“Сайн мэдээний сэдэв, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах: Юмсыг Их Эзэний хардгийн адил харахыг эрмэлзэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Сайн мэдээний сэдэв, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах: Юмсыг Их Эзэний хардгийн адил харахыг эрмэлзэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
164-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултууддаа хариулт олох
Сайн мэдээний сэдэв, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Юмсыг Их Эзэний хардгийн адил харахыг эрмэлзэх нь
Бид асуултынхаа хариултыг эсвэл асуудлынхаа шийдлийг тэр даруй олж чадахгүй байж болох ч энэ нь асуудал биш. Эдгээр цаг мөч бол Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх боломж юм. Тэд бидний харж чадахгүй зүйлийг хардаг. Тэд бидний мэдэхгүй зүйлийг мэддэг. Бид аливаа зүйлийг Тэдэн шиг харахыг хичээснээр өөрсдийн асуулт, сэтгэл зовоосон асуудлуудыг өөр өнцгөөс харж эхэлдэг. Энэ хичээл нь ойлголт, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлахад суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Юмсыг өөр өнцгөөс харахын үнэ цэнийг харуулахын тулд үзүүлэнт хичээл эсвэл аналоги зохиоход суралцагчдыг урь. Хичээлийн эхэнд тэдэнд санаа бодлоо хуваалцах боломж гаргаж өгч болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мөнхийн талаас нь харах
Аливаа зүйлийг өөр өнцгөөс харахын үнэ цэнийг харуулах үзүүлэнт хичээл эсвэл зүйрлэл бодож олоход суралцагчдыг урих талаар бодож үз. Тэднийг санаа бодлоо ангийнхантайгаа хуваалцахад урь. Эсвэл та “Гэр орон–Хязгаарлагдмал үзэл санаа” гарчигтай зургуудыг үзүүлээд, хамтрагчтайгаа дараах асуултуудыг ярилцахад суралцагчдыг урьж болно.
-
Хэрэв та эдгээр байшингийн аль нэгд амьдрахыг сонгох бол алиныг нь сонгох вэ? Яагаад?
Өгөгдсөн зургуудын “Гэр орон–Нарийвчилсан үзэл санаа” нэртэй хоёр дахь хэсгийг үзүүлээд, дараагийн асуултыг авч ярилцахад суралцагчдыг урь.
-
Энэхүү нэмэлт үзэл санаа таны сонголтод хэрхэн нөлөөлж байна вэ?
-
Аливаа зүйлийг өөр өнцгөөс харах нь бидний ямар нөхцөл байдалд тус болж болох вэ?
Эдгээр байшин бидний сайн мэдээний талаарх асуулт эсвэл амьдралын нөхцөл байдлыг төлөөлж байна гэж төсөөлөөд үз дээ.
-
Асуулт эсвэл нөхцөл байдлыг илүү өргөн талаас нь харахыг хичээлгүйгээр дүгнэлт гаргах нь яагаад аюултай байж болох вэ?
Семинарын хичээлийн турш суралцагчид сайн мэдээний талаарх хувийн асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудлаа тодорхойлсон байж болно. Хэрэв тийм бол аль нэг асуултыг бодож үзэхэд тэднийг урь. Хэрэв үгүй бол тэднийг өөрсдөдөө болон бусдад байж болох асуулт эсвэл сэтгэл зовоосон асуудлаа одоо эргэцүүлэн бодоход урьж болно. Хичээлийн туршид мөнхийн талаас нь авч үзэх үзэл баримтлал хариулт, шийдэл эсвэл илүү амар амгаланг олоход хэрхэн тусалж болох талаар залбирч тунгаан бодоход суралцагчдыг урь.
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь Сүнслэг мэдлэг олж авах нь хэсгийн 8–10 дахь догол мөрийг уншаад, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах талаар юу судалж болохоо олж мэд.
Суралцагчдыг уншиж дуусмагц олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Тэднийг хуваалцаж байх хооронд та дараахтай адил нэг эсвэл хоёр дагалдах асуултыг тавьж болно.
-
Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрын хардагтай адилаар юмсыг харах сэдлийг тань төрүүлэх Тэдний талаарх юуг та мэдэх вэ?
