“2 Хаад 2–4: Их Эзэн Елишад хүч, эрх мэдэл өгөв,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага (2026)
“2 Хаад 2–4: Их Эзэн Елишад хүч, эрх мэдэл өгөв,” Хуучин Гэрээний семинарын багшийн гарын авлага
2 Хаад 2–7: 83-р хичээл
2 Хаад 2–4
Их Эзэн Елишад хүч, эрх мэдэл өгөв
Бид Их Эзэний Сүмд дуудлага хүлээн авахдаа Түүнд үйлчлэх эрх мэдлийг мөн хүлээн авдаг. Биднийг хичээнгүйлэн үйлчилж, Түүнтэй илүү адилхан болохыг хичээх үед Тэр биднийг Өөрийн хүчээр адислах болно. Их Эзэн Елиаг тэнгэрт аваачсаныхаа дараа бошиглогч Елишаг хүч чадал, эрх мэдлээр адисалсан тухай түүх энэхүү үнэнийг харуулдаг. Энэ хичээл нь Их Эзэн Өөрийн дууддаг хүмүүст эрх мэдэл, харин зөв шударгааар үйлчилдэг хүмүүст хүч өгдөг гэдгийг ойлгоход суралцагчдад тусална.
Суралцагчийн бэлтгэл: Суралцагдаар өөрсдийнх нь эсвэл таньдаг хэн нэгнийх нь Сүмийн дуудлагад үйлчилж байсан үеийн тухай бодуул. “Би хэзээ Сүмийн дуудлагаа гүйцэтгэж байхдаа Их Эзэний хүч, эрх мэдлийг хэрхэн гэрчилж байсан бэ?” гэсэн асуултыг тунгаан бодоход суралцагчдыг урь.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хүч, эрх мэдлийн эх сурвалж
Зарим зүйлийг хийх эрх мэдэл хаанаас ирдэг талаар ярилцсанаар хичээлээ эхлүүлэхийг бод. Та цагаан нөмрөг өмссөн эсвэл эмнэлгийн орчинд буй эмчийн (эсвэл тухайн албан тушаалд ажиллах эрх бүхий өөр мэргэжилтэн) зургийг үзүүлээд, дараах асуултуудыг тавих замаар үүнийг гүйцэтгэж болно.
-
Энэ хүний үүрэг хариуцлага юу вэ?
-
Тэдэнд үүргээ биелүүлэх эрх мэдлийг хэн өгсөн бэ?
-
Юу танд тэдэнд итгэх итгэлийг өгдөг вэ?
Одоогийн бошиглогчийн зургийг үзүүлээд, түүний талаар өмнөх асуултуудыг дахин асуух талаар бодож үз.
Та Их Эзэний хүч, эрх мэдэлтэйгээр дуудлагадаа үйлчлэх талаар юу ойлгож байгаагаа дүгнэхэд нь суралцагчдад туслахын тулд тэднийг дараахыг хийж гүйцэтгэхэд урьж болно.
Судлах тэмдэглэлдээ эсвэл Gospel Library дээрх Notes хэсэгт дараах асуултуудад хариулж бич. Та хариултуудаа бодож үзэхдээ Их Эзэний хүч, эрх мэдлээр дуудлагадаа үйлчлэх талаар Тэрээр юуг ойлгуулахыг хүсдэг тухай Ариун Сүнсний өдөөлтийг сонс.
-
Дуудлагад үйлчлэх Их Эзэний хүч, эрх мэдлийг хүлээн авах талаар би юу ойлгосон бэ?
-
Би эсвэл өөр хэн нэгэн Их Эзэнээс дуудлага хүлээн авах үед энэ ойлголт нь намайг хариулахад хэрхэн нөлөөлж болох вэ?
Елиша Бурханы хүч, эрх мэдлийг хүлээн авав
Та Их Эзэн Елишаг бошиглогч болно гэж Елиад илчилсэн гэдгийг тайлбарлаж болно (1 Хаад 19:16, 19-ийг үзнэ үү).
-
Их Эзэний дуудлагад бэлдэж байхдаа Елиша юунд санаа зовж байсан бэ?
