“Eзекиел 37: Библи, Мормоны Ном хоёр Есүс Христийн тухай гэрчилдэг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Eзекиел 37: Библи, Мормоны Ном хоёр Есүс Христийн тухай гэрчилдэг,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Езекиел 1–3; 33–34; 36–37; 47: 140-р хичээл
Eзекиел 37
Библи, Мормоны Ном хоёр Есүс Христийн тухай гэрчилдэг
Eзекиел 37-д Израилын бүх овог ирээдүйд Их Эзэнтэй дахин нэгдэн цугларах болно гэдгийг Езекиел харсан билээ ( Eзекиел 37:20-28-ыг үзнэ үү). Өнөө үеийн бошиглогчид Езекиелийн үзэгдлийг Иудагийн саваа (Библи) ба Иосефын саваа (Мормоны Ном) нь Есүс Христийг болон Түүний сэргээгдсэн сайн мэдээг хамтдаа гэрчлэхээр нэгдсэн гэрээнүүд юм хэмээн тайлбарладаг ( Eзекиел 37:15–17-г үзнэ үү). Энэ хичээл суралцагчдад Библи, Мормоны Ном хоёр Есүс Христ, Түүний сайн мэдээг хэрхэн хамтдаа гэрчилдгийг ойлгоход тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдаас “Хэрэв та Библид итгэдэг юм бол танд яагаад Мормоны Ном хэрэгтэй вэ?” гэж асуусан хэмээн төсөөлж, тэд яаж хариулахыг хуваалцахаар бэлтгэхэд урь. Тэд найзаасаа эсвэл гэр бүлийнхээ гишүүдээс энэ асуултад хэрхэн хариулах байсныг асууж болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хоёр дахь баттай гэрч
Та олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр “Хэрэв та нар Библид итгэдэг юм бол Мормоны Ном яагаад хэрэгтэй вэ?” гэсэн асуулт бүхий пост харсан гэж төсөөл.
Та энэ асуултыг тунгаан бодоход суралцагчдыг уриад, асуултыг самбарт бич. Дараа нь суралцагчдыг өөрсдөөсөө асуухад урь:
-
Та нар энэ асуултад хариулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-
Хэрэв найз тань энэ асуултыг асуувал та юуг хуваалцах байсан бэ?
Өнөөдөр Eзекиел 37-г судлахдаа Библи, Мормоны Ном хоёр нь Есүс Христийг мөн Түүний сайн мэдээг хэрхэн гэрчилдгийг таньж мэдэхэд Ариун Сүнсний тусламжийг эрэлхийл. Хичээлийн төгсгөлд та энэ асуултад хариулах дадлага хийх боломжтой болно.
Иудейн саваа ба Иосефын саваа
Вавилонд боолчлогдсон Израилчуудад наманчлалыг тунхаглахын тулд бошиглогч Езекиел илгээгдсэн билээ. Езекиел 37-д тэрхүү бошиглогч урвалтын улмаас сүнслэг байдлаараа үхсэн Израилын угсааныхан сайн мэдээний Сэргээлтээр амилах болно хэмээн Их Эзэн заасан үзэгдлийг цэдэглэсэн. Энэ үзэгдлийн хүрээнд Езекиел захиас бичиж болох хоёр саваа юм уу модон хавтангуудыг харжээ.
Суралцагчдыг дараах судрын хэсгийг судлах үед та тэдэнд “Иудагийн саваа” бол Библи юм гэдгийг онцлон хэлж өгч болно. “Иосефын саваа” гэдэг нь Мормоны Ном юм (Судруудын удирдамж, “Ефраим”; “Иуда”-г үзнэ үү). Суралцагчид энэ мэдээллийг судрынхаа 16-р шүлэг-ийн хажууд тэмдэглэж болно.
Езекиел 37:15–17 бол төгс эзэмших сургаалын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын хэсгүүдийг хялбархан олохын тулд өвөрмөц аргаар тэмдэглэхэд суралцагчдыг урихыг бодож үзээрэй.
Eзекиел 37:15–20-ийг уншаад, хожмын өдрүүд дэх судруудын талаарх Их Эзэний амлалтуудыг олж мэд.
