“Езекиел 47: Ариун сүмийн адислалууд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Eзекиел 47: Ариун сүмийн адислалууд,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: 141-р хичээл
Езекиел 47
Ариун сүмийн адислалууд
Их Эзэн бидэнд ариун сүмд шүтэн биширснээр олон адислалыг хүртээдэг билээ. Езекиел хожмын үеийн ариун сүм Иерусалимд баригдах болно хэмээх үзэгдлийг үзэв. Тэрээр энэ ариун сүмээс ус урсан гарч, эргэн тойрны газрыг эдгээж, Сөнөсөн тэнгист амь өгөхийг харжээ. Уг үзэгдэл биднийг Их Эзэний ариун сүмд Түүнийг шүтэн бишрэх үед бидэнд өгдөг адислалуудыг бэлгэддэг. Энэ хичээл Ариун сүмд Бурханыг шүтэн бишрэх хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдад дараах асуултуудыг өгч, хариултыг нь хуваалцах бэлтгэлтэй ирэхийг урих талаар бодож үз.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ариун сүмд шүтэн бишрэх хүсэл
Ариун сүмд очиж, Их Эзэнийг шүтэн бишрэх хүслээ тунгаан бодоход нь суралцагчдад туслах аргаар хичээлээ эхлүүл. Ийн үйлдэхийн тулд та тэдэнд ариун сүмийн зураг үзүүлж болно. Дараах асуултуудын аль нэгэнд хариулсан суралцагчдын хариултуудыг ариун сүмийн зургийн нэг талд, үлдсэн асуултад өгсөн хариултуудыг нөгөө талд бич.
-
Өсвөр насныхан ариун сүмд орж, шүтэн бишрэхийг хүсэх ямар шалтгаанууд байдаг вэ?
-
Тэд ариун сүмд орохыг хүсэхгүй байх ямар шалтгаанууд байдаг вэ? Үүнийг юу хэцүү болгодог байж болох вэ?
Өөрийгөө үнэлэх асуултууд суралцагчдад хувийн өсөлт хөгжил, суралцах боломжуудаа тодорхойлоход тусалдаг. Суралцагчдыг дараах асуултад хариулах үедээ өөрсдийнхөө талаар эргэцүүлэн бодох цаг гаргахад урь.
-
Ариун сүмд шүтэн бишрэх таны хүсэл хэр хүчтэй вэ? Яагаад?
-
Ариун сүмд очих таны хүсэлд юу саад болж байж болох вэ?
Та нар өнөөдөр Езекиелийг судлахдаа ариун сүмд очиж, шүтэн бишрэх хүслээ нэмэгдүүлэхийн тулд Их Эзэний тусламжийг эрэлхийл.
Езекиелийн ариун сүмийн тухай үзэгдэл
Тайлбар: Суралцагчдад Их Эзэний хайрыг ойлгуулахын тулд энэ хичээлээр адислалууд ариун сүмээс бус, харин ариун сүмээр дамжуулан Их Эзэнээс ирдэг гэдгийг ойлгож авахын чухлыг онцолж хэл.
Eзекиел 47-д Езекиел ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажил хийдэг бүх хүнд Их Эзэнээс ирдэг адислалуудыг бэлгэдсэн нэгэн үзэгдлийг харжээ. Тэнгэрийн элч Езекиелийг Иерусалимын ариун сүмийн үүдэнд дагуулан очсоноор энэ үзэгдэл эхэлдэг.
Езекиел 47:1-ийг уншаад ариун сүмээс юу гарч ирдгийг олж мэд.
-
Ус яагаад Их Эзэний адислалуудад тохиромжтой бэлгэдэл байж болох вэ?
Ус амьдралыг тэтгэдэг, хүн бүрд хэрэгтэй, цэвэршүүлдэг мөн бүх хүнд хүртээмжтэй гэх мэтээр хариулж болно. Аврагч мөнх бус тохинууллынхаа үеэр Өөрийгөө болон адислалуудаа амийн устай зүйрлэдэг ( Иохан 4:10; 7:37–39-ийг үзнэ үү).
