“Даниел 1: ‘Даниел … биеэ бохирлоогүй’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Даниел 1: ‘Даниел … биеэ бохирлоогүй’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Даниел 1–7: 142-р хичээл
Даниел 1
“Даниел … биеэ бохирлоогүй”
Бид Их Эзэний зарлигуудыг дуулгавартай дагах шийдвэрийг маань сорих нөхцөл байдалтай тулгарахдаа бууж өгдөг үү эсвэл тууштай зогсдог уу? Небухаднезар хааны ордны зарц болох Даниел болон түүний найзууд Их Эзэний илчилсэн эрүүл мэндийн хуулийг зөрчих заавар авсан ч бат зогссон юм. Энэ хичээл Их Эзэний мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах шийдвэр амлалтаа хүчирхэгжүүлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Gospel Library дахь Сэдэв ба асуулт дээрх “Мэргэн ухааны үгс”-ийн тоймыг судлахад урь. Тэднийг Их Эзэний мэргэн ухааны үгийг дагаснаар тэд болон бусад хүмүүс хэрхэн адислагдсанаа хэлэлцэхийг урамшуулан дэмжээрэй.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Та юу хийх байсан бэ?
Дараах жишээтэй адил шинэ зүйлсийг туршиж үзэх сорилтыг хүлээн авах дуртай залуу хүнийг дүрсэлж хичээлээ эхлэх талаар бодож үзээрэй. Та суралцагчдадаа илүү хамааралтай болгохын тулд нэр, үйл ажиллагаануудыг нь өөрчилж болно.
Матео бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн идэвхтэй гишүүн. Тэр шинэ зүйлсийг туршиж үздэгээрээ алдартай учраас найзууд нь түүнийг дараах байдлаар байнга сорьдог:
-
Нэг удаа найз нь түүнийг марафонд гүйхэд уриалав. Матео сорилтыг хүлээж авсан.
-
Нэг удаа найз нь түүнийг мөс шиг хүйтэн нуур луу шумбахад уриалав. Матео сорилтыг хүлээж авсан.
-
Нэг удаа найз нь түүнийг сургуулийнхаа шинэ охинтой танилцахад уриалав. Матео сорилтыг хүлээж авсан.
Дараагийн сорилтыг уншсаныхаа дараа түр зогсоод, доорх асуултыг асуугаарай.
-
Нэг өдөр Матеогийн найзууд түүнийг үдэшлэг дээр согтууруулах ундаа уухад уриалав.
-
Матео ямар хариу өгөх байх гэж та бодож байна вэ? Яагаад?
Та танай бүс нутагт мэргэн ухааны үгийг зөрчих дарамт шахалт түгээмэл байдаг эсэхийг суралцагчдаас асууж болно. Мөн тэд үүнийг зөрчих дарамт шахалтад орж болох нөхцөл байдлуудыг дүрслэн хэлж болно. Энэ зарлигийг зөрчсөн байж болох суралцагчдыг Их Эзэнд эргэн хандаж, наманчлах үед Тэрээр тэдэнд тусална гэдгийг санахад нь урамшуулан дэмжих талаар бодож үзээрэй. Их Эзэн тэднийг хайрладаг бөгөөд үргэлжлүүлэн хичээхийг урьдаг гэдгийг суралцагчдад батлан хэлж өгөөрэй.
Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах өөрсдийн амлалтыг дүгнэхийн тулд суралцагчид судлах тэмдэглэл дээрээ дараах асуултад хариулж болно.
-
Та үүнтэй төстэй нөхцөл байдалд юу гэж хариулах байсан гэж бодож байна вэ? Яагаад?
-
Хэрэв танд кофе эсвэл цай зэрэг илүү түгээмэл зүйл санал болговол та юу гэж хариулах байсан гэж бодож байна вэ?
Өнөөдөр Даниел 1-ийг судлахдаа Тэнгэрлэг Эцэгийн Ариун Сүнсээр дамжуулан танд өгч болох бодол, мэдрэмжүүдийг сонсоорой. Их Эзэний мэргэн ухааны үгийг дагах амлалтаа хүчирхэгжүүлэх арга замуудыг хайгаарай.
