Семинар
Төгс эзэмших сургаалын оршил: Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх


“Төгс эзэмших сургаалын оршил: Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)

“Төгс эзэмших сургаалын оршил: Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага

161-р хичээл: Төгс эзэмших сургаал: Асуултынхаа хариултыг олох

Сүнслэг байдлын сууриа бэхжүүлэх

Төгс эзэмших сургаалын оршил

Jesus is standing on a hill. You can see the sun in the background

Амьдралдаа тулгардаг сорилт бэрхшээл, асуулт, санаа зовнилыг хэрхэн шийдвэрлэдэг маань биднийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртуулах эсвэл Тэднээс холдуулах зам руу хөтөлдөг. Төгс эзэмших сургаал тиймэрхүү нөхцөл байдалд Есүс Христэд итгэх итгэлээр, Ариун Сүнсний удирдамжаар хариулахад бидэнд туслах удирдамжийг санал болгодог. Энэ хичээл төгс эзэмших сургаал хэрхэн тэдний амьдралыг адисалж, Есүс Христ дээр сүнслэг байдлын сууриа тавихад тусалдаг талаар суралцагчдад ойлгуулна.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа ирэхээсээ өмнө Хиламан 5:12-ыг уншихад урь. Суралцагчид Eсүс Христ дээр сууриа тавьснаар амласан адислалуудыг харж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хэцүү мэдээлэлд хариулах

Хичээлээ эхлүүлэхийн тулд самбар дээр хоёр савааны дүрс зурж, тэдгээрийг Анна болон Вэроника гэж нэрлэ. Хэрэв суралцагчид хүсвэл, тэдэнд охин бүрийн талаар юу хийх дуртай, хаана ажилладаг гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг өгч болно. Хичээлийн энэ хэсэгт хэт их цаг зарцуулах юм уу жишээг бүдгэрүүлэхгүй байхад анхаарна уу.

Дараах жишээг үзүүл. (Жич: Энэ жишээг хичээлийн бусад хэсэгт үргэлжлүүлнэ.)

Анна, Вэроника хоёр сайн найзууд бөгөөд хоёулаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд юм. Тэд ахлах сургуульд орсноосоо хойш янз бүрийн эх сурвалжаас Сүмийн тухай олон мэдээлэл, санаа бодол сонсжээ. Анна нэгэн орой хамт зугаалж байхдаа Сүмийн тухай онлайнаар уншсан зарим мэдээллээ Вэроникатай хуваалцав. Түүний олж мэдсэн зүйл итгэлийг нь ганхуулсан гэж Анна хэлэв. Вэроникаг энэ талаар мэдэж байсан төдийгүй үүнээс тайвшрал олсон гэж хэлэхийг сонсоод, тэр ихэд гайхжээ. Вэроникад яагаад ингэж санагдсан нь Аннад сонирхолтой байв.

  • Хэдийгээр Анна санаа зовж байсан ч энэ жишээнд ямар эерэг зүйл болж байна вэ?

Аннагийн хувьд чин сэтгэлээсээ асуух нь эерэг зүйл гэдгийг суралцагчид анзаарч болох юм. Мөн Вэроника Аннад туслах боломжтой байгаа нь бас эерэг зүйл юм.

Хэзээ нэгэн цагт Аннатай адил зүйл мэдэрч байсан эсэхээ бодож үзэхэд суралцагчдыг урь. Түүнээс гадна та өмнө нь Вэроникагийнхтай адил зүйл мэдэрсэн, мөн найз нь адил асуулт тавьж байсан эсэхийг бодож үзэхийг тэднээс хүсэж болно.

Та өнөөдөр төгс эзэмших сургаалын талаар суралцахдаа Ариун Сүнсний танд заах зүйлсэд нээлттэй байгаарай. Төгс эзэмших сургаал гэнэтийн мэдээлэлд хэрхэн Есүс Христэд итгэх итгэлээр хариулахад мөн бусдад түүнтэй адил зүйл хийхэд нь туслахын тулд танд хэрхэн тусалж болохыг мэдэхийг эрэлхийл.

Есүс Христ дээр сууриа тавих нь

Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дээрх “Төгс эзэмших сургаалын оршил” хэсгийн эхний хоёр догол мөрийг унш. Төгс эзэмших сургаалын бидэнд туслах ямар зорилготойг олж мэд.

  • Та төгс эзэмших сургаалын зорилгыг хэрхэн товчлон хураангуйлах вэ?

    Бусад хариултаас дараах үнэнийг буюу Төгс эзэмших сургаал Есүс Христ дээр сүнслэг сууриа тавихад бидэнд тусалдаг гэсэн үнэнийг олж тогтооход суралцагчдад тусал.

    Хэрэв тустай гэж үзвэл та дараах асуултыг тавьж болно.

  • Есүс Христ дээр сууриа тавих гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ?

Суралцагчдыг дараах шүлгийг уншихаас өмнө самбар дээр чулуу = Есүс Христ гэж бичихийг бод.

Исаиа 28:16-г уншаад, Есүс Христ дээр сууриа тавих нь биднийг хэрхэн адисалж болохыг олж мэд.

Суралцагчдыг “яаравчлах” гэдэг үгийг олж тэмдэглэхэд уриад, энэ хэллэг нь “ганхах” эсвэл “сандарч тэвдэх” гэсэн утгатайг тайлбарла.

