“Eзекиел 34: ‘Тэр тэдний хоньчин болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Eзекиел 34: ‘Тэр тэдний хоньчин болно,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: 139-р хичээл
Езекиел 34
“Тэр тэдний хоньчин болно”
Бид бүгдэд заримдаа төөрч будилсан, сэтгэлээр унасан, өвдсөн, гачигдсан мэт санагддаг. Тэнгэрлэг Эцэг “гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлэх”-ийн тулд Есүс Христийг илгээсэн (Eзекиел 34:16). Eзекиел 34-т бошиглогч Езекиел сайн хоньчин хэрхэн сүрэгтээ санаа тавьдгийг Есүс Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд санаа тавьдагтай зүйрлүүлсэн. Энэ хичээл суралцагчдад бусдыг эрж олон, санаа тавихдаа Аврагчийн үлгэр жишээг дагахад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Сайн Хоньчин” (Иохан 10:11, 14) гэдэг нь Есүс Христэд тохирсон нэр юм гэдгийг батлах арга замуудыг бодож үзэхэд урь. Тэд Аврагчийн энэ нэр Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд санаа тавих Түүний хайр, хүслийг ойлгоход хэрхэн тусалж байгаа талаар тунгаан бодож болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагчийн бэлгэдэл
Дараах туршлага болон мэдэгдлийг хуваалцах талаар бодож үз. Суралцагчдыг өөрсдийх нь төлөөх Аврагчийн хайрын бэлгэдэл болох хоньчны хийдэг үйлдлүүдийг олж мэдэхэд урь. Эсвэл “Shepherds of Israel” бичлэгийн 1:07-оос 4:09 хүртэлх хэсгийг үзүүлж болно.
Далын ахлагч Жон Р.Лазатер Марокко руу хийсэн аяллын үеэр ихэс дээдсийн машин нэгэн хургыг мөргөснөөр хоньчин их хэмжээний нөхөн төлбөр авах эрхтэй болсон тэр үед Есүс Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд санаа тавьдгийг мэдэрчээ. Ахлагч Лазатерын хэлмэрч түүнд хоньчин мөнгө авахыг хүсэхгүй байна гэж хэлэв. Хожим ахлагч Лазатер юу болсон талаар ийн хуваалцжээ:
Би уулга алдан, яагаад тэр билээ гэж түүнээс асуулаа. “Учир юу гэвээс тэр хонь нэг бүрдээ хайртай шүү дээ” гэж хэлмэрч нэмж хэлэв. Тэгтэл өвгөн хоньчин доош бөхийж, бэртсэн хургыг гартаа авч, дээлийнхээ урт хормойнд хормойлохыг би харлаа. Тэр хурганыхаа толгойг илэхдээ нэг үгийг дахин дахин хэлсээр байлаа. Тэр үг юу гэсэн утгатайг би асуулаа. “Аа тэр үү, өвгөн хурганыхаа нэрийг хэлж байна. Түүний бүх хонь нэртэй. Учир нь тэр бол сүргийнхээ хоньчин нь. Сайн хоньчин хонь бүрээ нэрээр нь мэддэг шүү дээ” гэж хариулав. (“Shepherds of Israel,” Ensign, 1988 оны 5-р сар, 74)
-
Та нар хоньчны эдгээр үйлдлээс Есүс Христийн талаар юу мэдэж болох вэ?
Та нар өнөөдөр суралцахдаа Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд санаа тавих Есүс Христийн жишээг хэрхэн дагах талаар Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.
Хоньчид
Eзекиел 34-т Их Эзэн Израилын удирдагчдыг сүргээ хариулдаггүй хоньчидтой зүйрлэжээ. Eзекиел 34:1–6-г уншаад, Их Эзэний Израилын удирдагчдыг дүрсэлсэн эшлэлүүдийг тэмдэглэ.
-
Эдгээр эшлэлээс Их Эзэний талаар юу сурч мэдэх боломжтой вэ?
Израилын удирдагчдад сүрэгтээ илүү сайн санаа тавихад нь туслахын тулд Есүс Христ Өөрийнхөө сүрэгт хэрхэн санаа тавьж байгаагаа дүрсэлсэн билээ (Есүс Христ Өөрийгөө “сайн хоньчин” хэмээн дүрсэлсэн Иохан 10:11, 14-ийг үзнэ үү).
Энэ хичээлийн эхэнд харуулсан шиг Есүс Христийг хоньчин байдлаар дүрсэлсэн зургийг үзүүлэх талаар бодож үз. Зургийн зүүн талд “Сайн Хоньчин болох Аврагч …” гэж бичих талаар бодож үз. Суралцагчид Eзекиел 34:11–16-д тэмдэглэсэн зүйлээ энэ гарчгийн дор нэгтгэн дүгнэж болно.
Eзекиел 34:11–16-г уншаад, Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн төлөө юу хийдгийг дүрсэлсэн эшлэлүүдийг олж тэмдэглэ.
Суралцагчдын өгөх дүгнэлтүүдэд эдгээр эшлэл багтаж болно:
-
Төөрснийг нь хайж олдог (11–12, 16-р шүлэг)
-
Бүрэнхийгээс тэднийг авардаг (12-р шүлэг)
-
Тэднийг тэжээн тэтгэж, хэрэгцээг нь хангадаг (13–15-р шүлэг)
-
Гэмтсэнийг нь эмчилдэг (16-р шүлэг)
-
Өвчтэйг нь тэнхрүүлдэг (16-р шүлэг)
Та суралцагчдыг Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд Аврагчийн үзүүлсэн эдгээр үйлдлийн зарим түүхийг судраас хуваалцахад урьж болно.