Даниел Их Эзэнийг дуулгавартай дагав
МЭӨ 606 оны үед Вавилоны хаан Небухаднезар Иерусалим руу довтолж, тодорхой тооны Израилчуудыг Вавилон руу олзлон авч явжээ. Хаан Израил залуусын заримыг сургаж гэртээ үйлчлүүлэхээр тушаажээ. Тэдгээр залуусын дунд Даниел, Хананиа, Мишаел, Азариа гэсэн дөрвөн залуу эр байв. Вавилонд тэдний нэрийг Белтешазар, Шадрах, Мешах, Абеднего болгон өөрчилжээ (Даниел 1:1–7-г үзнэ үү).
Суралцагчдыг дараах шүлгүүдийг унших хооронд 10-р шүлгийн дараа түр зогсож, доорх асуултуудыг тавих талаар бодож үзээрэй. Та “God Gave Them Knowledge” бичлэгийн 0:52-оос 5:15 хүртэлх хэсгийг (ChurchofJesusChrist.org-оос үзэх боломжтой) үзүүлэх үед суралцагчдыг судар дээрээ дагаж уншаад, 4:18 дээр түр зогсож, асуултуудыг хэлэлцэхийг урьж болно.
Даниел 1:5, 8–14-ийг уншаад, хаан Даниел болон түүний нөхдөд юу хийхийг зааварласныг хайгаарай.
-
Энэ хүсэлт Даниел болон түүний нөхдөд яагаад хэцүү байсан юм бол?
-
Зарим зүйлийг идэж, уухгүй байх нь яагаад хааныг хилэгнүүлэх эрсдэлтэй гэж та бодож байна вэ?
Та суралцагчдад Даниелын амьдарч байсан цаг үед Израилчууд хоолны дэглэмийн тодорхой хязгаарлалтуудыг багтаасан Мосегийн хуулийг дагадаг байсныг сануулж болно ( Дэд хууль 14-ийг үзнэ үү). Та мөн “пальс” гэдэг нь “үр, тариа зэргээр хийсэн хоол хүнс”-ийг хэлдэг гэдгийг тайлбарлаж болно. (Даниел 1:12, зүүлт тайлбар а).
Их Эзэнийг дуулгавартай дагаснаар ирэх адислалууд
Их Эзэн Даниелыг болон түүний нөхдийг хэрхэн адисалсныг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд та суралцагчдыг хамтрагчид болгон зохион байгуулж болно. Тэднийг дараах шүлгүүдийг уншихдаа хамтрагчдын нэгийг Их Эзэн Даниелыг болон түүний нөхдийг хэрхэн бие махбодын хувьд адисалсныг, нөгөө хамтрагчийг нь Их Эзэн тэднийг хэрхэн сүнслэг байдлын хувьд адисалсныг олж мэдэхэд урь. Дараа нь хамтрагчдыг олж мэдсэн зүйлсээ хуваалцахад уриарай. Тэднээс бие махбодын болон сүнслэг адислалуудыг хоёр өөр аргаар (өөр өнгүүдээр тодотгох, нэгнийх нь доогуур зурах, нөгөөг нь тодотгох гэхчлэн) тэмдэглэхийг хүсээрэй.
Даниел 1:15–20-ийг уншаад дуулгавартай байдлынх нь төлөө Их Эзэн Даниел болон түүний нөхдийг хэрхэн адисалсныг хайгаарай.
Есүс Христийн зан чанар, шинжүүдийг тодорхойлсноор суралцагчид Түүнд итгэж, дуулгавартай байх хүслээ нэмэгдүүлж чадна. Суралцагчдад үүнийг хийхэд туслах нэг арга зам бол тунгаан бодох дараахтай адил эрж хайх асуултуудыг зохиох юм.
(Есүс Христийн зан чанар, шинжүүдийг тодорхойлоход нь суралцагчдад туслах эрж хайх асуултуудыг зохиох талаар нэмэлт сургалт авахыг хүсвэл Багшийн хөгжүүлбэл зохих ур чадварууд дахь “Суралцагчдад Есүс Христийн нэр, үүрэг хариуцлага, бэлгэ тэмдэг, зан чанар, шинжүүдийг тодорхойлоход туслах эрж хайх асуултууд зохиох” хэсгийг үзнэ үү.)
15–20-р шүлгийг дахин нэг удаа уншаад, харин энэ удаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурснаа тунгаан бодоорой.
-
Эдгээр шүлэг Бурханы талаар танд юу заадаг вэ?