  • Есүс Христэд итгэлээ төвлөрүүлэх нь яагаад биднийг ганхахаас хамгаална гэж та нар бодож байна вэ?

    Тус жишээ рүү бодол санаагаа буцаан эргүүлэхэд суралцагчдыг урь.

  • Вэроника Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлж, сорилтоос болж “ганхахгүй”-н тулд ямар зүйл хийсэн байж болох вэ?

Хэрэв та энэ нь ашиг тустай гэж мэдэрвэл, Иаков 4:6–10-ыг судлаад, Есүс Христэд итгэх итгэлээ ганхуулахгүйн тулд Иаковын юу хийснийг олж мэдэхэд суралцагчдыг урь. Та суралцагчдын олж мэдсэн зүйлсийг самбар дээр Вэроникагийн зургийн ойролцоо жагсаан бичиж болно. Үйлдэл бүр Вэроникагийн амьдралд ямар харагдаж болохыг дүрслэн хэлэхэд суралцагчдыг урь.

Төгс эзэмших сургаалаас гарах үр дүн

Төгс эзэмших сургаалаас гарах үр дүнг ойлгоход суралцагчдыг бэлтгэхийн тулд тус жишээний дараагийн хэсгийг өөрийн үгээр хуваалц.

Вэроника итгэлээ хадгалж үлдэхэд нь юу тусалсныг Аннатай хэрхэн хуваалцах талаар арга хайж, хэсэг зуур зогсов. Тэрээр Есүс Христтэй харилцаагаа бэхжүүлэхийн тулд байнга хичээж зүтгэхийн ач холбогдлыг ойлгуулахыг хүссэн. Тэр өдөр бүр залбирч, судар уншиж, сүмд болон семинарт явдаг дадал хэвшлээ тунгаан бодсоноор нэг онцгой зүйл анзаарчээ.

“Энэ бол төгс эзэмших сургаал” гэж Вэроника итгэлтэй хэлэв.

Анна гайхширсан янзтай байв. “Ямар сургаал гэнэ ээ?”

“Төгс эзэмших сургаал. Энэ бол семинарын хичээлийн үеэр бидний хийдэг зүйл. Энэ нь Есүс Христэд итгэх итгэлээ амьдралынхаа төвд байлгахын сацуу хэцүү асуулт, нөхцөл байдлыг давж гарахад надад маш их тусалсан” гэж Вероника дэлгэрэнгүй тайлбарлав.

Анна сонирхож байсан нь илт байлаа. “Тэгвэл төгс эзэмших сургаал гэж яг юу вэ?”

  • Төгс эзэмших сургаалын тухай та нар юу мэддэг вэ?

    Хэрэв танай зарим суралцагч семинарт төгс эзэмших сургаалын туршлага хуримтлуулсан бол аль хэдийн мэддэг зүйлээ хуваалцахад цөөн суралцагчийг урь.

    Хэрэв Төгс эзэмших сургаалыг ойлгоход суралцагчдад илүү их тусламж хэрэгтэй байвал “Төгс эзэмших сургаал гэж юу вэ?” (3:56) видеог үзүүлэх талаар бодож үз.

    3:56

    Эсвэл та суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилаад, Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дахь “Төгс эзэмших сургаалын оршил” хэсгээс төгс эзэмших сургаалын хоёр үр дүнгийн тухай уншихыг даалгаж болно.

  • Төгс эзэмших сургаалаас гарсан үр дүн Есүс Христ дээр сууриа тавихад Аннад хэрхэн тус болно гэж та бодож байна вэ?

Та суралцагчдын хариултыг самбарт Аннагийн нэрийн дэргэд бичиж болно.

Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдтэй танилцах боломжийг суралцагчдад олгохын тулд тэднийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын “Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд ба ангид заах судрын түлхүүр үг хэллэгүүд” хэсэгт байгаа Хуучин Гэрээний хэсгүүдийг нээхэд урь.

Судрын хэд хэдэн түлхүүр үг хэллэгийг уншаад, Есүс Христэд итгэх итгэлээ ганхуулахгүй байхад Аннад туслах хэсгийг ол.

Суралцагчид сонгосон судрын эшлэлүүдээ самбар дээр Аннагийн савааны дүрсийг тойруулан бичиж болно. Та хэд хэдэн эшлэл үзүүлж, тэдгээрийг бичсэн суралцагчдаас энэ нь Аннад хэрхэн тусалж болох талаар хуваалцахыг хүсэж болно.

Дүгнэлт

Дараах өдөөлтөд хариулах замаар суралцагчдад төгс эзэмших сургаалыг дүрслэх дадлага хийх боломж олго.

Та өөрийгөө Аннагийн “Төгс эзэмших сургаал гэж юу вэ?” гэсэн асуултад хариулж байна гэж төсөөл. Та төгс эзэмших сургаал гэж юу болох, энэ нь хэрхэн таны амьдралыг адислахыг хэрхэн тайлбарлахаа тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Бичсэн зүйлээ хажуудаа сууж байгаа хүнтэй эсвэл ангийнхантайгаа хуваалцах боломжийг суралцагчдад олго.

Төгс эзэмших сургаал Есүс Христ дээр сүнслэг сууриа тавихад суралцагчдад тусалснаар тэдний амьдралыг хэрхэн адисалдаг тухай гэрчлэлээ хуваалцахыг бодоорой.