Тохой урт гэдгийг тохойноос хурууны үзүүр хүртэл ойролцоогоор 18-аас 21 инч буюу 45-аас 53 см урттай тэнцэх хэмжүүрийн нэгж гэдгийг тайлбарлах нь дараах үйл ажиллагаанд тустай байж болно.
Eзекиел 47:2–5-ыг уншаад ариун сүмээс урсан гарсан ус хэр гүнзгий болсныг олж мэд.
Энэ түүхэнд цэдэглэгдсэн Их Эзэний сургаал ихээхэн дүрслэл агуулдаг тул бидний сурч буй зүйлийг зураглан үзүүлэх нь тустай байж болно. Судлах тэмдэглэлийнхээ хуудсыг хоёр хуваагаад дээд талд ариун сүм болон түүнээс урсан гарч байгаа усыг энгийнээр дүрслэн зур. (Дараа нь хуудасны доод талд ус хаашаа чиглэн урсаж байгааг дэлгэрэнгүй зурах болно.)
Хэрэгтэй гэж үзвэл суралцагчдад ChurchofJesusChrist.org дээрх “And the River Will Grow” видеоны 0:26-аас 1:29 хүртэлх хэсгийг үзүүлж болно.
-
Их Эзэн энэ үзэгдэлд ариун сүмээр дамжуулан өгдөг адислалуудынхаа талаар юу заасан гэж та нар бодож байна вэ?
Суралцагчдаас ийн асуу:
-
Хэрэв та нараас ямар ч амьдрал үгүй, өөдлөн дэвждэггүй газрыг төлөөлөх зүйл зурахыг хүсвэл та нар юу зурах байсан бэ? Яагаад?
Езекиелийн үед Иерусалимд байсан хүмүүсээс ийн асуусан бол тэд Иудейн цөл юм уу Сөнөсөн тэнгис гэж хариулах байсан байх. Сөнөсөн тэнгис ан амьтан, ургамал ногоог тэтгэх чадваргүйн улмаас ийн нэрлэгдсэн билээ. Мөн ус нь давстай тул уух боломжгүй юм. Хэрэгтэй гэж үзвэл Gospel Library дахь Судлах тусламж эсвэл Bible Appendix хэсэгт байгаа Сөнөсөн тэнгис орчмын цөл газрыг харуулсан “Иудейн цөл” (Bible Photographs, no. 3) зургийг суралцагчдад үзүүл. Тэд мөн “Ариун Газрын бодит газрын зураг”-аас (Bible Maps, no. 1) Иудейн цөл болон Сөнөсөн тэнгисийг олж харж болно.
Eзекиел 47:8–9, 12-ыг уншаад, ариун сүмээс урсан гарсан ус хүрсэн бүхэнд тэр дундаа Сөнөсөн тэнгист яаж нөлөөлснийг юу гэж цэдэглэснийг олж мэд.
Суралцагчдыг дөнгөж сая уншсан зүйл дээрээ үндэслэн хуудасны доод хэсэгт зургийг гүйцээн зурахад урь.
Дараах жишээ бол суралцагчид сайн мэдээний сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд туслах нээлттэй асуултын жишээ юм. Энэ арга суралцагчдын судраас судлах үйл явцыг өөрсдөд нь илүү хамаатуулж, Их Эзэн тэдэнд биечлэн зааж, сүнслэг урам зориг өгөх боломж олгодог. (Энэ чадварын талаар нэмэлт сургалт авахыг хүсвэл Багшийн хөгжүүлбэл зохих ур чадвар дахь “Суралцагчдад сайн мэдээний сургаал, зарчмуудыг өөрсдөө олж мэдэхэд нь туслах, тодорхой хариулт руу хөтлөхгүй, мэдээлэл авах асуултуудыг тавих” хэсгийг үзнэ үү.)
-
Езекиелийн үзэгдлээс сурч мэдсэн зүйлээ та нар хэрхэн нэгтгэн дүгнэж хэлэх вэ?
Суралцагчид өөр өөр зарчмыг хуваалцаж болох юм. Тэдний хариултад талархаад, сурч мэдсэн зүйл нь яагаад чухал болохыг асуу.
