“Асуултдаа хувийн илчлэл хүлээн авахыг эрэлхийлэх: Их Эзэний тантай хэрхэн ярьдгийг ойлгох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Асуултдаа хувийн илчлэл хүлээн авахыг эрэлхийлэх: Их Эзэний тантай хэрхэн ярьдгийг ойлгох нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
162-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултынхаа хариултыг олох
Асуултдаа хувийн илчлэл хүлээн авахыг эрэлхийлэх
Их Эзэний тантай хэрхэн ярьдгийг ойлгох нь
Тэнгэрлэг Эцэг Өөрийн бодол санаа, тааллыг хүүхдүүддээ илчлэхийг хүсдэг. Үүнийг мэдэх нь бидэнд асуултынхаа хариултыг эрэлхийлэх, чухал шийдвэр гаргах, Есүс Христийн илүү сайн шавь болохоор хичээхэд тусална. Энэ хичээл нь Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс удирдамж, илчлэл хэрхэн хүлээн авч болохыг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дуу хоолойг таних нь
Суралцагчдыг ангид орж ирэх үед цөөн хүнд дараах зааврыг өгч, өөр дугаар өг: “Намайг чиний дугаарыг дуудах үед ‘Их Эзэн Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьдаг’ гэж хэл.” Дугаарыг нь дуудах үед тэд тэрхүү үгийг шивнэх эсвэл ердийн дуу хоолойгоор хэлэх сонголт хийх боломжтой гэдгийг тайлбарла.
Хичээлээ эхлүүлэхдээ суралцагчдыг нүдээ анихад урь. Тэд ангийнхнаа дуу хоолойгоор нь танихыг хичээх болно гэдгийг тайлбарла. Дуудах бүрдээ өөр өөр дугаарыг дууд. Дугаарыг нь дуудсан суралцагч бүр дээрх хэллэгийг хэлсний дараа, хэн ярьсныг мэдэж байвал гараа өргөхийг ангийн үлдсэн суралцагчдаас хүс.
Тэгээд дараах асуултуудыг тавь.
-
Хэн ярьж байгааг танихад амархан эсвэл хэцүү байсан уу? Яагаад?
-
Ангид ирсэн зочны хувьд хэн ярьсныг танихад яагаад хэцүү байж болох вэ?
Дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүлээд, хариултынхаа талаар тунгаан бодоход суралцагчдыг урь.
Дараах асуултуудад өгөх хариултаа тунгаан бод. Та өөрт төрсөн зарим бодол санааг судлах тэмдэглэлдээ бичиж болох юм.
-
Би амьдралдаа Их Эзэний дуу хоолойг таньж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-
Тэнгэрлэг Эцэгээс илчлэл хүлээн авах талаар надад ямар ямар асуулт байна вэ?
Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхэд бүрд хандан ярихыг хүсдэг гэдгийг гэрчлэхийг бод. Биднийг илчлэл эрэлхийлэх үед Тэр бидэнд Өөрийнх нь дуу хоолойг таньж, Түүнээс хариулт, удирдамж хүлээн авах итгэлийг маань нэмэгдүүлэхэд туслах болно гэдгийг тайлбарла.
Намуун, зөөлөн дуу хоолой
Бошиглогч Елиа амийг нь авахаар ирсэн хүмүүсээс зугтан, агуйд нуугдав (1 Хаад 19:1–10-ыг үзнэ үү). Тэнд байхад нь Их Эзэн түүнтэй ярьжээ.
1 Хаад 19:9–12-ыг уншаад, Их Эзэний бидэнтэй хэрхэн харьцдаг талаар Елиагийн сурсан зүйлийг олж мэд.
-
Та Елиагийн туршлагаас Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?
Их Эзэний бидэнтэй харьцдаг арга замуудын нэг нь Ариун Сүнсний намуун, зөөлөн дуу хоолой гэдгийг олж тогтооход суралцагчдад тусал.