-
Та асуулт эсвэл нөхцөл байдлаа мөнхийн талаас харахад нь хүмүүст туслахын тулд тэдэнд ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
-
Аливаа зүйлийг мөнхийн талаас нь харахад төгс эзэмших сургаалын эсвэл бусад судрын ямар ямар хэсэг тусалдаг вэ?
Та өмнөх асуултад хариулахад нь туслахын тулд Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх төгс эзэмших сургаалын хэсгүүдийн жагсаалтаас хайж олоход суралцагчдыг урьж болно.
Энэ ярилцлагын дараа суралцагч бүрд хуудас цаас өг. Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах талаар сурсан зүйлээ нэг өгүүлбэрт багтаан хураангуйлан бичихэд суралцагчдыг урь. Тэднийг бичиж дууссаны дараа таныг “зогс” гэж хэлэх хүртэл 10 секундын турш аль болох олон суралцагчтай бичсэн цаасаа солилцоход суралцагчдыг урь.
Бусдаас авсан цаасан дээрх өгүүлбэрийг уншуулахаар хэдэн суралцагчийн нэрийг дууд. Суралцагчид хамтдаа дараахтай адил зүйлийг хэлж болох юм. Өөрсдийн асуултыг мөнхийн талаас шинжлэн судлах нь түүнийг Их Эзэний хардгийн адил илүү сайн харахад бидэнд тусална.
Авсан цааснуудаа хадгалж үлдэхийг суралцагчдад зөвлө. Эдгээрийг дараагийн хичээл дээр ашиглаж болно.
Мөнхийн талаас нь харах жишээ
Судруудаас дараах жишээнүүдийн аль нэгийг сонго. Мөнхийн талаас харах нь энэ хүмүүсийн үзэл бодолд хэрхэн нөлөөлснийг олж мэд.
Суралцагчдыг судалж эхлэхээс өмнө та жишээ тус бүрийн нэмэлт хам сэдвийг гаргаж өгч болно. Та Адам, Ева хоёрын түүхийг уншдаг хүмүүст хандаж, зарим хүн Уналт нь дэлхийд нүгэл, үхэл, зовлон зүдүүрийг авчирсан учраас сөрөг зүйл гэж үздэг тухай тайлбарлаж болно. Иовын хувьд та гэр бүлийн олон гишүүн нь нас барж, эд хөрөнгөө алдаж, эрүүл мэндийн хувьд ноцтой асуудлуудтай тулгарсан гэдгийг дурдаж болох юм.
-
Адам, Ева хоёр Уналтыг тайлбарладаг. Мосе 5:10–11
-
Иов сорилт бэрхшээлийн үед гэрчлэлээ хуваалцдаг. Иов 19:25–26
-
Та нар энэ хүний өөрийнхөө нөхцөл байдлыг Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний хүрээнд харж байсан ямар нотолгоог харсан бэ?
-
Энэ хүний Христийн тухай гэрчлэл нөхцөл байдлыг харахад нь хэрхэн нөлөөлсөн бэ?
Суралцагчдыг олж мэдсэнээ хуваалцсаны дараа, дараах асуултыг тавихыг бод.
-
Есүс Христийн амьдралд мөнхийн талаас нь авч үзэх үзэл баримтлалтай тулгарсан ямар ямар жишээ байдаг вэ?
Хэрэв тэдэнд жишээ олоход тусламж хэрэгтэй бол та Исаиа 53:3–5, 10-ыг уншихад урь мөн мөнхийн талаас нь авч үзэх үзэл баримтлалын үүднээс, “Түүнийг няцалж, зовоох нь Их Эзэний таалал байв” (Исаиа 53:10) гэдгийн учир шалтгааныг авч ярилцахад суралцагчдыг урьж болно. (Есүс Христийн зовж шаналахыг харах нь Тэнгэрлэг Эцэгийг гуниглуулсан ч Түүний мөнхийн талаас нь харах үзэл баримтлал Түүнд Түүний Хүүгийн Цагаатгал Түүний бүх хүүхдийн төлөөх авралын төлөвлөгөөний чухал хэсэг байсныг харах боломж олгосон.)