Бусдад санаа тавих Аврагчийн үлгэр жишээг дагахад гаргаж буй хичээл зүтгэлийнхээ талаар эргэцүүлэн бодоход суралцагчдад туслах
Езекиел 34-т судалсан хоёр шүлэгт тэмдэглэсэн зүйлсээ харьцуулаад, дараа нь дараах асуултад хэрхэн хариулах талаар тунгаан бод:
-
Та өөрийгөө ямар талаараа Аврагчтай адил гэж мэдэрдэг вэ?
-
Та Израилын хоньчидтой илүү адилхан байх арга зам бий юу?
-
Аврагчийн адил хүмүүст санаа тавихад танд ямар саад бэрхшээлүүд тулгарч болох вэ?
Түүний хонинуудад санаа тавих нь
Аврагчийн зургийн баруун талд “Би Аврагчийн үлгэр жишээг … дагаж чадна” гэж бичих талаар бодож үз. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, дараах зааврыг өг.
Eзекиел 34:11–16-аас олж мэдсэн зүйлсээ ашиглан, Аврагчийн адилаар бусдад санаа тавьж болох өсвөр үеийнхэнд тохирох бодит арга замуудыг жагсаан бич.
Суралцагчдын гаргаж болох санаанууд дараах байж болно:
-
Удаан хугацаанд уулзаагүй хэн нэгэнтэй уулзах (“Би хонинуудаа Өөрөө бэдэрч олох болно” [Eзекиел 34:11])
-
Цаг зав, нөөц боломжоо өгөөмрөөр зориулах (“Би сүргээ тэжээх болно” [Eзекиел 34:15])
-
Хэн нэгнийг өөртэйгөө хамт ямар нэг үйл ажиллагаанд оролцохыг урих (“Би… туугдсаныг буцаах болно” [Eзекиел 34:16])
-
Бусдын бие махбодын, сэтгэл санааны хэрэгцээг мэддэг байх (“Би… гэмтсэнийг боож өвчтэйг тэнхрүүлнэ” [Езекиел 34:16])
Бүлгээрээ жагсаалт гаргасны дараа өөрсдийн санаануудаас нэгийг самбарт жагсаан бичихийг бүлэг тус бүрээс хүсэж болно. Самбарт хэд хэдэн санааг жагсаан бичсэний дараа дараах асуултын талаар ярилцахыг суралцагчдаас хүсэх нь тустай байж болно:
-
Эдгээрийг хийхэд юу саад болдог вэ?
-
Эдгээр саад бэрхшээлийг даван туулахад Аврагч бидэнд хэрхэн тусалдаг вэ?
Суралцагчдад дараах асуултыг үзүүлээд, хамгийн багадаа нэг асуулт сонгоход урих талаар бодож үз. Суралцагчид өөрсдөдөө тохиолдсон туршлагуудынхаа талаар эргэцүүлэн бодох үед Ариун Сүнс тэдэнд сурч буй зүйлийнхээ үнэн, чухлыг мэдрэхэд нь тусалж чадна.
-
Аврагч та нарыг хайж олон, санаа тавих хэн нэгнийг илгээснээр та нарыг болон та нарын гэр бүлийг хэрхэн адисалсан бэ?
-
Аврагч та нарыг болон та нарын гэр бүлийг бусдыг эрж олоод, анхаарал тавихад хэрхэн ашигласан бэ?
Есүсийн адилаар бусдад санаа тавьдаг өсвөр үеийнхний жишээг үзүүлэх нь суралцагчдад тустай гэж үзвэл ChurchofJesusChrist.org дээрх “Face to Face with President and Sister Oaks (Strive to Be)” бичлэгийн 57:50-аас 59:55 хүртэлх хэсгийг үзүүлэх талаар бодож үз. Энэ видео бичлэгт өсвөр үеийнхэн бусдыг эрж олон, санаа тавьдаг тухайгаа хуваалцдаг.
Төлөвлөгөө гаргах
Хичээл дээр суралцсан зүйлсээрээ хийх ажлын төлөвлөгөө гаргах нь суралцагчдад Есүс Христэд илүү гүн гүнзгий хөрвөгдөхөд тусална.
Та нарын амьдралд тааралдаж байсан Eзекиел 34-т гардаг хоньтой (төөрөлдсөн, бутарсан, гэмтсэн, сул дорой) адил хүмүүсийн талаар тунгаан бод. Эдгээр хүмүүс танай ангийн, чуулгын, гэр бүлийн гишүүн, найз нөхөд эсвэл сургуулийн хүмүүс байж болно. Та нарын тусламж хэнд хэрэгтэй байж болохыг бодож олохын тулд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл.
Хэлэлцсэн эсвэл хийх хэрэгтэй гэж мэдрэгдсэн өөр санаануудыг ашиглан түүнд санаа тавихын тулд Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагаж болох талаар бич.
Төлөвлөгөөгөө өөртөө сануулж байхын тулд цаасан дээр бичиж эсвэл утсан дээрээ сануулга болгон байршуулж болно.
Та дараагийн хичээлээр суралцагчдын төлөвлөгөөг мөн өсөлтийг шалгах цөөн хэдэн минутыг зарцуулахаар төлөвлөж болно. Хичээлээ дуусгахдаа та Аврагчийн адилаар хэн нэгэн танд хэрхэн санаа тавьсныг эсвэл та бусдад хэрхэн санаа тавьсан талаар хуваалцаж болно.