Зарим суралцагч Бурхан үнэхээр тэдэнтэй ярьдаг эсэхэд эргэлздэг бөгөөд Түүнийг яривал хэрхэн танихаа мэддэггүй байж болно. Дараах мэдэгдэл болон 3 Нифай 11-ийг судлах үйл ажиллагаа эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тусална.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, удирдамж, чиглэл хүлээн ав[ах] … чадвартай болдог. Хэрэв бид Ариун Сүнсийг үнэхээр хүлээн авч, Түүний өдөөлтүүдийг ялган таньж, ойлгох талаар мэдэж авах юм бол их бага ямар ч асуудлуудад зааж чиглүүлэгдэх болно.
…Бурхан тантай ярихыг үнэхээр хүсдэг үү? Тийм ээ! (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 118)
Дараах шүлгийг уншуулахаар суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилах талаар бодож үз. Суралцагчдад судлахад нь туслахын тулд тэднийг шүлэг бүрийг уншсаны дараа түр зогсож, Бурханаас ирэх илчлэлийг сонсож таньж мэдэхэд туслах олж мэдсэн зүйлээ хамтрагчтайгаа ярилцахад урь.
3 Нифай 11:1–7-г уншаад, Бурханаас ирэх илчлэлийг сонсож таньж мэдэх талаар юу сурч болохыг олж мэд.
-
Та энэ түүхээс илчлэл хүлээн авах талаар юу олж мэдсэн бэ?
Бурханаас ирсэн илчлэлийг таньж мэдэх нь
Бидний амьдралдаа Их Эзэний дуу хоолойг таньж сурах нэг арга зам бол Түүний бидэнтэй харилцдаг өөр өөр арга замыг ойлгох явдал гэдгийг тайлбарла. Их Эзэн бидэнтэй хэрхэн харилцдаг талаар мэдэж авахад нь суралцагчдад туслахын тулд тэдэнд ухаалаг гар утас харуулж эсвэл гар утасны зураг үзүүлж, самбар дээр дараах асуултыг бичих талаар бодож үз.
-
Ухаалаг гар утсаар дамжуулан мессеж хүлээн авах ямар арга зам байдаг вэ?
Боломжит хариултуудад утсаар ярих, мессеж, апп доторх мессеж, тэр ч байтугай гар утсан дээрээ үзүүлэхээр сонгосон зураг ч багтаж болно. Дээрх асуултын дагуу товчхон ярилцсаны дараа “ухаалаг гар утас” гэдэг үгийг арилгаж, “Ариун Сүнс” гэдэг үгээр соль.
-
Та Ариун Сүнсээр дамжуулан ямар ямар арга замаар мессеж хүлээн авч болох вэ?
-
Ариун Сүнснээс захиас хүлээн авах нь ухаалаг утсан дээрээ мессеж хүлээн авахаас юугаараа ялгаатай вэ?
Хэрэв дараах судар судлах үйл ажиллагаа суралцагчдад тань хэцүү санагдаж байвал эхний хэсгийг уншаад, Бурханыг бидэнтэй Ариун Сүнсээр дамжуулан ярьж байхад таньж мэдэх арга замуудын талаар тус шүлэгт юу зааж байгааг ангийнхнаас асуу. Хэрэв та судрын хэсгийг уншсан бол бид мэргэн ухаан, ойлголт, мэдлэгээ өсөн нэмэгдэхийг мэдрэх үедээ Бурханы Ариун Сүнсээр дамжуулан харьцаж байгааг мэдэж болно гэдгийг энэ шүлгээс олж харахад суралцагчдад тусалж болно. Дараа нь суралцагчид дараагийн судрын бусад хэсгийг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилагдан судалж болно. Суралцагчид эдгээр бүх судрыг заавал судлах шаардлагагүй.
Дараах судрын хэсгүүдийн заримыг судал. Судалсан хэсэг бүр дээрээ Бурханы Ариун Сүнсээр дамжуулан бидэнтэй ярьж байгааг таньж мэдэх арга замыг тодорхойл. Судалсан хэсгүүдээ болон сурсан зүйлээ судлах тэмдэглэлдээ бич.