Их Эзэн Елиаг удахгүй авна гэдгийг Елиша мэдэж байв (2 Хаад 2:1–3). Елиагийн сүүлийн өдөр Елиша Елиаг дагаж хот хот дамжин Иордан голд иржээ.
Иордан голд юу болсныг олж мэдэхэд нь суралцагчдад туслахын тулд та ангийг жижиг бүлгүүдэд хувааж болно. Та самбарт доорх дөрвөн зургийг зурж эсвэл зураг бүрийг заавал дараалал гэлгүй цөөн үгээр хураангуйлж болно. Бүлэг бүрийг 2 Хаад 2:8–15-ыг уншаад, үйл явдлын зураг, хураангуйг он цагийн дэс дараалалд оруулахад урь. Та жанч бол нөмрөг гэдгийг тайлбарлах хэрэгтэй байж болох юм.
-
Их Эзэн Елишад дуудлагаа гүйцэтгэх хүч, эрх мэдлийг өгсөн гэдгээ хэрхэн түүнд болон бусдад харуулсан бэ?
Та Елиа, Елиша хоёрын нөмөрсөн нөмрөг тэдэнд хүч, эрх мэдэл өгөөгүй, харин Бурханы хүч, эрх мэдлийг төлөөлж байсан гэдгийг тайлбарлаж болно. Өнөөдөр Сүмд бид хэн нэгний дуудлага эсвэл эрх мэдлийг заримдаа “нөмрөг” гэж нэрлэдэг. Жишээлбэл: Шинэ бошиглогч Сүмийн ерөнхийлөгч болбол тэрээр эрх мэдлийн нөмрөгийг хүлээн авдаг.
Дуудлагад үйлчлэх эрх мэдэл нь санваарын түлхүүрийг атгадаг эрчүүдээр дамжин Их Эзэнээс ирдгийг онцлох нь тустай байж болох юм.
-
Их Эзэн Өөрт нь үйлчлэхээр дууддаг хүмүүст зориулан юу хийдэг талаар бид Елишагийн туршлагаас ямар үнэнийг мэдэж авч болох вэ?
Суралцагчдын санал болгож байгаа үнэнүүдийн дотроос Их Эзэн Өөрийн дууддаг хүмүүст эрх мэдэл, хүч чадал өгдөг гэдгийг онцол.
Бурханы хүч, эрх мэдлээр үйлчлэх
Их Эзэний хүч, эрх мэдлээр дуудлагад үйлчлэх гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгоход нь суралцагчдад туслахын тулд самбарт Санваарын эрх мэдэл, Санваарын хүч гэж бичиж болно. Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж дахь дараах мэдэгдлийг хуваалц. Хэдийгээр энэ мэдэгдэл нь номлолын дуудлагуудад шууд хамаатай ч Их Эзэн аль ч дуудлагад үйлчлэхээр дуудсан хүмүүстээ эрх мэдэл, Өөрт нь зөв шударгаар үйлчилдэг хүмүүст хүч чадал өгдөг гэдгийг суралцагчдад сануул.
Христийн удирдлаган доор сайн мэдээг номлох эрх мэдэл бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм. Номлогчоор онцгойлон адислагдахдаа та энэ эрх мэдлийг хүлээн авдаг. Үүнтэй хамт Их Эзэнийг төлөөлж, Түүний сайн мэдээг заах эрх мэдэл, давуу эрх, үүрэг хариуцлага ирдэг. …
Дуудлагаа биелүүлэхэд танд эрх мэдлээс гадна сүнслэг хүч хэрэгтэй. Бурхан, Есүс Христ хоёрын талаарх болон зааж буй сайн мэдээний үнэнүүдийнхээ талаарх гэрчлэлээ бэхжүүлэхээр тууштай ажиллах үед Бурхан танд сүнслэг хүчийг өгдөг. Мөн таныг залбирч, судраас судалж, номлолын зорилгоо биелүүлэхийг эрэлхийлэх үед Тэр сүнслэг хүчийг өгдөг. Тэр таныг Түүний зарлигуудыг болон авралын ёслолуудыг хүлээн авахдаа байгуулсан гэрээнүүдээ дагахыг хичээснээр сүнслэг хүчийг өгдөг (Сургаал ба Гэрээнүүд 35:24-ийг үзнэ үү). (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж (2023), 3)
-
Та эдгээр мэдэгдлээс Их Эзэний хүч, эрх мэдлийн талаар юу мэдэж авсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христээс дуудлага хүлээн авахдаа үүнийг санах нь яагаад тустай байж болох вэ?
