Ирээд, Намайг дага
Санах зүйлс: Хуучин Гэрээний түүхэн номууд


“Санах зүйлс: Хуучин Гэрээний түүхэн номууд,” Ирээд, Намайг дага—Гэр орон болон Сүмд зориулав: Хуучин Гэрээ 2026 (2026)

“Хуучин гэрээний түүхэн номууд,” Ирээд, Намайг дага: Хуучин Гэрээ 2026

санах шигтгээ зураг

Санах зүйлс

Хуучин Гэрээний түүхэн номууд

Иошуа номоос Естер хүртэлх номуудыг Хуучин Гэрээний “түүхэн номууд” гэдгээр нь мэддэг. Энэ нь Хуучин Гэрээний бусад ном түүхэн үнэ цэнгүй гэсэн үг биш юм. Харин тэдгээр номын бичээчдийн гол зорилго Израилын ард түмний түүхэд Бурханы мутар оролцсоныг үзүүлэх явдал байсан тул ийн нэрлэдэг. Тэд Леви болон Дэд хууль шиг Мосегийн хуулийг тоймлохыг зориогүй. Түүнчлэн Дуулал болон Гашуудал шиг магтаал, уй гашууг яруу найргийн хэлбэрээр илэрхийлэх гээгүй. Мөн Исаиа, Езекиел номууд шиг бошиглогчдын үгсийг цэдэглэх гээгүй. Үүний оронд түүхэн номууд түүх өгүүлдэг.

Харах өнцгийн асуудал

Эдгээр түүхийг тодорхой талаас нь авч үзэх нь зүйн хэрэг. Цэцэг, чулуу эсвэл модыг нэг дор олон өнцгөөс харах боломжгүйн адил түүхэн цэдгийг бичиж буй хүний эсвэл бүлэг хүний харах өнцөг тэдгээрт туссан байх нь гарцаагүй. Энэхүү харах өнцөг нь бичээчдийн үндэстэн, угсаатны хэлхээ холбоо мөн соёлын хэм хэмжээ, итгэл үнэмшлийг агуулсан байдаг. Үүнийг мэдэх нь түүхэн номын бичээч, эмхэтгэгчид зарим зүйл дээр нь төвлөрч, заримыг нь орхигдуулсан байдгийг ойлгоход бидэнд тусална. Тэд бусдын хэлэхгүй байсан зүйлийн талаар таамаглал дэвшүүлж, тэдгээр мэдээлэл, таамаглал дээрээ үндэслэн дүгнэлт хийсэн байж болох талтай. Бид бүр Библийн номуудаас (заримдаа нэг номоос) өөр өөр өнцгийг харж чадна. Бид эдгээр ойлголтыг хэдий чинээ сайн авна, түүхэн номуудыг төдий чинээ сайн ойлгож чадна.

Хуучин Гэрээний түүхэн бүх номд тусгагдсан нэгэн нийтлэг харах өнцөг бол Бурханы гэрээт хүмүүсийн буюу Израилын хөвгүүдийн харах өнцөг юм. Тэдний Их Эзэнд итгэх итгэл Түүний мутрыг өөрсдийнхөө амьдралд төдийгүй улс орныхоо асуудлаас олж харахад нь тусалж байсан юм. Иргэний түүхийн номуудад аливаа зүйлийг энэ талаас нь харуулдаггүй ч энэхүү сүнслэг харах өнцөг нь Хуучин Гэрээний түүхэн номуудыг Бурханд итгэх итгэлээ хөгжүүлэхийг эрэлхийлж буй хүмүүсийн хувьд асар үнэ цэнтэй болгодог зүйлсийн нэг юм.

Хуучин Гэрээний үлдсэн номын агуулга

Түүхэн номууд нь Дэд хууль номд израилчууд олон жил цөлөөр тэнүүчилсний эцэст ийн тэнүүчлэх хэрэггүй болж байгааг өгүүлж дууссанаар эхэлдэг. Иошуа номд Израилын хөвгүүд амлагдсан газартаа буюу Канаан нутагт ороход бэлэн байгааг харуулж, хэрхэн уг газрыг эзлэн авсныг нь дүрсэлдэг. Үүний дараах буюу Шүүгчид номоос эхлэн 2 Шастир хүртэлх номуудад, амлагдсан газарт суурьшсан үеэс Ассирид болон Вавилонд эзлэгдэх хүртэлх Израилд тохиолдсон үйл явдлыг дүрслэн харуулдаг. Езра, Нехемиа номуудад хэдэн арван жилийн дараа хэсэг бүлэг израил хүн нийслэл Иерусалим руугаа эргэж ирсэн тухай өгүүлдэг. Эцэст нь, Естер номд Персийн эрхшээл доор цөллөгт амьдарч байсан израилчуудын түүхийг өгүүлдэг.