-
Энэхүү ойлголт Түүнд итгэж найдах, дуулгавартай дагах хүслийг тань хэрхэн хүчирхэгжүүлж болох вэ?
Та Даниелын цаг үетэй адил өнөө үед Их Эзэн Өөрийн хүүхдүүдэд эрүүл мэндийн хуулийг илчилсэн гэдгийг тайлбарлаж болно. Үүнийг Мэргэн ухааны үг гэж нэрлэдэг (Сургаал ба Гэрээнүүд 89-ийг үзнэ үү).
Дараах үйл ажиллагаа мэргэн ухааны үгийг судлахад суралцагчдад тусалж болно. Gospel Library-д нэвтрэх боломжгүй суралцагчдад зориулан цаас болон уран зургийн хэрэгслүүдээс гадна Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч-ийн хуулбаруудыг өгөх талаар бодож үзээрэй. Та энэ үйл ажиллагаанд зарцуулах цагийг хязгаарлаж, хичээлийн төгсгөлд уг туршлагыг ашиглах цаг гаргаж болох юм.
Танаас шашны тань талаар ямар нэгэн онцгой зүйлийг дүрсэлсэн зурагт хуудас бүтээхийг хүссэн гэж төсөөлье. Та мэргэн ухааны үгийн тухай зурагт хуудас бүтээхээр шийднэ. Юуг оруулах вэ гэдгээ шийдэхийн тулд дараах эх сурвалжуудаас заримыг эсвэл бүгдийг ашиглана уу:
-
Даниел 1:15–20
-
Судруудын удирдамж эсвэл Сэдэв ба асуулт (Gospel Library) дахь “Мэргэн ухааны үгс” эсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Сонголт хийхэд туслах хөтөч (2022)-ийн “ … тухайд юу гэх вэ?” хэсэг
-
“The Word of Wisdom: What It Is, What It Isn’t” New Era, 2019 оны 8-р сар, 26–28
Мэргэн ухааны үгийн талаарх нэг үнэний мэдэгдлийг зурагт хуудас дээрээ оруулаарай. Энэхүү үнэнийг Даниелын туршлагаас эсвэл өөр эх сурвалжаас олж болно.
Суралцагчдыг зурагт хуудас, үнэний мэдэгдлүүдээ ангийнхантайгаа хуваалцахад уриарай. Тэдний хуваалцаж болох үнэнүүдээс дараах зүйлийг онцлоорой: Бид мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах Их Эзэний зарлигийг сахивал Тэр биднийг бие махбодын болон сүнслэг байдлын хувьд адислах болно.
(Тайлбар: 160-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 10” дээр суралцагчид өөрсдийн бүтээсэн зурагт хуудсыг эргэн харах болно. Уг хичээлийг заах хүртлээ зурагт хуудсуудыг цуглуулж эсвэл байршуулах нь суралцагчдад харах боломжийг олгоно.)
Мэргэн ухааны үгийн зорилгыг хараахан ойлгоогүй хүмүүс үүнийг Сүмээс тавьдаг шаардлагагүй хязгаарлалтууд гэж ойлгож магадгүй. Мэргэн ухааны үгийг сахиснаар ирдэг адислалууд, үүнийг зөрчсөнөөр хувь хүн, гэр бүл, нийгэмд ямар үр дагавар авчрах талаар тунгаан бодоорой.
-
Мэргэн ухааны үг хэрхэн Бурхан хүүхдүүдээ хайрладгийг харуулдаг гэж та бодож байна вэ?
Их Эзэнийг дуулгавартай дагахыг одоо амлах
Та суралцагчдад Их Эзэний мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах амлалтаа хүчирхэгжүүлэхэд нь туслахын тулд тэднийг судлах тэмдэглэл дээрээ дараах өгүүлбэрүүдийг гүйцээж бичихийг урьж болно. Тэднийг бичиж тэмдэглэхээр бэлтгэх үед мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах амлалт нь хэрхэн Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцааг нь хүчирхэгжүүлж болох талаар бодохыг хүсээрэй.
Би мэргэн ухааны үгийг дуулгавартай дагахыг хүсдэг, учир нь …
Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагахад минь туслах миний хийж чадах нэг зүйл бол …
Та Есүс Христийн тухай гэрчлэл болон Түүний мэргэн ухааны үгийг дуулгавартай дагаснаар харсан адислалуудаа хуваалцан хичээлээ дуусгаж болно.