Суралцагчдын тодорхойлж болох зарчмуудын нэг: Бид Их Эзэнийг ариун сүмд шүтэн бишрэх үед Тэр биднийг эдгэрэл, шинэ амьдрал, өсөлт хөгжлөөр адисалдаг. Суралцагчид энэ зарчмыг эсвэл тэдний тодорхойлсон өөр зарчмыг судрынхаа Eзекиел 47:1–9 шүлгийн хажууд бичиж тэмдэглэхийг хүсэж болно.
Хэрэв илүү дэлгэрэнгүй ойлголт авахыг хүсвэл Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд болон түүний гэр бүлийн тухай видеог үргэлжлүүлэн 1:58-аас 2:33 хүртэлх хэсгийг үзэж болно.
Ойлголтоо гүнзгийрүүл
Суралцагч бүрд зориулан “Ариун сүмийн адислалууд” тараах материалыг бэлд.
“Ариун сүмийн адислалууд” тараах материалыг уншаад, та нарт онцгой санагдсан адислалуудын доогуур зур эсвэл дугуйл.
Суралцагчид зурсан зургийнхаа ариун сүмээс урсан гарч байгаа устай хэсэгт эдгээр адислалыг бичиж болно. Тэд мөн ариун сүмээр дамжуулан Их Эзэний бидэнд өгдөг нэмэлт адислалуудыг нэмж бичиж болно.
Суралцагчдыг зурсан зураг, бичсэн адислалаа хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлэгтэйгээ хуваалцахад урих талаар бодож үз. Эсвэл та самбарт урсгал гол зураад, тэр голд өөрсдийн бодсон адислалуудаа бичихийг суралцагчдаас хүсэж болно. Мөн суралцагчид бусдын хуваалцсанаас санаж хадгалахыг хүссэн адислалуудыг зураг дээрээ нэмж болно.
-
Ямар адислалууд та нарт онцгой санагдсан бэ?
Дараах асуултыг асуухаас өмнө хэдэн хором тунгаан бодоход суралцагчдыг урь. Тэднийг хуваалцаж байх хооронд та дараахтай төстэй асуулт асууж болно: “Энэ нь яагаад таны хувьд утга учиртай вэ?” “Үүнтэй төстэй зүйл тохиолдсон өөр хүн байна уу?”, “Танд хуваалцсан зүйл дээрээ нэмж хэлэх зүйл байна уу?”
Хэрэв суралцагчид ариун сүмд очих боломжгүй хол зайтай газар амьдардаг, ариун сүмд орж байсан хэн нэгнийг таньдаггүй бол хоёр дахь асуултыг өөрчлөн тэд болон тэдний мэддэг хүмүүс ариун сүмд шүтэн бишрэхээр бэлдэж байхдаа ямар адислал хүлээн авсныг асуух талаар бод.
-
Та нарын тодорхойлсон адислал хэрхэн эдгэрэл авчирч, амьдрал өгч болох вэ?
-
Та нар эсвэл та нарын таньдаг хүмүүс ариун сүмд шүтэн бишрэхдээ Их Эзэнээс ирдэг эдгээр адислалаас алийг нь мэдэрч байсан бэ?
Суралцагчдад ариун сүмийн шүтлэг бишрэлээр хүлээж авах боломжтой бусад адислалыг үзүүлэх нь тустай гэж үзвэл дараах видеонуудын аль нэгийг үзүүлж болно:
-
“Temples Are a Beacon” (2:50)
-
“Family History and Temple Work: Healing and Sealing” (14:43) бичлэгийн 7:36–12:20 хүртэлх хэсэг.
Ариун сүмийн талаарх та нарын мэдрэмж
Хичээлээ дуусгахдаа ариун сүмд очиж, шүтэн биширч, Их Эзэний адислалыг хүлээн авах үеийн мэдрэмжээ бичиж тэмдэглэх хэсгийг зураг дээрээ эсвэл судлах тэмдэглэлдээ оруулах талаар бодож үз. Мэдрэмжээ зөв, тодорхой бичихэд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.
Бодол санаа, гэрчлэлээ хуваалцахыг хүссэн суралцагчдыг урих талаар бодож үз. Та мөн өөрт төрсөн бодол, сэтгэгдлээ хуваалцаж болно.