс Аврагчийн тухай юу мэдэж авсан бэ? Өнгөрсөн хэдэн долоо хоног Мосегийн талаар юу уншсанаа бод. Мосе Есүс Христтэй юугаараа “адилхан” байсан бэ?

Есүс нифайчуудад заасан нь

Есүс Христ эртний Америк дахь Өөрийн хүмүүст хандан, “Би бол Мосегийн тухайлан ярьсан тэр нь билээ” (3 Нифай 20:23) хэмээн хэлсэн байдаг.

Дэд хууль 29:9; 30:15–20

Их Эзэн намайг сайн муу хоёрын аль нэгийг сонгоход урьдаг.

Дэд хууль 29:9; 30:15–20 дээрх Мосегийн үгсийг 2 Нифай 2:26–29; 4:4 дээрх Лихайн гэр бүлдээ өгсөн сүүлийн сургаалуудтай харьцуулах нь сонирхолтой байж болох юм. Лихай Мосегийн заасан зүйлийг хэрхэн задлан тайлбарласан бэ? Эдгээр шүлгийн юу нь танд “амьдралаа сонгоход” сүнслэгээр нөлөөлж байна вэ? (Дэд хууль 30:19).

хүүхдийн хэсгийн дүрс

Хүүхдүүдэд заахад зориулсан санаа

Дэд хууль 6:5

Би Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж чадна.

  • Дэд хууль 6:5-ыг ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд та зүрх, бүтэн бие, хүчтэй гар зэргийг зурж болно. Таныг шүлгээс “зүрх”, “сэтгэл”, “хүч” гэх мэт үгсийг унших үед хүүхдүүд зурагнууд руу зааж болно. Бид Их Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүчээрээ хайрладгаа хэрхэн харуулдаг вэ?

Дэд хууль 6:6-15

Би Бурханы үгсийг зүрх сэтгэлдээ хадгалж чадна.

  • Израилчууд судрын хэсгүүдийг ил байлгаж өдөр бүр харж байх ёстой гэсэн Их Эзэний тэдэнд өгсөн зөвлөгөөг хүүхдүүдтэйгээ хамт унш (Дэд хууль 6:6–9-ийг үзнэ үү). Энэ нь та болон танай хүүхдүүдэд “Эзэнийг мартахгүй” (12-р шүлэг) байж, мөн Түүний та нарын төлөө хийсэн зүйлсийг санахад сүнслэгээр нөлөөлж болох юм.

  • Дэд хууль 6:13, 16, 8:3 нь Аврагчийн амьдралын чухал мөчид Түүнд тусалсан гэдгийг та онцолж болно. Хэрхэн гэдгийг харахын тулд Матай 4:1–10-ыг хамтдаа унш. Дараа нь та нар тусламж хэрэгтэй үед тань тусалсан судрын хэсгүүдийг нэг нэгэнтэйгээ хуваалцаж болно.

судар уншиж буй залуу эрэгтэй

Дэд хууль 18:15–18

Бошиглогчид бидэнд Есүс Христийн талаар заадаг.

  • Дэд хууль 18:18-ыг хамтдаа уншихдаа энэ шүлгэн дэх Мосетэй адил бошиглогч бол Есүс Христ гэдгийг ойлгоход нь хүүхдүүддээ тусал. Магадгүй та Мосегийн болон Есүс Христийн хийсэн зүйлсийн зургийг хараад, хүүхдүүдээсээ тохируулахыг хүсэж болох юм (Сайн мэдээний зургийн цуглуулга, 15, 16, 38, 39-ийг үзнэ үү). Манай өнөөгийн бошиглогч Аврагчийн талаар юу гэж заасан бэ?

Дэд хууль 29:12–13; 30:8–10

Би гэрээнүүдийнхээ ачаар Бурханы хүмүүсийн нэг хэсэг билээ.

  • Дэд хууль 29:12–13-ын талаар ярилцах нь танд болон танай хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгтэй байгуулах эсвэл байгуулсан гэрээнүүдийнхээ талаар ярих боломжийг олгоно. Бурханы “өмчийн ард түмэн” байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Бидний амлалт биднийг хэрхэн Бурханы ард түмэн болгосон бэ? (13-р шүлгийг; мөн Мозая 18:8–10-ыг үзнэ үү).

  • Хэрэв танай хүүхдүүдэд гэрээ гэж юу болохыг ойлгоход тусламж хэрэгтэй бол Gospel Library дахь Судруудын удирдамжаас “Гэрээ” гэсний тодорхойлолтыг олохыг зөвлө. Дэд хууль 30:8–10 дээр Бурхан болон израилчууд бие биедээ ямар амлалтууд өгсөн бэ? Бид Бурханд ямар амлалтууд өгсөн бэ? (Сургаал ба Гэрээнүүд 20:37, 77-г үзнэ үү). Эдгээр амлалт нь биднийг Түүнтэй хэрхэн холбодог вэ?

Нэмж судлах бол Найз сэтгүүлийн энэ сарын дугаарыг үзнэ үү.

Мосе амлагдсан нутаг руу харж байгаа нь

Эзэн түүнд бүх газрыг үзүүлэв, Волтэр Рэйн

Хүүхдийн хэсгийн үйл ажиллагааны хуудас: Би Бурханы үгсийг зүрх сэтгэлдээ хадгалж чадна.