-
Дуудлага хүлээн авсан хүмүүсийг дэмжин батлахдаа үүнийг санах нь яагаад тустай байж болох вэ?
Суралцагчдыг санваарын эрх мэдэл, хүчний талаар сурсан зүйлээ ярилцаж байх үеэр та самбар дээрх гарчгийн доор хуваалцаж буй зүйлсийг нь жагсааж болох юм. Та энэ хэлэлцүүлгийн хүрээнд дуудлагадаа онцгойлон адислагдах үеэр нь Бурхан тухайн хүнд санваарын эрх мэдлийг өгдөг гэдгийг онцолж болно. Тухайн хүн зарлигуудыг сахиж, зөв шударга зарчмын дагуу үйлдэхийг хичээх үед санваарын хүч Бурханаас ирдэг (Сургаал ба Гэрээнүүд 121:34–46-г үзнэ үү).
ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Calls Twelve Apostles to Preach and Bless Others” (1:38) видеог үзүүлэх талаар бодож үз. Видеог үзэж байхдаа Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хэрхэн дэлхий дээрх үйлчлэгчдэдээ Өөрсдийн эрх мэдэл, хүчийг өгөх замаар хайраа илэрхийлдэг талаар бодоход суралцагчдыг урь.
Видеог үзсэний дараа хэдэн суралцагчийг санал бодлоо хуваалцахад урь.
Ойлголтоо харуулах
Суралцагчдад сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэхэд нь туслахын тулд дараах үйл ажиллагааг хос хосоороо хийж гүйцэтгэхээр ангийг зохион байгуул.
Дараах нөхцөл байдлуудаас нэгийг эсвэл олныг сонгоод, тухайн хүний дуудлагатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслах ямар зүйлийг өнөөдөр сурснаа ярилц. Хариулт бүрд судар, Сүмийн удирдагчдын мэдэгдэл эсвэл Елишагийн үйлчлэх дуудлагын талаарх түүхийг судалж байхдаа Сүнснээс хүлээн авсан ойлголтоо оруул.
-
Шинэ бишопыг дуудаж, дэмжин батлав. Хүү нь түүнийг төгс биш гэдгийг мэддэг.
-
Залуу эмэгтэйчүүдийн шинэ ерөнхийлөгч үйлчлэхээр дуудагдав. Залуу эмэгтэй өмнөх ерөнхийлөгчтэй маш сайн харилцаатай байсан бөгөөд шинэ ерөнхийлөгчийг огт таньдаггүй байлаа.
-
Залуу эрэгтэй эсвэл эмэгтэй чуулгынхаа эсвэл ангийнхаа ерөнхийлөгчөөр үйлчлэхээр дуудагдав. Тэдэнд дуудлагаа сайн биелүүлэх хангалттай мэдлэг байхгүй гэж бодогддог.
-
Нэгэн номлогч өөр хэлээр ярьдаг улсад үйлчлэхээр дуудагдав. Сайн мэдээг хэр үр дүнтэй хуваалцах бол гэж тэд санаа зовж байлаа.
Суралцагчдын хувьд хариултаа бие биетэйгээ хуваалцах арга замуудын талаар бод. Нэг арга зам нь хос бүрийг өөр өөр бүлэгтэй хуваалцуулах юм. Хүн бүрд хуваалцах боломж олгосны дараа та бусад бүлгийн хариултаас таалагдсан зүйлээ хуваалцахад суралцагчдыг урь.
Та өнөөдрийн хичээлээр ярилцсан үнэнүүдийн тухай гэрчилснээр хичээлээ дуусгаж болно.