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын үлгэр жишээг дагахад аливаа зүйлийг мөнхийн талаас харахад туслах нөхцөл байдал өөрт тань тулгарч байгаа эсэхийг тунгаан бод.
Хэн нэгэн хүн өөрсдийнх нь асуулт, нөхцөл байдлыг мөнхийн талаас нь харж байгаа орчин үеийн жишээг олж харах нь суралцагчдад ашиг тустай байж болох юм. ChurchofJesusChrist.org дээрээс “Асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах нь” (2:56) видеог үзэх талаар бодож үз. Энэ видеон дээр нэгэн залуу эмэгтэй “Хэрэв хайраар дүүрэн Бурхан үнэхээр байдаг бол яагаад хүмүүсийн зовохыг зөвшөөрдөг юм бэ?” гэж асуусан тухай гардаг. Видеог үзсэний дараа суралцагчид мөнхийн талаас нь харах тухайд олж авсан нэмэлт ойлголтоо хуваалцаж болно.
Дадлага
Дараагийн үйл ажиллагаанд зориулж, суралцагчид мөнхийн талаас нь харах үзэл баримтлалын тухай нэг өгүүлбэрт багтаасан хураангуйг хуваалцсаны дараа өмнө нь авсан цаасыг ашиглаж болно.
Өсвөр насны хүүхдэд тулгарч болох, мөнхийн талаас нь авч үзвэл тустай асуулт эсвэл нөхцөл байдлын талаар бич.
Суралцагч бүрийг ямар нэг зүйл бичсэний дараа, таныг “зогс” гэж хэлэх хүртэл 10 секунд цаасаа солилцоход тэднийг урь. Дараа нь үйл ажиллагааны үлдсэн хугацаанд суралцагчдыг хос хосоор нь байрлуулж болно.
Хамтрагчтайгаа дараах асуултуудын аль нэгийг юм уу хоёуланг таны хүлээн авсан цаасан дээр бичсэн зүйлтэй холбон ярилц. Хос бүрийн эхний асуултыг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Сүнслэг мэдлэг олж авах” хэсгийн 8-р догол мөрөөс авсан байгааг анхаар.
-
Би Тэнгэрлэг Эцэг, Түүний төлөвлөгөө, Түүний Өөрийнхөө хүүхдүүдтэй хэрхэн харьцдаг талаар юу мэдэх вэ?
Тэгвэл энэ нь тухайн асуулт эсвэл нөхцөл байдлыг авч үзэх хандлагыг хэрхэн өөрчилж болох вэ?
-
Сайн мэдээний ямар сургаал энэ утга санаа эсвэл асуудалтай холбоотой эсвэл эдгээрийг тодруулж өгч байна вэ?
Энэ сургаалыг батлах ямар судар эсвэл Сүмийн удирдагчийн хэлсэн үгс байдаг вэ?
Хариултуудаа ярилцсаны дараа цаасан дээрээ товч хариулт бич.
Суралцагчдыг дууссаны дараа, цаасан дээрх асуулт эсвэл нөхцөл байдлыг ангийнхандаа сайн дураараа уншиж өгөн бичсэн хариултуудаа хуваалцахыг цөөн суралцагчаас хүс. Та асуулт эсвэл нөхцөл байдлыг мөнхийн талаас харахад нь өсвөр насны хүүхдүүдэд туслах нэмэлт ойлголтуудыг ангийнхны бусад хэсгээс асууж болно.
Биднийг Тэнгэрлэг Эцэг рүү хандах үед Тэрээр аливаа зүйлийг Түүний байр сууринаас харахад бидэнд тусална гэдэг гэрчлэлээ хуваалц. Мөн бид Түүний хардаг зүйлсийг хараахан харж чадахгүй байгаа мэт санагдах үедээ Түүнд үргэлжлүүлэн итгэж болно гэдгийг та хуваалцаж болно (Сургаалт үгс 3:5–6-г үзнэ үү). Асуулт, нөхцөл байдлаа мөнхийн талаас нь шинжлэн судлахыг үргэлж хичээхэд суралцагчдыг урамшуулан дэмж.