“Төгс эзэмших сургаалын дадлага 8: Сүнслэг мэдлэг олж авах төгс эзэмших сургаалын хэсгүүд, зарчмууд дахь үнэнийг хэрэгжүүлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“Төгс эзэмших сургаалын дадлага 8: Сүнслэг мэдлэг олж авах төгс эзэмших сургаалын хэсгүүд, зарчмууд дахь үнэнийг хэрэгжүүлэх нь,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
Хичээл 122: Исаиа 40–49
Төгс эзэмших сургаалын дадлага 8
Сүнслэг мэдлэг олж авах төгс эзэмших сургаалын хэсгүүд, зарчмууд дахь үнэнийг хэрэгжүүлэх нь
Төгс эзэмших сургаал нь суралцагчдыг амьдралаа Есүс Христийн болон Түүний сайн мэдээний суурин дээр бүтээхэд тусалдаг. Энэ хичээл төгс эзэмших сургаалын хэсгүүдэд заасан үнэнийг болон сүнслэг мэдлэг олж авах тэнгэрлэг зарчмуудыг хэрэгжүүлж сурахад нь суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг судалж, өсвөр насны хүүхдийн хувьд тулгарч болох бараг бүх нөхцөл байдалд хамаатай гэж бодсон хоёр юм уу гурван хэсгийг сонгоход суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалын давтлага: Хэрэгжүүлэх
Суралцагч бүрд жижиг цаас тарааж өг. Тэднээр мэддэг хэн нэгэнд нь тулгараад буй хүнд хэцүү нөхцөл байдлын талаар товч тайлбар бичүүлж, цаасыг нь хувин дотор хийлгэ. Бусад суралцагч бичсэнийг нь унших тул хэт хувийн шинж чанартай нэр, нарийн ширийн мэдээлэл оруулахгүй байхыг хүсээрэй.
Тэгээд суралцагчдыг хамтрагчид болгон хуваарил. Хамтрагч бүрээр хувингаас хоёр цаас сугалуулж, доорх гурван алхмыг хийж дуусгуул.
-
Хуучин Гэрээний төгс эзэмших сургаалын хэсгүүдийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2023) дахь жагсаалтыг ашиглан үнэлж дүгнээрэй.
-
Янз бүрийн хэсгүүдийг цаасан дээрх нөхцөл байдлын ядаж нэг хэсэгт хэрхэн хэрэгжүүлж болохыг ярилц. (Та мөн судрын бусад номын төгс эзэмших сургаалын хэсгүүдийг ашиглаж болно.)
-
Эдгээр хэсэг дэх сургаалуудыг хэрэгжүүлэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах тэдний харилцааг хэрхэн хүчирхэгжүүлж болох талаар хуваалц.
Бүлгүүдэд хангалттай цаг гаргаж өгсний дараа, ярилцсан зүйлийг нь ангийнхантай нь хуваалцуул.
Хэрэв суралцагчдад өөрсдийнх нь нөхцөл байдалд хамаатай төгс эзэмших сургаалын хэсгийг олж тогтооход тусламж хэрэгтэй бол та тэднийг Сургаалт үгс 3:5– 6 эсвэл 2 Нифай 32:3 гэх мэт олон нөхцөл байдалд хамаатай хэсэг рүү хандуулж болно.
Энэ үйл ажиллагаагаар суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хичээлийн үлдсэн хугацаанд сурч, хэрэгжүүлэх цаг гаргаж өгөхдөө ердөө 10– 15 минут зарцуулах ёстой.
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг сурах, хэрэгжүүлэх
Хичээлийн үлдсэн хэсэг суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг амьдралын бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэхэд нь туслахад чиглэсэн.
Залуу эмэгтэйн зургийг болон доорх жишээг харуул.
Хэрэв та доогуур нь зурсан хэсгүүдийг хоосон орхиод, хоосон зайг Сүмийн сургаал, амьдралд нь хамаатай жишгүүдийг ашиглаж бөглөхөд суралцагчдыг уривал жишээ илүү бодитой санагдаж болох юм.
Жүлиэтта бага байхдаа гэр орон, сүм дээр сурсан Есүс Христийн сургаалыг нь ихэнх хүн хүлээн зөвшөөрдөг гэж боддог байжээ. Одоо тэр ахлах сургуульд орсон болохоор эсрэгээрээ юм шиг санагдана. Түүний таньдаг хүмүүсийн ихэнх нь Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд заадаг сургаал, жишгүүдтэй санал нийлдэггүй юм шиг санагддаг.
Жишээ нь, ангийнх нь олон хүүхэд амьд бошиглогчид-д итгэдэг гэдгийг нь шоолдог; зарим найз нь хүртэл түүнийг яагаад ёс суртахуунгүй үйл ажиллагаа, зугаа цэнгэл-д оролцохоос татгалздаг болохыг ойлгодоггүй.
Танай зарим суралцагчид Жүлиэттагийн жишээ тохирохгүй байж болох юм. Та энэ нь ямар сэтгэгдэл төрүүлж, даван туулахад яагаад хэцүү байдгийг дүрслэн хэлэхийг үүнтэй төстэй нөхцөл байдалд орсон суралцагчдаас хүсэж болох юм. Та тэдэнд Жүлиэттагийнхтай адил төстэй нөхцөл байдалд орж байсан эсэхээс үл хамааран уг жишээг харуулж буй зорилго нь саяхан сурсан сүнслэг мэдлэг олж авах сургаал, зарчмуудыг ашиглан дадлага хийх боломжийг тэдэнд олгох явдал гэдгийг онцолж болно.
“Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөрөн дэх Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын зарчмуудыг үнэлж дүгнээд, Жүлиэттагийнхтай адил нөхцөл байдалд орсон хүнд туслах зарчмуудыг тэднээр олуул.
