“2 Хаад 6: ‘Бидэнтэй хамт байгчид,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“2 Хаад 6: ‘Бидэнтэй хамт байгчид,’” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
2 Хаад 2–7: 85-р хичээл
2 Хаад 6
“Бидэнтэй хамт байгчид”
Сирийн армид бүслэгдэх үед Елишагийн зарц айсандаа “Бид яах билээ?” (2 Хаад 6:15) хэмээн хашхирчээ. Елиша Их Эзэний тусламжийг олж харахад нь зарцдаа тусалснаар түүнийг тайвшруулав. Бид ч мөн адил Их Эзэний тусламжийг ялган таньж сурснаар тайтгарах боломжтой. Энэ хичээл нь Их Эзэн биднийг тасралтгүй, хурц хараан доороо харж халамжилж байдаг гэдэгт илүү их итгэхэд суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэн өөрсдийг нь эсвэл тэдний таньдаг хэн нэгнийг адисалж, хамгаалж байсан туршлагаас нь хуваалцуул.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагчийн анхаарал халамжийг ялган таних
Хичээлийг эхлүүлэхдээ самбарын голд зураасан хүний дүрс зур.
Судруудад Аврагчид үйлчлэхийг зорьдог хүмүүст өгсөн Түүний амлалтууд дүүрэн бий. Эдгээр амлалтын нэгийг төсөөлөхийн тулд судлах тэмдэглэлийн хуудасныхаа голд энгийн зураасан хүн зураад, Би гэж гарчигла.
Дараа нь Сургаал ба Гэрээнүүд 84:88-ыг уншаад, зураасан хүнээ тойруулан Их Эзэний амлалтуудыг хэрхэн төсөөлөн бодож байгаагаа зур.
Та нэг суралцагчийг тэмдэглэлдээ зурсан зүйлээ самбар дээрх зураг дээр нэмээд, яагаад үүнийг зурах болсноо тайлбарлахад урьж болно. Бусад суралцагчийг зурсан байж болох өөр зүйлээ нэмэхэд урьж болно. Эсвэл суралцагчид хажууд сууж буй хүндээ зургаа үзүүлж, тайлбарлаж болох юм.
-
Хэрэв хүмүүс амьдралд нь эдгээр амлалт биелж байгааг ялган таньж чадах юм бол энэ нь хэрхэн тэдэнд нөлөөлөх байсан гэж та нар бодож байна вэ?
-
Их Эзэн бидний амьдралыг адисалж, хамгаалж байдгийг харах эсвэл ялган танихад яагаад хэцүү байдаг вэ?
Тэнгэрлэг Эцэг, Аврагч хоёр суралцагч бүрийн амьдралд идэвхтэй оролцдог гэдгийг гэрчлэх нь тустай байж болно.
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр та нарын амьдралд оролцдог гэдгийг хэр сайн мэддэгээ тунгаан бод. Дараа нь судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр та нарыг адисалж, хамгаалж байгаа ядаж нэг арга замыг та нар ялган таньж байна уу? Хэрэв тийм бол, Тэд хэрхэн адисалж, хамгаалж байна вэ?
-
Тэдний адислал, хамгаалалтыг илүү сайн ялган танихад туслах ямар нөхцөл байдал та нарын амьдралд тулгарч байна вэ?
2 Хаад 6-г судалж байхдаа, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын та нарыг адисалж, хамгаалдаг арга замуудыг таньж мэдэхэд туслах Ариун Сүнсийг урь.
Бурханлаг тусламж
2 Хаад 6-ийн хам сэдвийг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд дараах мэдээллийг тайлбарла.
Израил, Сирийн хооронд дайн болж байх үед Сирийн хаан зарц нартайгаа тулалдааны төлөвлөгөөгөө нууцаар хэлэлцжээ. Тийм байлаа ч Их Эзэн Сирийн төлөвлөгөөг бошиглогч Елишад ахин дахин илчилсэн бөгөөд тэрээр улмаар Израилын хаанд сэрэмжлүүлж байв. Сирийн хаан үүнийг олж мэдээд, Елишаг бариулахаар их цэрэг илгээв (2 Хаад 6:8–13-ыг үзнэ үү).
Суралцагчдад хөрвөлтийн зарчмуудыг тодорхойлоход нь туслах дараах шүлгүүдийг судлах үр дүнтэй арга замыг сонго. Жишээлбэл: Елишагийн зарцын өнцгөөс судлах нь суралцагчдад тустай байж болох юм. Тэд үе үе түр зогсоод, түүний оронд байсан бол ямар байх байсныг бодож болно. Суралцагчид ангиараа эсвэл жижиг бүлгүүдэд хуваагдан, өөр өөр суралцагч Елиша, Елишагийн зарц, Израилын хаанд зориулсан хэсгүүдийг унш.
Самари нь Израилын хаант улсын нийслэл байсан гэдгийг тайлбарлах нь тустай байж болох юм.
2 Хаад 6:14–23-ыг уншаад, Их Эзэн ямар ямар арга замаар Елиша болон түүний зарцыг адисалж, хамгаалсныг олж мэд.