-
“Чиний гарт тэдгээрийг нэг болохоор нийлүүл” (17-р шүлэг) гэсэн эшлэл ямар утгатай вэ?
Библи, Мормоны Ном хоёр Аврагчийн тухай “нэг” гэрчлэл болохыг бидэнд ойлгуулахын тулд ерөнхийлөгч Рассэлл М. Нэлсон ийн заасан:
Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийг гэрчилдэг. Тэд Түүнийг Бурханы Хүү байсныг мөн Тэрээр үлгэр жишээч амьдралаар амьдaрч, бүх хүн төрөлхтний төлөө Цагаатгал хийж, загалмай дээр нас баран, амилсан Их Эзэний хувиар үхлээс босож ирснийг заадаг. Тэдгээр нь Түүнийг дэлхийн Аврагч хэмээн заадаг.
Судрын гэрчүүд бие биеэ гэрчилдэг. Мормоны Номыг ‘та нар [Библид] итгэж болно хэмээх зорилготойгоор бичсэн юм; мөн хэрэв та нар [Библид] итгэх аваас та нар түүнчлэн [Мормоны Номд] итгэх болно’ [Мормон 7:9] гэж нэгэн бошиглогч эрт үед бичсэнээр энэ үзэл баримтлал тайлбарлагдана. Ном бүр нөгөөгөө эшилдэг. Хоёр ном хоёул Бурхан амьд бөгөөд Өөрийн бошиглогчдод өгдөг илчлэлтээр дамжуулан хүүхдүүдтэйгээ ярьдгийг нотолдог. …
Өнөөдөр дэлхийн олон оронд амьдардаг Гэгээнтнүүд Библи (Иудейн саваа) болон Мормоны Номыг (Ефраимын саваа) гартаа хамтад нь баяртайгаар барьж байна. (“Scriptural Witnesses,” Liahona, 2007 оны 11-р сар, 43, 44)
-
Та нар Eзекиел 37:15–20 шүлэг болон ерөнхийлөгч Нэлсоны хэлсэн үгсээс сурч мэдсэн зүйлээ хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Суралцагчид өөр өөрөөр хариулж болох ч Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийг гэрчилдэг гэх мэт үнэнийг хуваалцахад тэдэнд тусал.
-
Библи, Мормоны Ном хоёр хоёулаа Есүс Христийн тухай гэрчилдэг байх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?
Есүс Христийн хамтарсан гэрчүүд
Дараах үйл ажиллагаа суралцагчдад Библи, Мормоны Ном хоёр нь Есүс Христ болон Түүний сайн мэдээг хэрхэн гэрчилдэг талаарх ойлголтоо лавшруулахад тусалж чадна.
Та доорх хүснэгтийн зарим хэсгийг эсвэл хүснэгтийг бүхэлд нь өгч болно. Суралцагчид ганцаараа, хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээр судлахаас хамаарч нэг эсвэл хэд хэдэн сэдвийг сонгох боломжтой.
|
Сайн мэдээний сэдэв |
Хамтарсан судрууд |
|---|---|
Сайн мэдээний сэдэв Есүс Христийн Цагаатгал | Хамтарсан судрууд Библи: Исаиа 53:3–5 Мормоны Ном: Aлма 7:11–13 |
Сайн мэдээний сэдэв Есүс Христийн ачаар бүх хүн амилна | Хамтарсан судрууд Библи: 1 Коринт 15:20–22 Мормоны Ном: Aлмa 11:42–45 |
Сайн мэдээний сэдэв Аврагч Өөрийн хүмүүсийг цуглуулж, гэтэлгэхээ амласан | Хамтарсан судрууд Библи: Езекиел 37:21–23, 26–27 Мормоны Ном: 1 Нифай 10:14 |
Сайн мэдээний сэдэв Есүс Христийн зан чанарууд | Хамтарсан судрууд Библи: Исаиа 63:7 Мормоны Ном: Moзая 4:11 |
Сайн мэдээний сэдэв Баптисм хүртэх тухай Аврагчийн зарлиг | Хамтарсан судрууд Библи: Матай 3:13–17 Мормоны Ном: 2 Нифай 31:5–12 |
Сайн мэдээний сэдэв Та сэдэв сонго | Хамтарсан судрууд Библи: |
Суралцагчдад сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломж олгох аргыг бодож ол. Суралцагчдад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр пост оруулахад ашиглах тараах материал өгөх нь ийн үйлдэх арга байж болно. Хэрэв суралцагчид олон нийтийн мэдээллийн хэрэгслийн талаар сайн мэддэггүй бол үүний оронд бусадтай хуваалцах зүйлээ жүжигчилсэн тоглолт байдлаар илэрхийлэх үйл ажиллагаа хийж болно. Энэ үйл ажиллагаагаар суралцагчдыг хичээлийн эхэнд тавьсан асуултад хариулахад урь.