Гэтлэл 31:3
Иохан 14:26–27
Иохан 16:13
Галат 5:22–23
Таны өмнөх үйл ажиллагааг гүйцэтгэх нэг арга зам бол дараах тараах материалыг хэд хэдэн хувь хэвлэж аваад, гар утасны зургийг нэг бүрчлэн хайчилж авах арга юм. Гар утас болгон дээр өөр өөр судрын хэсэг бичиж, тэдгээрийг өрөөний эргэн тойронд байрлуул. Суралцагчдыг өрөөгөөр явж, цөөн хэдийг нь судлахад урь.
Мөн та зарим ухаалаг гар утсанд Тэнгэрлэг Эцэгийн бидэнтэй хэрхэн харилцдаг талаар богино мэдэгдэл байрлуулах талаар бодож үзэж болно. Боломжит мэдэгдлүүдийг Gospel Library дахь энэ хичээлийн нэмэлт материалуудаас олж болно.
Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилж, судалсан судрын хэсгүүдээс нь юу онцгой сэтгэгдэл төрүүлснийг хуваалцахад урь. Түүнчлэн тэд Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсээр дамжуулан сонсож мэдсэн аливаа туршлагаасаа хуваалцаж болно. Үүнд тэдний асуултад хариулах, тайтгаруулах эсвэл удирдамж өгөх бусад захиас орж болно. Ариун нандин, нэн хувийн туршлагаасаа хэт дэлгэрэнгүй хуваалцахгүй байхыг тэдэнд сануул.
Хэрэв тустай гэж үзвэл та ChurchofJesusChrist.org дээрх Receiving Revelation (Илчлэл хүлээн авах нь)” (4:17) видеог цагийн код 0:00–2:18 хүртэл үзүүлж болно. Энэ видеон дээр хэд хэдэн хүн “Сүнс танд хэрхэн илчлэл илгээдэг вэ?” гэсэн асуултад хариулдаг.
-
Тэнгэрлэг Эцэгийн бидэнтэй Ариун Сүнсээр дамжуулан өөр ямар арга замаар харилцдаг гэдгийг ойлгох нь Түүнээс ирэх илчлэлийг танихад хэрхэн тусалж болох вэ?
Бурхан танд хандан ярьдаг
Дараах жишээнд өгөх хариултаа хуваалцахад нь суралцагчдад туслахын тулд тэднийг хамтрагчтайгаа хамт доорх асуултад хариулахад урьж болно. Ингэснээр суралцагч бүрд сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олдоно.
Эсвэл та хоёр суралцагчийг самбарын өмнө гарч ирээд, тус жишээг жүжигчлэн тоглоход урьж болно. Нэг суралцагч хариултаа хуваалцаж болно. Дараа нь хоёр суралцагч жишээг жүжигчлэн тоглох өөр хоёр шинэ суралцагчийг сонгож болно. Та үүнийг хэд хэдэн удаа давтаж болно.
Энэ ням гарагт дараах үйл явдал болж байгаагаар төсөөлөн бод.
Ариун ёслолын цуглааны үеэр нэг илтгэгч ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны “Бурхан үнэхээр та нартай ярихыг хүсэж байна уу? Тийм ээ!” гэсэн үгийг эш татжээ (“Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115–120). Цуглааны дараа цуглааны байрнаас гарах үед найз маань: “Би амьдралдаа Бурханаас ирдэг удирдамж, илчлэлийг олж харахыг хүсэж байна. Гэвч чухам яаж гэдгийг сайн мэдэхгүй байна” гэж хэлэв.
-
Та өнөөдөр Ариун Сүнснээс сурсан зүйлсдээ үндэслэн найздаа юу гэж хэлэх байсан бэ?
Их Эзэн Ариун Сүнсний намуухан, зөөлөн дуу хоолойгоор дамжуулан бидэнтэй ярих хүсэлтэй байдаг тухай гэрчлэлээ хуваалцахыг бод.