Суралцагчдыг үнэлж дүгнэж дууссаны дараа Жүлиэттад тусалж болох зарчмуудын талаар ярилцах хангалттай цаг гаргаж өг.
Та суралцагчдын ярилцлага дээр үндэслэн тэдэнд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг илүү сайн ойлгоход нь туслах хичээлийн үлдсэн материалаас хэсгүүдийг сонгож болно.
Итгэлээр үйлдэх
Суралцагчдад дараах асуултуудыг үзүүлээд, тэдгээрийн хариултын талаар жижиг бүлэг болон хуваарилагдаад хооронд нь ярилцуулж болно. Өрөөн дотуур тойрч алхан, тэдний ярилцлагыг сонсоод, шаардлагатай бол нэмэлт ойлголт, чиглэл өг.
-
Жүлиэттагийн нөхцөл байдал Есүс Христэд итгэх итгэлээ болон Түүний Сүмд хандах үнэнч байдлаа хүчирхэгжүүлэхэд нь хэрхэн боломж болж чадах вэ?
-
Тэр өөрийг нь Есүс Христээс холдуулах ямар зүйлд уруу татагдаж болох вэ?
-
Та хэрхэн түүнд эдгээр уруу таталтыг Есүс Христэд итгэх итгэлээр даван туулахыг санал болгож болох вэ?
Утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
Дараах заавар суралцагчдад олж мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг олгодог. Тэднийг дараагийн алхам хийхээс өмнө алхам бүрийг хийж дуустал нь хүлээгээрэй.
(Та суралцагчдад 8-р догол мөр-ийг Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын 1-р алхам дээр үнэлж дүгнэхээс гадна “Найдвартай эх сурвалжуудтай зөвлөлдөх” хэсгийг Асуултуудад хариулт эрэлхийлэх дээрээс судлах цөөн минут гаргаж өгч болно [Gospel Library, Сэдэв ба асуулт].)
-
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-аас “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р догол мөрийн Жүлиэттад тусална гэж бодож байгаа нэг мэдэгдлийг болон яагаад үүнийг тусална гэж бодож буй талаараа судлах тэмдэглэл дээрээ тэмдэглэж ав.
-
Өрөөн дотуур тойрон алхаад, таны мэдэгдэлтэй адилыг сонгосон өөр нэг суралцагчийг ол. Энэ нь Жүлиэттад хэрхэн тусалж болох талаар ярилц.
-
Нөгөө суралцагчийн тантай хуваалцсан утга учиртай ойлголтуудыг тэмдэглэлийн хуудас дээрээ нэмж бич.
-
Өрөөн дотуур дахин явж, таныхаас өөр мэдэгдэл сонгосон суралцагчийг ол. Тэмдэглэлээсээ ойлголтуудаа хуваалц.
Суралцагчдыг үйл ажиллагааг гүйцэтгэж дуусгах үед ангийнхныхаа заасан ойлголтуудыг сайн дураараа хуваалцах суралцагчдыг урьж болно. Та мөн тэднээр амьдралдаа хүлээн авсан байж болох аливаа сэтгэгдлийг нь бичүүлж болно.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлэх
Жүлиэттагийн жишээн дээр дараах зүйлийг нэмэх нь суралцагчдад амьдралдаа хандах эх сурвалжуудын ач холбогдлын талаар ярилцахад тусалж болох юм.
Жүлиэтта олон хүн өөртэй нь санал нийлэхгүй байгаа учир Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд заадаг сургаал, жишгүүд үнэхээр Бурханаас ирсэн эсэхэд эргэлзэж эхэлжээ.
Суралцагчдаар дараах асуултуудыг хамтрагчтай нь ярилцуулж болно.
-
Жүлиэттагийн мэдээлэл олохдоо ашигладаг хүмүүс, эх сурвалжууд чухал. Учир нь …
-
Би Жүлиэттад … руу очиж хариулт олохыг зөвлөх байсан. Харин хариулт олохын тулд… руу очихгүй байхыг зөвлөх байсан.
Хамтрагчдыг ярилцаж дууссаны дараа ярилцсан зүйлсээ ангийнхантайгаа сайн дураараа хуваалцах суралцагчдыг урь. Та суралцагчдаас яагаад тэгж хариулсан талаараа хуваалцахыг хүсэж болно. Суралцагчдын хандаж буй эх сурвалжууд Тэнгэрлэг Эцэг рүү илүү ойртуулж эсвэл Түүнээс холдуулж болно гэдгийг ойлгоход нь тэдэнд тусал.
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан илүү гүн ойлголтыг эрэлхийлэх дадлага хийх боломжийг суралцагчдад олгохын тулд хамтрагчид Жүлиэттад тусалж болох төгс эзэмших сургаалын хэсгүүдийг олж, хуваалцаж болно. Тэдний ашиглаж болох хэсгүүдийн жишээнд Иошуа 24:15; Сургаалт үгс 3:5–6; Исаиа 5:20; Матай 5:14–16; Сургаал ба Гэрээ 6:36 зэрэг багтана.
Хувьдаа хэрэгжүүлэх
Та суралцагчдад дараах асуултуудын аль нэгийг өгч, хариултыг нь залбирлаар олуулж, судлах тэмдэглэл дээр нь бичүүлснээр хичээлээ өндөрлөж болно. Тэднийг тунгаан бодож, бичиж байхдаа Ариун Сүнснээс ирэх сэтгэгдэлд анхаарлаа хандуулахад урамшуулан дэмж.
-
Тэнгэрлэг Эцэг өнөөдрийн сурсан эсвэл мэдэрсэн зүйлээр тань та нараар юу хийлгэх байсан гэж та бодож байна вэ?
-
Амьдралдаа сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг дагахаар сонгох нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлж болох вэ?