Өөрийнхөө судалсан сэдвүүдээс нэгийг сонгоод, “Та Библид итгэдэг юм бол Мормоны Ном яагаад хэрэгтэй юм бэ?” гэсэн асуултад хариулахад ашиглаж болох постыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр байрлуул. Библи болон Мормоны Номоос өөрийн судалсан шүлгүүдээсээ хавсаргаарай. Библи болон Мормоны Номын аль алинаас олж мэдсэн үнэ цэн, тэдгээрт Есүс Христийн тухай мөн Түүний сайн мэдээний талаар хэрхэн заадгийг тайлбарла.
Сурч мэдсэн зүйлээ хуваалцах
Та суралцагчдын пост, зурагт хуудсуудыг ангийн эргэн тойронд ханан дээр нааж эсвэл ширээн дээр байрлуулж болно. Дараа нь суралцагчдыг ангийг тойрон алхаж, ангийнхныхаа ажлыг харахад урь. Тэдэнд дараах заавруудыг гүйцэтгэхэд ашиглах жижиг цаас эсвэл наадаг цаас өг.
Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр оруулсан бусад постын аль нэгэнд эсвэл хэд хэдэн постод “сэтгэгдэл” бич. Сэтгэгдэлдээ дараах сонголтуудаас багадаа нэгийг оруул:
-
Аврагчийн тухай болон энэ сэдвийн талаар илүү ойлголттой болоход нь хэн нэгэнд туслах нэмэлт эшлэлийг Библи эсвэл Мормоны Номын аль алинаас нэмж оруул. Хуваалцсан судрынхаа утга санааны талаар цөөн хэдэн бодол санаагаа багтаа.
-
Библи, Мормоны Ном хоёр Аврагч болон энэ сургаалыг ойлгоход тань хэрхэн тусалсан талаар хуваалц.
-
Библи эсвэл Мормоны Номын судрууд Аврагч болон Түүний сайн мэдээний тухай таны гэрчлэлийг өсгөхөд тусалсан тохиолдлын талаар бич.
-
Өөрийн бодлыг цаасан дээр бичихээс илүүтэй Аврагчийн тухай мөн Түүний сайн мэдээний сургаалын талаар өнөөдөр юу сурч мэдсэнээ олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр өөрийн хувийн орон зай дээрээ хуваалц. Судрын хэсгүүдийг оруулаад, Библи, Мормоны Ном хоёр Есүс Христийн сайн мэдээг сайтар ойлгоход тань хэрхэн тусалсан талаар бич.
Та Есүс Христийн тухай болон Түүний сайн мэдээний талаарх ойлголтоо лавшруулахад Библи, Мормоны Ном хоёрыг үргэлжлүүлэн ашиглахад суралцагчдыг уриад хичээлээ дуусгаж болно.
Цээжлэх
Та энэ хичээлийн турш төгс эзэмших сургаалын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь суралцагчдад тусалж, дараагийн хичээлүүд дээр давтаж болно. “Езекиел 37:15–17” дэх түлхүүр үг хэллэг бол “Чиний гарт Библи, Мормоны Ном хоёрыг нэг болохоор нийлүүл” юм. “Төгс эзэмших сургаалыг давтах үйл ажиллагаа” хэсгийн хавсралт материалуудад цээжлэх үйл ажиллагаанд зориулсан санаанууд бий.