Хуучин Гэрээний он дарааллын бичиг ийн үүгээр дуусдаг. Библийг анх удаа уншиж байгаа зарим уншигч Хуучин Гэрээ номын хуудаснуудын тал гаруйг уншаад л түүхийг нь бүхэлд нь уншиж дууссандаа гайхдаг. Естерээс хойших номуудад израилчуудын түүхийн талаар бараг ямар ч мэдээлэл байдаггүй. Харин дараа дараагийн, ялангуяа бошиглогчдын номууд нь түүхэн номд өгүүлсэн цаг хугацааны хүснэгттэй нийцдэг. Жишээлбэл: Бошиглогч Иеремиагийн тохинуулал 2 Хаад 22–25-д цэдэглэгдсэн үйл явдлуудын үеэр болж өрнөсөн (мөн 2 Шастир 34–36-д яг ижил үйл явдлын талаар цэдэглэсэн байдаг). Үүнийг мэдэх нь түүхэн өгүүллийг болон бошиглогчдын номыг унших байдалд тань нөлөөлж болно.

Ямар нэгэн зүйл таарч тохирохгүй байвал

Аль ч түүхэн номын адил Хуучин Гэрээг унших явцдаа та орчин үеийн хүний нүдээр харахад хачин жигтэй, бүр таагүй сэтгэгдэл төрүүлэх зүйлсийг хийж, хэлж байгаа хүмүүсийн тухай унших нь гарцаагүй. Бид үүнийг тооцоолбол зохино. Хуучин Гэрээний бичээчид дэлхий ертөнцийг зарим талаараа биднийхээс тэс өөр өнцгөөс хардаг байсан. Эртний бичээчдийн өнөөгийн биднийхээс өөрөөр харж байсан асуудлуудад хүчирхийлэл, угсаатны харилцаа, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо зэрэг нь орно.

Судрын хэсгүүдийг уншиж байхдаа таагүй сэтгэгдэл төрүүлэх зүйлтэй таарвал бид яах ёстой вэ? Нэгдүгээрт, хэсэг бүрийг илүү өргөн хүрээнд авч үзэх нь зүйтэй. Энэ нь Бурханы авралын төлөвлөгөөтэй хэрхэн нийцэж байна вэ? Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын мөн чанарын талаар таны мэддэг зүйлтэй хэрхэн нийцэж байна вэ? Энэ нь бусад сударт илчлэгдсэн үнэнтэй эсвэл амьд бошиглогчдын сургаалтай хэрхэн нийцэж байна вэ? Энэ нь таны зүрх сэтгэл, оюун санаанд шивнэсэн Сүнсний шивнээтэй хэрхэн нийцэж байна вэ?

Зарим тохиолдолд судрын ямар нэгэн хэсэг эдгээрийн алинтай нь ч тохирохгүй байгаа мэт санагдаж болно. Заримдаа таны аль хэдийн эвлүүлсэн хэсгийн дунд оруулах орон зай байхгүй мэт харагдах эвлүүлдэг тоглоомын нэг хэсэг шиг байж болно. Хэсгийг хүчээр тааруулах гэж оролдох нь сайнгүй. Эвлүүлдэг тоглоомоо тэр чигээр нь хаях нь мөн л нийцэхгүй. Үүний оронд та тэр хэсгээ түр хойш тавих хэрэгтэй байж болно. Та илүү их сурч мэдэн, эвлүүлдэг тоглоомын өөр олон хэсгийг нэгтгэхийн хэрээр хэсгүүд өөр хоорондоо хэрхэн нийцэж байгааг илүү сайн харж болох юм.

Энэ нь мөн судрын түүхүүдийг тодорхой нэг харах өнцгөөр хязгаарлахаас гадна тэдгээрт хүний алдаа орсон байж болохыг сануулахад тус болж магад. Жишээлбэл: Олон зууны туршид сургаал, ёслол, гэрээнүүдийн чухал үнэнүүд гэх мэт “олон тодорхой болон эрхэм үнэт зүйлс [Библиэс] авагдсан” (1 Нифай 13:28, мөн 26, 29, 40-р шүлгийг үзнэ үү). Үүний зэрэгцээ бидний харах өнцөг мөн л хязгаарлагдмал гэдгийг, түүнчлэн бүрэн ойлгоогүй, хариултаа хараахан аваагүй асуултууд үргэлж байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой.