-
Энэ түүхийн юу нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн бэ?
-
Энэ түүхийн ямар үнэн өнөөгийн бидэнд хамаатай байж болох вэ?
Хэрэв суралцагчид үүнтэй төстэй үнэнийг өөрсдийн үгээр хуваалцаагүй бол дараах үнэнийг хуваалцахыг бод. Их Эзэн Түүний адислал, хамгаалалтыг амьдралаасаа ялган танихад бидэнд тусалж чадна.
-
Их Эзэний адислал, хамгаалалтыг ялган таньсан нь Елиша болон түүний зарцад хэрхэн нөлөөлсөн гэж та нар бодож байна вэ?
Их Эзэний адислал, хамгаалалтыг ялган таних
Их Эзэн тэднийг адисалж, хамгаалах зарим арга замыг ялган танихад суралцагчдад туслахын тулд та тэднийг хос хосоор нь эсвэл жижиг бүлгүүдэд хуваан дараах үйл ажиллагааг гүйцэтгэж болно.
Жич: Суралцагчдад энэ үйл ажиллагаагаар гаргах жагсаалтаа 96-р хичээл: “Суралцахуйгаа үнэлэх нь 6” дээр эргэцүүлэн бодох боломж олгоно.
Их Эзэн биднийг өөр ямар ямар арга замаар харж хандан, халамжилж болохыг жагсаан бич. Хоёр минутын дотор амжиж бүгдийг бич.
Хоёр минутын дараа та тэднийг Мозая 24:13–15; Сургаал ба Гэрээнүүд 8:2–3; 38:7-оос эсвэл таны санал болгох бусад судрын хэсгээс нэмж болох санаануудыг авахад урьж болно. Та мөн ерөнхийлөгч Айрингийн дараах мэдэгдлийг хуваалцаж болно.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Их Эзэний тусламжийн талаар ийн заасан.
Елишагийн тэр зарцын адил та нартай хамт байгчид нь та нарыг эсэргүүцэгчдээс илүү олон бий. Тантай хамт байх зарим хүн таны мөнх бус нүдэнд харагдахгүй. Их Эзэн таныг дэмжин туслах бөгөөд заримдаа бусдыг тантай хамт байхад уриалан дуудах болно (“Ай, үйлчлэлийг эхэлж буй та нар,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 69)
Бүлгүүдийг жагсаалтаасаа жишээнүүдийг ээлжлэн хуваалцахад уриад, тэр хооронд та эсвэл суралцагчид сайн дураараа гарч ирэн, хэлснийг нь самбарт бичихийг бод. Та өвөрмөц санаанууд хуваалцах хүртэл бүлгүүдэд үргэлжлүүлэн хуваалцах боломж олго.
Самбарт жагсаасан арга замуудаар Их Эзэн хэн нэгнийг харж хандаж эсвэл халамжилж байсан талаар өгүүлсэн судрын жишээг хуваалцахад суралцагчдыг урь.
Дараах асуултуудыг ярилцахдаа та амьдралдаа Бурханы адислал, тусламжийг олж харсан үеэ хуваалцаж болно.
-
Юу Их Эзэнээс ирдэг мөн юу эдгээр адислалын заримыг бусдаас ялган танихад саад болдог вэ?
-
Хэзээ Их Эзэн та нарыг эсвэл та нарын таньдаг хэн нэгнийг дээрх арга замуудын аль нэгээр адисалж, хамгаалж байсан бэ?
-
Энэ үйл явдал Их Эзэний талаар та нарт юу зааж байна вэ?
Нүдээ нээх
Дараах эшлэл, заавруудыг үзүүлэн хичээлээ дуусга.
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн асан Мишэлл Д.Крэйг эгч хэрэв та амьдралд тань Бурхан хэрхэн ажиллаж байгааг харж чадахгүй байвал юу хийж болохыг ийн тайлбарласан.
Танд тэр зарцтай адил амьдралд тань Бурхан хэрхэн ажиллаж байгааг харахад амаргүй үе тулгарч болох ба танд бүслэлтэд орсон мэт санагдах үе буюу мөнх бус байдлын сорилтууд таныг өвдөг дээр тань сөхрүүлэх үе гарч мэднэ. Түр азнаад, Бурханд болон Түүний цагт итгээрэй, яагаад гэвэл та Түүний зүрхэнд бүх зүрх сэтгэлээрээ итгэж болно. Гэвч энэ түүхээс бас нэг сургамж авч болно. Хайрт ах, эгч нар аа, та бүхэн ч гэсэн ердийн үед олж хардаггүй зүйлсийг харахын тулд Их Эзэнд хандан, нүдийг тань нээж өгөхийг хүсэн залбирч болно. (“Харах нүд,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 13)
Судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариул.
-
Өнөөдөр сурч мэдсэн ямар зүйл танд Их Эзэн та нарыг харж хандан, анхаарал халамж тавьдаг гэдэгт итгэлтэй байхад тусалсан бэ?
Их Эзэний хайрыг мөн амьдралд үзүүлсэн Түүний тусламжийг олж харахад нь суралцагчдад туслах Түүний чадварыг гэрчил.