Эвлүүлдэг зураг эвлүүлж байгаа хүн

Зарим судрын хэсэг нь үлдсэн хэсэгтэйгээ хэрхэн таарч тохирох нь мэдэгдэхгүй байгаа эвлүүлдэг тоглоомын хэсгүүд шиг байж болно.

Үнэт чулууг олох

Гэсэн хэдий ч хараахан хариулагдаагүй байгаа асуултууд биднийг хүнд хэцүү туршлага, төгс бус хүмүүсийн гаргасан буруу сонголт гэх мэт чулуурхаг хөрсөн доор дарагдсан байх магадлалтай Хуучин Гэрээнээс олж авч болох мөнхийн үнэний үнэт чулуунаас холдуулах ёсгүй. Эдгээр үнэт чулууны хамгийн үнэ цэнтэй нь Бурханы хайрыг гэрчилсэн, ялангуяа бидний оюун санааг Есүс Христийн золиос руу чиглүүлдэг түүх ба хэсгүүд юм. Аль ч өнцгөөс харсан бай, эдгээр эрдэнийн чулуу олон жилийн тэртээх шигээ өнөө үед ч тод гялалзсан хэвээр. Эдгээр цэдэг нь сул талуудтай атлаа Их Эзэнийг хайрладаг, Түүнд үйлчилдэг байсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс буюу Бурханы гэрээт хүмүүсийн тухай өгүүлдэг тул үнэний үнэт чулуунууд Хуучин Гэрээний түүхэн номуудаар дүүрэн байдаг.

үнэт чулуу

Тэмдэглэл

  1. Өнөөдөр бидэнд байгаа Библийн түүхэн өгүүллүүд нь юуны түрүүнд дүрслэн өгүүлсэн цаг үеэсээ хойш олон жил, бүр хэдэн зуун жилийн турш ажилласан, олон нэргүй бичээч, эмхэтгэгчдийн бүтээл юм. Тэд янз бүрийн түүхэн эх сурвалжид тулгуурлан, цэдэгтээ юуг оруулж, юуг хасахаа шийдсэн.

  2. Жишээлбэл: 1, 2 Шастир номууд нь 1 Самуел 31-ээс 2 Хаадын төгсгөл хүртэл бараг адилхан цаг хугацааг хамардаг ч 1, 2 Шастир номын түүх нь өөр нарийн ширийн зүйлийг онцолдог бөгөөд бараг ганцхан Иудагийн Өмнөд хаант улс дээр төвлөрч, Давид, Соломон хоёрын тухай сөрөг түүхүүдийг орхиж өөр ойлголт өгдөг (жишээ болгож, 2 Самуел 10–12-ыг 1 Шастир 19–20-той, 1 Хаад 10–11-ийг 2 Шастир 9-тэй харьцуул). Ирээд, Намайг дага товхимол нь 1, 2 Хаад дээрх цэдгийг судлахыг онцолсон байдаг боловч үүнийг 1, 2 Шастир дээрх цэдэгтэй харьцуулах нь үр дүнтэй. 1 Самуел–2 Хаад дээр Вавилоны эзэнт гүрэн Иудаг эзлэхээс өмнө ажиллаж эхлэн, Вавилонд цөллөгдөж байх үеэр дууссан гэдгийг мэдэхэд тустай байж болох юм. Нөгөө талаар 1–2 Шастир болсон цэдгийг иудейчүүд Иерусалимд цөллөгөөс буцаж ирснийхээ дараа эмхэтгэсэн. Уншиж байхдаа та энэхүү өөр өөр нөхцөл байдал өөр өөр цэдэг эмхэтгэгчдийн харах өнцөгт хэрхэн нөлөөлсөн байж болох талаар бодолцож болох юм.

  3. Энэ эх сурвалжийн эхэнд та бошиглогч бүрийн тохинуулал Израилын түүхэд хэзээ болж өнгөрснийг (боломжийн хэрээр тусган) харуулсан “Хуучин Гэрээний тойм” гэх он цагийн хүснэгтийг олж харах болно. Хуучин Гэрээний ихэнх бошиглолын ном он цагийн хүснэгтийн төгсгөлд буюу Израилын хөвгүүд дайсандаа эзлэгдэж, цөллөгдөн, тараагдахын өмнө болон дараахан орсон байгааг та анзаарна.

  4. Итгэлийн тунхаг 1:8-ыг үзнэ үү.